| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2023/0083/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/82 |
| Огноо | 2023-04-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгч: С.Ж, Ж.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Ц овогт Ж-гийн Д, Б овогт С-ын Ж нарт холбогдох эрүүгийн 2335000000097 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, ........ өдөр Увс аймгийн ................. суманд төрсөн, .........настай, эрэгтэй, яс үндэс баяд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Увс аймгийн ................. сумын ..... дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт С-ын Ж, (регистрийн дугаар: ..................);
2.Монгол Улсын иргэн...................... Увс аймгийн ................. суманд төрсөн, .......настай, эрэгтэй, яс үндэс баяд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн ................. сумын ...........дугаар багт оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Ц овогт Ж-гийн Д, (регистрийн дугаар: ...................);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Д, С.Ж нар нь 2023 оны 3 дугаар сарын 08-ны шөнө Увс аймгийн ................. сумын 5 дугаар багийн нутагт хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдох явцдаа Ж.Д нь хохирогч С.Жын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, С.Ж нь хохирогч Ж.Дгийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Д, С.Ж нар нь 2023 оны 3 дугаар сарын 08-ны шөнө Увс аймгийн ................. сумын 5 дугаар багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, харилцан зодолдож, нэгнийхээ биед буюу Ж.Д нь хохирогч С.Жын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, С.Ж нь хохирогч Ж.Дгийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
1. Хохирогч Ж.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...2023 оны 03 дугаар сарын 08-ны орой 21 цагийн орчим сумын төв дээр Б.О, С.Ж бид гурав...4 савтай пиво хуваан ууж байгаад С.Ж Б.О хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би дундуур ороод та хоёр нэг нэгэнтэйгээ маргалдаж болохгүй гээд салгах үед С.Ж уурлахаар нь би нүүр орчимд нь гараараа нэг удаа цохих үед С.Ж уурлан ямар сайндаа чиний аав шоронд орох вэ гэж хэлэхээр миний уур хүрч С.Ж бид хоёр хоорондоо зодолдсон, нэг мэдэхэд С.Ж бид хоёрын нүүр цус болсон байтал Б.О босож ирээд одоо та хоёр боль гэж хэлээд бид хоёрыг салгасан...Тухайн маргаан 5 минут орчим болсон байх" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 3-5, 9-10 дахь тал);
2. Хохирогч С.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 08-ны орой 21 цагийн орчимд ...Б.Отай намайг ямар учраас намайг пизда гэж хэлсэн гэдгийг мэдэхгүй тэгэж хэлэхээр би уурлан Б.Отай маргалдаж эхлэх үед Ж.Д дундуур ороод та хоёр нэг нэгэнтэйгээ маргалдаж болохгүй гээд салгах үед Ж.Д нь надад уурлан нь нүүр орчимд нь гараараа нэг удаа цохих үед би Ж.Дд хандан уурлан ямар сайндаа чиний аав шоронд орох вэ гэж хэлэхэд Ж.Д уурлан бид хоёр хоорондоо зодолдсон, нэг мэдэхэд Б.О босож ирээд одоо та хоёр боль гэж хэлээд бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-8, 11-12 дахь тал);
3. Гэрч Б.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С.Ж бид хоёр хоорондоо маргалдаж байтал Ж.Д нь та хоёр маргалдахаа боль гэж хэлээд С.Жын нүүр хэсэгт гараараа нэг удаа цохих үед С.Ж Ж.Дд хандан чиний аав ямар сайндаа шоронд орох вэ гэхэд Ж.Д уурлан С.Жтай маргалдан, тэд зодолдож эхэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал);
4. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 141 дугаартай “Үзүүлэгч Ж.Дгийн биед хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зүүн гарын дунд хуруунд шарх, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын долоовор хуруу, чигчий хуруу, зүүн гарын дунд хуруунд зулгарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зүүн гарын дунд хуруунд шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал);
5. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 139 дугаартай “Үзүүлэгч С.Жын биед тархи доргилт, баруун, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний алимны салстад цус хуралт, баруун хөмсөгний хэсэгт зөөлөн эдийн няцрал, хамрын цус хуралт, хамрын нуруунд шарх, баруун чихний дэлбэнд, зүүн чамархайн хуйханд, зүүн сарвууны ядам, чигчий хуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Тархи доргилт, баруун, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний алимны салстад цус хуралт, баруун хөмсөгний хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32-34 дэх тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч С.Ж, Ж.Д нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд прокуророос С.Ж, Ж.Д нарын дээр дурдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч С.Ж, Ж.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Ж, Ж.Д нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч С.Ж, Ж.Д нарын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Хохирогч Ж.Д, С.Ж нар нь мөрдөн байцаалтын шатанд харилцан бие биенээсээ нэхэмжлэх хохирол, гомдолгүй талаар мэдүүлсэн нь хавтаст хэргийн 10,12 дахь талд авагдсан мэдүүлгүүдээр нотлогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч С.Ж, Ж.Д нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч С.Ж нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 102 дахь тал);
Шүүгдэгч Ж.Д урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан нь тогтоогдож байх бөгөөд тэрээр урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Дг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. (хавтаст хэргийн 101, 168-174 дэх тал);
Шүүгдэгч С.Ж, Ж.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж дүгнэв.
3. Шүүгдэгч С.Ж, Ж.Д нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
Прокуророос шүүгдэгч С.Ж, Ж.Д нарын хүсэлтийг хангаж, тэдгээрт холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жд 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ж.Дд 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч С.Ж, Ж.Д нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Иймд шүүгдэгч С.Ж, Ж.Д нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жд 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ж.Дд 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч С.Ж, Ж.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Ж, Ж.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Ж-гийн Д, Б овогт С-ын Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дд 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял, С.Жд 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар Ж.Д, С.Ж нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хуульд заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Ж.Д, С.Ж нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах хохирол, хор уршиг, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйл байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Ж.Д, С.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА