| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2023/0080/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/85 |
| Огноо | 2023-04-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | З.Өлзийхүү |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өлзийхүү,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Б.Лхагважав,
Шүүгдэгч: О.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өлзийхүүгээс Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Огийн Гад холбогдох эрүүгийн 2335000000093 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ....................... өдөр ......... хотод төрсөн, ......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Увс аймгийн .............. сумын .............. оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Д овогт Огийн Г (регистрийн дугаар: ................);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Г нь ..................ны Увс аймгийн .............. сум дахь салбарын ахлах теллерээр ажиллаж байхдаа насанд хүрээгүй хохирогч Т.Нийн эзэмшлийн ..................ны ..............тоот хадгаламжийн данснаас 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нэг удаагийн гүйлгээгээр 100.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэг удаагийн гүйлгээгээр 1.500.000 төгрөгийг тус тус эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөртөө авч, насанд хүрээгүй хохирогчид нийт 1.600.000 (нэг сая зургаан зуун мянга) төгрөгийн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч О.Г нь ..................ны Увс аймгийн .............. сум дахь салбарын ахлах теллерээр ажиллаж байхдаа насанд хүрээгүй хохирогч Т.Нийн эзэмшлийн ..................ны ............. тоот данснаас 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нэг удаагийн гүйлгээгээр 100.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэг удаагийн гүйлгээгээр 1.500.000 төгрөгийг тус тус эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөртөө авч, насанд хүрээгүй хохирогчид нийт 1.600.000 (нэг сая зургаан зуун мянга) төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна.” гэх дүгнэлтийг,
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр мэдүүлгээ өгч байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч О.Г гэм буруугийн талаар маргаангүй оролцож байгаа тул шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулах саналтай байна. Хавтаст хэргээс түүний хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч О.Гад оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
3. Шүүгдэгч О.Г шүүхийн хэлэлцүүлэгт “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн 2335000000093 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
1. Насанд хүрээгүй хохирогч Т.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний нагац эмээ Н нь намайг жаахан хүүхэд байхад ..................нд миний нэр дээр хадгаламжийн данс нээж өгөөд, сар бүр төрөөс олгодог хүүхдийн мөнгийг тухайн данс руу татагдан орж, хуримтлагддаг хадгаламжийн данс нээж өгсөн байсан. Тухайн дансыг анх хэзээ нээсэн, хэд гэсэн дугаартай данс байсныг нь би мэдэхгүй байна. Ямарч байсан намайг ухаан орсны дараа буюу 7 настай байхад миний эгч Т.Н надад “Бид нарыг жаахан байхад нагац эмээ бид нарт хадгаламжийн данс нээж өгсөн. Тэр дансанд чиний мөнгө хадгалагдаж байгаа” гэж хэлж байсан. Тэрнээс хойш би заримдаа өөрийнхөө хадгаламжийн дэвтрийг авч, хэдэн төгрөг хуримтлагдаж байгааг нь хардаг байсан. Миний ээж Н.Б нь бага зэргийн сэтгэцийн өвчтэй учраас миний хадгаламжийн дэвтрийг нагац ах Н.Пд өгөөд “Чи энэ дэвтэр дээр бичилтийг нь хийлгэж байгаарай” гэж хэлсэн байсан. Тэрнээс хойш миний хадгаламжийн дэвтэр манай нагац ах Н.Пд байсан. Миний нагац ах Н.П нь миний хадгаламжийн дэвтэр дээр сар болгон бичилт хийлгэдэггүй, жилдээ 1 удаа л бичилт хийлгэдэг байсан. Миний санаж байгаагаар Н.П ах хамгийн сүүлд 2021 онд хэдэн сарын, хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Миний хадгаламжийн дэвтэр дээр бичилт хийлгэсэн байсан. Тэр бичилт дээр хэдэн төгрөгний хуримтлал үүссэн гэж бичсэн байсныг би одоо санахгүй байна. Миний хувьд тэр болгон хадгаламжийн дэвтрээ үзээд байдаггүй байсан. Гэтэл 2023 оны 01 дүгээр сарын 11-ний үед манай нагац ах Н.П нь миний хадгаламжийн дэвтэр дээр бичилт хийлгэнэ гээд .............. сумын .................. руу явсан. Н.П ах удалгүй буцаж ирээд “Чиний хадгаламжийн данснаас мөнгө дутаад байх шиг байна. Ээжид чинь хэлж байгаад шалгуулна” гэж хэлээд ээжийг дагуулаад .............. сумын .................. руу явсан. Миний ээж Н.Б, нагац ах Н.П нар буцаж ирээд “Чиний хадгаламжийн данснаас 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг дутсан байна. ..................инд ажилладаг О.Г гэдэг хүн чиний хадгаламжнаас мөнгө авчихсан юм байна” гэж хэлсэн. О.Г гэдэг хүн миний хадгаламжийн данснаас мөнгө авсан болохыг тухайн үед би анх мэдсэн. Тэр үед О.Г гэдэг хүн ..................ны Увс аймгийн .............. сумын салбарт ахлах теллерээр ажилладаг байсан ба миний хадгаламжийн данснаас хэрхэн, яаж мөнгө авсан болохыг нь би мэдэхгүй. Тэрнээс хойш 1 хоногийн дараа манай нагац ах Н.П надад “Г нь чиний данснаас авсан 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгөө буцаагаад хийчихсэн байна” гэж хэлсэн. Дээрх үйл явдал болсны дараа Н.П ах миний хадгаламжийн дэвтрийг шатааж, устгасан байсан. Болсон үйл явдлын талаар миний ээж Н.Б мэдээд ..................инд миний нэр дээр байсан хадгаламжийг цуцлаад, мөнгийг нь гаргаж аваад, ......... банкинд миний нэр дээр хадгаламжийн данс нээгээд, мөнгийг хийсэн. О.Г гэдэг хүн миний эзэмшлийн данснаас мөнгө авах гэж байгаа талаараа надад болон миний ээж Н.Б-од урьдчилан хэлсэн зүйл байхгүй. Надад нийт 1.600.000 /нэг сая зургаан зун мянга/ төгрөгний хохирол учирсан. О.Г гэдэг хүн миний данснаас зөвшөөрөлгүй авсан 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгөө буцаагаад өгчихсөн. Надад одоо цагдаагийн байгууллагад хандаж гаргах гомдол хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 91-92 дахь тал);
2. Гэрч Н.Пын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний ээж Н нь 2018 онд өвчний улмаас нас барсан. Нас барахаасаа өмнө миний нагац дүү Т.Нийн нэр дээр ..................инд хадгаламжийн данс нээж өгөөд миний эгч Н.Бод “Чи энэ дансанд хүүхдийнхээ сар бүрийн мөнгийг хийж өгч байгаарай. Тэгээд оюутан болохоор нь хадгалсан мөнгийг нь авч өгөөрэй” гэж хэлсэн. Тэрнээс хойш Н.Б эгч Т.Нийн сар бүрийн хүүхдийн мөнгийг хадгаламжийн дансанд нь хийж хадгалдаг байсан. Н.Б эгч Т.Нийн хадгаламжийн дансны дэвтрийг надад хадгалуулдаг байсан бөгөөд надад “Чи энэ хадгаламжийг хянаж байгаарай” гэж хэлсэн. Би заримдаа ..................ин дээр очиж Т.Нийн хадгаламжийн дэвтэр дээр нь бичилт хийлгэж, хадгаламжинд нь хэдэн төгрөг нэмэгдсэн, хэдэн төгрөгийн хүү бодогдсоныг нь асуудаг байсан. 2023 оны 01 дүгээр сарын сүүлээр хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Би Т.Нийн хадгаламжийн дэвтрийг аваад ..................ны Увс аймгийн .............. сум дахь салбар дээр очиж бичилт хийлгэсэн. Би хадгаламжийн дэвтэр дээр бичилт хийлгэчихээд харахад миний бодож байснаас 1 сая гаруй төгрөг дутуу байх шиг байсан. Би тэрнээс өмнө тухайн хадгаламжийн дансыг хэзээ шалгуулснаа одоо огт санахгүй байна. Ямар ч байсан би 6 сая гаруй төгрөг байх ёстой гэж бодоод очиход хадгаламжийн дансанд нь 4 сая 800 мянга орчим төгрөг байсан. Тэгээд би ..................ны Увс аймгийн .............. сум дахь салбарын теллер С-тай уулзаад “Манай дүү Т.Нийн хадгаламжийн дансны хуулгыг гаргаад өгөөч” гэж хэлээд, Т.Нийн хадгаламжийн дансны хуулгыг авч үзсэн. Т.Нийн хадгаламжийн дансны хуулгыг авч үзэхэд 2022 оны 08 дугаар сарын сүүлээр 100.000 төгрөгийн зарлагын гүйлгээ, мөн 2023 оны 01 дүгээр сарын эхээр 1.500.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байсан. Би хадгаламжийн дансанд байгаа мөнгийг дутаж байгааг нь мэдчихээд өөрийн эгч Н.Быг Т.Нийн хадгаламжийн данснаас мөнгө авч ашигласан юм байна гэж ойлгосон. Тэгээд би Н.Б эгчтэй очиж уулзаад “Та Т.Нийн хадгаламжийн данснаас мөнгө авсан юмуу. Т.Нийн хадгаламжаас мөнгө дутаад байх шиг байна” гэж асуухад Н.Б эгч “Би Т.Нийн хадгаламжаас огт мөнгө аваагүй” гэж хэлсэн. Улмаар би Т.Нийн хадгаламжийн дансны хуулгыг аваад ..................ны Увс аймгийн .............. сум дахь салбарын эрхлэгч Ө-тай уулзаж “Манай дүүгийн хадгаламжийн мөнгө дутсан байна. Үүнийг шалгаад өг” гэж хүсэлт гаргасан. Ө нь дансны хуулгыг надаас авч, шалгаж үзчихээд “Энэ гүйлгээг манай ажилтан О.Г хийсэн байна. Би та нарын хохирлыг Г-аар төлүүлнэ” гэж хэлсэн. Маргааш өдөр нь Ө над руу утасдаад “О.Г авсан 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг хадгаламжийн данс руу буцаагаад хийчихлээ” гэж хэлсэн. Тэр үед О.Г нь Улаангом сум руу явсан байсан бөгөөд Улаамгом сумаас ирээд надтай уулзсан. О.Г надтай хэдэн сарын хэдний өдөр уулзсан болохыг нь би сайн санахгүй байна. Г надтай уулзаад “Надад мөнгөний хэрэгцээ гараад байхаар ньТ.Нийн хадгаламжаас 1.600.000 төгрөг авчихсан. Та нарын зөвшөөрөлгүй мөнгө авсанд уучлаарай. Миний буруу” гэж уучлалт гуйсан. Тэрнээс хойш би О.Гтай дахиж уулзаагүй. Харин аймгийн ..................наас шалгалтын хүмүүс ирж, шалгалт хийгээд О.Гыг ажлаас нь халсан гэж сонссон. Дээрх үйл явдал болсны дараа би ..................ны эрхлэгч Ө-тай уулзаж “Би энэ хадгаламжийн дэвтрийг яах ёстой вэ” гэж асуухад “Наад дэвтэр чинь одоо хэрэггүй. Шинээр дэвтэр нээж өгнө” гэж хэлсэн. Улмаар би Т.Нийн хадгаламжийн дансны дэвтрийг нь шатааж устгасан. Би болсон асуудлын талаар өөрийн төрсөн эгч Н.Бод хэлсэн бөгөөд Н.Б эгч болсон явдлыг сонсоод ..................инд байсан Т.Нийн хадгаламжийг цуцлаад ......банкинд хадгаламжийн данс нээж, тэр мөнгийг хийсэн гэж хэлж байсан. Хадгаламжийн мөнгөө ........ банк руу шилжүүлж хийсэн эсэхийг нь би сайн мэдэхгүй байна. О.Г нь өөрийнхөө бурууг мэдээд, авсан мөнгөө буцааж өгсөн учраас миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 94-95 дахь тал);
3. Гэрч С.-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Увс аймгийн .............. сумын иргэн Т овогтой Н нь ..................инд хадгаламжийн данс эзэмшдэг. Т.Нийн хадгаламжийн дансыг хэн, хэзээ нээж өгч байсныг нь би сайн мэдэхгүй байна. 2023 оны 01 дүгээр сарын 11-ний үед Т.Нийн нагац ах Н.П гэдэг хүн надтай ирж уулзаад “Би нагац дүү Т.Нийн хадгаламжийн дэвтэр дээр бичилтийг нь хийлгэх гэсэн юм” гэж хэлсэн. Тэгээд би иргэн Н.Паас Т.Нийн хадгаламжийн дэвтрийг аваад теллер С-д өгсөн. С нь Т.Нийн хадгаламжийг нь шалгаад, бичилтийг нь хийж өгөөд явуулсан байсан. Удалгүй Н.П нь Т.Нийн ээж Н.Бын хамт над руу буцаж орж ирээд “Т.Нийн хадгаламжаас мөнгө дутаад байна. Дансны хуулгыг нь аваад үзсэн чинь 2022 оны 08 дугаар сард төгрөгийн зарлага, 2022 оны 12 дугаар сард 1.500.000 төгрөгийн зарлага гарсан байна. Энэ зарлагын гүйлгээг шалгаад өгөөч” гэж хүсэлт тавьсан. Би иргэн Н.Б, Н.П нарын хүсэлтийн дагуу харилцагч Т.Нийн хадгаламжийн дансны хуулгыг татаж үзсэн. Т.Нийн хадгаламжийн дансны дэлгэрэнгүй хуулгыг үзэхэд 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн бэлэн зарлага гарсан, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг Т.Нийн данснаас Ж.Б гэдэг хүний данс руу шилжүүлсэн байсан ба дээрх 2 зарлагын гүйлгээг манай банкны теллер Г хийсэн байсан. Тэгээд би Н.Б, Н.П нараас “Н-ийн данснаас та нар мөнгө авсан уу” гэж асуухад Н.Б, Н.П нар “Н-ийн дансанд бид нар огт гар хүрч байгаагүй. Н-ийн данснаас огт мөнгө аваагүй" гэж хэлсэн. Дээрх 2 гүйлгээг манай ажилтан О.Г хийсэн, мөн Н.Б, Н.П нар Т.Н-ийн данснаас мөнгө аваагүй гэж хэлсэн, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хийсэн 1.500.000 төгрөгийн зарлагын гүйлгээгээр шилжсэн мөнгө нь Г-ын ээж Ж.Б-ийн данс руу орсон байсан учраас би дээрх гүйлгээнүүдийг Г данс эзэмшигчийн зөвшөөрөлгүй хийсэн юм байна гэж сэжиглэсэн. Тэгээд Н.Б, Н.П нар нь надад бичгээр гомдол гаргасан. Тухайн үед Г нь Улаангом сум руу ажлаар явсан байсан бөгөөд би Г-тай утсаар холбогдож “Н гэдэг хүүхдийн хадгаламжийн данснаас мөнгө гарсан байна. Энэ ямар учиртай юм бэ” гэж асуухад О.Г “Ямар учиртай гүйлгээ яриад байгаа. Хэн гомдол гаргаад байгаа” гэж хэлчихээд утсаа тасалчихсан. Улмаар би иргэн Н.Б, Н.П нарын гаргасан гомдлыг аймгийн ..................ны менежер Н руу ярьж мэдэгдсэн. Маргааш өдөр нь буюу 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр аймгийн ..................ны менежер Н над руу утсаар залгаад “Бид нар О.Г-тай уулзлаа. Авсан мөнгийг нь буцаагаад хийлгэчихлээ” гэж хэлсэн. Мөн би 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Н.Пыг дуудаж уулзаад “Манай банкны хариуцлагагүй байдлыг уучлаарай. Бид нар шинээр хадгаламжийн данс, дэвтэр нээж өгнө” гэж хэлээд явуулсан. Тухайн үед манай банк Т.Н-ийн хуучин дансны хадгаламжийн дэвтрийг нь хурааж аваагүй. Манай банкны зүгээс Т.Нт шинээр хадгаламжийн данс нээгээд, хуучин дансанд нь байсан мөнгийг нь шилжүүлээд, хуучин дансыг нь хаасан юм. Тэгээд би Н.П руу утсаар залгаж мөнгийг нь буцааж хийсэн талаар мэдэгдсэн. Улмаар 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн ..................наас мэргэжилтэн Э-гээр ахлуулсан бүрэлдэхүүн манай салбар дээр ирж хяналт, шалгалт хийсэн. Хяналт, шалгалтын дүнгээр О.Г-ыг данс эзэмшигчийн зөвшөөрөлгүй мөнгө авсан гэж үзээд ажлаас нь чөлөөлсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 99-100 дахь тал);
4. Гэрч И.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Увс аймгийн .............. сумын иргэн Т овогтой Н нь ..................инд хадгаламжийн данс эзэмшдэг. Т.Н-ийн хадгаламжийн дансыг хэн, хэзээ нээж өгч байсныг нь би сайн мэдэхгүй. 2023 оны 01 дүгээр сард /хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна/ Т.Н-ийн нагац ах Н.П гэдэг хүн манай ажил дээр ирж, надтай уулзаад “Манай дүүгийн хадгаламжийн дэвтэр дээр бичилт хийгээд өгөөч” гэж хэлээд Т.Н-ийн хадгаламжийн дэвтрийг надад өгсөн. Би Т.Н-ийн хадгаламжийн дэвтрийг аваад дансны мэдээллийг нь шалгаад, дэвтэр дээр нь бичилт хийгээд Н.Пд буцааж өгсөн. Тухайн үед Т.Н-ийн хадгаламжийн дансанд ойролцоогоор 4,8 сая төгрөг байсан гэж одоо би санаж байна. Хадгаламжийн дэвтэрт бичилт хийсний дараа Н.П гэдэг хүн “Т.Н-ийн хадгаламжийн дансны дэлгэрэнгүй хуулгыг гаргаад өгөөч” гэж гуйхаар нь би Т.Н-ийн дансны хуулгыг татаж, гаргаж өгсөн. Улмаар Н.П нь дансны хуулга, хадгаламжийн дэвтрээ аваад явсан. Тэрнээс хойш хэд хоногийн дараа аймгийн ..................наас манай .............. тооцооны төв дээр шалгалт ирсэн. Шалгалтаар ирсэн хүмүүс манай банкны үйл ажиллагааг шалгаад, ахлах теллер О.Гыг эзэмшигчийн зөвшөөрөлгүй бусдын данснаас мөнгө авсан гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Миний сонссоноор О.Г нь Т.Н-ийн данснаас 600.000 төгрөг зөвшөөрөлгүй авсан гэж сонссон. Хэрхэн яаж авсан талаар надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 102-103 дахь тал);
5. Гэрч Ж.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний хүү О.Г нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ....... банкны миний эзэмшлийн .........дугаарын данс руу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг шилжүүлсэн.Тухайн мөнгийг О.Г над руу яах гэж шилжүүлсэн болохыг би мэдээгүй. .... банкны миний эзэмшлийн ...... дугаарын дансанд гүйлгээ хийгдэхээр миний гар утсанд мессеж ирдэг юм. 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр миний дансанд 1.500.000 төгрөг орж ирсний дараа миний хүү О.Г нь над руу залгаад Таны дансанд орж ирсэн 1.500.000 төгрөгийг миний данс руу буцаагаад хийгээд өг” гэж хэлсэн. Тэгээд би миний дансанд орж ирсэн мөнгийг өөрийн хүү О.Гын Хаан банкны ...... дугаарын данс руу шилжүүлж өгсөн. Би тухайн үед О.Гыг ямар учиртай мөнгө миний данс руу шилжүүлээд, буцааж авсан болохыг нь мэдээгүй. Тэр орой би О.Гтай уулзахдаа “чи ямар учиртай мөнгө миний данс руу шилжүүлж авсан юм” гэж асуухад О.Г “би хүнд өгөх ёстой мөнгөө шилжүүлж авсан юм” гэж хэлсэн. О.Г тэр мөнгийг хэзээ хаанаас авсан болохоо надад хэлээгүй...” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 109-110 дахь тал);
6. Шүүгдэгч О.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Увс аймгийн .............. сумын ..................ны тооцооны төвийн ахлах теллер ажилтай байсан. 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр би өөрийн ажил дээрээ байж байтал хохирогч Т.Н-ийн ээж болох Н.Б нь ирж охиныхоо хадгаламжийн дансны үлдэгдэл шалгасан юм. Тухайн үед би Нийн дансанд мөнгө байгааг мэдсэн бөгөөд надад тэр өдөр яаралтай мөнгөний хэрэг гарахаар нь уг данснаас бэлнээр мөнгийг гаргаж авсан. Тэгээд дахин 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мөн Нийн ээж болох Б нь ирээд миний охины дансан дахь мөнгөний үлдэгдэл хараад өг, өнөөдөр төрсөн өдөр болж байгаа гэж хэлсэн тухайн үед би дансан дахь мөнгийг нь харахад 6 сая гаруй төгрөг байсан юм. Тухайн үед надад мөнгөний хэрэг байсан бөгөөд би Улаанбаатар хотоос 2022 оны 03 дугаар сард зээлээр приус 20 маркийн тээврийн хэрэгсэл авсан бөгөөд тухайн үед зээлийн төлөлт хийх шаардлагатай болохоор нь би Н-ийн дансанд байсан мөнгөнөөс 1.500.000 төгрөгийг өөрийн ээж болох Байгалмаагийн ............ дугаарын данс руу шилжүүлэн авсан юм. Би тухайн үед мөнгөтэй болохоороо мэдэгдэлгүй хийе гэж бодож байсан боловч амжаагүй юм. Тэгтэл 2023 оны 01 дүгээр сард Н-ийн нагац ах болох П нь ирж Н-ийн дансны үлдэгдэл шалгуулсан бөгөөд тухайн үед мөнгө дутуу байна гээд манай ..................ны захиралд мэдэгдсэн байсан. Тэгээд удалгүй Увс аймгийн ..................ны салбараас шалгалтаар хүмүүс очиж Н-ийн данснаас зөвшөөрөлгүй мөнгө авсныг мэдсэн юм. Тэгээд би хийсэн хэргээ хэлж ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Надад тухайн үед яаралтай мөнгөний хэрэг гарсан байсан бөгөөд машиныхаа зээлийн хийсэн. Мөнгөтэй болохоор нь буцаагаад хийе гэж бодсон боловч удалгүй мэдэгдсэн. Би хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 139 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав хэргээс:
1. О.Гын яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.“ гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 139 дэх тал);
2. Насанд хүрээгүй хохирогч Т.Нийн эзэмшлийн ..................ны ....................... дугаарын энгийн хугацаагүй хадгаламжийн харилцах данс руу 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 1.500.000 төгрөг, 100.000 төгрөгийг О.Г буцаав гэх утгаар тус тус шилжүүлсэн баримт (хавтаст хэргийн 19 дэх тал);
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч О.Г нь насанд хүрээгүй хохирогчийн ээж Н.Бын ах Н.Пын ......... тоот дугаарын данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
4. Гэрч Х.З-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “О.Г нь .......... Увс аймгийн .............. суманд төрсөн бөгөөд эцэг эхээс 5-уулаа, айлын бага хүү юм. О.Г нь Увс аймгийн .............. сумын 9 дүгээр анги төгсөөд 12 дугаар ангиа ......... суманд төгссөн. 2011 онд ............ ангид суралцаж байгаад 4 дүгээр курсээс ар гэрийн гачигдлаар сургуулиасаа гарсан. 2015 онд гэр бүл болж өрх тусгаарлан тусдаа гарч, .............. суманд хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад 2020 онд тус сумын ..................ны теллерээр ажилд орсон юм. О.Г нь их үг дуу цөөнтэй хүнтэй хэл ам хэрүүл маргаан хийгээд байдаггүй, бусадтай их нийтэч, .............. сумын ..................ны ахлах теллер хийж байхдаа сум орон нутгийн иргэддээ нэр хүндтэй ажилч, хичээнгүй гэдгээрээ алдартай байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 124 дэх тал);
5. О.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 143 дахь тал);
6. Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 158 дугаартай “О.Г нь амьжиргааны түвшингийн оноо 409-ээс дээш оноотой байна” гэх албан бичиг (хавтаст хэргийн 145 дахь тал);
7. Увс аймгийн .............. сумын .............. багийн засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 81 дугаартай “О овогт Г нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. О.Гын өрхийн орлого сард 800.000 төгрөг, 2022 оны жил эцсийн мал тооллогоор 105 толгой мал тоолуулсан мал бүхий өрх юм. О.Г амьдралын түвшин боломжийн гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаа эерэг, зан суртахууны хувьд даруу төлөв, тайван дөлгөөн бусдад нийтэч иргэн юм” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 157 дахь тал)
8. Г овогтой Т-ий төрсний бүртгэлийн гэрчилгээ (хавтаст хэргийн 160 дахь тал)
9. О.Г, Г.А нарын гэрлэлтий бүртгэлийн гэрчилгээ (хавтаст хэргийн 161 дэх тал)
10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-ийн Увс аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан: “Э овогтой Б миний бие танай байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу гэмт хэргийн хохирогчоор тогтоогдсон .............. сумын харьяат, насанд хүрээгүй хохирогч Т.Нийн хууль ёсны төлөөлөгчөөр ажилласан. Холбогдогч О.Г нь хохирлыг бүрэн барагдуулсан тул Т.Н болоод хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдол, санал байхгүй болно” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 162 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч О.Г хэргээс нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.
Хууль зүйн дүгнэлт:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг өөр хооронд харьцуулан дүгнэхэд шүүгдэгч О.Г нь ..................ны Увс аймгийн .............. сум дахь салбарын ахлах теллерээр ажиллаж байхдаа насанд хүрээгүй хохирогч Т.Нийн эзэмшлийн ..................ны .......тоот хадгаламжийн данснаас 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нэг удаагийн гүйлгээгээр 100.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэг удаагийн гүйлгээгээр 1.500.000 төгрөгийг тус тус эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөртөө авч, насанд хүрээгүй хохирогчид нийт 1.600.000 (нэг сая зургаан зуун мянга) төгрөгийн хохирол санаатай учруулан хулгайлсан болох нь яллах дүгнэлтэд тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр эзэмшлээс нь нууцаар авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулсан буюу захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үйлдлийг ойлгодог.
Шүүгдэгч О.Г нь ..................ны Увс аймгийн .............. сум дахь салбарын ахлах теллерээр ажиллаж байхдаа насанд хүрээгүй хохирогч Т.Нийн эзэмшлийн ..................ны .............тоот данснаас 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нэг удаагийн гүйлгээгээр 100.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэг удаагийн гүйлгээгээр 1.500.000 төгрөгийг хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байх бөгөөд тэрээр өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
2. Иймд улсын яллагчийн яллах дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Г болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн асуудлаар маргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж шүүх үзэв.
3. Шүүгдэгч О.Г нь гэмт хэргийн хохиролд нийтдээ 1.900.000 (нэг сая есэн зуун мянга) төгрөг төлсөн нь баримтаар нотлогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Гаас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч О.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “шүүгдэгч О.Гад Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасны дагуу шүүгдэгч О.Гын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.600.000 төгрөгийг улсын төсөвт оруулах” дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч О.Г нь 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нэг удаагийн гүйлгээгээр 100.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэг удаагийн гүйлгээгээр 1.500.000 төгрөгийг тус тус эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөртөө авч, насанд хүрээгүй хохирогчид нийт 1.600.000 (нэг сая зургаан зуун мянга) төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Тэрээр гэмт хэргийн хор уршигт нийтдээ 1.900.000 төгрөг төлсөн. Миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай байгаа.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч О.Г нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Би буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Би дахин буруу зүйл хийхгүй. Миний хувийн байдал болон хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзээд надад хамгийн хөнгөн ял оногдуулж шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлгийг тус тус гаргав.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч О.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 143 дахь тал);
Мөн шүүгдэгч О.Гын хувийн зан байдлын талаар гэрч Х.З-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...О.Г нь их үг дуу цөөнтэй, хүнтэй хэл ам, хэрүүл маргаан хийгээд байдаггүй, бусадтай их нийтэч, .............. сумын ..................ны ахлах теллер хийж байхдаа сум орон нутгийн иргэддээ нэр хүндтэй ажилч, хичээнгүй гэдгээрээ алдартай байсан” гэх мэдүүлгийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдлыг нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 124 дэх тал)
-Шүүгдэгч О.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.
4. Иймд шүүгдэгч О.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 (найм) сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
5. Шүүгдэгч О.Гад шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчвөл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ердийн журмаар ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.
6. Шүүгдэгч О.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Огийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан шүүгдэгч О.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 8 (найм) сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч О.Гад тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Шүүгдэгч О.Г нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ердийн журмаар ял оногдуулахыг сануулсугай.
5. Шүүгдэгч О.Г нь гэмт хэргийн хор уршигт нийтдээ 1.900.000 (нэг сая есөн зуун мянга) төгрөг төлснийг дурдаж, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хор уршиг гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гаас гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого 1.600.000 (нэг сая зургаан зуун мянга) төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Г нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА