| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2023/0070/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/79 |
| Огноо | 2023-04-20 |
| Зүйл хэсэг | 13.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Ц,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, улсын өмгөөлөгч М.Мөнхөө,
Шүүгдэгч: А.Ж, Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Аын Ж, И з овогт Дийн Б нарт холбогдох эрүүгийн 2335000000079 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, ....................... өдөр Увс аймгийн ................ суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ............. ........................... суралцдаг, ам бүл 7, эцэг, эх дүү нарын хамт Увс аймгийн ............. сумын ............................. оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т овогт Аын Ж, /РД:............................./;
2.Монгол Улсын иргэн, ............................. өдөр Увс аймгийн ............. суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт Увс аймгийн ............. сумын .......................оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, И з овогт Дийн Б /РД:.....................;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Ж, Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 2 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Увс аймгийн ............. сумын .................... хашаанд байрлах иргэн Ө.Аийн эзэнгүй байсан Монгол гэрт түүний зөвшөөрөлгүйгээр цоожийг нь эвдэж нэвтэрч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч А.Ж, Д.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Ж, шүүгдэгч Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 2 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Увс аймгийн ............. сумын ............... хашаанд байрлах иргэн Ө.Аийн эзэнгүй байсан Монгол гэрт түүний зөвшөөрөлгүйгээр цоожийг нь эвдэж нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.
2. Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Мөнхөө шүүхийн хэлэлцүүлэгт: “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаангүй оролцож байгаа тул гэм буруугийн асуудал дээр мэтгэлцэх зүйл байхгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх саналтай оролцож байна. Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүгээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, Д.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан өчигдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр насанд хүрсэн. А.Ж нь насанд хүрсэн боловч одоо мэргэжил эзэмших сургалтад хамрагдаж, өсвөр насны хүүхдүүдтэй хамт сурч, сургуулийн орчинд байгаа зэрэг нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, тэдгээрийг өсвөр насны шүүгдэгчээр тооцож хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү” гэх дүгнэлтийг,
3. Шүүгдэгч А.Ж шүүхийн хэлэлцүүлэгт:“ Би хийсэн хэрэгтээ харамсаж, гэмшиж байна. Би дахиж ийм үйлдэл гаргахгүй, хичээл номоо сайн хийнэ. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
4. Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би ээжийнхээ үгэнд сайн орж, хэрэг төвөг хийхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ” гэв.
Эрүүгийн 2335000000079 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 2-7 дахь тал);
2. Хохирогч Ө.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ............. сумын ............... байх өөрийн эзэмшлийн Монгол гэрт ганцаараа амьдардаг бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэрээ гаднаас нь цоожлоод, ............. сумын .... дүгээр баг “Долоодой” гэх нэртэй газарт байдаг аав Х.Ө.н гэрт очиж, тэндээ мал маллаж, цагаан сар өнгөрөөсөн. 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 10 цагийн үед ............. сумын ............ тоотод байх гэртээ ирэхэд манай гэрийн гадна цоожийг хүн эвдчихсэн хаалга цоожгүй байсан бөгөөд би гэрийн хаалгыг онгойлгож гэрт ороход Д.Б гэх залуу хажуудаа нэг эрэгтэй, эмэгтэй хүнтэй байсан. Д.Б болон нэг эрэгтэй залуу нь зогсож байсан, харин нэг эмэгтэй нь гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байгаад юу ч хэлэлгүй гараад явцгаасан. Намайг гэрт ороход гал түлж, нүүрс хийчихсэн, гэр дулаахан байсан бөгөөд тамхины утаа үнэртэж байсан. Гэрийн гадна талд кардонон цаасан хайрцагт ногоон савтай 2.5 литрийн олон ширхэг пивоны сав, нэг бор өнгийн 2.5 литрийн пивоны сав, гэрийн эвдэрсэн цоож хийчихсэн байсан. Гэрт зөвшөөрөлгүй орсон залуучууд гараад явсны дараа би гэрээ цэвэрлэж байгаад хэрэглэсэн бэлгэвч 2 ширхэг, Fanta нэртэй ундааны сав 2 ширхэг зэргийг гаргаж, уг кардонон цаастай хамт хогийн сав руу хийсэн. Манай гэрийн зүүн талын орны гудас бас цус болчихсон байсан. Урьд өмнө нь цус болоогүй цэвэрхэн байсан. Уг хүүхдүүд хүний цоожтой, эзэнгүй гэрт эзнийх нь зөвшөөрөлгүй орж гал түлж, пиво ууж, тамхи татаж, бэлгэвч хэрэглэж дураараа аашилсанд би гомдолтой байгаа тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Д.Б, А.Ж болон Д.Бийн ээж П.С нар надтай ирж уулзаж уучлалт гуйж, эвдсэн цоожийг шинээр авч өгсөн. Манай гэрээс ямар нэгэн зүйл алга болоогүй, эвдэрсэн эд байгаагүй. Би тэдгээр хүмүүсийг уучилж, бид хоорондоо эвлэрсэн тул миний зүгээс ямар нэгэн гомдол тэмцэл, санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12, 14 дэх тал);
3. Гэрч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 02 цагийн үед найз залуу болох А.Ж “Мессенжерээр” холбогдож уулзая гэж хэлэхэд би зөвшөөрч, ...А.Ж такситай явж байсан, З бид хоёрыг суучих гэж хэлээд бид нэг айлын гадна ирж зогсоод А.Ж, З бид гурав уг айлд ороход Д.Б байсан. Д.Б, А.Ж хоёр 2.5 литрийн пивоноос 3 ширхэгийг уучихсан халамцуу байсан. Д.Б, А.Ж хоёр З бид хоёрт пиво задалж өгсөн бөгөөд уг пивоноос нь би амсах төдий ууж байгаад унтахаар гэрийн зүүн талын орон дээр хэвтсэн, удалгүй А.Ж миний хажуугаар орж ирж хэвтээд бид хоёр унтсан. Д.Б, З хоёр пиво уугаад үлдсэн. 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 10 цагийн үед би сэрэхэд З гэр лүүгээ явчихсан байсан, Д.Б, А.Ж бид гурав байхад гаднаас нэг ах орж ирээд гарцгаа гэж хэлэхээр нь бид гурав гараад явсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй. ...Уг гэр хэний гэр болох талаар З бид хоёр мэдэхгүй, энэ талаар асуугаагүй. А.Ж уулзая гэж хэлэхээр зөвшөөрч гэрээс гарахад такситай ирчихсэн байсан бөгөөд таксинд суулгаад гэрт авч очсон. Тухайн гэрээс ямар нэгэн эд зүйл авсан, устгасан хүн байхгүй" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал);
4. Гэрч Б.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 02 цагийн үед найз залуу болох А.Ж “Мессенжерээр” Д.Бтай холбогдож уулзая гэж дуудсан... би Д.Бгийн хамт гарахад А.Ж такситай явж байсан. Бид хоёр таксинд суухад такси хөдөлж нэг айлын гадна ирж зогсоод А.Ж, Д.Б бид гурав уг айлд ороход Д.Б байсан. Д.Б, А.Ж хоёр 2.5 литрийн пивоноос 3 ширхэгийг уучихсан халамцуу байсан. Д.Б, А.Ж хоёр Д.Б бид хоёрт пиво задалж өгсөн, уг пивоноос нь хөзөр тоглонгоо хамт уусан. Түүний дараа Д.Б, А.Ж нар унтахаар гэрийн зүүн талын орон дээр хэвтсэн. Д.Б, бид хоёр пиво ууж байгаад гэрийн баруун талын орон дээр унтсан. 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 08 цагийн үед би гэр лүүгээ явсан, Д.Б намайг гэрлүү дөхүүлж өгсөн. Надад өөр мэдэх зүйл байхгүй. ...Уг гэр хэний гэр болох талаар Д.Б бид хоёр мэдэхгүй, асуугаагүй. А.Жтэй уулзахаар Д.Бгийн хамт гэрээс гарахад такситай ирчихсэн байсан бөгөөд таксинд суугаад гэрт авч очсон. Тухайн гэрээс ямар нэгэн эд зүйл авсан, устгасан хүн байхгүй..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал);
5. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 31 дугаартай "... Увс аймагт 2023 оны 2 дугаар сарын байдлаар хуучин цоожны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 5000 (таван мянга) төгрөг болохыг тодорхойлов" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 34 дэх тал);
6. Шүүгдэгч Д.Бийн мөрдөн байцаалтын шатанд өсвөр насны яллагдагчаар өгсөн “....А.Ж бид хоёр уулзаад “.........” гэх Фейсбүүк хаягтай найзаасаа 7 ширхэг 2.5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво, 1 ширхэг 2.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво нийт 8 ширхэг 2.5 литрийн пиво 50.000 төгрөг өгч худалдаж аваад уг авсан пивонуудаа уух газар хайж байгаад би Ө.Аийн гэрт очиж, гэрийн цоожийг би эвдэж А.Ж бид хоёр гэрт орж гал түлж нүүрс хийгээд авсан пиво уусан. 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 08 цагийн үед би босож захын ойролцоо Зг гэрт нь хүргэж өгчихөөд буцахдаа дэлгүүр орж “fanta” нэртэй ундаанаас 2 ширхгийг аваад Ө.Аийн гэрт буцаж очиход А.Ж босож, бид хоёр гэрийг нь цэвэрлэж байхад гаднаас Ө.А орж ирээд А.Ж, Б, бид гуравт хандаж гарцгаа гэж хэлэхээр бид гурав шууд гараад явсан. Ө.Аийн гэр, манай гэрийн ар талын хороололд манай гэртээ ойролцоо байдаг. Би хорооллоор явах үедээ Ө.Аийн гэр лүү харах бүрт цоожтой байсан, тэдний гэр эзэнгүй цоожтой байгааг мэдэж байсан. Би Ө.Аийн гэр лүү явж байх замдаа төмөр тааралдахаар нь цоож онгойлгох гэж төмрийг авч яваад уг төмрөөрөө би гэрийн цоожийг эвдэж онгойлгосон. Би А.Жд манай гэрийн ойролцоо эзэнгүй цоожтой гэр байгаа, тэнд очиж пиво ууя гэж хэлэхэд А.Ж зөвшөөрсөн бөгөөд намайг Ө.Аийн гэрийн цоожийг эвдэх үед А.Ж хамт байсан учир уг гэрт зөвшөөрөлгүй хууль бусаар нэвтэрч байгааг мэдэж байсан. Ө.Аийн гэрийн цоожийг эвдэж орох нь миний санаа байсан бөгөөд А.Ж нь зөвшөөрч хамт явсан. А.Ж бид хоёр Ө.Аийн гэрт орох зөвшөөрөл хэн нэгэн хүнээс аваагүй. Ө.А болон өөр хэн нэгэн хүнд мэдэгдэхгүй гэрт нь ороод пиво уугаад гаръя гэж бодсон. Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал);
7. Шүүгдэгч А.Жийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн“..... Д.Б бид хоёр уулзсаны дараа Д.Б утсаар нэг хүнтэй холбогдож байгаад 7 ширхэг 2.5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво, 1 ширхэг 2.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво нийт 8 ширхэг 2.5 литрийн пиво 50.000 төгрөг өгч худалдаж аваад уг авсан пивонуудаа хаана уух вэ гэж ярилцаж байтал Д.Б манай гэрийн ойролцоо Ө.А гэх эзэнгүй айл байгаа, тэднийд очиж ууя гэж хэлэхэд би зөвшөөрч, бид хоёр Ө.Аийн гэрт очиж, гэрийн цоожийг Д.Б эвдэж, гэрт орж Д.Б гал түлж нүүрс хийгээд авсан пивоо уусан. Б, З, Д.Б бид дөрөв хөзөр тоглонгоо, үлдсэн 4 бүтэн, нэг хагас пиво хувааж уугаад ойролцоогоор 04 цагийн үед Д.Б Згийн хамт гэрийн баруун талын орон дээр, Би Д.Бгийн хамт гэрийн зүүн талын орон дээр унтсан. Пиво уух зорилгоор Ө.Аийн гэрийн цоожийг эвдэж нэвтэрсэн. Тухайн гэрээс ямар нэгэн зүйл аваагүй, ямар нэгэн эд хөрөнгө, тавилга эвдэж устгаагүй. Д.Б бид хоёр Ө.Аийн гэрт орох зөвшөөрөл хэн нэгэн хүнээс аваагүй. Ө.А болон өөр хэн нэгэн хүнд мэдэгдэхгүй гэрт нь ороод пиво уугаад гаръя гэж бодсон. Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал);
Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Мөнхөө хэргээс:
1. Хохирогч Ө.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн дахин өгсөн: “...Д.Б, А.Ж болон Д.Бийн ээж П.С нар надтай ирж уулзаж уучлалт гуйж, эвдсэн цоожоо шинээр авч өгсөн, манай гэрээс ямар нэгэн зүйл алга болоогүй, эвдэрсэн эд зүйлгүй учир би уг хүмүүсийг уучилж хоорондоо эвлэрсэн. Миний зүгээс ямар нэгэн гомдол тэмцэл, санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо хаврын улирал эхэлж мал төллөж, хаврын ажил эхлэх гэж байгаа тул би хөдөө байдаг мал дээрээ гарна. Иймд би шүүх хуралд өөрийн биеэр оролцмооргүй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал);
2. Гэрч Д.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Д.Б нь Увс аймгийн ............. сумын 5 дугаар сургуулийн 9 дүгээр анги төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшээд ............. сумын .................... элсэн суралцаж байгаад амьдралын шаардлагаар сургуулиас гарч Улаанбаатар хот явж барилгын ажил хийж 2023 оны 02 дугаар сарын 10-ны үед ............. суманд байх гэртээ ирсэн. Одоо ............. сумын 6 дугаар багт ээж П.С, эгч Д.С., дүү Г.Г. нарын хамт 5 ханатай, Монгол гэрт амьдардаг. Д.Б барилгын ажил хийж авсан цалингаа амьдралд нэмэрлэдэг ээж, эгч, дүү нартаа тус дэмтэй хүүхэд байгаа юм. Д.Б элдэв муу зуршил байхгүй, архи пиво уудаггүй, хааяа тамхи татдаг, гарын эв дүйтэй, нийгмийн идэвх сайтай, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, эрүүл чийрэг биетэй, ямар нэгэн суурь өвчингүй, шулуун шударга зантай, төлөв даруухан, сайхан сэтгэлтэй, хүний үгэнд ордог, хүмүүжил маш сайн, ямар нэг муу зуршилгүй, аливаа зүйлийн эв эеийг олох гэж хичээдэг, огцом түргэн ааш авир байдаггүй, хэлэх гэсэн үгээ шулуухан хэлчихдэг" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал);
3. Гэрч Ц.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “А.Ж нь одоо ............. сумын 1 дүгээр багт 8 ханатай Монгол гэрт Аав Ц.А, ээж Ц.Э. болон дүү нарын хамт амьдардаг, аав Ц.А ээж Ц.Э. нар нь сонсголгүй, хэл ярианы бэрхшээлтэй бөгөөд 50 гаруй тооны үхэр маллаж амьдралаа залгуулдаг. А.Ж нь эрүүл чийрэг биетэй ямар нэгэн суурь өвчингүй, сэтгэцийн хувьд эрүүл, сагсан бөмбөг, хөл бөмбөг, гар бөмбөгийн спортод сайн, хааяа тамхи татдаг, гарын эв дүйтэй, нийгмийн идэвх сайтай, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, эрүүл чийрэг биетэй, ямар нэгэн суурь өвчингүй, шулуун шударга зантай, төлөв даруухан, сайхан сэтгэлтэй, хүний үгэнд ордог, хүмүүжил маш сайн, ямар нэг муу зуршилгүй, аливаа зүйлийн эв эеийг олох гэж хичээдэг, огцом түргэн ааш авир байдаггүй, хэлэх гэсэн үгээ шулуухан хэлчихдэг хүмүүжил сайтай хүүхэд байгаа юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),
4. Увс аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 127 дугаартай “Д.Б нь өрхийн амьжиргааны түвшингийн оноо 409-ээс доош оноотой байна” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 75 дахь тал),
5. Увс аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 126 дугаартай “А.Ж нь өрхийн амьжиргааны түвшингийн оноо 409-ээс доош оноотой байна” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 88 дахь тал),
6. А.Жийн 0145017 дугаартай суралцагчийн хувийн хэрэг (хавтаст хэргийн 95-101 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг өөр хооронд харьцуулан тал бүрээс нь бүрэн гүйцэд хянаж, үнэлж, дүгнэхэд:
Шүүгдэгч А.Ж, шүүгдэгч Д.Б нар нь бүлэглэн 2023 оны 2 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Увс аймгийн ............. сумын ............ хашаанд байрлах иргэн Ө.Аийн эзэмшлийн Монгол гэрт түүний зөвшөөрөлгүйгээр цоожийг нь эвдэж, хууль бусаар нэвтрэн орж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан болох нь яллах дүгнэлтэд тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдсон байна.
Хууль зүйн дүгнэлт:
1. Прокуророос шүүгдэгч А.Ж, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох...” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Тодруулбал: Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч А.Ж, Д.Б нарын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч А.Ж, Д.Б нар нь пиво ууж, наргиж, цэнгэх зорилгоор урьдчилан үгсэн тохиролцон, хохирогч Ө.Аийн эзэмшлийн Монгол гэрт, түүний зөвшөөрөлгүйгээр, хаалганых нь цоожийг эвдэж, хууль бусаар нэвтрэн орж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан байна.
Эрүүгийн хуулийн Арван гуравдугаар бүлэгт хуульчлагдсан Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэрэг нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, түүний дотор орон байрны халдашгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, өөрөөр хэлбэл зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэвтэрсэн үйлдэл бүрэн хийгдсэнээр төгсдөг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ хуульд заасан “орон байр” гэж хүн байнга болон түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт, сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгохоор заасан.
Хохирогч Ө.Аийн эзэмшлийн хүн байнга амьдрахад зориулагдсан Монгол гэр нь Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “орон байр” гэх ойлголтод хамаарч байх бөгөөд шүүгдэгч А.Ж, Д.Б нар нь хохирогч Ө.Аийн зөвшөөрөлгүйгээр түүний гэрт хууль бусаар нэвтрэн орж, халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдаж, дураараа авирласан нь тогтоогджээ.
Иймд шүүгдэгч А.Ж, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч А.Ж, Д.Б нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдсэн байх тул тэдгээрийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч А.Ж, Д.Б нар нь гэм буруугийн асуудлаар маргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
2. Хохирогч Ө.А мөрдөн байцаалтын шатанд: “....Д.Б, А.Ж болон Д.Бийн ээж П.С нар надтай ирж уулзаж уучлалт гуйж, эвдсэн цоожийг шинээр авч өгсөн, манай гэрээс ямар нэгэн зүйл алга болоогүй, эвдэрсэн эд зүйл байгаагүй учир би тэднийг уучилж хоорондоо эвлэрсэн. Иймд миний зүгээс ямар нэгэн гомдол тэмцэл, санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг өгсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Ж, Д.Б нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв. (хавтаст хэргийн 14 дэх тал),
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч А.Ж, Д.Б нарыг Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвар бүхий субьект байх тул тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж, Д.Б нарын тус бүрт 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх” дүгнэлтийг,
3. Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Мөнхөө эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жт зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээ, Д.Бэд нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээг тус тус оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
4. Шүүгдэгч А.Ж шүүхийн хэлэлцүүлэгт:“ Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Надад оногдуулах хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
5. Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би дахиж ийм хэрэг хийхгүй ” гэх тайлбар мэдүүлгийг тус тус гаргав.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч А.Ж, Д.Б нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 78, 91 дэх тал),
Шүүгдэгч А.Ж, Д.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “бүлэглэж” гэмт хэрэг үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч А.Ж, Д.Б нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх боловч тэдгээр нь санаатай үйлдлээр бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг “тохиолдлын шинжтэй” гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх үндэслэлгүй, харин шүүгдэгч А.Ж, Д.Б нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тэдгээрийн хувийн байдалд хамааруулж үзэх үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа байдал, ар гэрийн байдал, суралцаж байгаа гэх хувийн байдал, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж, Д.Б нарын тус бүрт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, А.Ж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажлыг Увс аймгийн ............. сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж дүгнэв.
7. Шүүгдэгч Д.Б нь 2005 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 2023 оны 02 дугаар сарын 25-26-нд гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй буюу 17 настай байсан нь түүний иргэний бичиг баримтаар нотлогдож байна.
Гэвч тэрээр шүүхийн шийтгэх тогтоол гарах үед 18 насанд хүрсэн байх тул Д.Бийг “Өсвөр насны хүн” гэж үзэхгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүн шүүхийн шийтгэх тогтоол гарах үед арван найманд насанд хүрсэн бол энэ хуулийн 8.6 дугаар зүйл хамаарахгүй” гэж заажээ.
Иймд шүүгдэгч Д.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн наймдугаар бүлэгт заасан “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” тусгай журмыг хэрэглэх боломжгүй байх тул түүнд ердийн журмаар ял оногдуулж шийдвэрлэв.
Түүнчлэн шүүгдэгч А.Ж нь 2004 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 2023 оны 02 дугаар сарын 25-26-ны өдөр гэмт хэрэг үйлдэх үедээ арван найман насанд хүрсэн байсан тул түүнийг “өсвөр насны хүн” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
8. Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Мөнхөөгийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан “Шүүгдэгч А.Ж, Д.Б нарыг “Өсвөр насны хүн”-д тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ” хэрэглэж өгнө үү” гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.
9. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Б, А.Ж нараас гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эвдэрхий цагаан өнгийн цоож 1 ширхэг, 48х7 см урттай, зэвтэй төмөр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
10. Шүүгдэгч Д.Б, А.Ж нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И з овогт Дийн Б, Т овогт Аын Ж нарыг “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, А.Ж нарын тус бүрт 240 (хоёр зуун дөчин) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, А.Ж нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 (хоёр зуун дөчин) цаг нийтэд тустай ажлыг Увс аймгийн ............. сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, А.Ж нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Б, А.Ж нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
6. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Б, А.Ж нараас гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн цагаан өнгийн, эвдэрхий цоож 1 ширхэг, 48х7 см урттай, зэвтэй төмөр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА