| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2023/0084/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/84 |
| Огноо | 2023-04-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Өлзийхүү |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өлзийхүү,
Шүүгдэгч: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өлзийхүүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Г-ын Бт холбогдох эрүүгийн 2335000000095 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ............. өдөр Увс аймгийн ............... суманд төрсөн, .........настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүгийн хамт Увс аймгийн ............... сумын ................. оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т овогт Г-ын Б (Регистрийн дугаар: ...........);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 2 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн ............... сумын 11 дүгээр багийн нутаг “...............” байрны ................... байрлах гэртээ хохирогч Б.Стай маргалдаж, улмаар түүний баруун дал тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 2 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн ............... сумын 11 дүгээр багийн нутагт “...............” байрны ............... байрлах гэртээ хохирогч Б.Стай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийй баруун даланд хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх дүгнэлтийг,
2. Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн үед хохироч Б.С нилээн согтсон байсан. Тэгээд би ямар нэгэн асуудал гарахаас сэргийлж, түүнийг одоо манай гэрээс явчих гэж хэлэхэд гэрээс хөөлөө гэж уурлаж, намайг зодсон. Би Б.Сг айлгах зорилгоор хутга авч далайсан боловч ийм зүйл болчихсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Миний буруу” гэх мэдүүлгийг тус тус гаргав.
Эрүүгийн 2335000000095 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал);
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүулэлт (хавтаст хэргийн 3-7 дахь тал);
3. Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 44 дэх тал);
4. Г.Бийн согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 66-67 дахь тал);
5. Хохирогч Б.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15 цагийн орчим байх, найз Г.Бийн гэрт очоод байж байгаад Чандманьд ах ирчихсэн байна гэхээр нь очиж гялс золгоод ирэх гээд М.Г гэх машинтай найзаа дуудаж хүргүүлээд удалгүй буцаад Г.Бийн гэрт очсон. Очоод Г.Б бид хоёр хамт 0.75 литрийн архи хувааж уугаад сууж байгаад гитар тоглуулах гэж М.Гийг дуудсан. Ингээд М.Г хөгжим тоглоод бид хоёр тухайн 0.75 литрийн архийг хувааж уунгаа ярилцаад сууж байтал орой болсон байсан. Манай найз М.Г архи уудаггүй тул бидний хажууд сууж байсан, чухам юунаас болж маргалдсан талаараа санахгүй байна, бид хоорондоо маргалдаад Г.Б намайг гарч зайл гэж хөөсөн, тухайн үед би чамаар яагаад хөөлгөдөг юм гэж хэлээд үүдэнд маргалдаж байснаа санаж байна. Тэгээд Г.Б над руу босоод ирэхээр би Г.Бийг газар түлхээд унагаачихсан. Тэр үед М.Г, Г.Б бид нараас өөр хүн байгаагүй тул М.Г бид хоёрыг салгаад дундуур орж байсан. Ингээд М.Г явья, би чамайг хүргээд өгье гэж хэлээд үүдэнд бид зогсож байтал Г.Б хиам зүсэж байсан бор өнгийн бариултай хутгаа гартаа бариад над руу гүйгээд ирсэн. Би намайг хутгална гэж бодоогүй, гэнэт миний баруун далан дээр ямар нэгэн зүйл час хийгээд сонин болчихсон. Тэгээд би ёоо гээд орилоход М.Г Г.Бийн гарт байсан бор өнгийн бариултай хутгыг аваад шидчихээд миний цамц тайлж хараад баруун талын дал хэсгээс цус гарч байна гээд миний фудволкыг урж, тасдаад боолт хийж боосон юм. ...Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Адилхан идэж уучихаад бид найзууд тиймээс надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал);
6. Гэрч М.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 15-16 цагийн хооронд танил найз болох Б.С над руу залгаад ............... сумын ............. багийн нутаг дэвсгэрт Г.Бийн гэрт хүрээд ир гэж хэлсэн. Ингээд би Г.Бийн гэрт яваад ороход Г.Б, Б.С хоёулаа архи ууж байсан ...орой 18-19 орчим цагийн үед Г.Б над руу залгаад намайг хүрээд ир гэж хэлэхээр за гэж хэлээд яваад очиход Б.С ирчихсэн, Г.Бийн гэрт Б.С хоёулаа хамт байсан. Ингээд намайг суу энэ гитар тоглоод өг гэж хэлээд надаар гитар тоглуулаад бид 3 хамтдаа суугаад дуулаад сууцгаасан. Би ямар нэгэн архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй тул архи уугаагүй, харин Б.С, Г.Б нар архи согтууруулах ундаа хэрэглээд сууж байгаад гэнэт хоорондоо муудалцаад чухам яагаад юунаас болж муудсан талаар мэдэхгүй, Г.Б Б.Сг гарч зайл гэж хэлээд удаа дараа хөөсөн, тухайн үед Б.С явахгүй гээд суугаад байсан, ингээд Г.Б нүүрэн тус газарт нь алгадаад түлхэж, нудраад байсан бөгөөд Б.С гэнэт байж байгаад би яахаараа чамаар хөөлгөдөг юм гэж хэлээд Г.Б-ийг түлхээд газар унагаачихсан. Ингээд би тэр хоёрыг салгаад за Б.С би чамайг хүргээд өгье гэж хэлээд гутлаа өмсөөд Б.Сг аваад гарах гээд үүдэнд зогсож байтал Г.Б гэнэт араас орилж ирээд Б.Сгийн араас далайсан бөгөөд тухайн үед Б.С ёоо гэж хэлээд орилохоор нь Г.Б рүү хартал Г.Б гартаа бор өнгийн модон иштэй хутга зүүн гартаа барьчихсан байхаар гарыг нь цохиж хутгыг нь газар унагаад, хутгаа газраас аваад хогийн сав руу аваад шидчихсэн, тэгээд Б.Сгийн цамцыг сөхөөд харахад баруун талын дал хэсгээс цус гарч байхаар Б.Сгийн фудволкийг урж, тасдаад боолт хийж боогоод аваад гарах гэтэл Г.Б нь гартаа жижиг хар өнгийн алх бариад гүйгээд ирж байтал урдаас нь тосож аваад алхыг нь булааж аваад мөн адил хогийн сав руу шидчихсэн юм. Ингээд би Б.Сг дагуулаад гадна гараад эмнэлэг явья гэтэл тэгж нэгнийхээ мууг үзээд яах юм бэ, чи намайг 4 замд айлд очоод буулгаад өг гэж хэлээд 4 замд үл таних айлын гадна 22 цагийн орчим байх буугаад үлдсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал);
7. Гэрч А.-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зааланд тоглочихоод 22 цаг өнгөрөөд Бөхийн өргөөнөөс гараад гэр рүү машинтай ганцаараа харьж байтал 4 замд нагац эгч Б.С зам дээр гараа өргөөд такси барих гээд зогсож байгаа харагдахаар хажууд нь очоод зогсоход намайг хараад уйлчихсан. Тухайн үед эгч архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд би яасан бэ эгчээ гэхэд эгч нь хүнээр хутгалуулчихлаа гэж хэлээд өмсөж байсан цагаан өнгийн куртикаа тайлаад, дотор талын ноосон цамцаа тайлахад баруун талын ард далны хэсгээс цус гарч байхаар буцаж, цамц, куртикыг нь өмсгөөд шууд нэгдсэн эмнэлэг явсан. Ингээд би яасан юм бэ, таныг хэн хутгалсан юм бэ гэж удаа дараа асуусан боловч надад ямар нэгэн зүйл огт хэлээгүй. Ингээд би эгчийг эмнэлэг дээр авч ирээд 2 оёдол тавиулаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал);
8. Гэрч Б.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгийн гэмтлийн тасагт гэмтлийн эмчээр ажилладаг. ... 2023 оны 02 дугаар сарын 22-ны орой 23 цагийн орчимд хутгалуулсан шархтай хүн ирлээ гэх үл таних эмэгтэй хүнийг нэгэн залуу яаралтай тусламжийн өрөөнд авч ирсэн, тухайн залуу манай эгч зам дээрээс гараа өргөөд зогсож байгаад хараад автал хүнээр хутгалуулсан байна, тэгээд эмнэлэг дээр аваад ирлээ гэж хэлсэн. Ингээд үзлэг хийхэд Б.С гэж нэрээ хэлж байсан бөгөөд орчиндоо харьцаатай, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай, ухаан санаа эрүүл, шархан дээрээ даралттай боолт боосон байдалтай байсан. Шархыг нь цэвэрлээд 2-3 ширхэг оёдол тавьсан. Тухайн өвчтөн болох Б.Сг рентгэн зураг авалтанд оруулж биеийн байдлыг үзэхэд шарх уушгинд хүрээгүй, уушиг унаагүй хэвийн байсан, мөн биеийн байдал хэвийн боловч эмнэлгийн байгууллагад ажиглаж хонохоор болж хонуулаад маргааш өглөө нь дахин рентгэн зураг авч үзэхэд мөн адил хэвийн, уушгинд ямар нэгэн шарх хүрээгүй, уушиг унаагүй байсан тул эмнэлгээс гаргасан. Тухайн шарх нь гүнзгий орж уушгинд хүрсэн зүйл байсан бол мэс засалд орох байсан, мөн амь насанд аюултай. Улмаар Б.Сгийн шарх нь уушгинд хүрээгүй хөнгөн шарх байсан тул оёдол тавьсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал);
9. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 122 дугаартай “...Үзүүлэгч Б.Сгийн биед баруун далны гадна хэсэгт шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь 2023/02/22-нд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Баруун далны гадна хэсэгт шарх, цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал);
10. Шинжээч эмч Н.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Би 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 122 дугаартай шүүх химийн шинжилгээний дүгнэлт гаргасан. Үзүүлэгч Б.Сгийн биед учирсан гэмтэл нь амь насанд аюул учруулах гэмтэл биш, тухайн гэмтэл нь хурц үзүүртэй зүйлээр үүссэн гэмтэл болно. Тухайн үзүүлэгч Б.Сгийн биед учирсан гэмтэл нь өөрөө өөртөө учруулах боломжгүй гэмтэл юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал);
11. Шүүгдэгч Г.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ .... Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолын талаар хэлэх ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Манай найз Б.С архи уухаараа хэрүүл хийгээд, хараал хэлээд чанга орилж, хашгичаад эхэлдэг юм, ингээд би чимээгүй байлдаа гэж удаа дараа хэлж гуйсан боловч миний үгийг тоохгүй бид хоорондоо маргалдаад би зайлшгүй хөөх шаардлага гараад Б.Сг зайл гэж хөөсөн. Тухайн үед намайг хөөлөө гэж миний өмнөөс хараал урсгаж, орилж хашгичаад байхаар би чимээгүй байлдаа гэж хэлээд алгадаад авсан. Тэгтэл намайг ариун цэврийн хажуугийн хана руу саваад унагаасан юм. Тэр үед би босоод иртэл дахин түлхээд газар унагаахаар миний уур хүрээд гэнэт огцом уурлаад өөрийн мэдэхгүй гал тогооны хажууд байсан жижиг бор өнгийн бариултай хутга аваад айлгах зорилгоор далайж байгаад Б.Сгийн дал хэсэг рүү хийчихсэн. Тэгээд манай найз М.Г бид хоёрыг салгаад Б.Сгийн цамцыг тайлаад фудволкийг урж, тасдаад боолт хийж өгөөд аваад гарсан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Б.С надаас ямар нэгэн хохирол, төлбөр нэхэмжлээгүй”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Б нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон үйл баримт нотлох баримтын үнэлгээ:
1. Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 2 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн ............... сумын ........ багийн нутагт “...............” байрны ............... гэртээ хохирогч Б.Стай маргалдаж, улмаар түүний баруун даланд хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь яллах дүгнэлтэд тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох хохирогч Б.Сгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал), гэрч М.Г, А.Б, Б.Э нарын мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15, 17, 19 дэх тал), Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 122 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал), шүүгдэгч Г.Бийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдсон байна.
Хууль зүйн дүгнэлт:
1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Шүүгдэгч Г.Б нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний баруун талын далны гадна хэсэгт нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч Г.Бийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Г.Бийн хохирогч Б.Сгийн дал хэсэгт нэг удаа хутгалсан үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Г.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Г.Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Г.Б, хохирогч Б.С нарын хэн аль нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна гэж үзэв.
2. Хохирогч Б.С мөрдөн байцаалтын шатанд: “..Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Адилхан идэж уучихаад бид найзууд тиймээс надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг өгсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй гэж дүгнэв. (хавтаст хэргийн 11-12 дахь тал),
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Г.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зааснаар гурван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлтийг,
3. Шүүгдэгч Г.Б эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул торгох шийтгэл оногдуулж өгнө үү, би хувиараа хөдөлмөр эрхэлдэг” гэх мэдүүлгийг тус тус гаргав.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Г.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 47 дахь тал),
Шүүгдэгч Г.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Г.Б нь хувийн байдлын хувьд 1980 онд төрсөн, 43 настай, ам бүл 2, хүүгийн хамт амьдардаг, дээд боловсролтой, хувиараа бизнес эрхэлдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хувийн байдал тогтоогдож байгааг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.
Түүнчлэн шүүгдэгч Г.Бийн хувийн зан байдлын талаар гэрч Л.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг шүүгдэгчийн хувийн байдалд хамааруулж үнэлэх үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 21 дэх тал),
Шүүх хуралдаанаар шинжлэн судалж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, түүнийг нийгэмшүүлэх зорилгоор, шүүгдэгч Г.Бийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар Г.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хуульд заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хохирогч Б.С нь шүүгдэгч Г.Бээс хохирол, хор уршиг нэхэмжлээгүй тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Бээс гаргуулах хохирол, хор уршиг, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус дус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хутга 1 ширхэг, алх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Г-ын Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар Г.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хуульд заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 (арван таван мянга) төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Хохирогч Б.С нь шүүгдэгч Г.Бээс хохирол, хор уршиг нэхэмжлээгүй тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Бээс гаргуулах хохирол, хор уршиг, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус дус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, хар өнгийн бариултай алх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
5. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА