| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2023/0128/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/144 |
| Огноо | 2023-04-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Цэрэнтогтох |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/144
2023 4 05 2023/ШЦТ/144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэрэнтогтох,
Шүүгдэгч Ө.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Боржигон Өсөхжаргалын Бд холбогдох эрүүгийн дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ө.Б, 1988 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл ганцаараа, урьд нь 2 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:
Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 33 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 000 000 төгрөгөөр торгох ялаар,
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 301 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ОИ88061931 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ө.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 23 цагийн үед Төв аймгийн Батсүмбэр сумын "Үдлэг" 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Жулъя" гэх нэртэй баарны караокены өрөөнд ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр иргэн Г.Эрдэнэбатын нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь духны зөөлөн эдийн шарх, зүүн нүдний дээд зовхин дахь шарх, дээд уруулын дотор салстын шарх, зүүн нүдний доод зовхины зулгаралт, цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн зулгаралт, дээд уруулын зүүн булангийн орчмын зөөлөн эдийн зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч Г.Эрдэнэбатын өгсөн: “Би 2022 оны 12-р сарын 28-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4-р багийн шинэ жилийн арга хэмжээ 16 цагт сумын Соёлын төвд болсон. Орой 20 цаг өнгөрөөд тараад хэсэг нутгийн хүмүүстэй Жулья караокед орсон. Бид нарыг баяр тэмдэглээд архи уугаад сууж байхад гаднаас Баянаа гэж дууддаг залуу жинхэнэ нэрийг нь мэдэхгүй хүн орж ирээд миний нүүрэн тус газарт юугаар цохисныг мэдэхгүй нэг зүйлээр цохиод авсан. Миний нүүрнээс цус гараад би шууд нүүрээ дараад гадаа гарсан. Хамт байсан хүмүүс цагдаа дуудсан. Цагдаа ирээд Баянааг авч яваад би дүү охины хамт эмнэлэг явсан. Миний нүүр хэсэгт зүүн нүдний дээд талд зүсэгдэж 2 оёдол тавьсан. Хамрын дээд хэсэг дух хоёрын голд зүсэгдэж 2 оёдол тавьсан. Уруулын дотор хэсэг язарч оёдол тавьсан. Би шүүх эмнэлэгт 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр үзүүлсэн. Өмнө 2020 онд хадлангийн газраас болж маргаан үүсгэж байсан. Тухайн үед согтуу манайд ирчхээд намайг ална гэж дарамталж байсан. Тэр үеийн болсон үйл явдлыг бодож намайг биед минь гэмтэл учруулсан гэж би бодож байна. Манай багийн иргэд болох Мягмар, Болдоо, Навчаа, Энхбат, Батчулуун гэх хүмүүс байсан. Бүгд гэр бүлээрээ явж байсан. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх 5/,
Гэрч Ч.Батчулууны өгсөн: “Би 2022 оны 12 дугаар сарын 28-ны орой 15 цагт Үдлэг 4-р багийн шинэ жилийн үйл ажиллагаанд эхнэр болон найзуудтайгаа оролцсон. Шинэ жилийн үйл ажиллагаанаас 20 цагийн үед гараад Жульяа гэх нэртэй караоке баранд орсон. Эхнэр болон найзуудтайгаа нийлээд 1 цаг караокед дуулсан. Тэгээд Б гаднаас орж ирсэн. Би угаагүй, Бтай мэнд мэдэлцээд би гэрлүүгээ явсан. “ гэх мэдүүлэг /хх 7/,
Гэрч Д.Мягмарын өгсөн: “Би шинэ жилээс гарч ирээд Жулъяа баарнаас эхнэрээ авах гэж очсон. Очих үед Б үүдэнд суучихсан байсан. Эрдэнэбат Вип өрөөнд сууж байсан. Би эхнэрээ аваад гараад явсан. Тэр хоёрыг тэр хоёрыг хоорондоо зодолдож байхыг хараагүй. “ гэх мэдүүлэг /хх 9/,
Гэрч Л.Цолмонбаатарын өгсөн: “Би шинэ жилийн арга хэмжээ дуусаад багийн иргэд болох Даваасүрэн түүний гэр бүл, Болдбаяр, Мягмар түүний гэр бүлийн хамт Жулъяа бааранд 20 цагийн үед ороод 2 цаг авсан. Бид нарыг сууж байхад Эрдэнэбат, Б хоёр хамт орж ирээд суусан. Хоорондоо юм яриад л хэрэлдээд байсан. Би гадаа 00 орж бие засаад буцаад орох гэсэн чинь Б Эрдэнэбат нар хоорондоо зууралдаад Эрдэнэбатын нүүр нь цус болчихсон зогсож байсан. Би Бг араас нь татаад салгасан. Би цагдаа дуудах гээд утсаа гаргаж ирээд залгаж байхад аль хэдийн хүмүүс цагдаа дуудчихсан. Цагдаа нар ирээд Бг авч явсан. Эрдэнэбатыг дүү нар нь ирээд авч явсан. Би буцаж ороод нөгөө хэдээ аваад гэртээ харьсан.” гэх мэдүүлэг /хх 11/,
Гэрч А.Болдбаярын өгсөн: “Би шинэ жилийн арга хэмжээ дуусаад багийн иргэд болох Даваасүрэн түүний гэр бүл, Цолмонбаатар, Мягмар түүний гэр бүлийн хамт Жулъяа бааранд 20 цагийн үед ороод 2 цаг авсан. Авсан цаг дуусах болж байхад гаднаас Б Эрдэнэбат хоёр манай өрөөнд орж ирээд хамт суусан. Манай өрөөнд сууж байхдаа хоорондоо маргалдаад нэгэндээ үг хаяж байсан. Миний утас дугараад чимээ ихтэй байсан тул гадаа гарч машиндаа утсаар ярьсан. Утсаар ярьж дуусаад буцаад орох гээд Жулъяа баар орсон чинь гадаа Эрдэнэбат дээлийнх нь энгэр цус болчихсон хамраас нь цус гарчихсан дүү нар нь ирчихсан байж байсан.” гэх мэдүүлэг /хх 14/,
Шүүгдэгч Ө.Бгийн өгсөн: “Би Эрдэнэбатын нүүр хэсэгт гараараа 5 удаа цохисон. Өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. Тухайн үед би согтууруулах ундаа хэрэглэсэн, Эрдэнэбат бас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.” гэх мэдүүлэг /хх 30/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн 43 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Г.Эрдэнэбатын биед духны зөөлөн эдийн шарх, зүүн нүдний дээд зовхин дахь шарх, дээд уруулын дотор салстын шарх, зүүн нүдний доод зовхины зулгаралт болон цус хуралт, хамрын нурууны зовлон эдийн зулгаралт, дээд уруулын зүүн булангийн орчмын зээлэн эдийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Дээрхи гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэжээ /хх 18/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Ө.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 23 цагийн үед Төв аймгийн Батсүмбэр сумын "Үдлэг" 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Жулъя" гэх нэртэй баарны караокены өрөөнд ямар нэг шалтаг шалтгаангүйгээр иргэн Г.Эрдэнэбатын нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь духны зөөлөн эдийн шарх, зүүн нүдний дээд зовхин дахь шарх, дээд уруулын дотор салстын шарх, зүүн нүдний доод зовхины зулгаралт, цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн зулгаралт, дээд уруулын зүүн булангийн орчмын зөөлөн эдийн зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан.
Шүүгдэгч Ө.Бгийн дээрх үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй түүнийг өөрийн үйлдэл эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байна гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Ө.Б нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй болохыг дурдаж түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүгдэгч Ө.Бд Эрүүгийн хуулийг тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал оруулсныг,
Шүүгдэгч тусгайлан гаргах санал хүсэлт гаргаагүй болохыг дурдав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ө.Б нь өөрт ногдох хөрөнгөгүй, тогтмол орлогогүй байх тул улсын яллагчийн торгох ял оногдуулах саналыг хүлээн авах боломжгүй гэж шүүх дүгнэв.
Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Г.Эрдэнэбат нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ө.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-г 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Бд оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, ялыг Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газар эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шүүгдэгч Ө.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ