Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/143

 

 

 

 

 

 

 

 

 

  2023           4            05                                                     2023/ШЦТ/143  

 

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Наранхүү,

Хохирогч Х.М,

Шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,  

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.М-д холбогдох эрүүгийн дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, М.А, 1986 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, охины хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:  

 

Шүүгдэгч М.А нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаанбаатар Дундговь чиглэлийн асфальтан замын 87-88 дахь километрийн шонгийн хооронд Тоёота Приус-20 маркийн 57-65 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна."-т заасныг зөрчиж замын хажуу тал руу тээврийн хэрэгслийг унагаж, зорчигч Б.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан

 

Хохирогч Х.М өгсөн: "Би 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 14:30 цагийн орчим нөхөр болон зээ охины хамт Дундговь аймгаас Улаанбаатар хот орох ажилтай Т.Приус-20 маркийн 57-65 УБИ улсын дугаартай замын унаанд суугаад явж байгаад 16:40 цагийн орчимд Төв аймаг Сэргэлэн сумын нутаг Улаанбаатар-Дундговь чиглэлийн А0201 автозамын 87-88 дахь км-н хооронд сууж явсан машин цасанд халтираад замын хажуу тийшээ гулгаад замаас гарсан. Замаас гараад зогсох шиг болсон тэгснээ хажуу тийшээ онхолдоод бүтэн нэг эргэсэн. Осол болсны дараа манай нөхөр замын машинд гар өргөж сууж яваад даваан дээр гарч Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би арын суудалд сууж явсан. Миний хажууд манай нөхөр, зээ охиныг тэврээд сууж явсан. Цас их орсон. Шуургатай, зам их халтиргаатай байсан. Миний биед толгой хавдсан, хүзүү хөндүүр, зүүн бөөрний гадна хөхөрсөн, нуруу, баруун шуу, баруун хөлийн дотор тал гишгэхэд хөндүүр байгаа тул шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагтай байна. Надаас гадна манай нөхөр, манай зээ охин, өөр бас нэг эмэгтэй, жолоочийн охин, жолоочоос гадна 3 том хүн, 2 хүүхэд явж байсан.”,

"Би 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нөхөр Цолмон болон зээ охины хамт хот орох ажилтай болоод фейсбүүкээс хот явах зар харж байгаад нэг унаатай явахаар тохирсон. 14 цаг өнгөрөөд Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ирээд бид гурвыг авсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч 30 гаруй насны эмэгтэй байсан. Тэр жолоочид замын зардал болох 40,000 төгрөг төлсөн. Жолоочийн хажууд 5 орчим насны нэг охин байсан. Өөрийнх нь охин юм шиг байсан. Аймгийн зүүн лагераас бас нэг 30 орчим насны нэг эмэгтэй хүн аваад тэр эмэгтэй жолоочийн хажуу талд хүүхдийг нь өвөр дээрээ суулгаад тэгээд хотруу 14 цаг өнгөрч байхад гарсан. Тэгээд 17 цаг дөхөж байхад ногоон даваа егоеж явахад замын хажуу руу халитраад онхолдсон. Машин нэг бүтэн эргээд дөрвөн дугуйн дээрээ буух шиг болсон.” гэх мэдүүлэг /хх 16-17, 40/,

Хохирогч Б.Д-ын өгсөн: “2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 14 цагийн үед Дундговь аймгаас Улаанбаатар хот руу явах 57-65 УБИ гэсэн улсын дугаартай Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн урд талд нь жолоочийн хүүхэд гэх 5 настай хүүхдийг өвөр дээрээ суулган хойд талдаа 2 хөгшин хүн болон зээ охины хамт хөдөлсөн. Тэгээд Улаанбаатар хот руу явж байгаад довын гуанзны цаахан талд жолооч нойр хүрээд байна гэж хэлээд замын хажуу тал руу зогсож машиныхаа гадна гарч нойроо сэргээчхээд цааш явж байтал ногоон даваанаас урагш явж байхад урд явж байсан машиныг гүйцэж түрүүлэх үед түрүүлэх гэж байсан тээврийн хэрэгсэл замын хажуу тал руу гэнэт зогсох үед жолооч би ийм зүйл харахаараа сандраад байдаг юм аа гээд цааш 50-60 км хурдтай явж байтал гэнэт машины хойд талд нь хоёр тийшээ болж байгаад гэнэт машин замын хажуу руу болоод удалгүй доошоо харчихсан байсан. Дахин нүдээ нээж харахад дээш харсан байсан. Тэгээд миний хөдөлж болохгүй машинаас гарч чадахгүй байсаар цагдаа болон эмнэлгийн хүмүүс ирээд намайг машинаас гаргаад эмнэлэг рүү авч явсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би жолоочийн хажуу талд жолоочийн хүүхдийн хамтаар сууж явсан. Би тухай үед суудлыг бүс хэрэглээгүй байсан. Жолооч бид нарт суудлыг бүс зүүх талаар хэлээгүй. Миний биед сээр нурууны Th-2, Th-3, Th-4-ийн их биеийн хугарсан. Сүүлд өвчүү хэсгээр өвчлөлтай бас хөндүүртэй байгаа. Тухайн үед замын нөхцөл байдал халтиргаа, гулгаа нь гайгүй дөнгөж цас орж эхэлж байсан. Үзэгдэх орчны хувьд дөнгөж харанхуй болж байсан. Одоогоор миний биеийн байдал байнгын асаргаа сувилгаатай удаан сууж болохгүй, ажилдаа явж чадахгүй байгаа учир би гомдолтой байна. Осолд орсноос хойш гарсан болон гарах зардлыг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх 34/,

Хохирогч И.Ц-гийн өгсөн: “Би 2022 оны 11 сарын 28-ны өдөр эхнэр *******, зээ охин нарын хамт хот явахаар болоод хот явах зар харж байгаад 14 цагт явахаар нэг унаатай тохироод 14 цагийн үед бид гурвыг цагаан өнгийн приус 20 маркын тээврийн хэрэгсэл ирж авсан. Жолооч нь 40 дөхөж яваа эмэгтэй хүн байсан. Хажуудаа жоохон охиноо суулгачихсан ирсэн. Жолоочид зардал болох 2 хүний 40 000 төгрөг төлчихөөд аймгийн зүүн малчны байрнаас нэг эмэгтэй хүн аваад тэр эмэгтэй жолоочийн хажуу талд суугаад хүүхдийг нь өвөр дээрээ аваад тэгээд хот руу 14 цаг өнгөрч байхад гарсан. Тэгээд хот руу явж байгаад ногоон даваа өгсөж явахад гэнэт зам дээрээ шарваад замын баруун гар тал руугаа ороод хөлбөрч эргээд дөрвөн дугуйн дээрээ буусан. Би хаалгаа онгойлгоод буугаад зам дагуу явж байсан машинд суугаад даваа ороод дэлгүүрээс нь утсаар яриад эмнэлэг цагдаа дуудсан. Цас орж эхэлж байсан. Зам дээр гулгаа үүсэж эхэлж байсан.” гэх мэдүүлэг /хх 43-44/,

Шүүгдэгч М.А-гийн өгсөн: “Би 2022 оны 11 сарын 18-ны өдөр Улаанбаатар хотруу ажлаар явахаар болоод ганц нэг хүн аваад явчихая гэж бодоод фейсбүүкэд зар тавиад гурван хүн авч явахаар болоод 14 цаг өнгөрч байхад аймгийн төвөөс 50 гаруй насны эрэгтэй эмэгтэй хоёр хүн жоохон хүүхдийн хамт суулгаад тэндээсээ хөдлөөд зүүн малчны лагераас бас нэг эмэгтэй хүн аваад тэр эмэгтэйг урдаа суулгаад манай охиныг өвөр дээрээ суулгаад 6-уулаа аймгийн төвөөс 14 цаг өнгөрөөгөөд хөдөлсөн. Тэгээд довын гуанзны хойд талын колонк өнгөрөөд явж байхад миний урд талд Портер маркийн машин явж байхаар нь тэрийг гүйцэж түрүүлээд толинд хартал тэр Портер замын хажуу руу шарваад орж байсан. Тэгэхээр нь би гулгаатай байгаа юм байна гэж бодоод хурдаа хасаад зөөлрөөд явж байтал машин шарваад эхэлсэн тэгэхээр нь би зогсоё гэж бодоод тоормос гишгэтэл машин баруун гар тал руугаа шарваж буугаад жалга таараад бүтэн эргэж хөлбөрөөд дөрвөн дугуйн дээрээ буусан. Тэгээд ард сууж явсан зорчигч ах буугаад замын унаанд суугаад түргэн тусламж дуудсан.” гэх мэдүүлэг /хх 46/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 141 дугаартай шинжээчийн: “Б.*******ын биед сээр нурууны Th-2, Th-3, Th-4-н их биеийн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Архаг хууч өвчин тогтоогдоогүй.” гэх дүгнэлт /хх 20-21/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 640 дугаартай шинжээчийн: “Х.Мөнх-Эрдэнийн биед зүүн гуя, хэвлий, зүүн дал, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Архаг хууч өвчин тогтоогдсонгүй.” гэх дүгнэлт /хх 24-35/,

Техникийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01/13 дугаартай: “1.Тоёота приус маркийн 57-65 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.А нь МУ-н ЗХД-н заалт зөрчсөн байна. 2.Тоёота приус маркийн 57-65 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.А нь МУ-н ЗХД-н 12.1-р заалт буюу “жолооч...замын болон цаг агаараын нөхцөл...-г харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. 3.Замын гадаргуу халтиргаатай байсан нь осол болоход нөлөөлсөн байна. Хэрэгт шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нэмэлт зүйл илэрсэнгүй.” гэх /хх 78-79/,

 “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 06/15 өдрийн тайлан: “Монгол улсын иргэн М.Агийн өмчлөлийн Toyota Pruis 20 маркийн 57-65 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 7 800 000 төгрөг, хохирлын үнэлгээ 1 566 000 төгрөг болно.” гэх /хх 51-59/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-12/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч М.А нь өөрийн эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 57-65 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын гулгаанд тоормосоо гишгэснээс үүдэн машин шарваж жалга тааран замын хажуу руу онхолдсон нь түүнийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна"-т  заасныг зөрчсөн гэж үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас шалтгаалан зам тээврийн осол гарсан байна. Энэ талаар гаргасан Техникийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01/13 дугаартай дүгнэлт хууль ёсны дагуу үндэслэл бүхий болжээ.

 

Шүүгдэгч М.А Дундговь аймгаас Улаанбаатар хот орохоор явахдаа замын зардал хийхээр зар тавин зарын дагуу *******, Цолмон нарыг 2 настай зээгийн хамт, ******* нарыг авсан бөгөөд мөн өөрийн 5 настай охиныг авч тухайн тээврийн хэрэгсэлд М.Агаас гадна 2 бага насны хүүхэд, 3 том хүн явсан байна. Зам тээврийн ослын улмаас зорчигч Б.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр, Х.Мөнх-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч бусад зорчигчийн эрүүл мэндэд хохирол учраагүй байна.

 

Шүүгдэгч М.А нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болсон гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Аг дээрх үйлдэл  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч М.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч дэмжсэн байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

Шүүгдэгч М.А-гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруутайд тооцсон зүйл хэсгээр 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч М.А нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, өөрт ногдох эд хөрөнгөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй тул улсын яллагчийн санал оруулсан 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулах боломжгүй гэж шүүх дүгнэсэн.   

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас Б.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хавтаст хэргийн 103-109-р хуудас болон шүүх хуралдаанд ирүүлсэн эмчилгээний болон унааны зардалд 1 253 500 төгрөгийн хохирлын баримт,

 Хохирогч Х.******* шүүх хуралдаанд эмчилгээний болон замын зардалд нийт 671 404 төгрөг ирүүлснээс шүүх унааны зардал гэх 100 000 төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилсэн гэж үзэн хэрэгсэхгүй болгож үлдэх 571 404 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэн хангаж шийдвэрлэв.   

 

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М.А-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-г 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ад оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, ялыг Дундговь аймгийн хот тохижуулах газар эдлүүлсүгэй. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Шүүгдэгч М.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-гаас 1 824 904 төгрөг гаргуулж Дундговь аймгийн Сайнцагаан сумын Арвижих 5-р багийн Малчны 2-5 тоотод оршин суух хохирогч Чингисийн жуут Батбаатарын ******* /РД:ЗК95082101/-д 1 253 500 /нэг сая хоёр зуун тавин гурван мянга таван зуу/ төгрөг, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р багийн 145-15 тоотод оршин суух хохирогч Шатар Халтархүүгийн ******* /РД:ЗЮ67031701/-д 571 404 /таван зуун далан нэгэн мянга дөрвөн зуун дөрөв/ төгрөг тус тус олгож, хохирогч Х.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагаас 100 000 /нэг зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7.Хохирогч Б.*******, Х.******* нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

 

            8.Эрүүгийн 2234007970046 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ