| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2023/0088/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/91 |
| Огноо | 2023-05-05 |
| Зүйл хэсэг | 19.14.2.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Ө.Н,
Шүүгдэгч: Ц.Л, Г.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Т овогт Ц-ий Л, Ц овогт Г-ын А нарт холбогдох эрүүгийн 2335000000117 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, ...... өдөр Увс аймгийн ................. суманд төрсөн, ...настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн ................. сумын ..... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Тайж овогт Ц-ий Л, (регистрийн дугаар: ...............);
2.Монгол Улсын иргэн, ......... өдөр Увс аймгийн ................. суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн ................. сумын ......... багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ц овогт Г-ын Амгаа, (регистрийн дугаар: ...................);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Л, Г.А нар нь бүлэглэн 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн ................. сумын нутаг Монгол Улсын хилийн ....... дугаар тэмдэгтийн баруун талаар 800 метр газраар Монгол Улсын талаас Оросын холбооны улсын тал руу, буцаад тус чиглэлээр морин уналгатай зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Л, Г.А нар нь бүлэглэн 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн ................. сумын нутаг Монгол Улсын хилийн ....... дугаар тэмдэгтийн баруун талаар 800 метр газраар Монгол Улсын талаас Оросын холбооны улсын тал руу, буцаад тус чиглэлээр морин уналгатай зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 17-18 дахь тал);
2. Эрх бүхий албан тушаалтны Улсын хил зөрчсөн газар оронд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, хилийн зөрчлийг шалгасан тухай нотломж, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 19-74 дэх тал);
3. Иргэний нэхэмжлэгч Д.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 10 минутын үед хилийн цэргийн 0212 дугаар салбараас Монгол Улсын талаас Оросын Холбооны улсын тал руу тор тасдан хил зөрчиж, тэр чиглэлээрээ буцаж орж ирсэн талаар мэдээлсэн. ...Хэргийн газар ул мөрийн үзлэг шалгалт хийхэд Улсын хилийн ....... дугаар тэмдэгтийн баруун талаар 800 метр газраар улсын хил зөрчиж, тухайн чиглэлээрээ буцаж Монгол Улсын тал руу хил зөрчин орж ирсэн нөхцөл байдал тогтоогдсон. ...Нийт 2 автомашин 370.500 төгрөгийн түлш бензин зарцуулсан. Мөн хил зөрчигч иргэдийг саатуулж 3 удаа хооллосон нэг удаа хооллохдоо 5000 төгрөгийн хоол идсэн нийт 385.500 төгрөгийг энэ хэргийг илрүүлэн хойшлуулшгүй ажиллагаа явуулахад зарцуулсан энэ мөнгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 95-96 дахь тал);
4. Гэрч Э.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ...хилийн ....... дугаар тэмдгийн баруун тал 800 метр газраар инженерийн торон саад тасарсан адуу малын мөр, мөн хүний гутлын мөр байсан. ... Би заставын даргаас ул мөрийг мөрдөх тушаал авсан учир ул мөрийг дагаж мөрдөж эхлэхэд хил зөрчигч иргэний ул мөр нь Улсын хилээс 600 метрийн зайтай байх Ц.Л, Г.А нарын гэр лүү хүрээд ирсэн. .. дарга нар Г.А, Ц.Л нартай ирж уулзахад хэргээ хүлээсэн. Хил зөрчигч иргэд хоёулаа морин уналгатай байсан. Хил зөрчигч иргэд тухайн үед хилийн цаана 5 үхэр орчихсон байхаар нь орж авсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 123-126 дахь тал);
5. Гэрч М.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.......... дугаар тэмдэгтийн баруун тийш 600 метр зайд дөнгөж гишгэсэн шинэ мөр гарсан, тор тасарсан байдалтай байсан. ...ул мөрийг үзэхэд Монгол Улсын талаас Оросын Холбооны улсын тал руу хил зөрчиж орж буцаж гарч ирсэн ул мөр байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 129-131 дэх тал);
6. Гэрч Э.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 13 цаг 10 минутын үед харуулын дарга дэд ахлагч Э.О-аас Улсын хилийн ....... дугаар тэмдэгтийн баруун тал 800 метр газраар Монгол Улсын талаас Оросын Холбооны улсын тал руу 2 морьтой хүн тор таслан хил зөрчин орж буцаж орж ирсэн гэх мэдээллийн дагуу уг хэргийн газарт очиход инженерийн торон саад таслан, хил давж буцаж орж ирсэн 2 морьтой хүний ул мөр байсан. ...Ц.Л гэрээс гарч ирээд би өглөө Г.Атай хамт торны цаана манай 6 үхэр орчихсон байхаар нь Г.А тор тасдан бид хоёр маш хурдан ороод авсан, өөр ямар нэгэн санаа байгаагүй гэж ярьж хэргээ хүлээсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 134-135 дахь тал);
7. Гэрч Х.Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дээрх 2 иргэний хувьд гэр нь улсын хилээс 400-600 метр зайд оршдог, мал нь хилд байнга тулдаг, заримдаа давдаг байсан учир өөрсдөд нь байнга сануулж хил нэвтэрч болохгүй, хэрэв мал хил давсан тохиолдолд застав болон харуулд мэдэгдэх ёстой гэдгийг сануулж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 99-100 дахь тал);
8. Шүүгдэгч Г.А, Ц.Л нарын өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 152-154, 158-160 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Г.А, Ц.Л нарын хил зөрчих үедээ унаж явсан моринд тохож хэрэглэсэн хуучин орос эмээл, тохом, хазаар ногт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Нарантуяа болон шүүгдэгч Г.А, Ц.Л нар нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ц.Л, Г.А нар нь 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хилийн цаана гарсан 5 тооны үхрээ авах гэж Увс аймгийн ................. сумын нутаг Монгол Улсын хилийн ....... дугаар тэмдэгтийн баруун талаар 800 метр газраар Монгол Улсын талаас Оросын холбооны улсын тал руу, буцаад тус чиглэлээр орж ирсэн буюу зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хил нэвтэрсэн гэх үйл баримт хэрэгт тогтоогдсон байна.
Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн” үйлдлийг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заажээ.
Монгол Улсын хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэнэ. Уг шугамаас эгц дээш агаарын, мөн шугамаас эгц доош газрын хэвлийн хил байна.” мөн хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 22.1.1-д “Хилийн боомт бус газраар улсын хилийг газар, ус, агаараар нэвтэрсэн этгээдийг хил зөрчигч гэнэ” гэж тус тус заажээ.
Тодруулбал: Монгол Улсын хилээр орох, гарах журмыг зөрчих, боомтгүй газраар сэм /нууцаар/ орох, гарах үйлдлийг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх бөгөөд шүүгдэгч Ц.Л, Г.А нар нь 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хилийн цаана гарсан 5 тооны үхрээ авах гэж Монгол Улсын хилийн ....... дугаар тэмдэгтийн баруун талаар 800 метр газраар Монгол Улсын талаас Оросын Холбооны Улсын тал руу, Оросын холбооны Улсаас Монгол Улс руу морин уналгатай, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заажээ.
Иймд шүүгдэгч Г.А, Ц.Л нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “бүлэглэж, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.А, Ц.Л нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.А, Ц.Л нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.А, Ц.Л нар нь иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Д-гээс нэхэмжилсэн албаны машинд хэрэглэсэн шатахууны үнэ 385.500 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлсөн нь хавтаст хэргийн 206 дахь талд авагдсан баримтаар нотлогдож байх бөгөөд иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчид хурлын тов мэдэгдэхэд “Хохирлыг бүрэн барагдуулсан, цаашид Г.А, Ц.Л нараас нэхэмжлэх хохирол, төлбөргүй” гэдгээ илэрхийлсэн байна. (хавтаст хэргийн 229 дэх тал),
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.А, Ц.Л нараас гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Г.А, Ц.Л нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Г.А, Ц.Л нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 189-190 дэх тал);
Шүүгдэгч Г.А, Ц.Л нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэдгээр нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 385.500 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
3. Шүүгдэгч Г.А, Ц.Л нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
Прокуророос шүүгдэгч Г.А, Ц.Л нарын хүсэлтийг хангаж, тэдгээрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэгсийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.А, Ц.Л нарт тус бүрт нь хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх саналыг гаргаж, шүүгдэгч Г.А, Ц.Л нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Иймд шүүгдэгч Г.А, Ц.Л нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан шүүгдэгч Ц.Л, Г.А нарын тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.А, Ц.Л нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн 1.000.000 (нэг сая) төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий 8 настай хул зүсмийн морь, шүүгдэгч Г.Агийн эзэмшлийн 700.000 (долоон зуун мянга) төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий 4 настай зээрд зүсмийн морь, Ц.Л, Г.А нарын эзэмшлийн хуучин ашиглаж байсан тус бүр нь 150.000 төгрөгийн үнэ бүхий орос бор эмээл 2 ширхэг, тус бүр нь 20.000 төгрөгийн үнэ бүхий хуучин суран хазаар 2 ширхэг, 15.000 төгрөгийн үнэ бүхий ногт 1 ширхэг, тус бүр нь 20.000 төгрөгийн үнэ бүхий хуучин тохом 2 ширхэг зэргийг хурааж, улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
6. Шүүгдэгч Г.А, Ц.Л нарт оногдуулсан тэнссэн харгалзах болон үүрэг хүлээлгэх, хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээнд хяналт тавьж хэрэгжүүлэхийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л, Г.А нарт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэв.
7. Шүүгдэгч Г.А, Ц.Л нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.А, Ц.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овогт Ц-ий Л, Ц овогт Г-ын А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бүлэглэж Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан шүүгдэгч Ц.Л, Г.А нарын тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Л, Г.А нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л, Г.А нарт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лгийн гэмт хэрэг үйлдэх үедээ унаж, хэрэглэж явсан, түүний эзэмшлийн 1.000.000 (нэг сая) төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий 8 настай, 1 тооны хул зүсмийн морь, 150.000 (нэг зуун тавин мянга) төгрөгийн үнэлгээ бүхий хуучин орос бор эмээл-1 ширхэг, 20.000 (хорин мянга) төгрөгийн үнэ бүхий хуучин суран хазаар 1 ширхэг, 20.000 (хорин мянга) төгрөгийн үнэ бүхий хуучин тохом 1 ширхэг зэргийг,
-шүүгдэгч Г.Агийн гэмт хэрэг үйлдэх үедээ унаж, хэрэглэж явсан, 700.000 (долоон зуун мянга) төгрөгийн үнэлгээ бүхий 4 настай, 1 тооны зээрд зүсмийн морь, 150.000 (нэг зуун тавин мянга) төгрөгийн үнэ бүхий хуучин ашиглаж байсан, орос бор эмээл 1 ширхэг, 20.000 (хорин мянга) төгрөгийн үнэ бүхий суран хазаар 1 ширхэг, 20.000 (хорин мянга) төгрөгийн үнэ бүхий хуучин тохом 1 ширхэг, 15.000 (арван таван мянга) төгрөгийн үнэ бүхий ногт 1 ширхэг зэргийг тус тус хурааж, улсын орлогод оруулсугай.
6. Энэ тогтоолыг биелүүлэхийг Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Ц.Л, Г.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах хохирол, хор уршиг, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч .Л, Г.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА