Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/171

 

 

 

 

 

 

 

 

 

  2023           4           19                                                      2023/ШЦТ/171

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх,

  Хохирогч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э,

  Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Т,

  Шүүгдэгч Д.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, Н.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б-д холбогдох эрүүгийн дугаартай, 2 хавтас хэргийг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б, 1995 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 000 төгрөгийн торгох ялаар,

2.Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

3.Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 000 000 төгрөгийн  торгох ялаар,

4.Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

5.Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдийн 188 дугаар шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

  Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Д.Б нь согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 17 цагийн үед Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн нутаг дэвсгэр Улаанбаатараас Өвөрхангай аймаг явах чиглэлийн 217 дахь километрийн заалт бүхий шонгийн ойролцоох асфальтан замд Тоёота Марк-х маркийн 56-31 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: a/...согтууруулах ундаа...хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй... ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 11.3-д "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, эсрэг урсгалд зорчиж явсан Тоёота Алион маркийн 23-80 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Х.Л, Э.Зэндмэнь нарын амь насыг хохирч, Э.Мишээл, Э.Э нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан

 

Хохирогч Э.Э-ийн өгсөн: “Би гэр бүлийн хамт баруун аймгуудаар амарч байгаад 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумаас 12 цагийн үед Улаанбаатар хот руу орохоор хөдлөөд явж байгаад Өвөрхангай аймгийн “Элсэн тасархай” гэдэг газар зогсоод манай хүүхэд тоглож байгаад буцаад машиндаа сууцгаагаад би өөрөө 23-80 УНЭ улсын дугаартай Алион маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод жолоочийн хажуу талын суудалд манай эхнэр Л суугаад хойд  суудалд манай хоёр хүүхэд болон Зэндмэнь, Мишээл нар суугаад Төв аймгийн Эрдэнэсант сумын ойролцоо явж байхад миний явж байсан зүгээс зүүн гар тал руу эргэлттэй замд явж байхад миний урд явж байсан машин баруун гар тал руу дартал хажуугаар нь нэг машин гарч ирээд урсгал сөрөөд манай урсгалд орж ирээд урдаас мөргөөд осол болсон. Тухайн үед эсрэг урсгалд машин явж байсан. Мөн миний урд машин явж байсан. Гэтэл миний эсрэг урсгалд явж байсан машины араас нь урсгал сөрж орж ирсэн машин манай машиныг мөргөж зам тээврийн осол гарсан. Би 70-80 км/ц-н хурдтай явж байсан. Эхнэр бид хоёр хамгаалалтын бүс зүүсэн байсан. Харин хойд суудлын хөл хэсгийг юмаар дүүргээд ор болгоод хоёр хүүхэд маань зорчиж байсан. Манай машиныг мөргөсөн жолоочид маш их гомдолтой байна. Миний амьдралыг орвонгоор нь эргүүллээ. Эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирол, хамгийн гол нь эхнэрээ алдсандаа маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг /1-хх 30-31/,

Гэрч Д.Нямцэрэнгийн өгсөн: “Би 2022 оны 7 дугаар сарын 23-нд амралтаа аваад эхнэр хоёр хүүхдийн хамт Баянхонгор аймагт ээж болох У.Гэрэлмаагийнд ирсэн. Тэгээд амарч байгаад 2022 оны 8 дугаар сарын 06-ны өглөөний 08 цагийн үед Улаанбаатар хот руу явж байхад 17 цагийн орчим Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрт орж ирээд явж байтал эсрэг талын урсгалаас 56-31 УББ гэсэн улсын дугаартай цагаан өнгийн MarkХ маркийн тээврийн хэрэгсэл эргэлтэн дээр өөдөөс хязгаарлах шугам даваад эсрэг урсгалын чиглэл рүү орж ирсэн. Тэгээд би писда гэж хэлээд замын баруун гар талын хашлага хэсэг рүү шахах замыг аль болох боломжтой хэрээрээ чөлөөлсөн. Тэгээд манай машины жолоочийн эсрэг талын толь хэсгийг өөрийн машины толиороо хамаад цааш явсан. Тэгээд би зогсоод буугаад хартал манай машиныг мөргөсөн гэх тээврийн хэрэгсэл нь цаана очоод Toyota allion маркийн хэрэгсэлтэй мөргөлдөөд замын хоёр тал руу унасан байна. Тэгээд би шууд Toyota allion маркийн тээврийн хэрэгсэл дээр очтол хүмүүс очоод зорчигчдыг буулгаж байсан. Тэгээд жолооч талын хаалга гацсан байсан. Хүмүүс очоод хаалгыг татаж байсан. Тэгээд би жолоочийн эсрэг талд зорчиж явсан эмэгтэйг хаалгыг нь онгойлгож нэг үл мэдэх ахтай хамт буулгасан. Тэгээд жолоочийн хажууд байрлах голын хайрцаг хэсэг дээр жоохон хүүхэд гараад ирсэн байсан. Би хүүхдийг буулгаад байж байтал. Нэг ах жолоочийн зүүн хөл хэсэг нь гацсан байна эсрэг талаар ороод хөлийг нь гаргах боломж байна уу гэж хэлсэн. Тэгээд би гаргах гэтэл жолооч ах бас миний хөлийг гаргаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд миний талаас буулгах боломжгүй байсан учраас тэнд байсан ах нар төмрөөр хаалгыг хашиж онгойлгож жолоочийг буулгасан. Тэгээд MarkХ гэсэн тээврийн хэрэгсэл дээр очтол жолоочийг жолоочийн эсрэг талын хаалгаар буулгасан байсан. Тэгээд эмч ирж үзээд эхний ээлжид хоёр хүүхдийг аваад явъя гээд жолоочийн толгой доор нь юм ивчих гэхээр нь MarkХ дотор байсан бүтээлгийг аваад толгой доогуур нь тавьсан. Манай машиныг мөргөсөн гэх тээврийн хэрэгсэл нь хурд сааруулагч өнгөрөөд маш хурдтай ойролцоогоор 100 км/ц-н хурдтай явж байсан.” гэх мэдүүлэг /1-хх 33-34/,

Гэрч Д.Оюун-Эрдэнийн өгсөн: “Би markx тээврийн хэрэгслийн жолооч Бын төрсөн эгч нь. Манайх эхээс 4-үүлээ би айлын 2 дахь хүүхэд. Манай дүү Б нь айлын бага хүүхэд. 2022 оны 8 дугаар сарын 02-ний өдрийн орчим Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу явсан ямар ажлаар явсныг би сайн мэдэхгүй байна. Тэгээд 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр би Баянхонгор аймаг руу гарлаа эгчээ надад бензиний мөнгө хийчих гэхээр нь 100 000 төгрөг хийсэн. Тэгээд 2022 оны 8 дугаар сарын 06-нд манай ээж Сэргэлэнтуяа нь гэртээ ирээгүй байна гэсэн тэгээд манай ээж залгаад асуусан чинь нэг болохоор гарсан, нэг болохоороо гараагүй юм яриад байсан. Тэгээд над руу өөрийн 88007165 гэсэн дугаарын утаснаас залгаад эгчээ дүү нь Эрдэнэсант суманд дээр явж байна мах чанаад байж байгаараа гээд надад хэлсэн. Тэгээд нээх удалгүй би усанд ороод байж байтал манай ээж орилоод дүү чинь аваарт орсон байна гээд тэгээд би уснаасаа гарч ирээд аав руу яриад дүү аваарт орсон байна гэж хэлээд Баянхонгор аймгаас аавын дүү Алтанхуяг, ээж Сэргэлэнтуяа, хүргэн Мөнхбат нарын хамт Эрдэнэсант сум руу хамт явсан. Тэгээд очтол тухайн осол гарсан байсан.” гэх мэдүүлэг /1-хх 36-37/,

Гэрч У.Гэрэлмаагийн өгсөн: “Би Баянхонгор аймагт оршин суудаг. Манай хүү Д.Нямцэрэн 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгорт аймагт эхнэр 2 хүүхдийн хамт ирсэн. Тэгээд 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хот руу явах замд Эрдэнэсант сумын ойролцоо явж байхад эсрэг талын урсгалаас Баянхонгорын дугаартай тээврийн хэрэгсэл хурд сааруулагч өнгөрөөд маш хурдтай эргэлтэн дээр манай машин руу шахаж орж ирэхэд манай хүү Нямцэрэн замын хажуу төмөр хашлага руу шахаж зай тавьж өгч байхад жолоочийн эсрэг талын цонх хэсгийг замын цагаан шугамыг давж орж ирээд хамаад яваад өгсөн. Тэгээд манай хүү Нямцэрэн зогсоод уулзах санаатай буухад манай машины толийг хамаад явсан гэх машин нь цаана очоод өөр нэгэн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөөд хоёулаа замын хоёр тал руу унасан байсан. Тэгээд хажуугаар өнгөрч байсан машинууд зогсоод зорчигчдыг буулгаж байсан. Би болсон зүйлийг сайн харж амжаагүй ээ би өөрөө зүрх чичрээд уначихдаг болохоор очиж чадаагүй. Би харин Баянхонгорын дугаартай тээврийн хэрэгсэл дээр хүн нь байхгүй байна гэхээр нь очсон тэгсэн чинь жолоочийн эсрэг талын суудал дээр миний хөл хугарчихлаа түргэн дуудаад өгөөч гээд орилж байсан.” гэх мэдүүлэг /1-хх 39-40/,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Т-ын өгсөн: “Би амь хохирогч болох Х.Лтэй хамгийн сүүлд 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр уулзсан. Амь хохирогч Х.Л нь нөхөр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Өгийнуур гэх газар луу төгсөн эгч болох Пүрэв, нөхөр Мөнхбат, түүний хоёр хүүхдийн хамт хоёр гэр бүлээрээ амрахаар явахын өмнө надаас майхан аваад явсан. Тэгээд 2022 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Архангай аймаг Өгийнуур гэх газраас наашаа бороо намдахаар гарна гэж над руу залгаж хэлсэн. Тэгээд 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 17 цаг 50 минутын үед манай ах Довчинмахбал над руу амь хохирогч Лгийн 86090303 дугаарын утаснаас залгасан. Л нь хот руу ирж явах замдаа аваарт орсон байна одоо бүгдээрээ явъя гэж надад хэлсэн. Тэгээд Улаанбаатар хотоос 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн үед манай ах Намжилдорж, Түмэнбаяр, Довчинмахбал, дүү Төгсбаяр нарын хамт Эрдэнэсант суман дээр 20 цаг 40 минут орчимд ирсэн. Намайг анх Улаанбаатар хотоос ирэхэд манай дүү хүүхэдтэйгээ Улаанбаатар хот руу явж байхад сөрөг урсгалын өөдөөс ирж явсан машин эсрэг урсгал руу орж чанх урдаас нь мөргөөд хоёр машин эсрэг эсрэг тал руугаа шидэгдсэн байсан. Манай дүүгийн машин мөргөсөн газраас 5, 6 м орчим замын эсрэг тал руу шидэгдсэн байсан. Намайг ирэхэд хоёр хүүхэд болон нөхөр Эрдэмбаяр нарыг хот руу аваад явж байсан. Амь хохирогч Лг хот руу аваад явсан байсан. Осол болсон гэх хугацаанд зорчиж явсан хүмүүсийн биеийн байдал тааруу гэмтлийн эмнэлэгт сэхээнд байгаа. Жолоо барьж явсан нөхөр Эрдэмбаяр хоёр шилбэний яс хугарсан, дунд чөмөг хугарсан, аарцаг гэмтсэн, дотуур цус алдалт ихтэй тэгээд тархи гэмтсэн ухаан нь орж гараад байгаа хоёр удаа ухаан орсон эхний ухаан орохдоо эмчийн 96054515 гэсэн дугаарын утаснаас над руу Баатар ахаа сөрөг урсгалаас машин ороод бид нар аваарт орчлоо манайхан яасан бэ гэж надаас асуусан тэгэхээр нь Л нас барчихлаа гэж хэлсэн. Тэгээд буцаад ухаан алдсан дахиад ухаан орохдоо эхнэрээ асуугаад байсан гэж Эийн дүү нь над руу залгаж хэлсэн.  Би гомдолтой байна. Зүгээр явж байсан тээврийн хэрэгслийн эсрэг урсгал руу орон бүхэл бүтэн залуу нэг гэр бүлийг сүйрүүлсэн. Эсрэг урсгал руу орсон гэх машины жолоочид хуулийн дагуу арга хэмжээ авхуулна. Мөн гарсан хохирлыг нэхэмжилнэ.” гэх /1 хх 45-46/,

"Тухайн хэрэг гарсан гэх өдөр манай дүүгийн явж байсан машины урд явж байсан машин эхлээд мөргөчхөөд зогсох ёстой байтал цааш үргэлжлүүлэн хурдаа нэмж манай дүүгийн машиныг мөргөсөн гэх үйлдлийг санаатай аллага гэж үзэж байна. Мөн эмчилгээний зардал, оршуулгын зардал тээврийн хэрэгслийг бүрэн бүтнээр нь шинэ тээврийн хэрэгсэл, манай дүүгийн нөхөр болох Э хэрэв хөдөлмөрлөх чадвараа алдвал хоёр хүүхдийн ирээдүйд гарах зардлыг гаргуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /1 хх 128/,

Шүүгдэгч Д.Бын өгсөн: “2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн үед Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу гэртээ харих гээд ганцаараа өөрийн эзэмшлийн Mark X 5631 УБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Би урьд шөнө нь найзуудтайгаа пиво уугаад өдөр 12 цаг хүртэл унтаж байгаад гарсан. Замдаа явж байхад нойр хүрсэн боловч харьж байгаад унтая гэж бодоод гүрийж байгаад ийм асуудалд үүслээ. Би осол болох үеийг санахгүй байна. Би гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. 2013 онд жолооч болсон эрхийн үнэмлэхтэй.” гэх мэдүүлэг /хх 48/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 3894 дугаартай дүгнэлт: “1.Шинжилгээнд ирүүлсэн Б 27 нас гэж хаягласан цусанд 1.6 промилли спирт илэрсэн. 2.Цусанд илэрсэн 1.6 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх 50-51/,

 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 3893 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Шинжилгээнд ирүүлсэн Э 44 нас гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй” гэх дүгнэлт /1 хх 55/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 169 дугаартай: “1.Х.Лгийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр дээрх тархи, цээж, хэвлийн хавсарсан гэмтэл болох их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн чамархай, дагз, бага тархины тархмал аалзан хальсан доор цус харвалт, хүзүүний 2-р нугалмын их биеийн салсан, баруун 3-7-р хавирга, өвчүү ясны хугарал, орчны эдийн цус хуралт, элэгний язрал, залгиур, голт, зүрхний суурь, баруун уушгины уганд цус хуралт, цох, баруун бугуйнд шарх, баруун хацар, дээд зовхи, зүүн ташаан толгойн дээд хэсэг, гуя, баруун ташаан толгой, өвдөгт зулгаралт, баруун хөх, бугалга, ташаан толгой, гуя, шилбэ, хэвлий, зүүн ташаан толгой, шилбэнд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 2.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.6-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.Талийгаач Х.Л нь дээрх тархи, цээж, хэвлийн хавсарсан гэмтлүүдийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. 4.Талийгаач Х.Лгийн цусанд спиртийн агууламж илрээгүй. талийгаач нь гуравдугаар бүлгийн цустай байсан байна.’’ гэх дүгнэлт /1 хх-ийн 61-62/,

 ‘‘Цагаан шонхорын жигүүр’’ НҮТББ шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 24-ны 22/84 дугаартай: "1.Toyota Mark маркийн 56-31 УББ улсын дугаартай автомашины жолооч Д. Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 11.3. "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.Toyota Allion маркийн 23-80 УНХ улсын дугаартай автомашины жолооч Э.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 2.Уг зам тээврийн осол болоход замын болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна. 3.Toyota Mark X маркийн 56-31 УББ улсын дугаартай автомашины жолооч Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 11.3 дахь хэсэгт заасныг зорчсон энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултад тусгагдсан нь уг зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн гэж үзэж байна.” гэх дүгнэлт /1хх-ийн 70-71 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 114 дугаартай шинжээчийн: “1.Э.Мишээлийн биед дэлүүний няцрал, хэвлийд шингэн, нүүрэнд зулгаралт, хэлний язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.” гэх дүгнэлт /1хх 74/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 113 дугаартай шинжээчийн: “1.Э.Эийн биед зүүн шуу болон богтос яс доод төгсгөл хэсгээр бяцарсан ил хугарал, цээжний зүүн талд олон хавирганы хугарал, аарцаг ясны баруун талдаа сүүжний дэлбээ хэсгээр зөрүү бүхий хугарал, баруун дунд чөмөг хоёрлосон хугарал, баруун тахилзуур яс дугд 1/3 хугарал, зүүн шаант болон тахилзуур яс дунд 1/3 хэсгээр хугарал, өвчүү ясны хугарал, элэгний няцралт, L2, L3 нугалмын баруун сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20, 3.1.10-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.” гэх дүгнэлт /хх 74-85/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 115 дугаартай шинжээчийн: “1.Э.Зэндмэний биед эрүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх 108-109/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаартай шинжээчийн: “Э.Зэндмэнийн биед шинжилгээ хийсэн эмгэг судлалын дүгнэлт үндэслэлтэй байна. 2.Э.Зэндмэнэ авто ослын улмаас толгойн болон цээжний хавсарсан олон гэмтэл авч эрүү нүүрний мэс заслын дараах болон тархины комын байдалтай удаан хугацаанд эмчлэгдэх явцад хэвтрийн хатгаа үжлээр хүндэрч эмчилгээнд үр дүнгүй байсаар нас барсан байна. 3.Эмгэг судлалын протоколын оношид тусгагдсан эмгэг өөрчлөлтүүд нь толгойн болон цээжний хавсарсан олон гэмтэлтэй шалтгаант холбоотой үүсчээ. 4.Э.Зэндмэнийн авто осолтой холбоотой гэмтлүүдэд цаг алдалгүй зохих эмчилгээ хийсэн боловч гавал тархины битүү гэмтлийн улмаас удаан хугацаанд хэвтрийн байдалтай байснаас хоёр уушгины хатгаа үүсч үжлээр хүндэрсэн ба эмчилгээнд үр дүнгүй байсаар нас барсан байна. 5.Э.Зэндмэнэд хийгдсэн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт хийсэн эмчилгээ зөв байсан байна. 6.ГССҮТ, ЭХЭМҮТ-н эмч нарын үйл ажиллагаанд стандартын зөрчил үгүй байна.” гэх дүгнэлт /хх 207-212/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 235 дугаартай шинжээчий дүгнэлт: "1.Э.Зэндмэнийн биед тархины суурь хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, хоёр талын чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, тархины кома, эрүүний хоёр талын булан, ооч хэсгийн хугарал, хоёр уушигны эдийн няцрал, баруун 5-8-р хавирганы хугарал, цээжний хөндийд цус хуралт гэмтэл үүсчээ. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсгэгджээ. 3.Тархины суурь хэсгийн аалзавч доорх цус харвалт, хоёр талын чамархайн дэлбэнгийн няцрал, тархины кома нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар, хоёр уушигны эдийн няцрал, баруун 5-8-р хавирганы хугарал, цээжний хөндийд цус хуралт гэмтэл нь 3.1.12-т зааснаар амь биед аюултай тул хүнд зэргийн гэмтэл болно. Эрүүний 2 талын булан, ооч хэсгийн хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтэл тул хүндэвтэр зэргийн гэмтэл болно." гэх /1 хх 127-128/,    

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭС” ХХК-н 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 06/279 дугаартай үнэлгээний тайлан: “Төв аймаг дахь ЗСДСДЦХ-ийн мөрдөгч, Цагдаагийн дэслэгч 3.Буян-Ундрахын ирүүлсэн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу үнэлгээчин Г.Амбасэлмаа шинжээч үнэлгээчин 23-80 УНХ улсын дугаартай Toyota Allion маркийн маркийн автомашины зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 8 415 000 (найман сая дөрвөн зуун арван таван мянга) төгрөг, хохирлын хэмжээг 8 087 000 (найман сая наян долоон мянга) төгрөг гэж тус тус дүгнэлээ.” гэх /2 хх 57/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 4-8/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /1 хх 11/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 13-22/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 23-27/, ГССҮТ-н өвчтөний түүх /1хх 217-219/, хохирогч Э.Зэндмэний мэс залын өмнөх болон дараах эмчийн дүгнэлт /1хх 220, 2 хх 18/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Д.Б нь өөрийн эзэмшлийн Toyota Mark маркийн 56-31 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а "Жолоочид ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно", мөн дүрмийн 11.3. "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэснийг тус тус зөрчиж Э.Эийн эзэмшлийн Toyota Allion маркийн 23-80 УНХ улсын дугаартай автомашины мөргөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Э.Эийн эхнэр 44 настай Х.Л, 6 настай Э.Зэндмэнэ нар нас барж, 4 настай Э.Мишээл, Э.Э нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирч, Э.Эийн тээврийн хэрэгсэлд 8 087 000 төгрөгийн хохирол учирсан.

 

Шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох үедээ дунд зэргийн согтолттой байсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 3894 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн Б 27 нас гэж хаягласан цусанд 1.6 промилли спирт илэрсэн. 2.Цусанд илэрсэн 1.6 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна” шинжээчийн дүгнэлтээр /хх 50-51/ тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч Д.Б-ын үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин долдугаар бүлэг Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт хамаарч Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж уг гэмт хэргийг согтуугаар үйлдэж 2 хүний эрүүл мэндэд хүнд, 2 хүний амь нас хохирсон нь уг зүйл хэсэгт заасан хүндрүүлэх шинжийг агуулсан гэж үзэв.

 

 Шүүгдэгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаж мэтгэлцээгүй болохыг дурдаж,

Шүүгдэгч Д.Б-ын урьд өдөр нь архидан согтуурч нойр муутай явсны улмаас үүрэглэж урсгал сөрөн орж эсрэг урсгалд зорчиж явсан тээврийн хэрэгслийг мөргөсөн үйлдэл нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болж дээрх үйлдэл нь согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж энэ зүйл ангиар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.   

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Т "Шүүгдэгч тухайн хэрэг гарсан өдөр манай дүүгийн явж байсан машины урд явж байсан машиныг эхлээд мөргөчихөөд зогсох ёстой байтал цааш үргэлжлүүлэн хурдаа нэмж миний дүүгийн машиныг мөргөсөн нь санаатай аллага." гэж үзсэн бөгөөд үүнийг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

Тухайн зүйлийн диспозицид зааснаар тухайн хэм хэмжээ нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний болон ашиглалтын аюулгүй байдал, хүний амь нас, эрүүл мэнд гэсэн хоёр объектыг давхар хамгаална. Гэмт хэргийн объектив тал нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөн үйлдэл. Хуулийн 27.10 дугаар зүйлд заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих гэдэгт Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөнийг ойлгоно. Энэ нь хөдөлгөөнд зөвшөөрөгдсөн хурдыг хэтрүүлэх, гүйцэд түрүүлэх, тойрч гарах болон зогсох журам болон буруу хөдөлгөөн хийх зэргээр илэрнэ. Шүүгдэгч Д.Б согтуу нь гараагүй нойр муутай явснаас үүдэн үүрэглэж өөрийн эгнээгээр яваагүйн улмаас эсрэг урсгалаар ирж явсан тээврийн хэрэгсэлийг мөргөж өөрөөр хэлбэл буруу хөдөлгөөн хийж осол гаргасан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэртэй. Гэмт хэргийн диспозиц нь тухайн зүйлд заасан үр дагаварт  хүргэж, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчин санаатай үйлдэл. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Б нойр муутай ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглодог Замын хөдөлгөөний дүрмийг баттай мэддэг атлаа мэдсээр байж тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь санаатай үйлдэл бөгөөд үр дагавар болгоомжгүй юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгч хохирогч Э.Э-ийн тээврийн хэрэгслийг мөргөнө гэсэн санаа зорилго агуулаагүй гэж үзнэ.   

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 6 жил 6 сар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг эрэгтэйчүүдийн хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас миний үйлчлүүлэгч урьд өдөр нь уусан архи нь гарчихсан би явж чадна гэж хөнгөмсөгөөр найдаж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг  харгалзан үзэж 3 жил хорих ял оногдуулж өгөөч,

Хохирогч тал улсын яллагчийн саналыг дэмжиж тус тус мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

           

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Д.Б нь 1995 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 28 настай иргэний үнэмлэхийн хуулбар /1 хх 145/, ам бүл 4, хамтран амьдрагч, 2 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 24 гудамжны 20 тоотод оршин суудаг гэх багийн засаг даргын тодорхойлолт /1 хх 144/, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөгүй, гэрлэлтээ батлуулж байгаагүй талаархи улсын бүртгэлтийн лавлагаа /1 хх 146-147/, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй,

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 000 төгрөгийн торгох ялаар,

2.Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

3.Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 000 000 төгрөгийн  торгох ялаар,

4.Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийгэгдэж байсан талаархи ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /1 хх 110, 2 хх 72-118/ зэрэг баримтууд авагджээ.

 

Шүүгдэгч урьд нь 4 удаа ял шийтгэгдэж байсан нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байгаа хэдий ч эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оршуулгын болон эмчилгээний зардалд 7 500 000 төгрөг нөхөн төлсөн зэргийг харгалзан гэм буруутайд тооцсон зүйл хэсгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 5 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссана дараа хугацааг тоолно гэж заасан тул шүүгдэгч Д.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа эхлэн тоолохыг дурдав.     

 

  Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

   Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э нь гэм хорын хохиролд оршуулгын зардалд 26 сая төгрөг, авто машины эвдрэлд 8 087 000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Э.Мишээл болон өөрийн эмчилгээний зардалд 14 651 106 төгрөг, сэтгэл санааны хохиролд 50 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

1-р хавтас хэргийн 155-164, 2-р хавтас хэргийн 22-44, 2-р хавтаст хэргийн 57-р хуудас, шүүх хуралдаанд оршуулгын болон эмчилгээний зардал, тээврийн хэрэгсэлийн эвдрэлд нийт 34 587 016 төгрөгийн хохирлын баримт ирүүлсэн байх бөгөөд хохирлыг хэрэгт ирүүлсэн баримтаар бүхэлд нь хангаж шүүгдэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оршуулгын зардалд өгсөн 6 800 000 төгрөг эмчилгээний зардалд өгсөн 700 000 төгрөг нийт 7 500 000 төгрөгийг хасаж үлдэх 27 087 016 төгрөгийг хангаж, сэтгэл санааны хохирол 50 сая төгрөгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.    

 

Хохирогч Э.Э, насанд хүрээгүй хохирогч Э.Мишээл нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, цаашид эмчилгээ сувилгаа хийлгэх зайлшгүй шаардлагатай байгаа гэх хохирогчийн хүсэлтийг харгалзан хохирогч нарын цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт шүүгдэгч Д.Б-ын Toyota.Marк X-X120 маркийн тээврийн хэрэгслийн №03993231 дугаартай гэрчилгээ болон №0073440, 895542 жолоочийн үнэмлэх хураагдан ирсэн байх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Toyota.Marк X-X120 маркийн тээврийн хэрэгслийн №03993231 дугаартай гэрчилгээ шүүгдэгчид буцаан олгож, №0073440, 895542 жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг дурдав.  

 

Шүүгдэгч Д.Б-д авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосонтой холбогдуулан Хил хамгаалах Ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслах Д.Сүхнямд даалгаж,   

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдав.

 

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Шүүгдэгч Б-ыг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд, 2 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар шүүгдэгч Д.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 5 /тав/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

 4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баас 27 087 016 /хорин долоон сая наян долоон мянга арван зургаа/ төгрөг гаргуулж хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Улаанбаатар хот Баянгол дүүрэг 12-р хороо 12-20 тоотод оршин суух хохирогч Боржигон Энхтөрийн Э /РД:ЧЛ78011776/-т олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 50 000 000 /тавин сая/ төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.  

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа эхлэн тоолохыг дурдсугай.   

 

6.Хохирогч Э.Э, насанд хүрээгүй хохирогч Э.Мишээл нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.

 

7.Шүүгдэгч Д.Б-ын Toyota.Marк X-X120 маркийн тээврийн хэрэгслийн №03993231 дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, №0073440, 895542 жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

 

 8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч талд оршуулгын болон эмчилгээний зардалд 7 500 000 төгрөг нөхөн төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

 9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, эдлэх ялыг 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

11.Шүүгдэгч Д.Б-д авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосонтой холбогдуулан Хил хамгаалах Ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслах Д.Сүхнямд даалгасугай.  

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.БАТЖАРГАЛ