Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/69

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Ө.Нарантуяа,

Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Бийн Бд холбогдох эрүүгийн 2335000040064 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ........... өдөр Увс аймгийн ............ суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, ээж, ах, дүүгийн хамт Увс аймгийн ............ суманд оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Д овогт Бийн Б, регистрийн дугаар:.................;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 58 удаагийн үйлдлээр хохирогч Б.Дийн эзэмшлийн Хаан банкны ................. дугаарын данснаас 5.035.441 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөртөө шилжүүлэн авч, хохирогчид нийт 5.035.441 төгрөгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 58 удаагийн үйлдлээр хохирогч Б.Дийн эзэмшлийн Хаан банкны ............ дугаарын данснаас нийт 5.035.441 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 5.035.441 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Бгаас 3.600.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Дд олгох саналтай байна.” гэх дүгнэлтийг,

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр мэдүүлгээ өгч байсан. Урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Тухайн үед ямар шалтгаанаас болж гэмт хэрэг үйлдэх болсон талаараа мэдүүлсэн. Энэ гэмт хэргийн улмаас гэр бүлийн гишүүдээ хохироосон, гэм буруугаа хүлээж гэмт хэрэгт холбогдсоноос хойш  цахим тоглоом тоглоогүй. Би үйлчлүүлэгчээ энэ алдаагаа давтахгүй гэдэгт итгэж байгаа. Хохиролд 3.000.000 төгрөг төлсөн, үлдсэн 3.600.000 төгрөгөө төлөхөө илэрхийлж байгаа. Одоогийн байдлаар Увс аймгийн ............ сумын нутагт өөрийн ах дүү нарын малыг маллаж байгаа. 2023 оны 5 дугаар сард цалингаа авч, хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийдвэрлэж  өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

3. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт “Би буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Би дахин буруу зүйл хийхгүй. Надад хөнгөн ял оногдуулж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Эрүүгийн 2335000040064 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Хохирогч Б.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би машин авах зорилгоор 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Хаан банкнаас өөрийн эзэмшлийн ............ дугаарын дансаар 8.600.000 төгрөгийн цалингийн зээл авсан. Тухайн өдөр банк уруу өөрийн танил Б.Б, О.Н нарын хамт очиж зээлээ гаргуулаад тэнд өөрийн дансанд интернет банк нээсэн. Тухайн үед би жимэйл хаягны нууц үгээ мартсан байсан болохоор Б.Бгийн утсан дээр шинэ жимэйл хаяг нээж интернет банкаа идэвхжүүлсэн. Тухайн үедээ интернет банкныхаа нэвтрэх нууц үгийг цээжилсэн. Тэр өдрөөс хойш би хэсэг хугацаанд ерөөсөө интернет банкаараа гүйлгээ хийгээгүй. Би тухайн үед ээлжийн амралттай байсан болохоор 2022 оны 06 дугаар сарын 29-ний өглөө 8 цагийн орчим Сагил сумын Боршоо гэх газар руу явсан. Учир нь 07 дугаар сарын 02-ны өдөр үеэл ахын найртай байсан болохоор найрны бэлтгэл ажил хийхээр явсан. Би 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хариу буцаж аймгийн төвд ирж утасны сүлжээ ороход утсанд данснаас мөнгө гарсан гүйлгээний мессеж ирсэн, Тухайн үедээ ямар мөнгө болохыг бодоод байж байхад Б.Б өөрөө манайд хүрч ирээд "Ах аа би таны интернет банкыг ашиглаад цахим мөрийтэй тоглоом” тоглоод таны мөнгийг алдчихлаа гэж ирсэн. Тухайн үед Б.Б бүр айчихсан ирсэн болохоор би тайвшруулсан. Тэгтэл Б.Б би цалингийн зээл аваад таны мөнгийг өгье гэж хэлэхээр нь за хоёулаа холбоотой байгаад ахынхаа мөнгийг өгөөрэй гэж хэлсэн. Би тухайн үйл явдлын талаар өөрийн аав, ээжид хэлээгүй байж байгаад сүүлд Б.Б ажлаас гараад утсаа авахаа болиод алга болчихоор нь аав, ээждээ хэлсэн. Б.Б Хилийн цэргийн 0245 дугаар ангид гэрээт цэргээр алба хашиж байгаад гарчихсан. Би зээл авсанаасаа хойш 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл интернет банк ашиглаагүй...", "...Сүүлд би тухайн дансны хуулгаар дахин бодож үзэхэд зарлага 9.192.641 төгрөг гарч орлого 4.150.000 төгрөг орж ингээд зөрүү 5.042.641 төгрөгийн хохирол гарсан байсан би энэ талаар дахин бодож гаргасан. Би 2 удаа ............ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт буюу Гурванжигэртэй гэх нэртэй газарт ажилладаг бөгөөд энэ хэрэгт оролцохоор өөрийн машинаар бензин хийж ирсэн, мөнгө зээлийн хүү зэргээ бодоод Б.Бгаас нийт 6.600.000 төгрөгийг нэхэмжлэхээр бид хоорондоо тохиролцсон. Үүнээс Б.Б нь надад бэлнээр 3.000.000 төгрөгийг төлж, барагдуулсан. Одоо үлдэгдэл 3.600.000 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө надад бүрэн төлж барагдуулах талаараа баталгаа гаргаж өгч байгаа юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15, 17 дахь тал);

2. Гэрч Т.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай хүү Б.Д 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн орчим гэртээ байж байгаад миний данснаас Б.Б мөнгө авсан байна. Нийт бараг 6.8 сая орчим төгрөг авсан юм шиг байна гэж хэлж байсан. Тэгээд би Улаанбаатар хот руу явах гээд Голомт банкин дээр явж байхад Б.Б таараад бид хоёр манай гэрт ирсэн. Тухайн үед Б.Б би Б.Дийн данснаас мөнгө аваад юманд хэрэглэчихсэн байгаа. Одоо би зээл аваад буцаагаад өгчихнөө эгч гэж хэлсэн. Тухайн үед би хот эмчилгээнд явах гэж байсан болохоор янз бүрийн юм лавлаж асуухгүйгээр хоорондоо болчих байх гэж бодоод яваад өгсөн. Тэрнээс хойш Б.Дийн данс руу ямар нэгэн мөнгө хийгээгүй гэж миний хүү Б.Д хэлсэн" гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 21 дэх тал);

3. Гэрч О.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би Б.Бтай хамт анги руу явах гээд зам дагаад явж байхад Б.Д ахлагч таараад гурвуулаа банк орчихоод анги руу явъя, надад ажил байна гэж хэлэхээр нь бид хоёр зөвшөөрөөд бид гурав төв Хаан банк руу очсон. Бид гурав төв Хаан банкинд очоод Б.Д ахлагч 2 давхарт гарч банкны ажилтантай уулзаж байгаад бид хоёрыг дуудаж, миний утас алга, та хоёрт утас байна уу гэж асуухад Б.Б надад утас байна гээд тэр хоёр банкны ажилтан руу хамт очоод юм хийлгээд байсан” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 26 дахь тал);

4. Хохирогч Б.Дийн эзэмшлийн Хаан банкны ......... дугаарын дипозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 7-10 дахь тал);

5. Хаан банкны Увс аймаг дахь салбарын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5822/771 дугаартай албан бичиг, хохирогч Б.Дийн эзэмшлийн Хаан банкны ................ дугаарын дипозит дансны дэлгэрэнгүй хуулга  (хавтаст хэргийн 57-64 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа хэргээс:

1. Б.Бгийн яллагдагчаар өгсөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. “гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал);

2. Б.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай  эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42 дахь тал);

3.  Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 104 дугаартай “Б.Б нь амьжиргааны түвшингийн оноо 409-ээс дээш оноотой байна” гэх албан бичиг (хавтаст хэргийн 53 дахь тал);

4. Увс аймгийн ............ сумын ............. багийн засаг даргын 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 101 дугаартай “...Д овгийн Бийн Б ам бүл 3, тус багт оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 86 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Б хэргээс нотлох баримт шинжлэн судлаагүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.

Хууль зүйн дүгнэлт:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг өөр хооронд харьцуулан дүгнэхэд шүүгдэгч Б.Б нь цахим мөрийтэй тоглоом тоглох зорилгоор 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 58 удаагийн үйлдлээр хохирогч Б.Дийн эзэмшлийн Хаан банкны ............дугаарын данснаас нийт 5.035.441 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан болох нь яллах дүгнэлтэд тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох Хаан банкны .............. дугаарын дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогч Б.Д, гэрч Т.Н, О.Н нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

3. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулсан буюу захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үйлдлийг ойлгодог.

4. Шүүгдэгч Б.Б нь урьд Б.Дийн хүсэлтээр гар утсан дээрх интернет банкны аппликейшн ашиглан түүний банкны нэвтрэх нэр, кодоор интернет банкыг нь идэвхжүүлэн өгч, туслалцаа үзүүлэхдээ Б.Дийн интернет банкны нэвтрэх нэр, нууц үгийг нь мэдэж аван улмаар 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл өөрийн утсан дахь интернет банкинд хохирогч Б.Дийн нэвтрэх нэр, нууц үгийг хийж ашиглан хохирогч Б.Дийн данснаас 58 удаагийн үйлдлээр нийт 5.035.441 төгрөгийг хохирогчийн зөвшөөрөлгүйгээр, түүнд мэдэгдэхгүйгээр нууцаар хулгайлж авсан нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

5. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Дийн данснаас нийт 5.035.441 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар шилжүүлэн авсан үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байх тул улсын яллагчийн яллах дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

6. Шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн асуудлаар маргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

7. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж шүүх үзэв.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай

1. Хохирогч Б.Д мөрдөн байцаалтын шатанд “хэргийг хянан шалгах явцад тухайн орон нутгаас өөрийн машинаар бензин хийж ирсэн зардал, тухайн дансанд байсан мөнгө нь цалингийн зээл байсан бөгөөд зээлийн хүүг нэгтгэн нийт Б.Бгаас 6.600.000 төгрөгийг нэхэмжлэхээр бид хоорондоо тохиролцсон. Б.Б нь надад бэлнээр 3.000.000 төгрөгийг надад төлж, барагдуулсан. Одоо үлдэгдэл 3.600.000 төгрөгийг 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө төлөх талаар баталгаа гаргаж өгсөн” гэх тодорхойлолтыг гаргаж өгсөн нь хавтаст хэргийн 83 дахь талд, хохирогч Б.Д нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн нь хавтаст хэргийн 92 дахь талд авагдсан баримтаар тус тус нотлогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Дд учруулсан хохиролд 3.600.000 төгрөг төлж барагдуулахаа илэрхийлсэн байна.

2. Иймд энэ шийтгэх тогтоолоор  шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн хор уршигт төлөхөөр хохирогчтой тохиролцсон 6.600.000 төгрөгөөс 3.000.000 (гурван сая) төгрөг төлснийг дурдаж, Б.Бгаас 3.600.000 (гурван сая зургаан зуун мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Дд олгохоор шийдвэрлэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх”  дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “...Миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг төлсөн, төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийдвэрлэж  өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Баярсайхан нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Би буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Би дахин буруу зүйл хийхгүй. Надад хөнгөн ял оногдуулж шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлгийг тус тус гаргав.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Б урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.  (хавтаст хэргийн 42 дахь тал), 

Мөн шүүгдэгч Б.Бгийн хувийн зан байдлын талаар хавтаст хэргийн 28 дэх талд авагдсан гэрч Т.Тэмүүлэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Б нь хүнд тусархаг зантай, ажилсаг, хичээнгүй, тууштай, спортлог, ... бага наснаасаа жудогоор хичээлдэг байсан. Урьд өмнө ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй” гэх мэдүүлгийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдлыг нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна

-Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.

-Шүүгдэгч Б.Б нь 2000 онд төрсөн, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эх, ах, дүүгийн хамт Увс аймгийн ............ суманд оршин суух хаягтай, мал маллаж амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хувийн байдал тогтоогдож байгааг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.

4. Иймд шүүгдэгч Б.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

5. Шүүгдэгч Б.Бд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчвөл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ердийн журмаар ял оногдуулахыг  мэдэгдэх нь зүйтэй.

6. Шүүгдэгч Б.Баярсайхан нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Бийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Бд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Шүүгдэгч Б.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хориглосон хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ердийн журмаар ял оногдуулахыг сануулсугай.

5. Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн хор уршигт хохирогч Б.Дд 3.000.000 (гурван сая) төгрөг төлснийг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Бгаас 3.600.000 (гурван сая зургаан зуун мянга) төгрөг гаргуулж, хохирогч Б.Дд олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасан журмын дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БОЛОРМАА