| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2023/0137/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/161 |
| Огноо | 2023-04-14 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Ц.Сонинмөнх |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/161
2023 4 14 2022/ШЦТ/161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх,
Хохирогч Д.З,
Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Боржигон Даваадоржийн Ээд холбогдох эрүүгийн дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Э, 1984 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Өгөөмөр хүлэг” хоршоонд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, pегистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Э нь согтуугаар 2023 оны 3 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө 00 цагийн үед Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг Уйлантын 10-43 тоотод байрлах гэртээ эхнэр Д.З-тай тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч Д.З-гийн өгсөн: “2023 оны 3 дугаар сарын 08-ны орой 21 цагийн үед нөхөн Э болон хоёр хүүхдийн хамт Төв аймгийн Батсүмбэр суманд гэртээ байж байгаад айлд очоод буцаад 00 цаг өнгөрч байхад гэртээ ирээд байж байгаад нөхөртэй муудалцаад нөхөр болон Э миний биед халдаж зодсон. Би нөхөр болох Ээд зодуулснаас болж цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн өдөр баярын өдөр байсан тул нөхөр бид хоёр айлд очихдоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд гэртээ ирээд гэр бүлээ чи авч явж байгаа, би авч явж байгаа гээд үл ялих зүйлээс болж маргалдан улмаар Э миний биед халдсан. Э миний нүүр болон хамар хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон. Нуруу хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Э миний нүүр болон хамар хэсэг рүү цохисны улмаас миний хамар гэмтсэн. Тамир гэх найзынхаас гараад гэрт ирээд тухайн асуудал үүссэн. Тухайн асуудал болоход манай гэрт манай хадам ээж Авирмэд, нөхөр Э бид гурав байсан. Өөр хүн байгаагүй. Э бид хоёр 18 жил хамт амьдарч байна. Бид дундаасаа гурван хүүхэдтэй. Э бид хоёр хоорондоо маргалдах асуудал их гардаг. Манай нөхөр Э тэр болгон миний биед халдаж зодоод байдаггүй. Үе үехэн миний биед халдах тохиолдол гардаг. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шалгаж өгнө үү.
Би 1.100.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний зардлыг манай нөхөр Э гаргасан. Одоо Э бид хоёрын хоорондын харилцаа хэвийн болсон. Тухайн асуудал болоход бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж маргалдсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх 5-6, 8/,
Гэрч Т.Авирмэдийн өгсөн: “2023 оны 03 сарын 08-ны өдөр буюу мартын 8-ны баярын өдөр 18 цагийн үед ойрхон гарчхаад ирье гээд Э, З хоёр гараад явсан. Би хоёр хүүхдийг нь хараад гэртээ үлдсэн. Тэгээд шөнө 00 цагийн үед хоёр ач маань манай гэрт унтаад би сэрүүн хэвтэж байтал Э, З хоёр гаднаас ирээд гэр лүүгээ орсон. Тухайн үед би гадагш гарч бие засаад буцаад орох гэтэл Э, З хоёр гэртээ маргалдаад байгаа бололтой чанга чанга дуугараад байхаар нь би яваад ортол бэр Згийн хамраас цус гарсан байдалтай байж байхаар нь нүүр гарыг нь угааж өгөөд хажуу гэрлүүгээ аваад орсон. Гэртээ ороод бэр Зг тайвшруулаад байж байтал гаднаас Э орж ирсэн. Тэгээд бид гурав байж байгаад хоёр хүүхдийг тайвшруулаад нилээн гайгүй болохоор нь гадагшаа агаарт гарчхаад буцаад ортол бэр З, Э намайг дахиад цохичихлоо гээд уйлчихсан байж байсан. Тэгээд би хоёр хүүхдийг тайвшруулсан. Би яг цохих үед байгаагүй.” гэх мэдүүлэг /хх 10-11/,
Шүүгдэгч Д.Эийн өгсөн: “Уг гэмтлүүдийг би учруулсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх 28/,
Төв аймаг дах шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 140 дугаартай шинжээчийн: “1.Д.Згийн биед их тархины баруун болон зүүн тал бөмбөлгийн цэгчилсэн цус хуралт, няцрал, зүүн X хавирганы зөрүүгүй хугарал, зүүн XI хавирганы зөрүүтэй хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний доод зовхины цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн цус хуралт, хамрын нурууны баруун талд зулгаралт, зүүн мөрний ар гадаргын цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүдийн баруун болон зүүн тал бөмбөлгийн цэгчилсэн цус хуралт, няцрал, зүүн X хавирганы зөрүүгүй хугарал, зүүн ХІ хавирганы зөрүүтэй хугарал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэрэгт, хамар ясны хугарал, баруун нүдний доод зовхины цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн цус хуралт, хамрын нурууны баруун талд зулгаралт, зүүн мөрний ар гадаргын цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт тус тус хамаарна. 3.Дээрх гэмтлүүд нь 2023 оны 3 дугаар сарны 10-ны өдрийн компьютер томографийн шинжилгээгээр оношлогдсон байна.” гэх дүгнэлт /хх 18-19/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээс түүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Д.Э-ийг гэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Э хохирогч Д.З-ын эрүүл мэндэд 1 сая төгрөгийн эмчилгээ хийлгэсэн хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Д.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Д.Ээд ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.
Шүүгдэгч Д.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 500 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Э-ийг 3 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 500 000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-эд оногдуулсан 3 500 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ