Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 00801

 

       “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00003 дугаар шийдвэртэй, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Э” ХХК-д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний 3.14 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 30 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,

Хөрөнгө ашигласны төлбөрт 8 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч “А” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд тохирч Дотно телевизийг худалдах-худалдан авах гэрээг байгуулан үйл ажиллагаа явуулах эрхийг авсан бөгөөд 1 сарын хугацаанд худалдагч тал гэрээний гол нөхцлийг дагаж мөрдөхгүй дарамтлах, машин унаа өгөхгүй, бусдыг хэл амаар доромжлох, ажилчдын үйл ажиллагаанд саад учруулах, худалдан авагч талын хүсэлт, гэрээнд өөрчлөлт оруулах зарим нөхцлүүдийг үл тоомсорлож, хэт дур зоргоороо аашлах болсон нь гэрээнээс татгалзах нөхцлийг бүрдүүлсэн бөгөөд талууд тохирч гэрээг дуусгавар болгосон боловч урьдчилгаа 30 000 000 төгрөгийг төлөхгүй байна. Талууд маргааны үед Б талын хүсэл зорилго телевизийг худалдан авахыг эрмэлзэж, төлбөрийг талуудын тохиролцоо ёсоор гэрээний хугацаа буюу 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн дотор хэсэгчлэн төлөх ёстой байсан юм. Энэ хугацааны дотор ашиг орлогоо 80/20 хувь, хөтөлбөрийн мн сайтын нэвтрүүлгийг Б тал бэлтгэн нэвтрүүлж, ашгийг 50/50 хувиар авч байх, байрыг 1 жилийн хугацаанд түрээсийн төлбөргүй ашиглахаар гэрээг байгуулсан. Гэтэл А талын гүйцэтгэх захирал Б.Э-ын гэрээг хэрэгжүүлэх хүсэл зорилгогүй Б талын ашиг сонирхлыг хөндсөн дураараа авирлах явдал гаргаж өөрсдийн эрх ашгийг хангаж, нөгөө талыг төөрөгдүүлж, залилан мэхлэх оролдлого гаргаж байна.Талууд түрээсийн гэрээний гол нөхцлийн талаар гэрээнд тусгаагүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх талаар тохирч бүртгэлийн байгууллагаар бүртгүүлэх хуулийн шаардлага хангагдаагүй. Гэрээний 3.14 дэх заалт гэрээний нэг талыг ноцтой төөрөгдөлд оруулж хууран мэхлэх аргаар хийгдсэн заалт гэж үзэх үндэслэлтэй тул 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээний 3.14 заасныг хүчин төгөлдөр бусд тооцож, урьдчилгаа төлбөрт төлсөн 30 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний 3.14 дэх хэсэгт заасан талуудын хооронд гэрээнээс татгалзсан болон түдгэлзсэн тохиолдолд уг гэрээ нь түрээсийн гэрээний журам руу шилжиж, төлбөр шаардах агуулгатай заалт байгаа. Гэрээ ямар учраас хүчин төгөлдөр бус болох талаар Иргэний хуулийн 56, 57 дугаар зүйл тус тус заасан үндэслэл бүрдээгүй. Тухайн үед талууд гэрээ байгуулах хүсэл зориг байсан. Гэрээний заалт нь хуульд нийцсэн. Тийм учраас талуудын хүсэл зоригийг бодитой болгосон заалт тул гэрээний 3.14 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл байхгүй гэж үзэж байна. Манайх гэрээ байгуулагдсан нөгөө талын санаачилгаар гэрээнээс татгалзсан талаар бид нар маргахгүй. Хөөж гаргасан зүйлгүй. Нэхэмжлэгч нь шүүхэд өгсөн баримт дээрээ “Э” ХХК-д хүргүүлж байсан. Бид нар гэрээний хугацааг 2016 оны 7 дугаар сараас дуусгалаа гэх талаар албан бичиг хүргүүлж байсан. 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр талууд эд хөрөнгө хүлээлцсэн актыг үйлдсэн. Тухайн үед гүйцэтгэх захирлын албан тушаал эрхэлж байсан н.Э хөөж гаргасан зүйлгүй. 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс эхлээд 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нийт 1 сар 8 хоног ашигласан. Нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжээгүй. Тухайн үед шинжээч томилуулж байсан. Уг телевизийн сувгийг мөн эзэмшилд шилжүүлсэн. Шинжээчийн дүгнэлтэд тухайн тоног төхөөрөмжүүд, А зэрэглэлийн байрны түрээсийн төлбөр, үл хөдлөх эд хөрөнгөнд нийт 6 000 000 төгрөгийн төлбөр гарсан шинжээчийн дүгнэлтэд маргаагүй. 1 сар 8 хоногийг бодохоор нийт 7 600 000 төгрөг болж байгаа. 8 000 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаас 7 600 000 төгрөгөөс үлдэх хэсэг дээр шийдвэрээ гаргана гэж бодож байна. Талуудын хооронд эд хөрөнгө хүлээлцэх акт үйлдэгдсэн. Энэ актан дээр эд хөрөнгө хүлээлцэх явцдаа нэг ширхэг нөүтбүүкийг дутуу үлдээсэн гэдгээ бичсэн. Нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Нөүтбүүхийг өгөөгүй. 30 000  000 төгрөг авсан дээр маргахгүй гэжээ.

        Хариуцагч “Э” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Худалдах-худалдан авах гэрээний 3.14-т “Б тал хэрэв хийсэн гэрээгээ цуцалсан тохиолдолд энэхүү гэрээ түрээсийн гэрээний нөхцөл рүү шилжиж, ашигласан сараар телевизэд түрээсийн төлбөр төлж, өгсөн мөнгөнөөс тооцож барагдуулна” гэж заасан. Худалдан авагч “А” ХХК нь 2 сарын хугацаагаар манай компанийн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг түүнчлэн телевизийн сувгийг ашиглаж аж ахуйн үйл ажиллагаа явуулсан нь талуудын хөрөнгө хүлээлцсэн акт зэргээр нотлогддог. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний 3.14-т заасантай холбогдож байна. Нэг тал гэрээнээс татгалзсан тохиолдолд тухайн гэрээ нь түрээсийн гэрээр рүү шилжиж, ажилласан сараар бодож төлбөрийг тооцно гэсэн байгаа. Талуудын хооронд гэрээ хэлцэл байгуулагдсан. Үнийн дүн тохиролцоогүй нь түрээсийн төлбөрийг хүчин төгөлдөр бус болох үндэслэл болохгүй үзэж байгаа. Хөрөнгийн үнэлгээний албан ёсны эрхтэйгээр компаниар үнэлгээ хийлгэхэд, яг энэ телевизийн суваг, нийт тоног төхөөрөмжүүдийг түрээслэхэд нийт сарын 6 000 000 төгрөг болох талаар шинжээчийн дүгнэлт гарах болсон. Улсын бүртгэлд бүртгэгдээгүй, нотариатаар гэрчлэгдээгүй гэх асуудал ярьж байна. Мөн түрээсийн төлбөрт Этүгэн дээд сургуулийн зар сурталчилгааг хийж өгнө гэсэн. Түрээсийн төлбөрт зар сурталчилгаа хийж өгнө гэсэн баримт хэрэгт авагдаагүй. Тухайн талбайн түрээс буюу 16 давхарын 3 хэсэг оффис байгаа үл хөдлөх хөрөнгийн түрээсийн төлбөрт хамаарахгүй. Орон зайг түрээсэлсэн гэж үзэж байна. Иймд эд хөрөнгийг 1 сар 8 хоног ашигласан төлбөрт 7 600 000 төгрөгийг гаргуулж өгнө гэжээ.

     Нэхэмжлэгч “А” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Гэрээний 3.14-т заасныг хүчин төгөлдөр бусд тооцох шаардлага нь түрээс гэж үзэж байгаа бол холбогдох бүртгэлийн газар тухайн гэрээг бүртгүүлэх ёстой. Гэтэл уг шаардлагыг хангаагүй учраас хүчин төгөлдөр бус гэж хуульд заасан байна. Гэрээний 3.14-т заасныг бариад манайхаас 7 600 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн үйлдэл үйл ажиллагаа хийгдэж байна. 30 000 000 төгрөгийг нэхэмжлэхээр буцаагаад 8 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Хуулийн 3 гол нөхцөлийг зөрчжээ. 1. түрээсийн гэрээнд шилжүүлэх байсан бол тухайн гэрээг үл хөдлөх бүртгэлийн газар бүртгүүлэх ёстой. 2. гэрээний нөхцөл дээр санал зөрсөн тохиолдолд, шударга ёсны зарчимд нийцүүлэн хүсэл зоригоо илэрхийлэх замаар шийдвэрлэхийг зөвшөөрөхгүй байсан. 3. нэг тал өөрт бэлэн байгаа эд хөрөнгөө буюу түүний зарим хэсгийг нөгөө талын өмчлөлд шилжүүлэх, хязгаартайгаар зарим хэсгийг ашиглуулах, эзэмшүүлэхийг үүрэг хүлээх гэрээнд заавал нотариатаар батлуулна гэж заасан байна. Эдгээр шаардлагыг зөрчсөн тул тус гэрээний 3.14-т зааснаар мөнгө гаргуулах үндэслэлгүй. Энэ нь хуульд нийцэхгүй гэж үзэж байгаа тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-иас 30 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох гэрээний 3.14 дахь хэсэг нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэл, 8 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378 150 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 949 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 307 949 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх шаардлага тус бүрд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгохдоо эрх зүйн дүгнэлт өгсөн атлаа бичгээр гаргасан шийдвэртээ зарим хэсгийг шийдвэртээ тусгаагүй орхигдуулсан нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг шийдвэрлэх хуулийн зохицуулалтыг зөрчсөн, түүнчлэн хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

      Шүүхийн сөрөг нэхэмжлэлд дурдсөн дүгнэлт нь гэрээний эрх зүйн үндсэн зарчим буюу Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн бөгөөд дүгнэлт өгөхдөө талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүсэл зориг, гэрээний зохицуулалт, гэрээний дагуу тухайн үед бий болсон эрх зүйн үр дагавар зэргийг харгалзан үзээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад эрх зүйн дүгнэлт өгөхдөө зөвхөн талуудын байгуулагдсан гэрээний 3.14-т тохиролцсныг үндэслэсэн хэдий ч гэрээний бусад зохицуулалт тухайлбал худалдагчид хэдийд өмчлөх эрх үүсэх, өмчлөх эрх үүсэхээс өмнөх харилцааг хэрхэн зохицуулахаар тохиролцсон талаарх талуудын хүсэл зоригийг харгалзан үзээгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний нь "Гэрээ" хэмээн нэрлэгдсэн байх бөгөөд гэрээний 1.1-т "Гэрээний нөхцлийн дагуу "А" тал телевизийн тоног төхөөрөмж ба түүнтэй холбоотой баримт бичгийг 100 хувь төлбөр барагдуулж дууссан нөхцөлд "Б" талын өмчлөлд шилжүүлэх ба "Б" тал хөрөнгийг эхний ээлжинд түрээсийн журмаар хүлээн авч ажилуулан төлбөрийг барагдуулж дуусгана" хэмээн тохиролцжээ. Гэрээний дагуу хэдийд өмчлөх эрх үүсэх, өмчлөх эрх үүсэх хүртэлх хугацаанд ямар гэрээний зохицуулалтаар харилцааг зохицуулах нь гэрээний талуудын чөлөөтэй тохиролцох нөхцөл бөгөөд үүнийг үүрэг солих зохицуулалттай холбон тайлбарласан шүүхийн дүгнэлт үндэслэлгүй бөгөөд талуудын гэрээ байгуулах хүсэл зориг, түүний бодит илэрхийллийг тайлбарлаагүй байна.

          Түрээсийн гэрээний нөхцөл нь тодорхойгүй тул гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй хэмээн үзсэн боловч "Э" ХХК-аас "А" ХХК-д шилжүүлсэн хөрөнгө нь хөрөнгө хүлээлцэх акт болон хөрөнгийн үнэлгээний байгууллагын дүгнэлтэд тодорхой тусгагдсан, энэ талаар талууд маргаагүй, түрээсийн төлбөрийн зах зээлийн ханшийг шүүхээс томилсон үнэлгээний байгууллага тогтоосон, гэрээнд талуудын эдлэх эрх, үүрэг, хариуцлагыг тусгайлан тохиролцоогүй гэх боловч Иргэний хуульд талуудын эрх, үүргийг зохицуулсан тул шүүхийн дээрх дүгнэлтийг хулээн зөвшөөрөхгүй.

          Шүүхээс шийдвэрийг уншиж сонсгохдоо сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлээ түрээсийн гэрээ, гэм хор, үндэслэлгүйгээр хөрөнгөжих зохицуулалт тус бүрт эрх зүйн дүгнэлт өгч шийдвэрлэсэн атал бичгээр гаргасан шийдвэртээ үндэслэлгүйгээр хөрөнгөжих талаар өгсөн эрх зүйн дүгнэлтийг бүхэлд нь орхигдуулж шийдвэрлэсэн нь амаар уншиж сонсгосон шийдвэр, бичгээр гаргасан шийдвэр хооронд зөрүүтэй байдлыг бий болгож улмаар нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэх үүргээ шүүхээс зөрчихөд хургэсэн нь процессын гэж үзэж байиа. Учир нь гэрээнээс татгалзсантай холбогдуулан нэхэмжлэгч байгуулллага нь гэрээний урьдчилгаа 30 000 000 төгрөгийг бүрэн авч харин хариуцагчийн эд хөрөнгийг 39 хоногийн турш үнэ төлбөргүй ашиглах эрх "А" ХХК-д байхгүй бөгөөд  өөрөөс  гарах  зардлаа  хэмнэх  замаар  үндэслэлгүйгээр  хөрөнгөжсөн гэж шүүх хуралдаанд тайлбарласан. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “А” ХХК нь “Э” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний 3.14 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 30 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хөрөнгө ашигласны төлбөрт 8 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

       Талуудын хооронд 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан гэрээгээр хариуцагч “Э” ХХК нь телевизийн тусгай зөвшөөрөл, телевизийн тоног төхөөрөмж, үйл ажиллагаа явуулах эрх, 95-19 УНД улсын дугаартай Prius-20 маркийн автомашиныг нэхэмжлэгч “А” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч гэрээний зүйлийг хүлээн авч, төлбөрийг хэсэгчлэн төлөх буюу эхний ээлжинд нийт үнийн дүн 300 000 000 төгрөгийн 10 хувь буюу 30 000 000 төгрөгийг төлж, үлдэх 270 000 000 төгрөгийг 1 жилийн дотор төлөх үүрэг тус тус хүлээжээ. /хх 19-21/

     Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна.

       Талууд уг гэрээний дагуу хариуцагч “Э” ХХК нь телевизийн тусгай зөвшөөрөл, тоног төхөөрөмжийг шилжүүлж, харин 95-19 УНД улсын дугаартай Prius-20 маркийн автомашиныг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Харин нэхэмжлэгч гэрээний урьдчилгаа төлбөр болох 30 000 000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар маргаагүй.

  Хариуцагч байгууллага гэрээний дагуу Prius-20 маркийн автомашиныг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болон гэрээний үүргийг биелүүлэхэд саад учруулсан бусад нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж, шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгө болох 30 000 000 төгрөгөө буцаан шаардсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

         Нэхэмжлэгч ”А” ХХК нь талуудын хооронд гэрээ байгуулагдсан 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гэрээнд заасан эд хөрөнгийг хүлээж авсан бөгөөд хариуцагч байгууллагад 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс гэрээнээс татгалзсан мэдэгдэл өгсөн болох нь нэхэмжлэгч байгууллагын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн мэдэгдэл, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн тоног төхөөрөмжийг хүлээлцсэн акт зэрэг баримтаар тогтоогдож байх /хх-61-62/ тул энэ хугацаанд нэхэмжлэгч байгууллага уг эд хөрөнгүүдийг ашигласан гэж үзнэ.

     Тиймээс хариуцагч ”Э” ХХК нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлоо  шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулагдсан 2016 оны 06 дугаар зүйлийн 09-ний өдрөөс гэрээнээс татгалзах мэдэгдэл өгсөн 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл уг эд хөрөнгийг 1 сар 7 хоногийн хугацаанд нэхэмжлэгч ашигласан гэж үзэх үндэслэлтэй.

    Энэ талаар мэргэжлийн шинжилгээний байгууллага болох “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн гаргасан дүгнэлтийг буруутгаж, няцаасан баримтыг нэхэмжлэгч талаас гаргаагүй бөгөөд уг баримтаар телевизийн үйл ажиллагаа явуулж байгаа барилга, телевизийн сувгийг түрээсэлсэн тохиолдолд нэг сарын ашиглалтын зах зээлийн үнэ 6 000 000 төгрөг байна. Иймд нэхэмжлэгч байгууллага нь дээрх эд хөрөнгийг 1 сар 7 хоног ашигласан гэж тооцвол нийт 7 400 000 төгрөгийг хариуцагч байгууллагад төлөх үндэслэлтэй байна.

    Хариуцагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгийг бодитойгоор ашигласан байдал тогтоогдсон, уг ашиглалттай холбоотой төлбөрийг төлөхгүй байх боломжгүй. Энэ талаар тодорхой үнийг гэрээний 3.14-т заагаагүй боловч зах зээлийн үнээр тодорхойлох боломжтой юм.   

          Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00003 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-иас 30 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэгч “А” ХХК-иас 7 400 000 төгрөг гаргуулж, хариуцагч “Э” ХХК-д тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний 3.14 дахь хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 600 000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

          2 дахь заалтад “олгосугай” гэснийг олгож, нэхэмжлэгч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 133 350 төгрөгийг гаргуулж, хариуцагч “Э” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                 ШҮҮГЧИД                                       Т.ТУЯА

                                                                                                         Д.БАЙГАЛМАА