Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/185

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023             4            26                                                      2023/ШЦТ/185  

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэрэнтогтох,

Шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,  

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц-д холбогдох эрүүгийн дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ц, 1974 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:  

 

Шүүгдэгч Д.Ц нь 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өглөө 07 цагийн үед Тоёота Приус 20 маркийн 39-16 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх, буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчиж, замын хажуу тал руу тээврийн хэрэгслийг онхолдуулсны улмаас зорчигч Б.Мын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан

 

Хохирогч Б.М-ын өгсөн: "2022 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр 39-16 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж Баянхонгор аймгаас Улаанбаатар хотын чиглэлтэй гарсан. 2022 оны 09 дүгээр сарын 10-ний орой 22 цагийн үед Баянхонгор аймгаас гараад замдаа явж байгаад би машины арын суудал дээр унтаж явсан. Тэгсэн чинь 2022 оны 09 дүгээр сарын 10-ний өглөө 06-07 цагийн үед түг гээд яваад өгсөн нэг сэрсэн би газар хэвтэж байсан. Тэгээд эмч нар ирээд намайг болон хамт явсан хүмүүсийг Улаанбаатар хот гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Би тухайн тээврийн хэрэгслийн арын суудлын голд нь сууж явсан. Ц гэх машины эзэн нь өөрөө жолоо барьж явсан. Миний сууж явсан 39-16 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 90-10км/ц-н хурдтай явж байсан байхаа. Нэлээн хурдтай явж байсан. Би ажил хийх гэж явж байсан тэрнээс хойш миний бие байнга өвдөж байгаа. Би эрүүл мэндээрээ хохирсон. Хамрын хагалгаанд орсон. Гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх 17-18/,

Хохирогч Н.Батбаатарын өгсөн: “2022 оны 9 дүгээр сарын 10-ний өдөр 39-16 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж Баянхонгор аймгаас Улаанбаатар хотын чиглэлтэй гарсан. 2022 оны 9 дүгээр сарын 10-ний шөнө 22 цагийн үед Баянхонгор аймгаас гараад замдаа явж байгаад би машины арын суудал дээр унтаж явсан. Тэгсэн чинь 2022 оны 09 дүгээр сарын 10-ний өглөө 06-07 цагийн үед түг гээд яваад өгсөн нэг сэрсэн би газар хэвтэж байсан. Тэгээд эмч нар ирээд намайг болон хамт явсан хүмүүсийг Улаанбаатар хот гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Замын нөхцөл байдал нь гэгээ орсон байсан. Миний сууж явсан 39-16 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэр зэргийн хурдтай явсан гэдгийг нь мэдээгүй. Тухайн үед унтаж байсан. Миний биед ямар нэгэн ил гарах гэмтэл байгаагүй. Миний биед гэмтэл шарх байгаагүй. Би шүүх эмнэлгийн шинжээч эмчид үзүүлж дүгнэлт гаргуулахгүй.” гэх мэдүүлэг /хх 24-25/, 

Н.Батбаатар миний бие 2022 оны 9 дүгээр сарын 10-нд Баянхонгор аймгаас Улаанбаатар хот явах замдаа осолд орсон. Улмаар гэмтлийн эмнэлэгт ирж эмнэлгийн бүх хэрэгцээтэй шинжилгээг өгсөн. Жолоочийн зүгээс шинжилгээний бүх зардлыг даасан. Миний бие өвдсөн зовуурь байхгүй. Жолоочийг өөрөө гуйж хот хүргүүлсэн. Тиймээс надад гомдол санал байхгүй.” гэх хүсэлт /хх 87/,

Иргэний нэхэмжлэгч Э.Эрхэмбаярын өгсөн: “Тухайн тээврийн хэрэгслийг 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр иргэн Ж.Батнасан нь манай байгууллагад өргөдөл гаргаж Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 24 сарын хугацаатай 6 500 000 төгрөгийн зээл авч барьцаанд тавин одоогийн байдлаар 4 561 663 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тухайн тээврийн хэрэгслийг барьцаанд тавих үед эвдрэл гэмтэл байгаагүй. Тухайн тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас учирсан хохирол нь үнэлгээгээр 3.480.000 төгрөгийн хохирлын үнэлгээ гарсан. Иргэний нэхэмжлэгчийн хувьд ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн зээлдэгч зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хэвийн төлж байгаа.” гэх мэдүүлэг /хх 30/,

Гэрч Н.Шинэбаярын өгсөн: “Би Баянхонгор аймгаас Батбаатарын хамт Цтой Улаанбаатар хот руу хүргүүлэх гээд хамт явсан. Улаанбаатар хот нэлээн дөхөж байсан. Лүн сум ороод цайны газар орж хоол идсэн. Тэгээд хөдлөөд би арын суудалд сууж аваад унтаж байсан. Тэгээд сэрэхэд машин эсрэг урсгал руу орсон байсан. Машинаас гараад хартал М гэх залуу газар хэвтэж байсан. Тэгээд машин ирээд Мыг аваад явсан. Өөр зүйл болоогүй. Гэмтэж бэртсэн зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 32/,

Шүүгдэгч Д.Цгийн өгсөн: “Би 2023 оны 9 дүгээр сарын 10-ны орой 21:30 цагт Баянхонгор аймгийн Баянхонгор сумаас өөрийн эзэмшлийн 39-16 УНБ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон 3 хүн суулгаад Улаанбаатар хот руу хөдөлсөн. Бид нар замдаа Өвөрхангай аймагт түр зогсоод Эрдэнэсант сумын ойролцоо ирж зогсоод бид нар 40 минут гаран унтаад хөдөлсөн. Замдаа Төв аймгийн Лүн суманд цайны газар хоол идээд хөдөлсөн. Тэгээд Аргалант сумын нутаг “цанын бааз” орж ирээд би нойрмоглоод байсан. Цанын бааз орж тамхи татаж нойроо сэргээе гэж бодоод явж байтал нойрмоглоод унтсан байсан. Нүдээ нээтэл машин зүүн талын урсгал руу ороод замын гүүр хоолойн цаашаа хашлага тулаад рулээ дартал буруу талын талаараа цементэн хашлага мөргөж замын хажуу руу онхолдож унасан. Тэгээд замын жолооч нар цагдаа дуудсан. Эмнэлэг ирээд сууж явсан М гэдэг хүн машин онхолдоход цонхоор унаж гэмтсэн. Тэгээд бид нар эмнэлэг рүү явсан. Би гурван зорчигчтой явж байсан. Миний ард суудалд сууж явсан М гэдэг залуу цонхоор шидэгдээд газар унаж нурууны сэртэн яс нь хугарч, нэг хавирга нь хугарч, хамар нь хугарсан. Миний толгой хэсэг, хүзүү хугарсан. Бусад хоёр хүн гайгүй байгаа. Би болон жолоочийн хажууд сууж явсан зорчигч Батбаатар суудлын бүсээ бүсэлсэн байсан. Арын суудалд сууж  явсан М, Шинэбаяр нар суудлын бүсээ бүслээгүй байсан. Би нойрмоглож ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсны улмаас эсрэг урсгал руу орж хашлага битон мөргөж осол болсон.” гэх мэдүүлэг /хх 134-135/,

“2022 оны 9 дүгээр сарын 09-ны оройн 21:30 минутын орчим Баянхонгор аймгаас М, Батбаатар, Шинэбаяр нарын хамт өөрийн Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот руу хөдөлсөн. Тэгээд замдаа явж байхдаа Төв аймгийн Эрдэнэсантын хөтөл дээр 30 минут унтаж жоохон амарчхаад цааш явж байгаад Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөл гэх газарт шөнөжингөө машин бариад явчихсан болохоор нойр хүрээд замдаа үүрэглээд замын эсрэг урсгалд гүүрэн гарцны блок руу очиж мөргөж шидэгдээд цааш нэг удаа өнхөрсөн. Тэгээд шидэгдэх үед М цонхоор шидэгдээд 2 сэртэнгийн яс хугарч ГССҮТ рүү хүргэгдсэн. Би жолоодох эрхийн үнэмлэхтэй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.” гэх мэдүүлэг /хх 74/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 583 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1.Б.Мын биед бүсэлхийн нурууны L1, L2, зүүн талын 12-р нугалмын сэртэн салсан хугарал, баруун 6-р хавирганы хугарал, хэвлийн зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Нурууны L1, L2, нурууны зүүн талын 12-р нугалмын сэртэнгийн хугарал нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун 6-р хавирганы хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэвлийн зөөлөн эдийн няцралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэжээ /хх 43-44/,

“Энх Нахиа” ХХК-н автомашин техникийн үнэлгээний тайлан: “Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн шууд зардал 2 320 000 төгрөг, шууд бус зардал 800 000 төгрөг, нийт 3 480 000 төгрөгийн хохирол учирсан.” гэжээ /хх 19/,

Техникийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/08 дугаартай дүгнэлт: “1.Тоёота приус-20 маркийн 39-16 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Ц нь МУ-ын ЗХД-ийн заалт зөрчсөн байна. 2.Тоёота приус-20 маркийн 39-16 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Ц нь МУ-ын ЗХД-ийн 11.3-р заалт буюу “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. 3.Осол болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлөөгүй байна.” гэжээ /хх 63-64/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-9/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 10/, зам тээврийн ослын фото зургийн үзүүлэлт /хх 11-12/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Д.Ц нь Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Цагаан хөтөл" гэх газарт Тоёота Приус 20 маркийн 39-16 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх, буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэснийг зөрчиж, замын хажуу тал руу тээврийн хэрэгслийг онхолдуулсны улмаас зорчигч Б.Мын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв. 

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.   

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Д.Ц нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал,

шүүгдэгч  Д.Ц нь таксинд явж амьжиргаагаа залгуулдаг тул торгох ял оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргав. 

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл  байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Д.Ц нь  1974 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 49 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сум Эрдэнэмандал 2-р баг 8-р гудамж 8 тоотод оршин суух хаягтай, мөн урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар хавтаст хэргийн 77-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд тэмдэглэгдсэн.

 

Шүүгдэгч Д.Ц-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэв.

 

 Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугийн асуудалд маргахгүй байгаа зэргийг харгалзан гэм буруутайд тооцсон зүйл хэсгээр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Д.Ц-гийн тээврийн хэрэгсэлд 3 зорчигч сууж явсан байх бөгөөд Н.Шинэбаяр, Н.Батбаатар нарын эрүүл мэндэд хохирол учраагүй, хохирогч Б.Мын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан боловч баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

                                               

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-д оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ц нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ