| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 167/2019/0162/Э |
| Дугаар | 83 |
| Огноо | 2019-11-28 |
| Зүйл хэсэг | 18.5.1., 24.5.1., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 83
Ш.Ш-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Хяналтын прокурор: С.Энхням,
Яллагдагчийн өмгөөлөгч: Д.Бурмаа,
Орчуулагч: Х.Ариунзаяа,
Яллагдагч: Ш.Ш,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал нарыг оролцуулан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Cум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЗ/348 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч Ш.Ш-д холбогдох, эрүүгийн 1920000420135 дугаартай, 1 хавтас, 206 хуудас бүхий хэргийг Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокурор Б.Бүжинлхамын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ш.Ш-д холбогдуулан Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокурор Б.Бүжинлхамаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Яллагдагч Ш.Ш нь 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бөмбөгөр худалдааны төвийн орчмоос Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-д орсон Халиун бугын 0.293 гр цусан эврийг зохих зөвшөөрөлгүй худалдан авч, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны 28 тоот түрээсийн байрандаа хадгалсан,
Мөн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотоос Монгол Улсын хил буюу Дорноговь аймгийн Замын-Үүд өргөн төмөр замын боомт хүртэл галт тэргээр биедээ тээвэрлэсэн,
2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-д орсон Халиун бугын 0.293 гр цусан эврийг Дорноговь аймгийн Замын-Үүд өргөн төмөр замын боомоор зохих зөвшөөрөлгүйгээр Монго Улсын гаалийн хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Анхан шатны шүүх: Яллагдагч Ш.Ш-д холбогдох эрүүгийн 1920000420135 тоот хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж,
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон шүүхэд ирсэн халиун бугын 0.293 гр цусан эвэр, яллагдагч Ш.Ш-ын ЕВ0840462 дугаартай гадаад паспорт 1 ширхэг зэргийг хэргийн хамт Нийслэлийн прокурорын газарт хүргүүлж,
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдаж,
Хэргийг прокурорт очтол яллагдагч Ш.Ш-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокурор Б.Бүжинлхам давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхээс яллагдагч Ш.Ш-ийг Халиун бугын 0.293 гр цусан эврийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь өргөн төмөр замын боомтоор зохих зөвшөөрөлгүйгээр гаалийн хилээр нэвтрүүлсэн үйлдэл нь ямар хууль, гэрээнд зааснаар хязгаарласан бараа болоод байгаа нь тодорхойгүй, Прокурор яллах дүгнэлтэндээ дүгнээгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол...” гэж хуульчилсан байхад гэж хуульчилсан байхад яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 220 дугаартай тогтоол болон прокурорын яллах дүгнэлтэнд “...Монгол улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэж дүгнэсэн нь хуулинд нийцэхгүй байгааг анхаарах нь зүйтэй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь Амьтны тухай хуулийн 4.1.4-т “ховор амьтан” гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг хэлнэ, мөн Монгол улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-д халиун бугыг тус тус оруулсан. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-д багтсан ховор амьтан болохын хувьд халиун бугыг агнах, барих, тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалах, худалдах, худалдан авах, тээвэрлэх, гадаад улсад гаргах... Монгол Улсын хил, гаалийн хилээр нэвтрүүлэх нь хориглосон гэж үзнэ. Түүнчлэн яллагдагч нь халиун бугын 0.293 гр цусан эврийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь өргөн төмөр замын боомтоор гаалийн мэдүүлэгт мэдүүлэлгүй, өмсөж явсан гадуур хувцасны халаасанд нууж гаалийн хилээр нэвтрүүлсэн нь гаалийн хяналт шалгалтаар илэрсэн үйл баримт нотлогдсон ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн...” гэх шинжийг агуулж байна.
Яллагдагч Ш.Ш-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.6-д заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдлууд буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн нөхцөл зэргийг бүрэн нотлосон. Мөрдөн байцаалтын шатанд Шинжлэх Ухааны Академийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01/19 тоот шинжээчийн дүгнэлт гаргуулж, халиун бугын цусан эвэр болохыг тогтоож, экологи, эдийн засгийн үнэлгээг гаргуулсан ба хохирогч, иргэний нэхэмжлэгчийн зүгээс бугын цусан эврийг ашиглах боломжгүй талаар тодорхой мэдүүлсэн, түүнчлэн бугын цусан эврийг дангаар үнэлэх боломжгүй талаар баримт хэрэгт авагдсан. Мөн яллагдагч нь гэмт хэргийн улмаас учирсан 13 200 000 төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн нөхөн төлсөн. Гэтэл шүүхээс шинжээч томилж, дүгнэлт огт гараагүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хууль зүйн шаардлагад нийцээгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзнэ.
Шүүхээс хохирогч, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэгийг үнэлэхгүй, эд мөрийн баримтаар хураагдсан халиун бугын цусан эврийг ашиглах боломжтой гэж үзэж дүгнэсэн бол Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр нэмэлт шинжилгээ хийнэ” гэж заасны дагуу шийдвэрлэх боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шүүх нэмэлт шинжилгээ хийлгэх хууль зүйн боломж байсаар атал тухайн асуудлыг “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд алдаатай байна. Түүнчлэн эд мөрийн баримтыг дахин ашиглах боломжтой эсэх тодорхойгүй, мөрдөн байцаалтаар тогтоогоогүй гэж үзвэл шүүхээс эд мөрийн баримтыг устгахаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЗ/348 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.
Хяналтын прокурор С.Энхням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж Замын-Үүд дахь сум дундын шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн яллагдагч Шү Жиэн Жунд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүгч өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг хийж хэргийг шийдвэрлэсэн. Ингэхдээ прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хориглосон хязгаарлалт тогтоосон барааг Монгол улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол гэж зүйлчлэхдээ яг ямар эрх зүйн актаар нэвтрүүлсэн гэдгийг тодорхой дүгнэж бичээгүй. Дээрээс нь шинжээчийн дүгнэлтийг дахин гаргах шаардлагатай гэдэг үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй. Хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэх ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж прокуророос эсэргүүцэл гаргасан. Прокурор эсэргүүцэлдээ Амьтны тухай хуулийн 4.1.4 "ховор амьтан" гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг хэлнэ. Монгол улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар ховор амьтны жагсаалтад Халиун бугыг оруулсан. Энэ хавсралтад батлагдсан ховор амьтны жагсаалтад багтсан Халиун бугыг агнах, барих, тэдгээрийн түүхий эд зүйлийг хадгалах худалдан авах, тээвэрлэх, гадаад улсад гаргах, Монгол улсын хил, гаалийн хилээр нэвтрүүлэх нь хориглосон гэж үзнэ. Түүнчлэн яллагдагч Шү Жиэн Жун нь Халиун бугын 0,293 грамм цусан эврийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Өргөн төмөр замын боомтоор гаалийн мэдүүлэгт мэдүүлэлгүй, өмсөж явсан гадуур хувцасны халаасанд нууж гаалийн хилээр нэвтрүүлсэн нь гаалийн хяналт шалгалтаар илэрсэн үйл баримт нотлогдсон. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх шинжийг бүрэн хангаж байгаа. Хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж Монгол улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан ховор амьтны жагсаалтад орсон Халиун бугын цусан эврийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь боомтоор зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж гэмт хэргийн шинжийг тодорхой дурдсан. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдлууд буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэл зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг бүрэн нотолсон. Мөн мөрдөн байцаалтын явцад Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчээр 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01/19 дугаартай шинжээчийн дүгнэлтээр шинжилгээ хийлгэхэд Халиун бугын цусан эвэр болохыг тогтоосон. Халиун бугын цусан эвэр нь амьтны тухай хуульд зааснаар ан амьтныг барих агнахтай холбогдуулан экологи эдийн засгийн үнэлгээгээр Халиун буга үнэлэгдэж явах ёстой. Иймд иргэний нэхэмжлэгчээс Амьтны тухай хуульд заасан үнэлгээг 2 дахин нугалж нэхэмжилж байгаа гэдгийг хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэгт өгсөн байгаа. Ингээд Халиун бугын цусан эврийг дахин ашиглах шаардлагатай юу, үгүй юу гэдэг талаар дахин шинжилгээ хийлгэх ажиллагаа нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа юм. Иймд шаардлагатай гэж үзвэл шүүх захирамжаараа дахин шинжилгээ хийлгэх боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ тэмдэглэх хэсэгт яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газрын цаг хугацаа зэрэг мөн шаардлагатай зайлшгүй нотлох баримтуудыг тусгахаар хуульчлагдсан. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хувьд эдгээр зүйлүүд бүрэн тусгагдсан. Мөн яллах дүгнэлт үйлдэхдээ гэмт хэргийн шинжийг бүрэн тусгасан байгаа учраас шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх боломжтой гэж үзэн эсэргүүцэл бичсэн. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх боломжтой гэж үзэж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн энэ хэрэг Замын-Үүд дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжсэн. Тэгээд прокуророос яллах дүгнэлт үйлдсэн. 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг зарласан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр энэ хэрэг нь эдийн засгийн гэмт хэрэг үү, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг үү гэдгийг тогтоох шаардлагатай гэж үзэн буцаасан. Тэгээд эд мөрийн баримтаар хураагдсан бугын цусан эврийг авчрах боломж байна уу гэж буцаасан. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд энэ хүнд эдийн засгийн гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйл ангийн сонсгосон юм. Тэгэхээр миний хувьд энэ хоёр зүйл ангийн аль нэгнийг нь барих шаардлагатай гэж үзэж байгаа юм. Нэгд хязгаарлалт тогтоосон энэ барааг улсын хилээр нэвтрүүлсэн юм уу, эсхүл хууль бусаар ан агнах гэдэг зүйл ангийн хууль бусаар гадаад улсад гаргасан юм уу. Энэ хоёр зүйл ангийн аль нь юм бэ гэдгийг тогтоох ёстой гэж үзэж байгаа. Гэтэл прокуророос хоёр зүйл ангиар зүйлчлээд байгаа юм. Тэгэхээр энэ хүний эрх зүйн байдал дордохоор байгаа. Энэ хоёр зүйл ангиар хүнд ял оногдуулж, яллах дүгнэлт үйлдэнэ гэж байхгүй. Энэ нь хууль зөрчиж байна. Тэгэхээр хязгаарлалт тогтоосон хориглосон барааг нэвтрүүлсэн гэж үзэх юм уу, эсхүл хууль бусаар ховор ан амьтны бүтээгдэхүүнийг гаргасан зүйл анги байна уу. Энэ хоёрын аль нь болохыг тогтоох шаардлагатай болоод байгаа юм. Тийм учраас шүүхийг энэ хоёр зүйл ангийн аль нэгийг нь тогтоож зүйлчлэх ёстой гэж үзэж байна. Мөн эд мөрийн баримтаар хураагдсан бугын цусан эврийг цаашид ашиглагдах боломжтой юм уу гэдэг дээр шинжээч томилох шаардлагатай байна гэж шүүх үзээд байгаа. Миний хувьд эд мөрийн баримтаар хураагдсан бугын цусан эвэр цаашид ашиглагдах боломжтой эсэх талаар эрх зүйн акт, эрх зүйн нөхцөл өнөөдөр манай улсад байхгүй гэж хохирогч мэдүүлэг өгөөд байгаа учраас шинжээч томилох шаардлагагүй болов уу гэж үзэж байна...” гэв.
Шүүгдэгч Ш.Ш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гаргах гэж завдсан нь үнэн. Гэхдээ тухайн үед өөрөө бугын цусан эвэр гэдгийг мэдээгүй байсан. Замын-Үүдийн гаалийн хүнд шинжлүүлье гээд хүсэлт тавиад шинжлүүлсэн. Түүний дараа цусан эвэр гэдгийг мэдсэн. Түүнийгээ хүлээн зөвшөөрч байна. Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЗ/348 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.
Учир нь: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бүжинлхамаас гаргасан эсэргүүцэлд үндэслэн түүнд бичигдсэн асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл шүүх шийдвэр гаргахдаа хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.
Яллагдагч БНХАУ-ын иргэн Ш.Ш нь прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бөмбөгөр худалдааны төвийн орчмоос Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-д орсон халиун бугын 0,293 гр цусан эврийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны 28 тоот түрээсийн байрандаа хадгалсан,
Мөн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотоос Монгол Улсын хил буюу Дорноговь аймгийн Замын-Үүд өргөн төмөр замын хилийн боомт хүртэл галт тэргээр биедээ тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-д орсон халиун бугын 0,293 гр цусан эврийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь төмөр замын боомтоор, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
Анхан шатны шүүх халиун буга Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01-р сарын 11-ний өдрийн 07 дугаартай тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-д багтсан болохоос уг амьтны эд эрхтнийг улсын хилээр гаргахыг хориглосон, эсвэл хязгаарлалт тогтоосон зохицуулалт биш гэж үзсэн нь ойлгомжгүй болсон ба Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 379 дугаартай “Монгол Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалтын нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоолын зорилгод “тэдгээрийн гаралтай эд зүйлийг” гэж тодорхойлсныг анхан шатны шүүх анхаараагүй байна.
Хэргийг Замын-Үүд төмөр замын хилийн боомтод гаалийн хяналт шалгалт хийж байсан улсын байцаагч Б.Цогзолмаа илрүүлж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээн ажиллагаа явуулсан ба ингэхдээ шинжээч томилж шинжилгээ хийлгэсэн байна.
Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторийн эрхлэгч, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, биологийн ухааны доктор, дэд профессор Б.Лхагвасүрэнгээс гаргасан “тухайн хэрэгт хамаарах амьтны эвэр нь Халиун буга /cervus elaphus/ цусан эвэр мөн бөгөөд тус лабораторийн хөхтний цуглуулгын санд хадгалагдаж буй бугын эвэртэй морфологи байдлыг харьцуулж тодорхойлов”, “Халиун буга нь ховор зүйл бөгөөд Олон улсын байгаль хамгаалах холбооны Улаан данс /IUCN red list/-ны үнэлгээгээр олон улсад “Анхааралд өртөхөөргүй” гэж үнэлэгдсэн байдаг. Манай орны хэмжээнд буюу бүс нутгийн үнэлгээгээр “Устаж байгаа” хэмээн үнэлсэн” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17/ гарсан ба уг дүгнэлтийг хэргийн оролцогчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан зүйлгүй нь хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 161/-ээс харагдаж байна.
Хэрэгт зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагааны үед гарсан уг дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар нотлох баримтад тооцож болох ба иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ц.Цолмонбаатар нь халиун бугын эврийг цаашид ашиглагдах боломжгүй гэсэн байхад анхан шатны шүүх энэ талаар шинжилгээг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь ойлгомжгүй ба шүүх эд мөрийн баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэх бөгөөд ийнхүү шийдвэрлэхэд хүндрэл бэрхшээлтэй гэж үзвэл мөн хуулийн 35.19 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан ажиллагааг шүүх хуралдааны үед хийх боломжтой болно.
Түүнчлэн энэ асуудлыг зайлшгүй шинжилгээ хийлгэснээр шийдвэрлэх шаардлагатай гэж үзвэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шинжээчийг томилж дүгнэлт гаргуулах боломжтой ба энэ ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж үзэхгүй болно.
Эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхээс гаргасан хэргийг прокурорт буцаах тухай шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1, 1.2-т нийцээгүй тул прокурорын эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Д.Бурмаа нь “...яллагдагчид холбогдох гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1, 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар давхар зүйлчилсэн нь буруу...” гэсэн агуулга бүхий тайлбар гаргасан ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй буюу яллагдагчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлээгүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар эрх зүйн дүгнэлт хийх үндэслэлгүй болохыг магадлалд тэмдэглэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЗ/348 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд дахин хэлэлцүүлэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд буцааж, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бүжинлхамын эсэргүүцлийг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд яллагдагч Ш.Ш-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БОЛОРМАА
А.САЙНТӨГС