| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2023/0074/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/77 |
| Огноо | 2023-04-19 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | З.Өлзийхүү |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өлзийхүү,
Шүүгдэгч: Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өлзийхүүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Т овогт Бгийн Жд холбогдох эрүүгийн 2335000000098 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ................. өдөр Увс аймгийн ............................ суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн .................................... оршин суух, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдсэн, мөн шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, Т овогт Бгийн Ж, (регистрийн дугаар: ........................);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ж нь 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Солонго” төвийн зогсоол дээр албан үүргээ гүйцэтгэхээр очсон ....................... Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн .............Ц.Эын албан үүргээ биелүүлэх явцдаа тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэж, түүний гуя хэсэгт өшиглөж, мөн цагдаагийн ................... С.Лын биед удаа дараа халдах гэж оролдож, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ж нь 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ............ Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн .............. Ц.Эын албан үүргээ биелүүлэх явцдаа тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэж, түүний гуя хэсэгт өшиглөж, мөн цагдаагийн ............ С.Лын биед удаа дараа халдах гэж оролдож, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Шүүгдэгч Б.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Цагдаагийн албан хаагч Ц.Э, С.Л нарыг албан үүргээ гүйцэтгэж байх үед нь хүч хэрэглэж, хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Би гэм буруугаа ойлгож байгаа бөгөөд хохирогч нараас уучлалт гуйж хохиролгүй болгосон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 102-103 дахь тал);
2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал);
3. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 2-3 дахь тал);
4. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-5 дахь тал);
5. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-10 дахь тал);
6. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 11 дэх тал);
7. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 143 дугаартай “Үзүүлэгч Ц.Эын биед зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоодглоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тогтоол заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна. Зүүн гуянд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй ба биеийн нийт гадаргуугийн нэг хувиас бага талбайг хамарч байгаа тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дахь тал);
8. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 140 дугаартай “Үзүүлэгч С.Лын биед духны зүүн хэсгийн хуйханд зурагдсан зулгаралт гэмтэл тогтоодглоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тогтоол заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна. Духны зүун хзсгийн хуйханд зурагдсан зулгаралг гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй ба биеийн нийт гадаргуугийн нэг хувиас бага талбайг хамарч байгаа тул Гэмтлийн зэрэг тоггоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно " гэх дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дэх тал);
9. Хохирогч Ц.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... машинаа мөргүүлсэн жолооч ирээд уг жолооны ард сууж байсан хүнийг зааж, миний машиныг гэмтээсэн хүн мөн байна гэж хэлсэн тул ахлах ахлагч С.Л нь жолоочид машинаасаа буугаад ирээ, та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм уу,шалгуулах шаардлагатай талаар хэлсэн. Тухайн үед уг жолооч нь та нар машиндаа сууж байгаа хүнийг аваад явчихдаг болсон юм уу? Чаддаг юм бол авч яваад хийчихээрэй, муусайн гуйлгачингууд, та нарын сайн явахыг харна. Та нарыг хараана, үр хүүхдүүдээр чинь гарна гэх мэтээр харааж доромжилж байсан бөгөөд бууж ирээд ахлах ахлагч С.Лыг заамдаж цохих гэж дайрахад нь С.Л зайлж уг хүн цааш эрчиндээ унасан. Тэгээд ахлах ахлагч С.Л, ахлах ахлагч Д.Г нар тэр хүний гарыг ард нь өчиж дарж байгаад Д.Г нь явж машинаа ойртуулж авч ирсэн. Тэгээд тэр хүнийг машинд суулгахаар босгох үед уг этгээд над руу дайрч миний зүүн гуяны дотор хэсэгт 1 удаа өшиглөсөн, мөн дахин дайрч ирээд миний нүүр лүү цохиход нь би бултаад зүүн хацар орчимд хальт цохисон. ...Машинд сууж байхдаа С.Лыг янз бүрийн байдлаар доромжилж байсан. Пизда, түй май гэж хэлээд салаавч гаргаж байсан. Бид машинаас буугаад ир, бичиг баримт, согтуурлаа шалгуулах шаардлагатай, та осол гаргасан байна гэдгийг нь хэлсэн. Тэгэхэд урдаас янз бүрийн байдлаар хэл амаар доромжилж хараасан, машинаасаа бууж ирээд С.Лыг зодох гэж дайрсан, босож ирээд намайг өшиглөж гараараа цохисон. С.Лыг цохих гэсэн боловч түүнээс зайлж бултаад унагаж дарсан. Машинд сууж өгөхгүй байхад нь арын суудалд хүчээр оруулж С.Л арын суудалд хамт суугаад цагдаа руу явсан. " гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал);
10. Хохирогч С.Лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...88157793 гэсэн дугаараас нэг хүн утасдаад чи ямар машин хайгаад яваа юм. Намайг согтуу машин мөргөсөн гэдгийг яаж мэдэж байгаа юм. Хувцасны голууд та нар үсрээд намайг 20,000 төгрөгөөр торгоно биз, муусайн гуйлгачингууд, чи намайг таних уу? Би хар хөгшний хүргэн байна. Үр хүүхдийг чинь сайн явахыг харнаа, чи үүрд замын цагдаа хийнэ гэж бодоо юу гэх зэргээр харааж хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. Би тухайн үед утсыг нь тасалсан. Хохирогчийг цагдаагийн газрын жижүүр лүү явуулсан. ...Бид очиж уулзахад жолооны ард Б.Ж гэх хүн согтуу бололтой сууж байсан бөгөөд хажуу талын урд талын суудалд машины эзэмшигч Б.Д гэх эмэгтэй сууж байсан... Тухайн үед машинаа мөргүүлж хохирсон жолооч хүрч ирээд миний машиныг мөргөсөн хүн энэ байна гэж Б.Жыг заасан. Тиймээс бид Б.Жд хандаж бууж ирээд бичиг баримт, согтуурлаа шалгуулах шаардлагатай талаар хэлэхэд Б.Ж гэгч нь надад хандаж, Чи намайг согтуу машин жолоодоод явж байгааг харсан юм уу? Жолооны ард зүгээр сууж байгаа хүний эрхийг хасдаг болсон юм уу? сохор Ц.Эоо чаддаг юм бол миний эрхийг хасаарай, муусайн хувцасны голууд, та нарыг сайн явахыг үр удмаар чинь харна, үр хүүхдүүдтэй чинь хараана гэж орилж хашгирч байсан. Тэгээд машинаас бууж ирээд намайг цохих гэж дайрахад нь би зайлж, бултаад цохиулаагүй. ...Б.Жыг машинд суулгахаар босгоход урд нь зогсож байсан цагдаагийн ахмад Ц.Эыг өшиглөсөн, гараараа дахин толгой руу нь цохиход нь би очиж салгаж авсан. Тэгээд цагдаагийн машинд суулгахад суусан хойноо машины хаалгыг дотор талаас нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал);
11. Гэрч Д.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид нар Б.Жд хандаж бичиг баримтаа шалгуулна уу? Та тээврийн хэрэгсэл жолоодож яваад машин мөргөж гэмтээсэн байна. Согтуурал шалгах шаардлагатай гэж хэлэхэд би машин жолоодсон гэдгийг та нар яаж мэдэж байгаа юм. Би машинаа хөдөлгөөгүй, та нар чаддаг юм бол аваад яв гэж хэлээд шаардлага биелүүлэхгүй урдаас хэл амаар доромжилж Ц.Эод хандаж "Чи муу сохор Ц.Эоо чи миний эрхийг урьд нь хасаж байсан, одоо хасаж чадах юм уу? Чаддаг юм бол хасаарай, муу сайн хувцасны голнууд, үр хүүхдээр чинь хараал гарна" гэх зэргээр доромжилсон. Мөн машинаас буухдаа өөрийн сууж байсан талаар биш жолоочийн эсрэг талаар зүтгэж буугаад ахлах ахлагч С.Лыг заамдаж цохих гэж оролдсон. С.Л нь бултахад Б.Ж гэгч цааш эрчиндээ унаад өгсөн. Тэгэхэд С.Л очиж гарыг нь ард нь мушгиж дарсан. Би явж машинаа авч ирээд тэр хүнийг суулгах гэтэл нөгөө хүн босож ирээд цагдаагийн ахмад Ц.Эыг нэг удаа өшиглөөд гараараа цохисон. Тэгэхэд хажуугаас а/а С.Л гарыг нь барьж аваад машинд оруулахад машины хаалга дотор талаас нь өшиглөөд, бидний шаардлага биелүүлэхгүй ноцолдоод нэлэнхүйд нь шавар шавхай болгосон. Бид цагдаагийн газарт ирэх хооронд машин дотор ахлах ахлагч С.Лыг цохих гэж ноцолдоод байсан. Цагдаагийн газар дээр авч ирж эрүүлжүүлэх байр руу оруулах гэтэл ахлах ахлагч С.Лыг эсэргүүцэж энгэрээс нь заамдаж аваад цохих гэхэд нь би хажуугаас нь барьж авсан. Тэгэхэд миний өмнөөс эсэргүүцэж ноцолдоод энгэрийн камерыг газарт унагасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал);
12. Гэрч Б.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Б.Ж цагдаа нартай хэрэлдээд бууж ирээд цагдаатай барьцалдаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж тодорхойлсноор хохирогч цагдаагийн ахмад Ц.Э, цагдаагийн ахлах ахлагч С.Л нарыг хууль сахиулагч гэж үзнэ.
Хохирогч Ц.Э, С.Л нар нь гэмт хэрэгт өртөгдөх үедээ буюу хэрэг гарсан гэх цаг хугацаанд албан үүргээ гүйцэтгэж байсан болох нь 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн жижүүрийн бүрэлдэхүүнд ажиллах алба хаагчдын томилгоо, ажлын мэдээ гэх баримтын хуулбар (хавтаст хэргийн 44-46 дахь тал)-аар тогтоогдож байна. Түүнчлэн Б.Ж нь хууль сахиулагч Ц.Эод хүч хэрэглэж буюу түүнийг өшиглөж, мөн хууль сахиулагч С.Лыг хүч хэрэглэхээр заналхийлж шаардлагыг нь эсэргүүцсэн болох нь тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Ж нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд прокуророос Б.Жын дээр дурдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч Б.Жыг хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Б.Жын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж үзэв.
Хохирогч Ц.Э “...Б.Ж нь надаас уучлалт гуйсан, буруугаа ойлгосон тул надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх, хохирогч С.Л нь “...Б.Ж нь надаас уучлалт гуйж, буруугаа ойлгосон тул надад ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх тодорхойлолтыг тус тус ирүүлсэн нь хавтаст хэргийн 138-139 дэх талд авагдсан байх тул тэдгээрийг нотлох баримтаар үнэлж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Жаас гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Б.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж дүгнэв.
3. Шүүгдэгч Б.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
Прокуророос шүүгдэгч Б.Жын хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жд 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 (гурван сая) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч Б.Жд танилцуулсныг тэр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Иймд шүүгдэгч Б.Жын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 (гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 8 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хяналтын камерын бичлэгийг хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Бгийн Жыг “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж, эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жд 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 (гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жд оногдуулсан 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 (гурван сая) төгрөгөөр торгох шийтгэлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 8 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хяналтын камерын бичлэгийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Ж нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА