| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2019/0420/И |
| Дугаар | 573 |
| Огноо | 2019-07-17 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 573
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Баянговь сумын 5-р багт оршин суух, ВБ91031016 регистрийн дугаартай, Т.Эийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р баг 86-р байр 27 тоотод оршин суух, ВС76082309 регистрийн дугаартай, Х.Сд холбогдох
6.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Э, хариуцагч Х.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Х.Сгаас мөнгө авч мах бэлтгэж өгдөг байсан. Махны үнийг бүрэн өгөөгүй гэж хэлээд КIА КНIМО маркийн машиныг 2018 оны 12 сарын 07-ны өдөр барьцаалсан. Би энэ машиныг Баяраа гэдэг хүнээс сард 500000 төгрөг өгч байхаар түрээслэсэн байсан юм. Энэ машиныг С барьцаалахдаа ямар нэгэн гэрээ хийгээгүй, өөрийнхөө складанд аваачаад хийчихсэн. Сгийн энэ ажиллагаанаас болоод би хүний машины түрээсийг 2018 оны 12 сарын 07-ны өдрөөс хойш өдий хүртэл төлж байна. Мөн энэ машинаар тээвэр хийсэн бол сард 1500000 төгрөгийн орлого олдог байсан юм. Иймд машины түрээсийн төлбөрт учирсан хохирол 2500000 төгрөг, мөн миний сард олох байсан орлогод 3500000 төгрөг нийт 6.000.000 төгрөг гаргуулж өгнө үү...гэжээ.
Нэхэмжлэгч Т.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Х.Сгаас 2018 оны 09 сарын 03-ны өдрөөс 12 сар хүртэл хугацаанд 74.000.000 сая төгрөг авч нийт 856 мал худалдан авч хүлээлгэн өгсөн. Миний бодлоор Х.С бид хоёр тооцоо дууссан гэж бодож байсан. Гэтэл хамгийн сүүлд буюу 2018 оны 12 сарын 07-нд 7.000.000 төгрөгийн мал мах хүлээлгэн өгснийг чанаргүй, муу мах байна авахгүй мөнгөө буцааж өг гэж миний мах ачиж ирсэн машиныг барьцаанд авч мөнгөө төлж байж аваарай гээд өгөөгүй. Би энэ машиныг Баянговь сумын малчин Баяраа гэж хүнээс мал мах ачиж тээвэрлэх зорилгоор 2018 оны 11 сард сарын 500.000 төгрөгийн хөлс төлөхөөр түрээслэж байсан юм. Би машинаа авах гэж 3 удаа утсаар залгасан боловч энэ хүн утсаа аваагүй ингээд би хөдөө мал төллөх ажил их байсан тул хөдөө явсан. 2019 оны 05 сард шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас ярьж С надаас 10.200.000 төгрөг нэхэмжилсэн болохыг мэдсэн. Эвлэрүүлэн зуучлагчаас эвлэрэх санал гаргасан тул би 7.000.000 төгрөг төлөхөөр эвлэрч машинаа авсан. Энэ машиныг Баяраа гэх хүнээс авахдаа түрээсийн гэрээ хийгээгүй, сүүлд 1.500.000 төгрөг бөөнд нь төлсөн. Сард 1.5 сая төгрөгийн орлого олдог байсан болохоо нотолсон баримт байхгүй, мөн түрээсийн гэрээ бичгээр байгуулаагүй, амаар тохиролцсон байсан юм. Х.С нь миний машиныг барьцаалахдаа гэрээ хийгээгүй. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү..гэв.
Хариуцагч Х.С шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Э 2018 оны 06 сараас 10 сарын хооронд Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдээс миний мөнгөөр мал худалдан авч надад бэлтгэн нийлүүлэх ажлыг хийсэн. Хамгийн сүүлд 2018 оны 10 сард тооцоо хийхэд Т.Э надад 7.000.000 төгрөгийн өглөгтэй үлдсэн. 2018 оны 10 сард намайг Улаанбаатар хотод байхад Т.Э хамгийн сүүлийн малаа нядалж тээвэрлэн аймгийн төвд авчиран бөөний бараа баазын түрээсийн складанд буулгасан байсан. Би Т.Этэй утсаар ярихад хөдөөнөөс мах арьсаа ачиж ирээд харж хамгаалах хүнгүй учир бөөний бараа баазын складанд хонуулчихлаа яаж буулгах вэ гэсэн энэ үед миний тооцооны үлдэгдэл 7.000.000 төгрөгөө төл, миний дансруу шилжүүлчих гэсэн боловч нутагтаа очиж байгаад шилжүүлнэ гэсэн. Нэгэнт мөнгө шилжүүлэхгүй утсаар ч ярихгүй 6 сар болсон тул эвлэрүүлэн зуучлах төвд өргөдөл гаргахад Т.Э нь эвлэрүүлэн зуучлахад 2019 оны 06 сарын 23-ны өдөр өгнө гэж хүлээн зөвшөөрсөн. Гэтэл өнөөдрийн байдлаар 1 ч төгрөг төлөөгүй байна. Т.Эийн мах бэлдэж өгнө гэж надаас авсан мөнгийн Төрийн банкнаас зээл авч Т.Эийн 7.000.000 төгрөгөнд сар бүр банкны хүүд 112.000 төгрөг өнөөдрийг хүртэл нийт 1.232.000 төгрөг төлж хохирсон. И.Э нь 7.000.000 төгрөгөнд мал бэлдэж өгнө гэсэн үүргээ тогтоосон газар, цаг хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгээгүй бөгөөд мөнгийг миний шаардсанаар төлөх үүргээ биелүүлээгүй. Т.Э нь өөрөө өрөө төлөх баталгаа болгож буюу үүрэг биелэгдсэн нөхцөлд автомашиныг авна гэдгээ хүлээн зөвшөөрч 6 сар гаруй алга болсон. Мөн эвлэрүүлэн зуучлах дээр ярилцаж машинаа өгөөч, 2019 оны 06 сарын 23-ны дотор өрөө төлнө гэсний дагуу машиныг нь өгсөн байхад өрөө төлөхгүйгээр ийнхүү нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү..гэжээ.
Хариуцагч Х.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Эвлэрэх боломжгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би Эт мөнгө өгч мал мах бэлтгүүлдэг байсан. Хамгийн сүүлд 2018 оны 12 сард тооцоо хийхэд 10.200.000 төгрөгийг би Эээс авахаар байсан. Гэтэл Э нь энэ мөнгийг өгнө гэсээр удсан тул би түүний унаж явсан машиныг складандаа хийж түгжээд мөнгөө өгч байж машинаа авах шаардлага тавьсан. Машиныг нь унаж хэрэглэсэн зүйл байхгүй бүрэн бүтэн байлгаж байгаад 2019 оны 05 сард шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар орж асуудлаа шийдвэрлүүлсний дараа машиныг буцаан өгсөн. Эвлэрүүлэн зуучлалд би 10.200.000 төгрөгийг Эээс гаргуулахаар хандсан болов 7.000.000 төгрөг авахаар эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон билээ. Миний бие нь 10.200.000 төгрөгөө гаргуулахын тулд машиныг нь өөрийн өмчлөлд түр хугацаагаар байлгасан. Би энэ машиныг түрээслэдэг эсэх, хэний өмчлөлийн машин болох талаар мэдэхгүй..гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэл, зохигчдын тайлбар болон бусад бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Э нь Х.Сд холбогдуулан автомашины түрээсийн төлбөр 2.500.000, олох байсан орлого 3.500.000 нийт 6.000.000 төгрөг гаргуулахыг хүсэн шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргаан гаргажээ.
Хариуцагч Х.С нь нэхэмжлэгч Э.Этэй харилцан тохиролцож 2018 оны 09 сараас 12 сарын хугацаанд мал мах худалдан авч бэлтгэн нийлүүлэх гэрээ хийж мөн хугацаанд хамтран ажилласан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, уг гэрээний төлбөрийн үлдэгдэл 10.200.000 төгрөгийг Х.С нь Э.Эээс гаргуулахаар шаардлага гаргаж, 2019 оны 05 сард Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл тайлбартаа Х.С нь надаас үндэслэлгүйгээр мөнгө нэхэж миний бусдаас түрээслэсэн байсан KIA RHINO маркийн автомашиныг хууль бусаар барьцаалан авч түрээсийн төлбөр, олох байсан орлого зэргээр хохироосон гэж шаардлага гаргажээ.
Үйл баримтаар хариуцагч Х.С нь 2018 оны 12 сарын 07-ноос 2019 оны 05 сарын 27-ны өдөр хүртэл Э.Эийн эзэмшилд байсан KIA RHINO маркийн автомашиныг өөрийн эзэмшил өмчлөлд байлгасан болох нь тогтоогдсон байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчдын шүүх хурал дээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй. Барьцааны гэрээг бичгээр байгуулна гэжээ.
Дээрхээс үзвэл барьцааны гэрээ нь талуудын сайн дурын үндсэн дээр чөлөөтэй, бодитой хийгддэг, 2 талт гэрээ бөгөөд барьцаалагч болон барьцаалуулагч нар хүсэл зоригоо бодитой илэрхийлснээр үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрснөөр хийгддэг гэрээ болох нь харагдаж байна.
Гэтэл нэхэмжлэгч Т.Эийн нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл өөрийн хөрөнгийг бусдад барьцаалуулахыг зөвшөөрсөн эсэх, ямар үүргийн гүйцэтгэлд барьцаа болгон гэрээлсэн нь тодорхойгүй, гэрээг бичгээр байгуулаагүй байна.
Эндээс үзвэл зохигчдын дунд барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй..гэсний дагуу нэхэмжлэгч нь бусдад барьцаалуулсан гэх автомашиныг бусдаас түрээслэж сарын 500.000 төгрөг төлдөг байсан эсэх, уг автомашинаар сар бүр 1500.000 төгрөгийн орлого олдог байсан эсэхээ шүүхэд нотлоогүй, нотлох баримтыг гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдохгүй байна.
Нөгөө талаар зохигчдын дунд мал, мах худалдан авч, бэлтгэн нийлүүлэх гэрээний харилцаа үүсч, уг гэрээний үүрэг дуусгавар болоогүй хариуцагч Х.С нь нэхэмжлэгч Т.Эээс 10.200.000 төгрөгийн төлбөр гаргуулах шаардлага байсан зэргээс шалтгаалж Х.С нь 2018 оны 12 сарын 07-нд Т.Эийн унаж явсан KIA RHINO автомашиныг өөрийн эзэмшилд түр хугацаагаар шилжүүлж, гэрээний үүргийн харилцааг шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаар шийдвэрлүүлсний эцэст уг автомашиныг буцаан нэхэмжлэгчид өгсөн зэргээс үзвэл зохигчдын дунд Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилүүлэх гэрээ хийгдсэн байна гэж үзэв.
Иргэний хуулийн 235.1-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид фидуци гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ..гэжээ.
Үйл баримтаар нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч Х.Сд өгөх ёстой 10200.000 төгрөгийн төлбөрийг төлөх хүртэл өөрийн эзэмшлийн автомашиныг Х.Сгийн өмчлөлд түр хугацаагаар шилжүүлсэн болох нь тогтоогдсон байна.
Хэрэв Т.Э нь уг автомашиныг хууль бусаар Х.С барьцаалж өмчлөлдөө байлгасан гэж үзсэн бол хууль хяналтын байгууллагад хандан 6 сарын хугацаанд өмчлөх эрхээ хамгаалуулах боломжтой байсан байна.
Уг гэрээнээс шалтгаалж нэхэмжлэгчийн өмчлөх эрх, өмч хөрөнгөнд хохирол учирсан гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Иймд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ... гэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Т.Эийн төлсөн 110950 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118-р зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Сд холбогдох автомашины түрээсийн төлбөр 2.500.000, олох байсан орлого 3.500.000 нийт 6.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Т.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Т.Эийн төлсөн 110950 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ