| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2023/0133/Э/223/2022/0069 |
| Дугаар | 2023/ШЦТ/158 |
| Огноо | 2023-04-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Ц.Сонинмөнх |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/158
2023 4 12 2023/ШЦТ/158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх,
Хохирогч И.Т, түүний өмгөөлөгч Д.Гансүх,
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б-д холбогдох эрүүгийн дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б, 1982 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 6 дугаар сарын 27-ны шөнө 01 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын Баруун Зуунмод 6 дугаар багийн 14 гудамжны 400 тоотод оршин суух өөрийн гэртээ эхнэр И.Т "ярихгүй юм бол утсаар яадаг юм" гэж тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний эзэмшлийн Samsung A-52 маркийн 640 000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хана руу шидэж, зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгосон,
Мөн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагийн үед гэртээ эхнэр И.Т-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгой руу нь мөргөх, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, цээж, зүүн хөх, зүүн дал, зүүн гуянд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч И.Т өгсөн: "2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр би гэрийнхээ гадаа хоёр хүнтэй Жем гээд 500 граммын пиво 1 ширхгийг уугаад гэртээ орж ирэхэд манай нөхөр уурлаад миний утсыг аваад хана луу шидсэн. Тэгээд би уурлаад хэрүүл болоод унтацгаасан. Тэгээд 06 дугаар сарын 27-ны өдөр ажил дээрээ өнгөрөөсөн. 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ажлын өдөр цайндаа ороод нөхрөө харсан чинь өөрийнхөө утсыг оролдсон. Утсаар оролдож байхаар нь би утасгүй байсан учраас нөхөр лүү уурлаад чи утсаа өг эсхүл надад хурдан утас авч өг, би ажлаа хийж чадахгүй байна гэтэл хуц солиор гээд өөдөөс салаавч өгсөн. Тэгээд нүүр лүү 2-3 удаа хүчтэй алгадсан, бөгс ар хэсэг рүү 1-2 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь миний уур хүрээд барилцаж аваад байж байсан чинь миний нүд рүү мөргөсөн. Би уурласан чинь чаддаг юм бол цагдаагаа дууд гэхээр нь би цагдаа дуудсан. Миний биед биеийн зүүн хөхний хажууд, баруун гуяны хажууд хөхөрсөн. Баруун талын нүд хөхөрсөн байсан. Гэрлэлтээ 2008 онд батлуулсан. Нэг гэрт ороод 13 жил болж байна. 2 охин, нэг хүүтэй, том охин 13 настай, дунд хүү 4 настай, бага охин 1 настай. Хаа нэг уур нь хүрэхээрээ над руу юм авч шиддэг байсан. Өөр зүйл байгаагүй. Нөхрөө анх удаа цагдаад мэдэгдэж байна. Одоо эмчилгээ хийлгэхгүй байгаа. Тэр үед толгойгоо бариулсан. Утсаа төлүүлмээр байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 5/,
Насанд хүрээгүй гэрч Б.Эгшиглэнгийн өгсөн: "2022 оны 6 дугаар сарын 26-нд шөнийн 02 цагийн үед ээж жоохон архины төрлийн зүйл уусан байдалтай орж ирсэн. Тэгтэл аав уурлаад ярьдаггүй утсаар яадаг юм гээд хананд савсан утас нь хугараад унасан. Тэгээд ээж уурлаад хэрэлдэж байгаад унтсан. 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ээж цайны ажлын цагаараа цайндаа ирээд гэтэл аав гараашдаа байхад ээж ирээд хэрэлдээд байсан. Би нойл ороод гараад иртэл гэрийн хаалганы үүдэнд аав ээжийг алгадаж байсан. Миний мэдэхээр 1-2 удаа алгадсан. Бас 2-3 удаа ээжийн бөөр болон хөл рүү өшиглөсөн. Тэгээд гэр лүү ортол аав дагаад орсон. Тэгээд ээж зогсож байтал тэр хоёр хэрэлдээд ээж аавыг буйдан дээр дараад хоорондоо хэрэлдээд аав хүчлээд ээжийн нүд рүү нь духаараа мөргөсөн. Тэгээд ээж аавыг дараад байхаар нь аав босъё гээд хоёулаа буйдан дээрээс босоод тэгээд аав чаддаг юм бол цагдаагаа дууд гэхээр нь ээж гараад дэлгүүрт ороод утсаар нь цагдаа дуудсан. Аав, ээж хоёр сүүлийн үед ойр ойрхон хэрэлддэг болсон. Хүүхдүүдтэйгээ зүгээр харилцдаг, асуудал байдаггүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 10/,
Шүүгдэгч Н.Б өгсөн: "2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 18 цагт эхнэр Труу залгаад ажил нь тарж байгаа юм уу, ирэх болж байгаа юм уу гэж асуутал 1 цаг ажлаа хийчхээд харилаа гэсэн. Шөнө 24 цагийн үед над руу эхнэр залгаад ажлын газрын эмэгтэйг гэр лүү нь хүргээд өг гэхээр нь би хүүхдээ харж байсан болохоор хүргэж өгөхгүй гэсэн. Шөнө 01 цагийн үед эхнэр согтуурсан байдалтай гэртээ ирээд ажлын газрын хүүхнийг хүргэж өгсөнгүй гэж надад уурлаад би хоёр маргалдсан, 21 цагаас хойш утсаа авахгүй байж байгаад 24 цагийн үед гэнэт залгаад ажлын хүүхэн хүргэж өг гэсэн болохоор нь уур хүрээд утас хэрэглэхгүй хүнд утсаар яахын гээд утсыг нь булааж аваад, надаас утсаа нэхээд байхаар нь хана руу шидсэн, утас нь савагдаад дундуураа нумраад дэлгэц нь хагарсан байсан. Тэгээд гэрээс гараад явсан. Тэгээд би гадаа гараашдаа хэсэг байж байгаад орж ирэхэд эхнэр хүүхдүүд унтсан байсан. 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр эхнэр 11 цагийн үед гэртээ ирээд утас байхгүй, ажлаа хийж чадахгүй байна надад утас авч өг гэж хэлсэн. Тэгэхээр нь одоо ямар ч боломж байхгүй мөнгө төгрөггүйг мэдэж байж утас нэхлээ гээд хэрэлдсэн. Тэгээд манай эхнэр гэр лүүгээ яваад орсон. 10-20 минутын дараа би гэр лүү ороход надаас дахиад утсаа нэхээд тэгээд би боломжгүй байна гэж хэлээд маргалдаад миний хувцаснаас зулгаагаад миний гар луу 2 удаа маажихаар нь би 1 удаа алгадсан. Тэгтэл намайг зодлоо гээд надтай ноцолдоод энэ тэндгүй маажаад шүршдэг зүлэг усалдаг шаланктай хуванцар хошуугаар миний толгой руу цохисон. Тэгээд би тархи толгойгоо хамгаалах гээд нааш нь цааш нь түлхээд нэлээн ноцолдсон. Тэгээд миний чихнээс цус гарсан байхаар нь тэрийгээ арчаад гэрээс гараад гараашдаа ороод байж байтал гараашийн хаалга гаднаас нь цоожлоод цагдаа дуудсан байсан. Би Түвшинжаргалтай нэг гэрт ороод 14 жил болж байна. Гэрлэлтээ 2008 онд батлуулсан. 13 настай охин, 4 настай хүү, 1 настай охинтой, 3 хүүхэдтэй. Тнь нэг уурлахаараа цочмог уурладаг, бусад үедээ зүгээр байдаг, хүүхдүүдтэйгээ хэвийн харилцдаг. Би тайван зантай, нэг уурлавал цочмогдуу ууртай хүн. Би тухайн үед эрүүл байсан. Эхнэр 6 дугаар сарын 27-ны өдөр алхаа нь гуйвсан нэлээн согтолттой байсан. 6 дугаар сарын 28-нд эхнэр эрүүл байсан. Утас эвддэг өдрөөс өмнө 2-3 өдөр ажил ихтэй гэж 12-с хойш 01 цаг, 04 цагуудад согтуу гэртээ ирж байсан. Тэр болгонд би архи уулаа гэж хэлэхэд би архи уугаагүй би пиво, вино уусан гэж хэлдэг байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй.”,
"Би нүүрэн тус хэсэг рүү цохисон, хөл рүү нь сав шидсэн гэмтэл учруулсан. Би Т эрүүл мэндэд болон өмчлөлд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31, 42/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 06-ний өдрийн 376 дугаартай шинжээчийн: “1.И.Т биед гэмтэл, тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, цээж, зүүн хөх, зүүн дал, зүүн гуянд цус хуралт тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 5. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх 19-20/,
Хөрөнгө үнэлгээний “Хан-Үлэмж’’ ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 22/07-050 дугаартай үнэлгээний тайланд: "Төв аймгийн Зуунмод сумын иргэн И.Т Samsung A52 загварын гар утасны үнэлгээг хохирол нэхэмжлэх зориулалтаар 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн бодит үнэ цэнийг 640 000 /Зургаан зуун дөчин мянган/ төгрөгөөр үнэлэв.” гэжээ /хх 21-24/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тус тус тооцохоор хуульчилсан.
Шүүгдэгч Н.Б гэм буруутай үйлдлийн улмаас түүний эхнэр хохирогч И.Т эрүүл мэндэд "тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, цээж, зүүн хөх, зүүн дал, зүүн гуянд цус хуралт" бүхий хөнгөн хохирол, хохирогчийн эзэмшлийн Samsung A-52 загварын гар утас ашиглах боломжгүй болсон нөхцөл байдал тогтоогдсон.
Шүүгдэгч Н.Б нь гэртээ эхнэр И.Тутсаа авсангүй гэх шалтгаанаар маргалдаж, түүний эзэмшлийн 640 000 төгрөгийн үнэ бүхий Samsung A-52 загварын гар утсыг хана руу шидэж, зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгосон, мөн үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж толгой руу нь мөргөх, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь "тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт, цээж, зүүн хөх, зүүн дал, зүүн гуянд цус хуралт" бүхий Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Шүүгдэгч Н.Б дээрх үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй түүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасан бөгөөд улсын яллагч шүүгдэгчийн дээрх хоёр үйлдэлд тус бүрд нь буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч өөр өөр төрлийн гэмт үйлдлийг өөр өөр цаг хугацаанд өөрөөр хэлбэл 2022 оны 6 дугаар сарын 27-ний шөнийн 01 цагт, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагт тус тус үйлдсэн байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Н.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг , мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт ялыг 2 сараар тогтоох санал гаргасныг,
Шүүгдэгч тусгайлан санал гаргаагүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж улсын яллагчийн шүүгдэгчид оногдуулсан ялын саналыг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрэн хамтран амьдарч байгаа, хохирол төлбөргүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдалд тохирсон гэж үзэн хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.
Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Хохирогч И.Тнь нь хохирол төлбөртэй холбоотой нотлох баримт шүүхэд ирүүлээгүй, гомдол санал байхгүй гэсэн болохыг дурдав.
Эрүүгийн 2234004210366 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Өөлд Намнандоржийн Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Н.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж шүүгдэгч Н.Б зорчих эрхийг хязгаарлах ялын нийт хэмжээг 2 сарын хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Төв аймгийн нутаг дэвсгэрээс зайлшгүй тохиолдолд эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих анхааруулж, түүнд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ