| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2025/0081/З |
| Дугаар | 221/МА2025/0426 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2025/0426
Б.М-гийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч Ж.С
Гомдлын шаардлага: “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.С-гийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0043274 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 378 дугаар шийдвэр
Гомдол гаргагч: Б.М
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.С-
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Б, хариуцагч Ж.С-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г
Хэргийн индекс: 128/2025/0081/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч Б.М- нь “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.С-гийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0043274 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 378 дугаар шийдвэрээр “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.12, 6.22, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2 дахь хэсэг, мөн хэсгийн 2.1 дэх заалт, 6.4 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Б.М-гийн Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.С-гийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0043274 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
3.1. “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3-т “Хэдийгээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх үүргээ зөрчсөн шийтгэл оногдуулах эрх нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.12-т зааснаар татварын улсын байцаагчийн харьяалалд хамаарах боловч Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар сонгуулийн зардлын тайланд хувийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх биелүүлээгүй буюу Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д заасан шийтгэлийг оногдуулах эрх нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.22-т зааснаар нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчид хамаарч байна гэж дүгнэжээ.
3.1.1. Үндэсний Аудитын газрын 2024 оны 09 дүгээр сарын 25- ны өдрийн 01/1924 дугаартай “Зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай" албан бичгээр Эрх чөлөөний эвсэл намын 43 нэр дэвшигчээс 40 нэр дэвшигч данс нээгээгүй, зардал гаргаагүй сонгуулийн зардлын тайланг хуулийн хугацаанд аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргаж ирүүлээгүй гэсэн гомдлын ерөнхий утгыг зөрчлийн хэрэг нээх тогтоол болон шийтгэлийн хуудсанд дурдсан байхад өөрт хамааралгүй зөрчлийг шалгаж шийтгэл оногдуулсан гэж үзсэн нь хэтэрхий нэг талыг харсан өрөөсгөл дүгнэлт хийсэн. Мөн Татварын улсын байцаагч Ж.С- 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0043274 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д заасан шийтгэл оногдуулаагүй бөгөөд Шийтгэлийн хуудасны ШИЙДВЭРЛЭХ нь хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу... гэж хуулийн үндэслэлээ тодорхой бичиж, зөв зүйлчилж шийтгэл оногдуулсан байтал Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх татварын улсын байцаагчийг өөрт хамааралгүй зөрчилд хариуцлага тооцсон гэж үзсэн нь үндэслэлгүй юм.
3.2 Татварын ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01/2286 дугаар албан бичгийг дотоод сүлжээгээр (ЕRР системээр) Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 15:16 цагт хүлээн авсан хэдий ч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Дараах тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна”, гэж заасны дагуу татварын улсын байцаагч Ж.А гомдол, мэдээллийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч Прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд гомдол, мэдээллийг бүртгүүлсэн талаарх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт нотлох баримтаар бэхжүүлсэн байдаг. Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 3-т “Амаар шууд, эсхүл харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг тэмдэглэл үйлдэн хүлээн авна. Тэмдэглэлд энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан мэдээллийг тусгаж, хүлээн авсан эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурна” гэсний дагуу татварын улсын байцаагч Ж.А гарын үсэг зурсан бөгөөд энэ хуулийн 2.1-т “гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх;” гэж заасныг үндэслэн ажлын 3 өдрийн дотор харьяаллын дагуу шилжүүлэх санал гаргаж, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан хяналт шалгалтын тасгийн дарга Ц.Т 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шилжүүлэх тухай тогтоолоор шилжүүлсэн. Энэ нь эрх бүхий албан тушаалтныг өөрчилсөн шийдвэр гараагүй гэснийг үгүйсгэх үндэслэл болно. (тус тогтоол үйлдэгдсэн боловч хэрэгт хавсаргагдаагүй талаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд тайлбарласан болно)
3.2.1 Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Зөрчлийн хэрэг бүртгэлтийн удирдах албан тушаалтан Ц.Т-ын тогтоолоор зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан Ж.С- гомдол мэдээллийг хүлээн авч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д “зөрчлийн хэрэг нээх” гэснийг үндэслэн зөрчлийн хэрэг нээх шийдвэрийг гаргаж 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн нь хугацаа алдаагүй хуульд нийцсэн гэж үзэж байна.
3.2.2 Өөрөөр хэлбэл, эрх бүхий албан тушаалтан Ж.С- хэрэг бүртгэлтийн явцад нэр дэвшигч Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна”, 51.3-т “Нам, эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ”, 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй;” гэж заасныг зөрчсөн үйлдэл эс үйлдэхүй нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болж, мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байсан тул Эрх чөлөөний эвсэл намаас Улсын Их Хурлын сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшигч Б.М-гийн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй байсан тул хуульд заасан хариуцлага тооцсон болно.
3.3. Түүнчлэн “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгосноор холбогдогч хуулийн этгээдийн үйлдсэн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсгийн “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн” гэх зөрчил нь үгүйсгэгдэхгүй бөгөөд шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй, мөн хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас холбогдогч хуулийн этгээдэд оногдуулсан торгох шийтгэл нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн ..., хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх”, 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасан зарчмуудад нийцсэн байна гэж үзэж байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.С-гийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0043274 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эргэн харж хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангасан байна.
3. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлын шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
3.1 Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.С-гийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0043274 дүгээр шийтгэлийн хуудсаар Б.М-г Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасны дагуу 10.000.000 төгрөгөөр” торгох шийтгэл ногдуулжээ.
3.2. Гомдол гаргагч Б.М- нь дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан бөгөөд гомдлын үндэслэлээ “...би сонгуулийн зардлын данс нээгээгүй. Зардлын данс нээгээгүй тул түүнийг бүртгүүлэх үүрэг үүсэхгүй буюу бүртгүүлэх бодит боломж байхгүй билээ. Өөрөөр хэлбэл, зардлын данс нээгээгүй нэр дэвшигчээс данс бүртгүүлэхийг шаардах үндэслэлгүй болно. Иймд намайг зардлын данс бүртгүүлээгүй хэмээн буруутгаж буй нь үндэслэлгүй” гэж, хариуцагчаас “...Данснаас зардал гаргахгүй ч гэсэн заавал тайлан гаргах, данс нээхийг Сонгуулийн тухай хуулиар үүрэг болгосон учраас данс нээж, тэрийгээ заавал бүртгүүлэх үүрэгтэй ... Б.М- нь сонгуулийн зардлын данс нээх, бүртгүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн нь тогтоогдсон” гэж маргажээ.
3.3. Анхан шатны шүүх “... Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг буюу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй гэж заасныг зөрчсөн гэж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар 10,000,000 төгрөгөөр торгосон гэж тайлбарлаж байх боловч зөрчлийн хэрэг нээсэн тогтоолд ...Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасан нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ гэсэн заалтыг зөрчсөн гэх үйлдэлд нэмэлт нотлох баримт цуглуулж зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагатай гэж үндэслэлээ тодорхойлсон нь өөрийн харьяалалд хамаарахгүй асуудлаар шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж үзэхээр байна … Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 15:16 цагт хүлээн авч татварын улсын байцаагч Ж.Ариунзул 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гомдол мэдээллийг бүртгэсэн байхад татварын улсын байцаагч Ж.С-гийн зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авснаар дурдаж, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн байна. Дээрх хуулийн заалт болон нөхцөл байдлаас үзэхэд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар ажлын 5 өдрийн шийдвэр гаргах ба дүүргийн татварын хэлтэс хүлээн авсан 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс ажлын 5 хоногийг тооцохоор мөн сарын 23-ны өдрийн 24 цагаар шийдвэр гаргах хугацаа дуусжээ” гэж дүгнэж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
4. Хариуцагчийн “Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу гэж хуулийн үндэслэлээ тодорхой бичиж зөв зүйлчилсэн байхад анхан шатны шүүх татварын улсын байцаагчийг өөрт хамааралгүй зөрчилд хариуцлага тооцсон гэж үзсэн нь үндэслэлгүй гэх гомдлын шаардлагын тухайд:
4.1 Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т “татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 7.5 дугаар зүйл, 7.10, 7.11, 7.12, 7.13 дугаар зүйл, 7.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 9.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 10.6 дугаар зүйл, 11.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 11.19, 11.24 дүгээр зүйл, 14.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.4 дүгээр зүйл, 17.1 дүгээр зүйлийн 21, 22, 24 дэх хэсэгт заасан зөрчил;”-ийг харьяалан шийдвэрлэхээр буюу татварын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан буюу сонгуулийн зардлын данс нээгээгүй гэх зөрчлийг шалган шийдвэрлэж шийтгэл ногдуулах эрх хэмжээтэй байна.
4.1.1 Гэтэл маргаан бүхий шийтгэлийн хуудасны Олсон нь хэсэгт “Эрх чөлөөний эвсэл” намын нэр дэвшигч Б.М- нь сонгуулийн зардлын тайланд аудит хийлгээгүй, данс нээгээгүй, хуулийн хугацаанд аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргаж ирүүлээгүй гэх үндэслэлийг дурдан, өөрт олгогдоогүй эрх хэмжээг эдлэн торгох шийтгэл ногдуулсан нь хуульд нийцээгүй байна.
4.1.2 Өөрөөр хэлбэл, сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол татварын улсын байцаагч шийтгэл оногдуулах, харин сонгуулийн зардлын тайланд аудит хийлгээгүй, хуулийн хугацаанд аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргаж ирүүлээгүй бол нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч шийтгэл ногдуулах хуулийн зохицуулалттай байхад хариуцагчаас сонгуулийн зардлын дансанд аудит хийлгээгүй, хуулийн хугацаанд аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулаагүй гэх үндэслэлийг олж тогтоон өөрийн эрх хэмжээнд хамааралгүй зөрчлийг шалгаж тогтоон хариуцлага ногдуулж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны байгууллагын үйл ажиллагаандаа баримтлах зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
4.1.3 Зүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1-т “Зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл тухайн байгууллагын харьяаллын бус болох нь тогтоогдвол зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан ажлын 3 өдрийн дотор харьяаллын дагуу шилжүүлж, прокурорын нэгдсэн бүртгэлд даруй бүртгүүлнэ” гэж заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан ажлын 3 өдрийн дотор шилжүүлэх үүрэгтэй байх бөгөөд хариуцагч нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй, өөрт олгогдсон эрх хэмжээг хэтрүүлэн шалгалтын ажиллагаа явуулан шийтгэлийн хуудас үйлдсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн байх тул гомдлын энэхүү шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй.
4.2 Гомдол мэдээллийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ж.Ариунзул хүлээн авч прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд зөрчлийн хэрэг бүртгэлтийн удирдах албан тушаалтан хяналт шалгалтын тасгийн дарга Ц.Түвшинбаяр 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зөрчлийн талаарх гомдол мэдээллийг шилжүүлэх тухай тогтоолоор шилжүүлсэн, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн нь хугацаа алдаагүй гэх гомдлын шаардлагын тухайд:
4.2.1 Хариуцагчаас гомдол мэдээллийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зөрчлийн талаар амаар болон харилцааны холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай баримтыг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөр огноолж Ж.Ариунзул гарын үсэг зурсан байх бөгөөд үүнээс хойш 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр татварын улсын байцаагч Ж.С- зөрчлийн хэрэг нээсэн байдлаас дүгнэхэд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
4.2.2 Түүнчлэн хариуцагчаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн удирдах албан тушаалтан хяналт шалгалтын тасгийн дарга Ц.Түвшинбаяр 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зөрчлийн талаарх гомдол мэдээллийг шилжүүлэх тухай тогтоолоор шилжүүлсэн гэж тайлбарладаг, татварын улсын байцаагч Ж.Ариунзулаас Ж.С-д шилжүүлсэн боловч хэрэгт энэ талаар нотлох баримт байхгүй, уг баримтыг гаргаж өгөх боломжгүй талаар хариуцагчаас удаа дараа тайлбарладаг бөгөөд нэгэнт эрх бүхий албан тушаалтнаас гомдол мэдээлэл шилжүүлсэн баримт байхгүй, нөгөөтээгүүр гомдол мэдээллийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх энэ тохиолдолд “…тус тогтоол үйлдэгдсэн боловч хэрэгт хавсаргагдаагүй” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.
4.3 Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосноор Б.М-гийн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчил үгүйсгэгдэхгүй, шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэх гомдлын шаардлагын тухайд:
4.3.1 Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-д “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна”, 51 дүгээр зүйлийн 51.1.1-д “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна”, 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
4.3.2 Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд сонгуульд оролцож байгаа нам, эвсэл нэр дэвшигч нь сонгуульд хэрэглэгдэх зардлыг хуульд заасны дагуу данс нээлгэж, түүнд төвлөрүүлэн зарцуулахаар байх бөгөөд ийнхүү сонгуулийн зардлын нэг данс нээж, бүртгүүлэх нь нэр дэвшигчид санхүүгийн хувьд харьцангуй тэгш байдалтай сонгуульд өрсөлдөх, хууль бус санхүүжилтийг хязгаарлах, сонгуулийн явцад хууль бус сурталчилгаа болон үйл ажиллагаанд мөнгөн хөрөнгө зарцуулахаас урьдчилсан сэргийлж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.3-т заасан шударга ёсыг сахих зарчмыг хангах зорилготой байна.
4.3.3 Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Эрх Чөлөөний эвсэл намын Сенатын 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн С/05 дугаар “Эрх Чөлөөний Эвсэл намаас нэр дэвшигчид Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох үйл ажиллагааны тухай” тогтоолоор Эрх Чөлөөний Эвсэл намаас сонгуульд нэр дэвшигч тус бүрээр аль нэг банканд зардлын /хандивын/ данс нээлгэх шаардлагагүй, бэлэн болон бэлэн бус хандив авахгүй байхаар хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, Сонгуулийн ерөнхий хороо болон Үндэсний аудитын газарт бүртгэлтэй Эрх Чөлөөний Эвсэл намын нэг дансаар сонгуулийн сурталчилгааны зардлыг нэгдсэн байдлаар хөтлөн явуулж, хуульд заасан хугацаанд холбогдох төрийн байгууллагад тайлангаа хүргүүлэхийг Удирдах зөвлөлд даалгаж шийдвэрлэжээ.
4.3.4 Уг шийдвэрийн дагуу Эрх Чөлөөний Эвсэл нам нь зардлын данс нээлгэж Үндэсний аудитын газарт бүртгүүлсэн төдийгүй гомдол гаргагч Б.М- нь Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохдоо өөрийн нэрээр зардлын данс нээлгээгүй нь түүний нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлангаар тогтоогдож байна.
4.3.5 Өөрөөр хэлбэл, гомдол гаргагч Б.М- нь намын гишүүдийн хуралдаанаар хэлэлцэн гаргасан шийдвэрийн дагуу сонгуулийн зардлын данс нээлгээгүй бөгөөд ямар нэг байдлаар хандив аваагүй, сурталчилгаанд шаардлагатай зардлыг өөрийн данснаас зарцуулаагүй, бэлэн болон бэлэн бус хандив аваагүй, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд шаардлагатай зардлыг дээр дурдсаны дагуу нам, эвсэл өөрийн хөрөнгийн эх үүсвэрээс бүрдүүлж, улмаар нам эвслийн сонгуулийн зардлын данснаас зарцуулж байсан энэ тохиолдолд нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансыг нээлгэх, бүртгүүлэх, холбогдох байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээхээргүй байх тул гомдол гаргагч Б.М-г Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж буруутгахааргүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 378 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ