| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2023/0003/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/04 |
| Огноо | 2023-12-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Хэрлэнчимэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч М.Хэрлэнчимэг,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б холбогдох ___________ дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, төмөр замын замчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт
Холбогдсон хэргийн талаар:
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Эрдэнэ сумын “Хүнхэр хар” гэх газар 2022 оны 10 дугаар сарын 17-ны орой 23 цагийн үед иргэн Б.Дамдинжавтай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “...эхнэр өмөөрлөө...” гэх шалтгаанаар маргалдан түүний баруун гуян тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн ___________ дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч Б.Дөгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 23 цагийн үед Бархас нь эхнэр Заяатайгаа маргалдаад Бархас нь эхнэр Заяагаа нүүрэн тус газар нь нэг удаа цохихоор би Бархасаа чи болиоч ээ гээд тэр хоёрыг салгахад Бархас нь “чи миний эхнэрийг өмөөрдөг хэн бэ?” гээд хоёулаа үзье гээд намайг дагуулаад гарсан. Тэгээд гадаа гараад Бархас нь намайг заамдаж аваад байж байтал манай найз Отгонбаяр бид хоёрыг салгасан. Дараа нь Бархасын эхнэр Заяа гарч ирээд боль гэтэл Бархас эхнэрээ шууд нүүрэн тус газар нэг удаа унатал нь цохисон. Тэгээд манай найз Отгонбаяр Бархасыг авч явсан. Тэгээд би майхан руугаа ороод хэвтэж байтал майхны хаяа сөхөөд Бархас нь хутга бариад дайрсан. Тэгээд эхлээд миний зүүн гуяыг хутгалах гэж оролдоод шүргэхэд дахиад миний баруун гуянд хутгалсан. Тэгээд би дээр нь гараад барьж авах гэтэл ухаан алдаад унасан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл өгөх болсон. Би Бархасыг сайн танихгүй. Бархас манай найз Отгонбаярын эхнэрийнх нь үеэл ах гэсэн. Би эхнэрийг нь өмөөрөхөд эхнэрээ надтай хардаж маргалдаад, намайг хутгалсан. Би Бархасыг цохиж зодсон зүйл байхгүй. Бархас архи согтууруулах ундаа хэрэглээд согтсон байсан. Харин би бага зэрэг уусан байсан. Миний зүүн хөлийг хутгаар хальт шүргээд улаасан байгаа. Бас миний баруун хөлийн дотор талын гуянд нэг удаа хутгалж гэмтээсэн. Би майхандаа ганцаараа хэвтэж байхад гаднаас Бархас майханы хаяагаар гарч ирээд намайг хутгалаад би ухаан алдсан. Намайг сэрэхэд найз Отгонбаяр хажууд байсан. Би гомдолтой байна. Өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 тал/,
Гэрч Ц.Отгонбаярын өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би 14 цагийн үед байрлаж байгаа газраасаа цаашаа уул руу газар үзэхээр явж байсан. Тэгээд орой 20 цагийн үед буцаад ирсэн. Дараа нь би хойд майхандаа байж байтал гадаа хүмүүс маргалдаад байхаар нь гараад хартал Бархас, Б.Дхоёр заамдалцаад зогсож байсан. Тэгээд би тэр хоёрыг салгаад Дамдинжавыг майхан руу нь оруулсан. Тэгээд удалгүй орилолдоод байхаар нь майхан руу яваад ортол Б.Дхутгалуулсан байсан. Би Дамдинжавтай 1 жил гаран найзалж байгаа. Бархас нь манай хадам аавын дүүгийн хүүхэд гэхээс өөр мэдэх зүйл байхгүй. Би Бархас, Б.Днарыг муудалцаж, зодолдож байхыг хараагүй. Бархас, Б.Днар хоорондоо заамдалцаад зогсож байхаар нь салгасан. Бас Бархас нь Дамдинжавыг хутгалсныг хараагүй. Сүүлд гаднаас орж ирэхэд Б.Дхутгалуулсан байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №14453 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: 1. Б.Дбиед баруун гуяны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Уг гэмтэл тухайн цаг үед үүссэн байх боломжтой. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 13-14 тал/,
Яллагдагчаар Б.Бын өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр эхнэр Намуунзаяа, хүргэн дүү Отгонбаяр, түүний найз Б.Дбид нар самарт явахаар Улиастайгаас Төв аймгийн Эрдэнэ сум Хүнхэр хар гэх газар руу самарт явсан. Тэгээд би 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Отгонбаяр нь самар үзэх гээд уул руу явсан байсан. Бид нар тэр хооронд 1 шил 0.75 литрийн “Чингис” гэсэн нэртэй архи, 2.5 литрийн 1 пиво, 1 шил 0.75 литрийн “Хараа”, 0.75 литрийн “Соёрхол” нэртэй нийт 3 шил архи 1 пиво би, манай эхнэр Намуунзаяа, Б.Дбид нар майхан дотор ууж байгаад би машин руу ороод буцаагаад майханд ортол Б.Днь намайг хэл амаар доромжлоод, дайраад байсан. Тэгээд би майхнаас гарах гэтэл араас архины шилээр миний толгой руу араас цохихоор чи зүгээр байгаарай гэж хэлээд майхнаас гартал араас гарч ирээд заамдалцаад авсан. Тэгээд бид хоёрыг Хишигээ ах салгаад байж, би цаашаа явж байтал Отгонбаяр намайг авч яваад машины хажууд очтол Б.Днь хүрч ирээд гараараа нэг удаа шанаадах шиг болсон. Тэгээд орой 21 цагийн үед Отгонбаяр салгаад Б.Днь майхан руу яваад ороход би цохиулсандаа уурлаад майхны хаяа сөхөхөд хутга байхаар нь аваад Б.Друу дайраад барилцаж аваад унахдаа баруун гуянд нь нэг удаа хутгалсан. Тэгээд миний хутгыг нэг нь шүүрч аваад бид нар тарцгаасан. Би бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө Дамдинжавтай хамт самарт явахад манай эхнэрийг хайраа гээд байхаар нь за тоглож байна даа гээд тоогоогүй. Энэ удаа бас манай эхнэрийг хайраа гээд байхаар нь бас нэг цохиулсандаа уурлаад Дамдинжавыг хутгалсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Дэрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжээр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Б.Б нь төмөр замын замчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт замчдын 5-3 тоотод ам бүл 2, эхнэрийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 31 настай баримт хэрэгт авагджээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,
Шүүгдэгч Б.Бт холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.
Шүүгдэгч Б.Б нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Эрүүгийн ___________ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бт урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН