Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/90

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Хохирогчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Ө.Н,

Шүүгдэгч: Б.И нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн М овогт Б-ын И-өд холбогдох эрүүгийн 2335000000125 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ....... өдөр Увс аймгийн ............. суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, ээж, ахын хамт Увс аймгийн ............. сумын ........дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М овогт Б-ын И, (РД:................);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.И нь 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн ............. сумын 2 дугаар багийн нутаг “..........” гэх нэртэй газарт “мал нийлүүллээ” гэх шалтгаанаар хохирогч Ө.Дд уурлаж түүний нүүр, шүд хэсэгт толгойгоороо нэг удаа мөргөж, хохирогчийн 2 шүдийг хугалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.И нь 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн ............. сумын 2 дугаар багийн нутаг “.......” гэх нэртэй газарт “мал нийлүүллээ” гэх шалтгаанаар хохирогч Ө.Дд уурлаж түүний нүүр, шүд хэсэгт толгойгоороо нэг удаа мөргөж, хохирогчийн 2 шүдийг хугалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 4  дүгээр сарын 17-ны өдрийн 183 дугаартай “...Үзүүлэгч Ө.Дын биед үүдэн баруун дээд 1 /11/дүгээр шүд, зүүн дээд 1 /21/ дүгээр шүд ёзоор /сурвалж/ хэсгээр хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь 2023 оны 03 дугаар сарын 20-нд үүсчихсэн байсан талаар түүний амбулаториор эмчлүүлэгчийн картад бичигдсэн байна. Уг гэмтэл нь дээрх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байсан байна. Үүдэн баруун дээд 1 дүгээр шүд, зүүн дээд 1 дүгээр шүд ёзоор хэсгээр хугарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувиар тогтонги алдагдуулах тул "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмт болно. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52.2-д зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 10 хувиар тогтонги алдагдуулна" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17-20 дахь тал);

2. Хохирогч Ө.Дын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“... Манайх Увс аймаг ............. сумын 2-р баг ......... гэх нэртэй газарт байдаг юм. 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр малаа хариулаад явж байтал манай хөрш айлын залуу болох Б.И хүрч ирээд “мал нийлүүлчихлээ” гээд над руу уурлаад чулуу аваад над руу шидэж, надтай маргалдаж байгаад миний урд шүд рүү нэг удаа толгойгоороо мөргөөд авсан юм. Тэгсэн миний шүд, уруулнаас цус гарсан юм. Иийн ар гэрээс миний шүдийг янзалж өгнө гэхээр нь Улаанбаатар хот явж шүдний эмнэлэгт үзүүлэхэд намайг хиймэл шүд хийлгэхгүй бол болохгүй, хоёр шүд хугарсан байна, хэсэг хугацааны дараа хугарч унадаг гэж хэлсэн. Мөн миний буйланд эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж хэлсэн. .. Надад учирсан 6 сая төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.И бүрэн төлж барагдуулсан. Одоо надад нэхэмжлэх хохирол төлбөр, гомдол санал хүсэлт байхгүй" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 4-7 дахь тал);

3. Гэрч С.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх Увс аймаг ............. сумын 2-р баг ....... гэх нэртэй газарт нөхөр, хүүхдийн хамтаар маллаж амьдардаг. 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нөхрийн хамт ............. сумын 1-р багаас 2-р баг руу малаа тууж явсан юм. Гэрт манай хүү Ө.Д үлдэж мал хариулж байсан юм. Тэр орой нь гэртээ ирэхэд манай хүүхдийн хувцас цус болчихсон шүд нь хөдөлчихсөн байсан бөгөөд Ө.Д нь намайг өдөр малаа хариулаад явж байтал Б.И гэх залуу ирээд мал нийлүүлчихлээ гээд толгойгоороо шүд рүү мөргөчихсөн гэж хэлсэн. Тэгээд би тэр орой нь Б.Иийн ээж болох Ц.Ц гэх айлд очиж танай хүү Б.И нь манай хүү Ө.Дыг цохиж шүдийг нь  хугалчихсан байна гэхэд Б.И гэх хүү тэгээд яадаг юм хонь нийлүүлчихсэн байсан болохоор цохисон юм гэх хэлж байсан.гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал);

4. Шүүгдэгч Б.Иийн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Иийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ө.Дын эрүүл мэндэд “Үүдэн баруун дээд 1 дүгээр шүд, зүүн дээд 1 дүгээр шүд ёзоор хэсгээр хугарал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувиар тогтонги алдагдуулах тул "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 4  дүгээр сарын 17-ны өдрийн 183 дугаартай дүгнэлтээр нотлогджээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.И нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд прокуророос Б.Иийн дээр дурдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч Б.Иийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

Шүүгдэгч Б.И нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

1. Шүүгдэгч Б.Иийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ө.Дын биед үүдэн баруун дээд 1 дүгээр шүд, зүүн дээд 1 дүгээр шүд ёзоор хэсгээр хугарал бүхий хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.И нь хохирогч Ө.Дын эмчилгээний зардалд 6.000.000 (зургаан сая) төгрөг төлж, гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгаснаар хохирогч Ө.Д нь “цаашид нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй” гэдгээ илэрхийлсэн байна.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.И-өөс гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

   1. Шүүгдэгч Б.И нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.И нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 46 дахь тал);

Шүүгдэгч Б.Иөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 6.000.000  төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

3. Шүүгдэгч Б.И нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

Прокуророос шүүгдэгч Б.Иийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Иөд 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж шүүгдэгч Б.Иөд танилцуулсныг тэр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Иймд шүүгдэгч Б.Иийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Б.И нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Иөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Б-ын И-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-өд 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар Б.И нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хуульд заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 (арван таван мянга) төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 4. Шүүгдэгч Б.И нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол, хор уршиг, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйл байхгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Б.Иөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                                     Б.БОЛОРМАА