Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2022/00008

 

,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/03654 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 758 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,, нарт холбогдох

157,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,гийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ,,,,,,,,,,,,,,,,д 2017.12.30-ны өдөр 105,000,000 төгрөгийн бараа өгч, 2018.12.30-нд үүргийн гүйцэтгэлийг хангаж мөнгийг бүрэн төлж барагдуулахаар хэлцэл хийсэн. ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,, нар төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй тул дахин боломж олгож 2019 оны 3 дугаар сард 20  хувийг нь төлөх, мөн сарын 3 хувийн хүү төлж байхаар бичгээр хэлцэл хийсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Гэрээний зүйлийг гэрээ байгуулагдсан өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,, нарын өмчлөлд шилжүүлсэн. Гэрээгээр тогтоосон хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон. ,,,,,,,,,,,,, нь 2019.02.01-ний өдөр авсан тамхины мөнгө 105,000,000 төгрөгөө 2019.07.20-ны дотор төлж барагдуулахаа илэрхийлж баталгаа гаргасан боловч үр дүн гараагүй. Иймд үндсэн төлбөр 105,000,000 төгрөг, анз 52,500,000 төгрөг, нийт 157,500,000 төгрөгийг хариуцагч  нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбарт: Бид 2017.12.29-ний өдөр 105,000,000 төгрөгийн тамхи авсан нь үнэн. Тамхины мөнгийг нэг жилийн дараа буцаан өгөхөөр тохиролцсон. Бид санхүүгийн асар хүнд байдалд орсны улмаас дээрх төлбөрийг төлж чадалгүй удаасан. Нэхэмжлэгчийг залилах, мөнгийг өгөхгүй байх, оргон зугтах зэрэг зохисгүй үйлдлийг бид гаргаж байгаагүй. Харин ч байж болох бүхий л нөхцөлөөр өөрсдийнх нь хүссэнээр баримт бичиж өгсөөр өнөөдрийг хүрсэн. Бид анхнаасаа ямар нэгэн хүү, алданги тооцох талаар ярьж байгаагүй бөгөөд янз бүрийн ааш араншин гарган, янз бүрийн бичиг бичүүлэх, гэр оронд ирж сүрдүүлэх, дарамтлах байдлаар явж ирсэн ч бид өөрсдийн бурууг хүлээн тэвчсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 105,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, энэхүү төлбөрийг төлөхөөр харилцан эвлэрэхэд татгалзах зүйлгүй, харин үлдэх шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/03654 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,, нараас 122,325,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,т олгож, нэхэмжлэлээс 35,175,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,103,450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,, нараас 769,575 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 758 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/03654 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д” гэснийг “... Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт” гэж, “...хариуцагч ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,, нараас 122,325,000 төгрөг гаргуулж” гэснийг “... алданги 17,325,000 төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,аас, 105,000,000 төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,, нараас гаргуулж” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч нарын төлсөн 244,575 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.19-ний өдрийн 101/ШШ2019/03654 дүгээр шийдвэрийг хянасан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.03-ны өдрийн 758 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алданги шаардсан хэсгийг шийдвэрлэхдээ “...иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу хариуцагч ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,, нараас 2019.03.01-ний өдрөөс 2019.04.02-ны өдрийн хугацаанд хамаарах 32 хоногийн алданги 17,325,000 төгрөгийн төлбөр... шийдвэрлэв” гэсэн байдаг. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг зөв харьцуулан дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнээд ,,,,,,,,,,,,, надаас 17,325,000 төгрөгийг анзанд тооцон гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гомдол гаргасан. Хариуцагч ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,, бид анхнаасаа нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,тэй Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд нийцсэн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учир шүүх дээрх нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу үнэлэн хариуцагч нараас алданги гаргуулахаар шийдвэрлэх эрхгүй байсан гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх талуудын хоорондын харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан харилцаа байсан гэж дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж анхнаасаа бичгээр тохиролцоогүй байсан, сүүлдээ хүчинд автан хийсэн анзтай холбоотой бичгийг хэлцэл гэж дүгнэн ,,,,,,,,,,,,, надаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй учир давж заалдах шатны шүүхийн магадлалаар алдангид гаргуулахаар шийдвэрлэсэн 17,325,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэхдээ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,575 төгрөгийг улсын орлого болгон шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ гэжээ.  

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,, нарт холбогдуулан 157,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хариуцагч нараас 122,325,000 төгрөг гаргуулж, үлдэх 35,175,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх алданги 17,325,000 төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,аас, 105,000,000 төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,, нараас гаргуулахаар өөрчилсөн.

Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, нэхэмжлэгч 105,000,000 төгрөгийн үнэ бүхий тамхийг хариуцагч нарын өмчлөлд шилжүүлж, тодорхой хугацааны дараа тамхины мөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролцсон боловч заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй, иймд мөнгөн төлбөрийн үүрэгт алданги тооцохоор талууд бичгээр хэлцэл хийсэн, гэвч хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүй үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь, мөн хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан эсэхийг нягтлалгүйгээр алдангийг хариуцагч нараас гаргуулсан нь буруу, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулсан байна.

Тодруулбал, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, хариуцагч нарын хэн аль нь хамтдаа 105,000,000 төгрөгийн тамхийг өмчлөлдөө шилжүүлэн авснаа, мөн төлбөрийг буцаан төлөөгүй болохоо зөвшөөрсөн тул хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт заасны дагуу 105,000,000 төгрөгийн төлбөрийг хариуцагч хамтран төлөх үүрэгтэй. Харин хавтаст хэргийн 32 дугаар талд авагдсан баримтад хариуцагч ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,, нар нь нэхэмжлэгчтэй анзын талаар тохиролцон гарын үсэг зурсан байх боловч уг баримт эх хувь биш тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2. дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй, гэхдээ хэргийн 4 дүгээр талд авагдсан баримт нь хуулийн шаардлагад нийцсэн ба уг баримтад зөвхөн ,,,,,,,,,,,,, гарын үсэг зурж, анз төлөхийг зөвшөөрсөн байх тул түүнээс 17,325,000 төгрөгийн анзыг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй.

Иймд “...Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нотлох баримтыг зөв харьцуулан дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, бид анхнаасаа нэхэмжлэгчтэй зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учир хариуцагч нараас алданги гаргуулахаар шийдвэрлэх эрхгүй байсан, давж заалдах шатны шүүх талуудын хоорондын харилцааг өөрөөр дүгнэсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж, анхнаасаа бичгээр тохиролцоогүй байсан, сүүлдээ хүчинд автан хийсэн анзтай холбоотой бичгийг “хэлцэл” гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй тул алдангид гаргуулахаар шийдвэрлэсэн 17,325,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 758 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 244,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.МӨНХТУЯА

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ

                                 ШҮҮГЧИД                                                           Г.БАНЗРАГЧ

                                                                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                             Д.ЦОЛМОН