| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2023/0154/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/162 |
| Огноо | 2023-04-14 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Цэрэнтогтох |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/162
2023 4 14 2023/ШЦТ/162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэрэнтогтох,
Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч О.Б-д холбогдох эрүүгийн дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б, 1997 оны 6 дугаар 20-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 456 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд "Тоёота приус 20" маркийн 74-37 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэр Хүй 7 худаг гэх газар асфальтан зам дээр Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалт "жолооч замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна." гэснийг зөрчиж "Тоёота приус 20” маркийн 39-31 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган иргэн *******ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч *******ийн өгсөн: “Би 2022 оны 11 сарын 24-ний өдөр нөхөр Мөнхбат, зорчигч Баасанжав, түүний хүү Цэдэндорж, зорчигч Энхтуяа бид 5 Булган аймгийн Баяннуур сумаас Улаанбаатар хот руу 10 цагийн үед өөрийн охин М.Түвшинжаргалын нэр дээр байдаг 39-31 УНЦ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Тэгээд явж байхад Төв аймгийн Аргалант сумын нутагт явж байтал өөдөөс 74- 37 УАН улсын дугаартай цэнхэр өнгийн Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд миний унаж явсан тээврийн хэрэгслийн зүүн урд хэсэг рүү мөргөж би машинаа явж байсан газраа зогсоох арга хэмжээ авсан. Тэгээд миний суудлын бүсний түгжээ гацсан байсан учир манай нөхөр Мөнхбат бууж ирж миний суудлын бүсний түгжээг гаргаж хойно сууж явсан зорчигчдыг жолооч талын хаалгаар гаргасан. Тэгээд би машинаас буугаад нөгөө машин дээр яваад очтол жолооч машин дотроо сууж байхаар нь "Яаж яваад байгаа юм бэ" гэхэд та өөрөө мөргөсөн биз дээ гэхээр нь юм ярилгүй цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн. Хэсэг хугацааны дараа цагдаа ирсэн. Би машин жолоодож явсан. Машины зүүн урд талын суудалд зорчигч Энхтуяа сууж явсан. Арын суудалд нөхөр Мөнхбат машины голд зорчигч Цэдэндорж, машины зүүн ар талд зорчигч Баасанжав нар сууж явсан. Миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл 60км/ц-н хурдтай явж байсан. Миний өвчүү хугаралтай, зүүн талын гарын алга зүсэгдсэн гэмтэл учирсан. Би болон миний хажууд сууж явсан Энхтуяа бид 2 суудлын бүс зүүсэн байсан. Харин арын суудалд явж байсан зорчигч нар суудлын бүс зүүгээгүй. Тухайн осол өдөр 13 цагийн үед болсон. Тухайн үед цас ороогүй, халтиргаа гулгаа байхгүй, үзэгдэх орчин хэвийн байсан. 74-37 УАН улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч урсгал сөрж өөдөөс мөргөсөн учраас буруутай гэж бодож байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Эмчилгээний зардалтай холбоотой мөнгийг жолоочоос гаргуулж авна.
Осол болох үед миний жолоодож явсан 39-31 УНЦ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслээ 2019 оны 12 дугаар сард би Улаанбаатар хотоос 10.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн үед Улаанбаатар хотын дугаар авах гээд өөрийн охин Мөнхбатын Түвшинжаргалын нэр дээр гэрчилгээг нь гаргуулсан. Уг машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь Түвшинжаргалын нэр дээр байсан боловч би өмчлөгч, эзэмшигч нь байгаа юм. Осол гарсны дараа би шинэ машин авхуулна гээд миний 39-31 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн залуу болох Бтай тохиролцсон. Тэгээд Бд өгчихсөн. Би Бйг хэнд хэдэн төгрөгөөр худалдсан эсэхийг нь мэдэхгүй байна. Б гэх залуу миний эрүүл мэндэд учирсан хохирлыг бүрэн барагдуулсан учир надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх 17, 21-22/,
Иргэний нэхэмжлэгч М.Түвшинжаргалын өгсөн: “Улаанбаатар хотоос хувь хүнээс зарын дагуу 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 9.800.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би уг машины эзэмшигч боловч өөрийн төрсөн ээж Мөнхцэцэг унаж хэрэглэдэг юм. Миний ээж Мөнхцэцэг нь миний нэр дээр уг машиныг худалдаж авч байсан. Би өөрийн тээврийн хэрэгслийн хохирлын бүрэн барагдуулж авсан тул одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх 27/,
Гэрч О.Баасанжавын өгсөн: “Би 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баяннуур сумаас Улаанбаатар хот руу цэргийн хүүхдийнхээ тангаргийн баярт оролцохоор бага хүү Цэдэндоржийн хамт Баяннуур сумын танил Мөнхцэцэгийн машинд зорчиж Төв аймгийн Аргалант сумын нутаг Хүй долоон худгийн урд засмал зам дээр явж байтал гэнэт түс тас хийгээд машин мөргөлдчихсөн. Тэгээд юу болов гээд хаалгаа онгойлгоод буусан чинь манай хүү Цэдэндорж уйлсан харсан чинь хөмсөгнийх нь ойролцоо жижиг шил зоогдчихсон цус гарчихсан байсан. Ингээд би осол болсны дараа хүүхдээ аваад шууд гэмтлийн эмнэлэг явсан. Эмнэлэгт очоод хүүхдийн бүх зургийг авхуулсан. Тэгтэл хөмсөгнийх нь ойролцоо шил орчихсон байна гээд зүсэлт хийлгэж авсан. Тухайн тээврийн хэрэгсэлд Мөнхцэцэг машинаа жолоодоод жолоочийн эсрэг талд урд суудалд нэг настай эмэгтэй, хойд суудалд Мөнхцэцэгийн нөхөр Мөнхбат, манай сумын сургуулийн багш Цэндээхүү, би хүү Цэдэндоржийн хамт суучихсан байсан. Би осол болох үед унтаж байсан. Миний биед ямар нэгэн зовуурь байхгүй. Осол болох үед ямар нэгэн гэмтэл, бэртэл аваагүй. Миний хүү Цэдэндорж одоо 8 настай. Миний хүүгийн биеийн байдал хэвийн байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 36-37/,
Гэрч Ц.Мөнхбатын өгсөн: “Би 2022 оны 11 сарын 24-ний өдөр өдөр эхнэр *******, зорчигч Баасанжав, түүний хүү Цэдэндорж, зорчигч Энхтуяа бид 5 Булган аймгийн Баяннуур сумаас Улаанбаатар хот руу 10 цагийн үед өөрийн охин М.Түвшинжаргалын нэр дээр байдаг 39-31 УНУ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг эхнэр ******* жолоодож явсан. Тэгээд би тухайн үед ээлжийн ажлаасаа буугаад ядарсан байсан тул машин дотор хэсэг дуг хийгээд явж байхад гэнэт нь осол болоод би сэрсэн. Тэгээд би машинаас буугаад эхнэр *******ийн суудлын бүсийн түгжээг гаргаж өгөөд буулгаад дараа нь би жолоочийн хажууд урд суудалд сууж явсан. Энхтуяа эгчийг жолоочийн хаалгаар гаргасан. Тэгээд эхнэр Мөнхцэцэг нь нөгөө машины жолоочтой ярилцаад цагдаа дуудсан. Би унтаж байсан болохоор тэр талаар сайн мэдэхгүй байна. 74-37 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрж өөдөөс мөргөсөн учир буруутай гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх 39/,
Шүүгдэгчийн О.Б-йн өгсөн: “Би Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа. Тогтоолыг ойлгосон. Тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Баримтаар гаргаж өгсөн хохирлыг ойрын хугацаанд төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх 86/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 652 дугаартай шинжээчийн: “1.*******ийн биед өвчүү ясны хугарал, зүүн гарын алганд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь машин дотор үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Архаг хууч өвчин тогтоох боломжгүй.” гэх дүгнэлт /хх 50-51/,
Мастер үнэлгээ ХХК-н 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан: “Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн шууд зардал 5 560 000 төгрөг, шууд бус зардал 1 351 900 төгрөг, үнэлгээгээр тогтоосон дүн 6 911 900 төгрөг.” гэх /хх 63/,
“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 23/03 дугаартай шинжээчийн: “1.Toyota Prius-20 маркийн 74-37 УАН улсын дугаартай автомашины жолооч О.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 "Жолооч ... замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Toyota Prius-20 маркийн 39-31 УНУ улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3.Toyota Prius-20 маркийн 74-37 УАН улсын дугаартай автомашины жолооч О.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтыг зөрчин эсрэг урсгалд орсны улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. 4.Уг осол болоход цаг агаарын нөхцөл байдал нөлөөлсөн байх үндэслэлтэй.” гэх дүгнэлт /хх 72-73/, зам тээврийн ослын фото зургийн үзүүлэлтүүд /хх 8-10/, зам тээврийн ослын газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-9/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээс түүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч О.Б-г гэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч хохирогч *******т эмчилгээний зардалд 800 000 төгрөг, автоамашины хохиролд 4 500 000 төгрөг тус тус нөхөн төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч О.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч О.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч О.Бд ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.
Шүүгдэгч О.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хурдан зээрд Очирхуягийн Б-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч О.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан 800 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ