| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2024/0662/З |
| Дугаар | 221/МА2025/0437 |
| Огноо | 2025-06-25 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2025/0437
О.Д-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нар;
Нэхэмжлэгч: О.Д
Хариуцагч: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
Гуравдагч этгээд: “Геологийн судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ
Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 194 дугаартай “Геологи судалгаа-шинжилгээний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” тогтоол нь Геологи судалгаа-шинжилгээний төвд эрх зүйн харилцаа үүсээгүй болохыг тогтоолгох, хүлээн зөвшөөрүүлэх” тухай
Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/1018 дугаартай;
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч О.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Е
Хэргийн индекс: 128/2024/0662/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.Д-гаас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдуулан “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 6-ны өдрийн 194 дугаартай “Геологи судалгаа-шинжилгээний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” тогтоол нь Геологи судалгаа-шинжилгээний төвд эрх зүйн харилцаа үүсээгүй болохыг тогтоолгох, хүлээн зөвшөөрүүлэх”-ээр маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1018 дугаар шийдвэрээр: Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч О.Д-гийн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын “Геологи судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай тогтоол нь Геологи судалгаа-шинжилгээний төвд эрх зүйн харилцаа үүсээгүй болохыг тогтоож, хүлээн зөвшөөрч шийдвэрлэжээ.
3. Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй тухайд. Шүүхийн шийдвэрийн 8 дугаар хуудсанд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлсэн Үндэсний геологийн албаны Эрдэс баялгийн судалгаа, төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Г.А-гийн гарын үсэг зурж, байгууллагын тамга дарж баталгаажуулсан 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4/249 дугаартай албан бичгийг Үндэсний геологийн албаны санал гэж үзэх үндэслэлгүй бөгөөд улмаар “Геологи судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 194 дугаартай тогтоол нь “Геологи судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ-д эрх зүйн харилцааг үүсгээгүй байна” гэжээ.
3.1.1. Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрын талаар авах арга хэмжээний тухай” 317 дугаар тогтоолоор “Геологийн судалгаа-шинжилгээний төв” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрмийг баталсан. Тус үйлдвэрийн газрын дүрмийн 5.1.3-д зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг Үндэсний геологийн албаны санал болгосноор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар батлахаар тодорхой заасан байдаг. Үндэсний геологийн албаны даргын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А-26 дугаартай “Ажил үүрэг орлон гүйцэтгэх хуваарь батлах тухай” тушаал, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/06 дугаартай “С.Шинэ-Одод чөлөө олгох тухай” тушаал, эрхэлсэн ажлаа түр орлуулан үлдээх тухай мэдэгдэл зэргээс үзэхэд 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс мөн оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд тус албаны Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга С.Ш-ын ажлыг Эрдэс баялгийн судалгаа, төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Г.А түр орлон гүйцэтгэж байсан ба түр орлон гүйцэтгэх ажил үүрэгт “цаг үеийн шаардлагатай ажлууд”-ыг заасан байх тул Эрдэс баялгийн судалгаа, төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Г.А нь албан үүргийг түр орлон гүйцэтгэх чиг үүргийн хүрээнд Үндэсний геологийн албаны 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4/249 дугаартай албан бичгээр “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 49 дугаартай тогтоолоор батлагдсан “Геологийн судалгаа шинжилгээний төв” ТӨҮГ-ын 2023 оны зохион байгуулалтын бүтэц, орон тоо, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд оруулах өөрчлөлтийн саналыг дэмжиж байгаа...” гэх саналыг манайд ирүүлсэн.
3.1.2. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Агентлагийг гадаад, дотоодод агентлагийн дарга төлөөлнө. Агентлагийн даргын даалгаснаар болон хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга агентлагийг төлөөлж болно” гэж, Үндэсний геологийн албаны даргын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-41 дүгээр тушаалаар баталсан Үндэсний геологийн албаны хөдөлмөрийн дотоод журмын 2.4-т “Албыг гадаад, дотоодод албаны дарга төлөөлөх бөгөөд түүний даалгаснаар болон өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар нэгжийн дарга төлөөлж болно”, 2.7.1-д “Албаны даргын түр эзгүйд түүний албан үүргийг нэгжийн дарга орлон гүйцэтгэх бөгөөд орлон гүйцэтгэх хугацаандаа албан хаагчийг томилох, чөлөөлөх, халах болон албан хаагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах зэргээс бусад асуудлаар шийдвэр гаргаж, гаргасан шийдвэрээ албаны даргад танилцуулна”. гэж заасны дагуу дээрх албан бичигт Эрдэс баялгийн судалгаа, төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Г.А-ийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх уг тогтоолыг “Геологи судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ-т эрх зүйн харилцаа үүсгээгүй байна” гэсэн үндэслэлээ тайлбарлахдаа хууль эрх зүйн хувьд хангалттай нотлоогүй, хуульд нийцсэн үндэслэл бүхий тайлбар гаргаагүй бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, үндэслэл, хэрэгт авагдсан баримтыг нягтлан шалгаагүй мөн Үндэсний геологийн албаны санал, дотоод журмын хэрэгжилт, төлөөлөх эрхийн асуудлуудыг буруу тайлбарласан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь зөвхөн албан ёсны саналд үндэслэн тогтоол гаргасан бөгөөд энэ нь дүрмийн шаардлагад нийцсэн гэж үзэж байна.
3.2. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 194 дүгээр тогтоол хуульд нийцсэн бөгөөд эрх зүйн харилцаа үүсгэсэн тухай: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 194 дүгээр тогтоол нь хуулийн дагуу гарсан бөгөөд “Геологийн судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ-тай эрх зүйн харилцаа үүсгэх үндсэн баримт бичиг юм. Уг тогтоол нь байгууллагын бүтэц, орон тооны асуудлыг хууль ёсны дагуу шинэчлэн батлах зорилготой байсан мөн төрийн байгууллагын үйл ажиллагааны үр ашиг, гүйцэтгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бөгөөд хуулийн шаардлага, дүрэм журамд нийцсэн. Албан бичиг нь албаны дарга байсаар байхад орлон гүйцэтгэгчээр зуруулсан эсэхээс үл хамааран тухайн тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй. Учир нь тогтоол гаргах үйл явц нь зөвхөн түр орлон гүйцэтгэгчийн гарын үсэг дээр тулгуурлаагүй. Гарын үсгийн асуудал нь тогтоолын хууль ёсны агуулгыг өөрчлөхгүй бөгөөд тогтоол нь өөрөө хууль ёсны шаардлагыг хангаж гарсан. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь хууль, дүрэм, журмын хүрээнд тогтоолоо гаргасан болно. Тус байгууллагын дотоод үйл ажиллагаанд оролцох буюу хэн хэнийг төлөөлөх эрхтэйг шалгах эрх бүхий байгууллага биш юм. Албан ёсны хэвлэмэл хуудаст, гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж ирүүлсэн саналыг тухайн байгууллагын санал гэж үзнэ.
Иймд Шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл, нотолгоонд тулгуурлаагүй, нэхэмжлэгчийн үндэслэлгүй тайлбарыг хангалттай шалгаагүй учир Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1018 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
4.1. Хэргийн талаар товч дурдвал: Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 01/1114 дугаартай албан бичгээр Төсвийн шууд захирагч, ТӨ-ийн үйлдвэрийн газруудын захирал нарт албан даалгавар хүргүүлсэн бөгөөд үүний дагуу 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “Геологийн судалгаа шинжилгээний төв” ТӨҮГ нь 2023 оны зохион байгуулалтын бүтэц, орон тоо, эдийн засгийн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд оруулах өөрчлөлтийн саналыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Үндэсний геологийн албанд тус тус хүргүүлсэн.
Үндэсний Геологийн алба нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4 (249 тоот албан бичгээрээ ГСШТ гаргасан саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Улмаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаар хуралдаанаар 38 асуудал хэлэлцэн ГСШТ-ийн зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг 194 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан.
4.2. Шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, үндэслэл бүхий байгаагүй тухайд: Анхан шатны шүүх Үндэсний Геологийн албаны “... саналыг дэмжиж байна...” гэх утга агуулгатай албан бичгийг шийдвэр, тушаал гаргах эрхгүй албан тушаалтан гарын үсэг зурсан тул хүчин төгөлдөр бус байх бөгөөд уг саналыг үндэслэн гаргасан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 194 дугаартай ГСШТ-ийн зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай тогтоол нь ГСШТ-д эрх зүйн харилцаа үүсгэх үндэслэл болохгүй гэж үзсэн. Гэвч Үндэсний Геологийн албаны даргын түр эзгүйд түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Б.У томилогдсон байх бөгөөд уг албан тоот дээр гарын үсэг зурах эрхийг Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга, болоод Эрдэс баялгийн судалгаа, төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн даргад амаар олгосон байсан. Эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагддаг нийгмийн хүсэл зоригийг илэрхийлсэн харилцааг Эрх зүйн харилцаа гэдэг ба нийгмийн хүсэл зориг нь тухайн эрх зүйн харилцааг тодорхойлох гол үүрэгтэй. Захиргааны эрх зүйн харилцааны онолоор хоёр ба түүнээс дээш тооны субъектүүдийн хоорондох эрх зүйн зохицуулалт бүхий харилцааг ойлгодог ба шүүхийн шийдвэрт (үндэслэлийн 6 дахь хэсэг) эрх зүйн харилцаа үүсгээгүй талаар тодорхой тайлбарлаагүй байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг төрийн байгууллагууд жишиг болон хэрэгжсэн тохиолдолд төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааны жишиг алдагдах эрсдэлтэй гэж үзэж байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгжиж ТӨБЗГ-ын 194 дүгээр тогтоолыг эрх зүйн харилцаа үүсгээгүй гэж хүчингүй болгосон тохиолдолд “Геологийн судалгаа шинжилгээний төв” ТӨҮГ-ын уг тогтоолыг үндэслэж гаргасан тушаал, шийдвэр, бүтэц зохион байгуулалтын үйл ажиллагаа, ажил байдлын тодорхойлолт зэрэг 223 хүний эрх ашиг хөндөгдөх нөхцөл үүсээд байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Нэхэмжлэгч О.Д- нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдуулан “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 6-ны өдрийн 194 дугаартай “Геологи судалгаа-шинжилгээний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” тогтоол нь Геологи судалгаа-шинжилгээний төвд эрх зүйн харилцаа үүсээгүй болохыг тогтоолгох, хүлээн зөвшөөрүүлэх”-ээр маргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа гэж заасныг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Уг магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас хяналтын журмаар гаргасан гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаар тогтоолоор хэлэлцээд “өмнө нь захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгч О.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Төрийн өмчийн хорооны тогтоолд холбогдуулан маргааны үйл баримтыг тогтоогоогүй, нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, харин маргааныг захиргааны хэргийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж үзэж, хянан шийдвэрлэхээс татгалзсан байна … энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар ... хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа гэх үндэслэлд хамаарахгүй” гэж дүгнэн магадлалыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасны дагуу хэргийг хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
3. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.
3.1. Шүүх “...Засгийн газрын агентлагийг төлөөлөх эрхгүй этгээд “Геологи судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ-ын 2023 оны зохион байгуулалтын бүтэц, орон тоонд оруулах өөрчлөлтийн саналыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлсэн нь үндэслэлгүй байх бөгөөд уг саналыг үндэслэн гарсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 194 дугаартай “Геологи судалгаа-шинжилгээний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай тогтоол нь Геологи судалгаа-шинжилгээний төвд эрх зүйн харилцаа үүсгэх үндэслэл болохгүй...” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэгч О.Д-гийн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
3.2. Үндэсний геологийн албаны 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4/249 дүгээр албан бичигт Эрдэс баялгийн судалгаа, төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Г.Алтанхуяг гарын үсэг зурсан нь төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурсан гэж үзнэ гэх гомдлын тухайд:
3.3. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Агентлагийг гадаад, дотоодод агентлагийн дарга төлөөлнө. Агентлагийн даргын даалгаснаар болон хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга агентлагийг төлөөлж болно”, Үндэсний геологийн албаны даргын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-41 дүгээр тушаалаар баталсан “Үндэсний геологийн албаны хөдөлмөрийн дотоод журам”-ын 2.4-т “Албыг гадаад, дотоодод Албаны дарга төлөөлөх бөгөөд түүний даалгаснаар болон өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар нэгжийн дарга төлөөлж болно”, 2.7-д “Албаны албан тушаалтнуудын албан үүргийг дараах журмаар түр орлон гүйцэтгэнэ”, 2.7.1-д “Албаны даргын түр эзгүйд түүний албан үүргийг нэгжийн дарга орлон гүйцэтгэх бөгөөд орлон гүйцэтгэх хугацаандаа албан хаагчийг томилох, чөлөөлөх, халах болон албан хаагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах зэргээс бусад асуудлаар шийдвэр гаргаж, гаргасан шийдвэрээ Албаны даргад танилцуулна”, 2.7.2-т “Нэгжийн даргын түр эзгүйд түүний албан үүргийг тухайн нэгжийн ахлах мэргэжилтэн эрхэлсэн ажлаа түр орлуулан үлдээх тухай /хавсралт Маягт-2/ мэдэгдлийн дагуу өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж орлон гүйцэтгэнэ. Харин ажлын шаардлагаар гадагш байгууллагад албан бичиг илгээх тохиолдолд тухайн нэгжийн чиг үүрэгтэй хамгийн ойролцоо чиг үүргийг хэрэгжүүлж буй нэгжийн дарга түр орлон гүйцэтгэх бөгөөд Албаны даргын тушаалаар батална”, 2.8-д “Албан үүргийг ажлын 29 өдрөөс дээш хугацаагаар түр орлон гүйцэтгүүлэх тохиолдол /энэ журмын 2.7.1-д зааснаас бусад тохиолдол/-д Албаны даргын тушаал гаргана” гэж тус тус заажээ.
3.4. Хуулийн дээрх заалтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбон авч үзэхэд Г.А нь Үндэсний геологийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоогүй, харин Б.Уянга томилогдсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул өөрт нь олгогдоогүй эрхийг эдэлж Үндэсний геологийн албаны 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4/249 дүгээр албан бичигт гарын үсэг зурсан Г.Алтанхуягийг төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзэхээргүй байна.
3.5. Захиргааны байгууллагыг хуулиар бүрэн эрх олгогдсон удирдах албан тушаалтан хуульд заасны дагуу итгэмжлэлгүйгээр, эсхүл хуулиар эрх олгогдсон удирдах албан тушаалтны шийдвэрээр итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөхөөр Захиргааны ерөнхий хуульд хуульчилсан бөгөөд дээрх хууль болоод журмын дагуу Үндэсний геологийн албаны даргын албан үүргийг нэгжийн дарга гүйцэтгэх ба түр орлон гүйцэтгэгч нь ийнхүү орлон гүйцэтгэх хугацаандаа албан хаагчийг томилох, чөлөөлөх, халах болон албан хаагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах асуудлаар шийдвэр гаргах эрхгүй, үүгээр “Албаны дарга байсаар байхад орлон гүйцэтгэгчээр зуруулсан эсэхээс үл хамааран тухайн тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй буюу гарын үсгийн асуудал нь тогтоолын хууль ёсны агуулгыг өөрчлөхгүй” гэх давж заалдах гомдлын үндэслэл үгүйсгэгдэж байна.
3.6. Нэгэнт санал өгөх эрхгүй этгээдийн саналыг үндэслэн гарсан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Геологи судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” 194 дүгээр тогтоол нь эрх зүйн харилцаа үүсгээгүй /эрх, үүрэг байгаагүй/ байх тул Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь зөвхөн албан ёсны саналд үндэслэн тогтоол гаргасан бөгөөд энэ нь дүрмийн шаардлагад нийцсэн гэж үзэх боломжгүй.
3.7. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь төрийн байгууллагуудад жишиг болон хэрэгжсэн тохиолдолд төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааны жишиг алдагдах эрсдэлтэй гэж үзэж байна гэх гомдлын тухайд:
3.8. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ“, 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.1-д “хуульд үндэслэх;”, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэж хуульчилжээ.
3.9. Хууль дээдлэх зарчмын агуулга нь төрийн бүхий л үйл ажиллагаа хуулийн хүрээнд байхыг илэрхийлэх бөгөөд захиргааны үйл ажиллагаа “хуульд үндэслэх” гэдэг нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан захиргааны аливаа шийдвэр, үйл ажиллагаа эрх зүйн үндэслэлтэй байх /эрх зүйн үндэслэл нь хүчин төгөлдөр байх/, тэрхүү үндэслэл болсон хэм хэмжээ нь дээд эрэмбийн хэм хэмжээтэй нийцсэн байхыг ойлгохоор байх тул энэ тохиолдолд эрх олгогдоогүй этгээдийн саналыг үндэслэн гарсан 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Геологи судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” 194 дүгээр тогтоолыг эрх зүйн харилцаа үүсгэсэн гэж дүгнэх эсхүл санал хүргүүлсэн албан бичигт орлон гүйцэтгэгчээр гарын үсэг зуруулсан эсэхээс үл хамааран тухайн тогтоол нь хууль ёсны гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.
3.10. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1018 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан гуравдагч этгээд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ