| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2023/0168/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/175 |
| Огноо | 2023-04-19 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | М.Хэрлэнчимэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/175
2023 4 19 2022/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэг,
Хохирогч С.Ө,
Шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г-д холбогдох эрүүгийн дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Г, 1984 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, pегистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 3 дугаар баг Модот 4-2 тоотод оршин суух гэртээ 2023 оны 02 дугаар сарын 16-ны шөнө нөхөр С.Өг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч С.Өлзийсайханы өгсөн: “Би хоёр дугаар сарын эхээр гадуур хоёр хоног айлд архи уугаад хоносон юм. Манай эхнэр тэр үед намайг архи уугаад гадуур тэнээд байсан болохоор ууртай байсан. 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Н.Мөнхтулга гэх найзындаа хоноод өглөө нь байж байтал манай эхнэр ирээд гэртээ харьяа цагаан сар болох гэж байна гадуур архи дарс уугаад яваад байхдаа яадаг юм гээд ирсэн би ч өөрийнхөө буруу болохоор эхнэртэйгээ Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 3-р баг Модот 4-2 тоотод хамт гэртээ ирсэн. Гэртээ ирчхээд эхнэр бид хоёр ажилдаа яваад орой ажлаас буугаад буузныхаа махыг татаад дуусаж байтал 21 цагийн үед манай хоёр найз болох Мөнхтулга, Мөнхсаруул хоёр бууз хийлцэх гээд манайд ирсэн. Манай гэрт 0,75 граммын хэмжээтэй экс нэртэй архи байсан юм тэрийгээ эхнэр бид хоёр найзууд болох Мөнхтулга, Мөнхсаруул нартай хувааж уусан. Архи дуусаад дахин гэрт байсан 0,75 граммын хэмжээтэй экс нэртэй архи ууцгаасан. Бууз хийж дуусаад манай хоёр найз гэр лүүгээ яваад эхнэр бид хоёр гэртээ үлдсэн. Эхнэр орон дээрээ хэвтэж байсан. Би гарч тамхи татчихаад эргэж орж ирээд эхнэрийнхээ хажуугаар хэвтэх гэсэн чинь би шээмээр байна гээд босоод шээсэн шээж ирчхээд эргэж орон дээр суусан орны урд жижиг ширээ байсан юм. Ширээний доор бууз хийж байсан хутга гурилын мод бүгд байж байсан юм. Сар шинэ болох гэж байхад гадуур тэнээд архи дарс уугаад явлаа гээд уурлаж байснаа чи намайг тоохгүй байна. Би амиа хорлон гээд орны урд байсан ширээний доороос жижиг хутга авахаар нь би сандарсандаа хутгийг нь булааж авах гээд гараас нь бариад өөр рүүгээ татсан чинь миний зүүн суганы орчим хатгачих шиг болсон. Тэгээд би цус гарахаар нь айгаад сумын эмнэлэг рүү явсан. Эмнэлэг дээр очоод 3 оёдол тавиулсан. Маргааш нь аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 2023 оны 02 дугаар сарын 16 өдөр хэвтээд 20-ны өдөр эмнэлгээс гарсан. Надаас болсон юмаа. Цагаан сар болох гэж байхад гадуур тэнэж архи дарс ууж явлаа надад уурласан. Энэ бүгд надаас болсон. Би л ийм байдалд хүргэчихлээ. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 41-42/,
Гэрч Б.Мөнхсаруулын өгсөн: “2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр үдээс хойш 21 цагийн үед Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 3-р баг Модотын 4-2 тоотод найз Өгийн гэрт цагаан сарын бууз хийлцэж өгөхөөр нөхөр Мөнхтулгын хамт очсон юм. Нөхөр Мөнхтулга бид хоёр ороод буузыг нь хийлцэж байтал Ө 0,75 граммын хэмжээтэй экс нэртэй 1 шил архи гаргаж ирээд Ө Г, Мөнхтулга бид 4 бууз хийнгээ уусан. Ууж байсан архи дуусаад дахин нэг шил 0,75 граммын хэмжээтэй Б.Ариун экс архи задлаад бид 4 хувааж уусан. Цаг нэлээн орой болчихсон байсан. Нөхөр Мөнхтулга бид хоёр гэрүүгээ яваад Сүлдээ/ Г Өндөө/ Ө/ нар гэртээ гэрч үлдсэн. Г, Ө нар бууз хийлцэж байхад хэрэлдэж муудалцсан зүйл гараагүй бид нар олон жил найзалж нөхөрлөж байна. Манай хоёр найз хэрэлдэж муудалцаад байдаг ч хүмүүс биш анх удаа л ийм зүйл болж байна. Тухайн үед нөхөр Мөнхтулга бид хоёр байгаагүй болохоор болсон зүйлийн талаар сайн мэдэхгүй байна. Маргааш нь буюу 2023 оны 02 дугаар сарын 16-ны өглөө найз Г рүү залгаад сайхан амарсан уу гээд залгасан чинь Г надад Ө бид хоёр хутга булаацалдаж байгаад Өндөөгийн цээжинд хутга орчихсон бид хоёр аймгийн төв дээр эмнэлэгт байна гэж ярьсан тэгээд л мэдсэн. Ө Г Мөнхтулга бид нар бүгд архи уусан байсан болохоор хэр зэрэг согтуу байсныг сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 49/,
Гэрч Н.Мөнхтулгын өгсөн: “2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр үдээс хойш 21 цагийн үед Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 3-р баг Модотын 4-2 тоотод найз Өгийн гэрт цагаан сарын бууз хийлцэж өгөхөөр эхнэр Мөнхсаруулын хамт очсон юм. Ө Г хоёр гурилаа зуурчихсан махаа амталчихсан байсан. Эхнэр бид хоёр ороод буузыг нь хийлцэж байтал Ө 0,75 граммын хэмжээтэй экс нэртэй 1 шил архи гаргаж ирээд Ө, Г, Мөнхсаруул бид 4 бууз хийнгээ уусан. Ууж байсан архи дуусаад дахин нэг шил 0,75 граммын хэмжээтэй экс архи задлаад бид 4 хувааж уусан. Архи ч дуусаад буузаа хийж дууссан болохоор эхнэр Мөнхсаруул бид 2 гэр лүүгээ явсан. Ө, Г хоёр гэртээ үлдсэн. Бууз хийлцээд байж байхад Г Ө нар хоорондоо муудалцсан асуудал гараагүй зүгээр л энгийн харилцаатай байсан. Г Ө нар гайгүй л байх шиг байсан. Учиргүй тасраад уначхаагүй болохоор гайгүй л байсан байх эхнэр бид хоёр бас адилхан согтуу байсан болохоор хэр зэрэг согтолттой байсныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 51/,
Гэрч Б.Соронзонбатын өгсөн: “Би 2023 оны 02 дугаар сарын 15-ны шөнө Төв аймгийн Баян-Өнжүүл суманд цагдаагийн байрандаа байж байтал сумын эрүүл мэндийн төвийн эмч Маралмаа цагдаагийн байранд ирж хаалга нүдээд сумын эмнэлэгт хутгалуулсан хүн ирлээ гээд ирсэн. Би дуудлагыг хүлээн аваад Маралмаа эмчийн хамт сумын эрүүл мэндийн төв дээр очход С.Ө нь хүлээн авахад дусал залгуулчихсан согтуу хэвтэж байсан. Би байдал харьцангуй гайгүй байсан. Би эмнэлгээс гараад хэрэг болсон гэх Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Модот 4-2 тоотод орчиход С.Өгийн эхнэр болох Д.Г нь орон дээрээ согтуу унтаж байсан. Би сэрээгээд юу болсон талаар асуухад би С.Өг хутгалчих шиг боллоо цаадах чинь эмнэлэг явчихсан ширээн дээр байсан хутгийг заагаад энэ хутгаар хутгалсан гээд уйлсан тэгэхээр нь би ширээн дээр байсан хутганы зургийг аваад хураан авсан.” гэх мэдүүлэг /хх 53/,
Шүүгдэгч Д.Гийн өгсөн: “Манай нөхөр С.Ө нь 10 аад хоног архи ууж гадуур тэнээд гэртээ ирэхгүй байсан юм. Тухайн үед цагаан сар болох гээд ажил ихтэй байхад гадуур яваад байсан болохоор би нөхөртөө гомдоод намайг тоохгүй байна гээд бухимдаад байсан. Бууз хийдэг өдөр найзуудтайгаа ганц нэг шил архи хувааж ууж уугаад согтуу байхдаа нөхөртөө гомдоод чи намайг тоохгүй байна би ингэж байхаар амиа хорлон гээд хутга авсан чинь манай нөхөр чи яаж байгаа юм бэ гээд миний хутгийг авах гэж байгаад хутганд өртчихсөн юм. Би нөхрөө гэмтээх хутгалах гэсэн санаа байхгүй байсан. Манай нөхөр олон хоног архи уугаад гадуур яваад байсан би нөхрийнхөө асуудлаас болоод л дотроо гомдоод яваад байсан юмаа. Энэ асуудал минь намайг ийм байдал хүргэчихлээ Гэхдээ би энэ гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх 67/,
Шинжээч Д.Чулуунбаатарын өгсөн: “С.Ө-гийн биед үзлэг хийснээс гадна Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 949 дугаартай өвчний түүхийг үндэслэн үзэхэд тухайн өвчний түүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Мэс заслын тэмдэглэлд: Талбайг ариутгаад суганы арын шугамаар 7 дугаар хавирганы завсар хэсгийн мэдээ алдуулалт хийж арьсанд 0.6 см орчим зүслэг хийж, гуурс тавьж арьсанд бэхлэж оёв, гуурсыг сөрөг даралттай бамбарт холбов. Гуурсаар одоогоор 1.4 л орчим цэвэр цус гарсан, хүндрэлгүй, шарханд цэвэр боолт хийв гэж тэмдэглэгдсэн байсан. Энэ нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д дотор эрхтэнг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж болон хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, уг шархны улмаас цээж хэвлийн хөндийд цус, хий, агаар хуримтлагдах шинж илэрсэн бол... гэж заасан заалтад хамаарна. Мэс заслын тэмдэглэлд бичигдсэн цээжний хөндийд тавигдсан гуурсаар 1.4 л орчим цэвэр цус гарсан нь уг шарх нь цээжний хөндий рүү нэвтэрч улмаар цээжний хөндийд цус хуримлагдсан байсан гэдэг нь эмнэлгийн бичиг баримтаар нотлогдож байна.” гэх мэдүүлэг /хх 61/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтэсийн 2023 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн №118 дугаартай шинжээчийн: “1.С.Ө-гийн биед цээжний зүүн талд хатгагдаж цээжний хөндий рүү нэвтэрч, цээжний хөндийд цус хуралдсан гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 949 дугаартай өвчний түүхээр дээрх гэмтэл нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр оношлогдон эмчлэгдсэн байна. 4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар "ХҮНД" зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 56-57/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээс түүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч Д.Г-ийг гэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хохирогч С.Ө нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Д.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Д.Гэд ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.
Шүүгдэгч Д.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 000 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон бор өнгийн бариултай, гол хэсэгтээ 3 ширхэг цагаан өнгийн таваар бэхлэгдсэн 21 см урттай, ажлын хэсэг нь 10.5 см урттай, 2.3 см өргөнтэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж,
хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г-ийг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гийг нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан 3 000 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан 1 жилийн хугацаанд нийтийн албанд томилогдох эрхийг хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг дурдсугай.
6.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан модон бор өнгийн бариултай, гол хэсэгтээ 3 ширхэг цагаан өнгийн таваар бэхлэгдсэн 21 см урттай, ажлын хэсэг нь 10.5 см урттай, 2.3 см өргөнтэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахын Шүүхийн тамгын газарт даалгасугай.
7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ