Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/80

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, улсын өмгөөлөгч М.М,

Шүүгдэгч: М.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.П-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Мгийн Дд холбогдох эрүүгийн 233......................дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                Монгол Улсын иргэн, ...................... суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Увс аймаг ............ сумын ............ багт оршин суух хаягтай,  урьд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 6 сарын хорих ял, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 44/а дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2, 147.2-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Х овогт Мгийн Д /РД:...................../;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Д нь 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн ............ сумын 4 дүгээр багийн нутагт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу “...........” дэлгүүрийн цонхоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар дотогшоо нэвтрэн орж бэлэн 571.500 төгрөг, САR J7 загварын автомашины МР-3 тоглуулагч зэргийг хулгайлж, 619.500 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч М.Дыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.Д нь Увс аймгийн ............ сумын 4 дүгээр багийн нутагт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу ........... дэлгүүрийн цонхоор 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар дотогшоо нэвтрэн орж бэлэн 571.500 төгрөг, САR J7 загварын автомашины МР-3 тоглуулагч зэргийг хулгайлж, 619.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хамаарах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг,

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч М.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

3. Шүүгдэгч М.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Эрүүгийн 2335............. дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-14 дэх тал);

2. Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

3. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

4. Хохирогч Г.Чийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Манайх Увс аймгийн ............ сумын төв буюу 4 дүгээр багт ........... нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 20 цагийн орчимд Ц.С гэх хүн над руу утсаар холбогдоод “би танай дэлгүүрээс ундаа авах гэсэн юм” гэж хэлэхэд нь би “манай хүүхэд байгаа түүнийг дагуулаад очоод авчих” гэж хэлсэн, тэгтэл удалгүй Ц.С над руу утсаар холбогдоод “арын өрөөнд хөлийн чимээ гарахаар нь айгаад танай 2 хүүхдийг аваад гараад ирлээ, танай дэлгүүрт хулгайч орсон юм шиг байна, хурдан хүрээд ир” гэж хэлсэн юм. Тэгээд би өөрийн нөхөр О-ын хамт дэлгүүр дээрээ ирсэн. Манай дэлгүүрийн агуулахын өрөөний цонхны дээд талын хэсэг онгорхой мөн агуулах дотор гялгар уутанд бараа уутлаад тавьчихсан байсан юм. Тэгээд би 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дэлгүүрийн орлогоо үлдээснээ санаад ширээн дор байсан түрийвчээ үзэхэд тус өдрийн орлого /500.000/ орчим төгрөг байхгүй байсан тул би цагдаад хандсан юм...”, “...Манай дэлгүүрээс алдагдсан бэлэн 571.500 төгрөг болон машины 2 ширхэг МРЗ тоглуулагчийг цагдаагийн байгууллага албан ёсоор хүлээлгэн өгсөн, одоо надад М.Даас нэхэмжпэх зүйл болон өөр ямар нэгэн гомдол санал байхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31, 34 дэх тал);

5. Гэрч Б.Угийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...М.Д нь өглөөнөөс орой хүртэл байж байгаад Т эгчийн гэрт очоод ирье гэж хэлээд хүүгээ манайд оруулж ирээд 14 цагийн үед явсан юм. Тэгээд 30 минут орчим болоод гэртээ эргэж ирсэн юм. Эхнэр, хүүхдүүд нь ирнэ гэж хэлж байсан тул би 19 цагийн орчимд М.Дын гэрт ороход манай нөхөр А.Р, О, О болон М.Дын 3 настай хүүхэд байсан, тухайн үед би М.Дд хандаж гэр орноо цэвэрлээд галаа түл, танай гэрийнхэн маргааш ирэх гэж байна гэж хэлэхэд М.Д уурлаад “та нарт ямар хамаатай юм” гэж хэлээд гадаа гарч байгаад ээжтэйгээ утсаар ярихад наана чинь юу болсон юм гэж надаас асуусан, тэгээд би болсон явдлыг хэлсэн, тэгэхэд М.Д надаас утсаа аваад гэртээ орцгоосон юм.Түүнээс хойш 2 цаг орчмын дараа би өөрийн нөхөр Рийг М.Д гэртээ ирсэн байна уу, хараад ир гээд явуулсан. А.Р 10 минут орчим болоод М.Д гэртээ ирсэн байна гэж хэлсэн. Би М.Дыг тухайн үед хаашаа явж хэнтэй уулзсан талаар мэдэхгүй байна. М.Д их дотогшоо дуугүй хүн байгаа юм. Түүний төрсөн ээж Улаанбаатар хотод байдаг, М.Д одоо өөрийн эхнэр У.О болон 3 нас, 1 настай хоёр хүүхдийн хамт гэртээ амьдардаг юм. М.Д тухайн үед согтуу байсан хаанаас архи уусан талаар би сайн мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 36 дахь тал);

6. Гэрч Ц.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр орой 20 цагийн орчимд О.Г, О.Г гэх 2 хүүхдийг дагуулаад ........... нэртэй дэлгүүрийн гадна талд ирэхэд дэлгүүр цоожтой гэрэл унтраасан байсан ба О.Г гэх хүүхэд дэлгүүрээ онгойлгож ороод гэрэл асаасан, би араас нь О.Гтой хамт орсон, би тухайн үед 1 сагс ундаа авна гэж хэлэхэд агуулахаас авч өгнө гэж хэлээд О.Г агуулахыг үүдэн хэсэгт очсон. Тухайн үед агуулахын хаалга онгорхой байсан бөгөөд О.Г хүн байна гэж орилоод буцаад гараад ирсэн. Тухайн үед гялгар цаасны чимээ гарсан, би айгаад О.Г, О.Г гэх 2 хүүхдийг дуудаж аваад дэлгүүрийн гадна үүдэн хэсэгт гараад хаалгыг нь хаачихаад Г.Ч рүү утсаар холбогдоод танай дэлгүүрийн агуулахад хүн байх шиг байна, юм дуугараад байна гэж хэлсэн юм. Тэгээд Г.Ч ирсэн. Бид хэдийг дэлгүүрт ирэхэд урд талын цонх, хаалга бүтэн ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан ба хаалга нь цоожтой байсан, О.Г онгойлгоод орсон юм." гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 40 дэх тал);

7. Насанд хүрээгүй гэрч О.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 28 ны өдөр 20 цагийн орчимд өөрийн гэртээ байж байтал манай ээж Г.Ч надад хүн дэлгүүр орно гэж байна, чи очоод дэлгүүрээ онгойлгоод ундаа аваад өгчих гэж хэлсэн юм. Тэгээд Ц.С гэх хүн ирээд би өөрийн дүү О.Гг аваад Ц.С эгчтэй хамт дэлгүүр дээр очсон. Би дэлгүүрийн хаалгыг түлхүүрээр онгойлгож, түрүүлж ороод гэрэл асаасан, араас манай дүү О.Г болон Ц.С нар орж ирсэн, Ц.С эгч Coca cola ундаа сагсаар нь авна гэж хэлсэн, тэгээд би агуулахын өрөөний хаалгаар ороход гэрэлгүй харанхуй байсан ба агуулахын өрөөн дотор хар хувцастай үл таних өндөр хүн зогсож байсан юм, би цочоод хүн байна гэж хэлээд зугтаад гараад ирсэн, Ц.С эгч манай дүү О.Г бид хэд дэлгүүрийн хаалгыг гаднаас нь хаагаад хүн дуудсан юм. Тухайн хүн намайг цочоод орилоход цаас дуугараад дараа нь цонхны жижиг порчик дуугараад гараад явчих шиг болсон. Тэр хүн гартаа гэрэл харагдуулахгүй гээд гараараа атгачихсан байсан, нүүр царай болон хувцасны өнгө тодорхой харагдаагүй юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал);

8. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 21 дугаартай “Увс аймгийн ............ суманд 2023 оны 01 дүгээр сарын байдлаар 2ш САR J7 загварын автомашины МР-3 тоглуулагчийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа 48.000 (дөчин найман мянган) төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 52 дахь тал);

9. Криминалистикийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн гутлын мөрний хэсэг нь иргэн М.Даас хураан авсан гутлын улны дардастай өлмий хэсгийн урт өргөн болон хэлбэр дүрс хээн зураглал зэрэг ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 58-61 дэх тал);

10. Шүүгдэгч М.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд би дахин архи авахаар дэлгүүр хайсан боловч онгорхой дэлгүүр олдоогүй. Тэгтэл Манай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ........... гэх дэлгүүр ямар нэгэн хүн байхгүй гэрэл унтраалттай байхаар нь би уг дэлгүүрийн ар талаас нь дээд талын цонхыг түлхтэл онгойсон бөгөөд цоожгүй байсан. Тэгээд би уг дэлгүүр лүү ороод худалдааны лангууны доод талд байрлах бор өнгийн ширээний шургуулгыг нээж үзэхэд бэлэн мөнгө байсан бөгөөд тухайн мөнгийг би өөрийн куртикны энгэрийн карманд хийгээд мөн дэлгүүрийн лангуу дээрээс архи идэх уух юм гээд нэлээн юм торон дотор хийгээд мөн машины 2 ширхэг МР мөн бэлэн мөнгийг аваад явсан. Тэгээд би гэртээ хариад гэрт байсан пивоноос 1 аягыг уугаад гэрээсээ гартал цагдаа нар ирээд аваад явсан бөгөөд би цагдаагийн байран дээр ирж хийсэн хэргээ хүлээж мөнгө болон эд зүйлийг гаргаж өгсөн юм. Тухайн үед бэлэн 571.500 төгрөгийг 2 ширхэг автомашины МР тоглуулагч авсан байсан. Би тухайн дэлгүүрээс хулгайлсан бүх зүйлсээ буцааж өгсөн ба хохирогч ямар нэгэн гомдол саналгүй гэж хэлсэн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 74 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргээс:

1. Гэрч А.Рийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Д нь даруу төлөв зантай архи согтууруулах ундаа нэг их хэрэглээд байдаггүй дотогшоо дуугүй хүнтэй нэг их яриад байдаггүй, хүний үгээр байдаг хүн байгаа юм. Д 2021 онд хулгайн хэрэгт холбогдож 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан, тэгээд хугацаанаас өмнө суллагдаж ирсэн, түүнээс хойш архи уудаг, мөн зан аашийн хувьд тогтворгүй болсон юм" гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 38 дахь тал);

2. Гэрч У.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би нөхөр болох Мгийн М.Дтай анх 2017 онд ..............аймагт сургуульд сурч байхдаа танилцаж байсан юм. Түүнээс хойш бид хоёр үерхээд 2019 онд анх гэр бүл болсон, дундаасаа 2 хүүхэдтэй. Том нь эрэгтэй 3 настай, бага нь эрэгтэй 1 нас 8 сартай юм. М.Д нь анх танилцахдаа өөрийн ээж болон хойд аавтайгаа амьдардаг байж байгаад надтай 2019 онд гэрлэлтээ батлуулж түүнээс хойш бид хоёр хамт амьдарч байгаа. Түүний ээж С Улаанбаатар хотод сургуульд жижүүр хийдэг. М.Д ............ сумын ..........ажиллаж байгаад ажлаасаа гарсан. 2022 оноос хойш ямар нэг байдлаар ажил төрөл хийхгүй байгаа, миний хувьд хүүхдүүдээ хараад гэртээ сууж байдаг. М.Д бид хоёрын нэр дээр хонь ямаа нийлээд 100 гаруй мал байдаг юм. М.Д нь хүнтэй нэг их юм яриад байдаггүй, дуу цөөнтэй, даруу зантай, өөрийн хүүхдүүд болон надад халамжтай гэр орны ажил сайн хийдэг, сүүлийн үед архи бага зэрэг уугаад байдаг болчихсон өөрөөр хүний хий гэсэн ажлыг цаг тухайд нь хийдэг тусархуу зантай хүн юм. Архи уухаараа өөртөө хяналт тавьж чадахаа больчихдог юм" гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 44 дэх тал);

3. Гэрч Ж.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...М.Д нь ............ сумын төвд эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, хувьдаа 100 гаруй  толгой бог малтай. М.Д нь үг дуу цөөнтэй, даруу төлөв зантай хүнд тусархуу, гэр бүлийн хүмүүс болон эргэн тойрны хүмүүстэй эвсэг найрсаг харилцаатай хүн юм. М.Д архи дарс нэг их хэрэглээд байдаггүй байсан, харин сүүлийн үед архи уугаад байдаг болчихсон юм" гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 46 дахь тал);

4. Хохирогч Г.Чийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Манай дэлгүүрээс алдагдсан бэлэн 571.500 төгрөг болон машины 2 ширхэг МР-З тоглуулагчийг цагдаагийн байгууллага албан ёсоор хүлээлгэн өгсөн надад ямар нэгэн байдлаар Даас нэхэмжпэх зүйл болон өөр ямар нэгэн гомдол санал байхгүй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал);

5. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хавтаст хэргийн 77-79 дэх тал);

6. Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “...нийгмийн халамж дэмжлэг, зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолтоор М.Д нь өрхийн амьжиргааны түвшингийн оноо 409.679 босго шугамаас бага байна” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 111 дэх тал);

7. Шүүгдэгч М.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна, би яллагдагчийн эрх, үүрэгтэй танилцсан.” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 74 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 Шүүгдэгч М.Д нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг өөр хооронд харьцуулан тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:

Шүүгдэгч М.Д нь 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн ............ сумын 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу “...........” хүнсний дэлгүүрийн цонхоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар дотогшоо нэвтрэн орж бэлэн 571.500 төгрөг, САR J7 загварын автомашины МР-3 тоглуулагч зэргийг хулгайлж, бусдад 619.500 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.

Хууль зүйн дүгнэлт:

1. Бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар халдаж, хохирол, хор уршиг учруулсныг “Хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тогтоожээ.

-Хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь хулгайлагдсан эд хөрөнгө байх бөгөөд “бусдын эд хөрөнгө” гэж гэмт этгээдийн хувьд эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй, бусад хүний эзэмшилд байгаа эд хөрөнгийг хамааруулж ойлгоно.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгс үйлдэгдсэнд тооцогддог, материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд бага хэмжээний хохирол гэдэгт гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээний хохирол учирсныг ойлгохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д заажээ.

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол  “Хулгайлах” гэмт хэргээр зүйлчлэхээр Эрүүгийн хуульд заасан нь энэ гэмт хэргийн обьектив талын шинж юм.

-Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч М.Д нь 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн ............ сумын 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу “...........” хүнсний дэлгүүрийн цонхоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар дотогшоо нэвтрэн орж бэлэн 571.500 төгрөг, САR J7 загварын автомашины МР-3 тоглуулагч зэргийг хулгайлж, 619.500 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь “хулгайлах”  гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна.

2. “Хулгайлах” гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжтэйгээр хуульчилжээ.

Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэргийг “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ба үүнд хохирлын хэмжээ шаардахгүй юм.

Шүүгдэгч М.Д нь идэвхтэй үйлдлээр хохирогч Г.Чийн дэлгүүрийн цонхоор сэм орж, бэлэн 571.500 төгрөг, САR J7 загварын автомашины МР-3 тоглуулагч зэргийг хулгайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” гэх  хүндрүүлэх шинжийг хангаж байна.

3. Шүүгдэгч М.Д нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

4. Иймд шүүгдэгч М.Дын үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч М.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

6. Шүүгдэгч М.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүйг түүний өмгөөлөгч М.Мөнхөө дэмжиж оролцсоныг  тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

            Шүүгдэгч М.Дын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Чийн эд хөрөнгөд 619.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон ба хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд хулгайд алдагдсан бэлэн мөнгө, эд зүйл зэргийг цагдаагийн байгууллагаас хүлээн авснаар шүүгдэгч М.Даас нэхэмжлэх хохиролгүй гэдгээ илэрхийлсэн байна. (хавтаст хэргийн 34 дэх тал),

            2. Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Даас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч М.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -т заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, тэрээр эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвар бүхий субьект байх тул түүнд үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: “ Шүүгдэгч М.Дд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгтээ хандаж буй хандлага болон өмнө нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж засарч хүмүүжээгүй зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас үлдсэн буюу хугацааны өмнө тэнсэн суллагдсан 6 сар 5 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 6 сар 5 хоногоор тогтоож, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгуулгад эдлүүлэх” гэх дүгнэлтийг,

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд ...Миний үйлчлүүлэгч М.Д нь эхнэр, бага насны 2 хүүхэдтэй гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчоос нэхэмжлэх зүйл байхгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

4. Шүүгдэгч М.Д нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хүсэлтдээ:  “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

5. Шүүгдэгч М.Дын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарна.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч М.Д нь хувийн байдлын хувьд ...... онд төрсөн, 24 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, хувьдаа 155 гаруй толгой малтай, өрхийн амьжиргааны түвшин дунджаас доогуур үзүүлэлттэй, тэрээр урьд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 6 сарын хорих ял, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 44/а дугаартай шийтгэх тогтоолоор 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2, 147.2-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан нь хавтаст хэргийн 81, 83-88 дахь талд авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” бол эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр заажээ.

Шүүгдэгч М.Д нь урьд нь өмчлөх эрхийн эсрэг буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй “Хулгайлах” гэмт хэрэг үйлдэж, шүүхээс хорих ял шийтгүүлж, ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан хувийн байдал тогтоогдож байгааг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

-Шүүгдэгч М.Дын хувийн зан байдлын талаар гэрч Ж.Ц (хавтаст хэргийн 46 дахь тал), гэрч Г.Ч (хавтаст хэргийн 34 дэх тал),  гэрч У.О (хавтаст хэргийн 44 дэх тал),  гэрч А.Р (хавтаст хэргийн 38 дахь тал) нарын өгсөн мэдүүлгийг М.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдлыг нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй гэж үзлээ.

7. Иймд шүүгдэгч  М.Дд  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг тус тус баримтлан, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, урьд нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан хувийн байдал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй, зэрэгт тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Дд 2 (хоёр) жил хорих ял шийтгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”гэж тус тус заажээ.

Шүүгдэгч М.Д нь урьд Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил, 4 сарын хорих ялаар шийтгүүлж, Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 36 дугаартай шүүгчийн захирамжаар, эдлээгүй үлдсэн 6 сар, 5 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байна. (Хавтаст хэргийн 05,81-88 дахь тал),

Гэтэл тэрээр 6 сар, 5 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсаны дараа хяналтын хугацаа дуусаагүй байхад дахин гэм буруугийн санаатай хэлбэрээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна.

Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч М.Дд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр урьд Увс аймаг дахь Сум дундын  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01- сарын 11-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жил, 4 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар, 5 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх хорих ялыг 2 жил, 6 сар, 5 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Дын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жил, 6 сар, 5 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

8. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч М.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, оногдуулах ялыг хөнгөрүүлэх” дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Тодруулбал: Шүүгдэгч М.Дын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, тэрээр гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол хор уршиггүй болох нь тогтоогдож байгаа хэдий ч шүүгдэгчийн  удаа дараа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, шүүхээс урьд нь түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж байсан ч засрал хүмүүжлээ олж, нийгэмшээгүй, хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан атлаа хяналтын хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан М.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, хорих ялыг хөнгөрүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

Харин шүүгдэгч М.Дын гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ялыг сонгож хэрэглэснийг дурдах нь зүйтэй.

9. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Дд хорих ял шийтгэж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Мгийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Дд 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял дээр урьд Увс аймаг дахь Сум дундын  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 (нэг) жил, 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 (зургаа) сар, 5 (тав) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялыг 2 (хоёр) жил, 6 (зургаа) сар, 5 (тав) хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дд оногдуулсан 2 (хоёр) жил, 6 (зургаа) сар, 5 (тав) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Шүүгдэгч М.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд уг арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Шүүгдэгч М.Даас гаргуулах хохирол, хор уршиг, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БОЛОРМАА