Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/184

 

 

 

 

 

 

 

 

 

 2023           4              26                                                     2023/ШЦТ/184 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

Улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэрэнтогтох,

Хохирогч Б.А, Б.З, тэдгээрийн өмгөөлөгч М.Мэндсүрэн,

Шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийж,

 Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б-д холбогдох эрүүгийн дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн Б, 2003 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:  

 

Шүүгдэгч О.Б нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2022 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 05 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Мэргэжлийн хяналтын газар"-ын хойд талын асфальтан зам дээр Тоёота Приус-20 маркийн 83-76 УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно, а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэж заасныг зөрчиж, улмаар замын хажуугийн гэрлийн шон мөргөн тээврийн хэрэгслийг унагаж зорчигч Б.А, Б.З нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

                          

Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан

 

Хохирогч Б.Зын өгсөн: " Би 2022 оны 12 дугаар сарын 17-ний өдөр 10 жилийн найзуудтайгаа уулзаад 00 цагийн орчим тараад байж байхад манай танил Б залгаад хаана байгаа юм, юу хийж байна гэхээр нь би 10 жилийн ангийнхантайгаа уулзаад жаахан уучихсан байна гэхэд тэгвэл уулзах уу, таарах уу гэхээр нь би тэгье гэж зөвшөөрсөн. Ингээд би Молор-Эрдэнэ гэх таньдаг дүүгээ дуудаж машинаа жолоодуулаад ангийн найз Атай хамт яваад Быг найзтай нь хамт “Титэм” баарны гаднаас аваад буудал орж 2 том пиво аваад Солонго цогцолборын гадаа үүдний зогсоол дээр зогсож пивоо ууж эхэлсэн. Молор-Эрдэнэ биднийг Солонго цогцолборын үүдэнд хүргэж өгөөд яваад өгсөн. Ингээд пиво ууж байгаад би согтоод унтаад өгсөн. Сэрэхэд миний гар утас байхгүй байхаар нь утсаа хайж эхлээд миний утас холбогдохгүй байсан. Энэ үед гэнэт Б машин жолоодоод хөдлөөд аймаар ширүүн явахаар нь би хөөе ингэж болохгүй зөөлөн яв гээд хажуугаас нь гар руу нь цохиод гараас нь угзарсан ингээд л шууд зам дээр хөндөлсөөд замын хажуу руу ороод шон мөргөөд онхолдсон. Би тухайн үед хурдны заалт харахад 80 км/цагийн хурдтай явж байсан. Ослын дараа сэрэхэд миний хүзүү хөдлөхгүй байсан. Цагдаа нар ирж намайг гаргаж авсан. Би тухайн үед архи уугаад нэлээд согтсон учраас зарим зүйлийг сайн санахгүй байна. Би Бтай 4 жилийн өмнө танилцсан юм хааяа чаталдаг танил дүү маань байгаа юм. Тухайн өдөр Б өөрөө надтай утсаар ярихдаа аниагаа дайлмаар байна ойрдоо хэцүү байгаа байх гэж хэлээд би уулзахаар зөвшөөрсөн байсан.  Би машиндаа ууж эхлэхдээ өөрөө жолооны хажуу талын суудал дээр сууж байсан намайг хүргэж өгсөн Молор-Эрдэнэ буугаад явахад жолооны ард хүн суугаагүй байсан би пиво ууж байх явцдаа согтоод хэсэг унтаад нэг сэрээд харахад Б жолооны ард суучихсан байсан. Би Быг жолоо бариад өгөөч гэж гуйгаагүй гэрт хүргэж өгөөч гэж гуйсан зүйл байхгүй. Ямар учраас Быг жолоо барьсныг мэдэхгүй байна. Би унтаж байгаад сэрэхэд миний гар утас байхгүй байхаар нь гар утсаа хайгаад Агийн утсаар өөрийн утас руугаа залгуулах үед гэнэт Б жолоо бариад хөдлөөд явчихсан. Тэгээд би Быг ямар аймаар хурдан явдаг юм бэ боль машинаа зогсоо гээд гараас нь татаж гар руу нь цохисон. Энэ үед машин хөндөлсөөд онхолдсон. Ер нь бол Б өөрийнхөө дураар жолоо барьсан.” гэх мэдүүлэг /хх 17/,

Хохирогч Б.Агийн өгсөн: “2022 оны 12 сарын 17-ны өдрийн 21 цагт ажлаа тараад Улаанбаатар хотоос Төв аймгийн Зуунмод суманд ирээд Алтан ураг ресторанд 10 жилийн ангийнхантайгаа уулзаад 01 цаг хүртэл байж байгаад тарцгаасан. Би гараад танил дүү болох Молор-Эрдэнийг дуудаад найз Зын машиныг Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг Тэмүүлэн төвийн хойноос жолоодуулаад З, Молор-Эрдэнэ бид 3 хөдлөөд явсан. Тэгээд Титэм нэртэй баарны гаднаас Зыг танил болох 2 залуу суусан. Тэгээд бид 5 Төв аймгийн Зуунмод сумын Солонго цогцолборын урд талд машин дотор пиво уугаад юм яриад суусан. Тэгээд Молор-Эрдэнэ явсан. З түүний найз болох 2 залуу бид 4 байж байхад машины жолоон дээр сууж байсан нэг залуу машиныг бариад маш хурдтай хөдлөөд явсан. Тэгтэл гэнэт шон мөргөөд хажуу талаараа эргээд машин унасан. Тэгээд би ухаан алдсан байж байгаад сэргэтэл машинаас гараарай ганц байхаар нь би машинаас гараад түргэн дуудах гээд байж байтал цагдаа иргэд бид нарыг эмнэлэг хүргэсэн. Тухайн тээврийн хэрэгслийг Б гэх залуу жолоодож явсан. Тухайн Б гэдэг залуу архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байсан. Бид нар бүгдээрээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Хэн ч жолоо барь гэж хэлээгүй. Өөрөө л гэнэт машин жолоодоод хөдөлсөн. З Быг чи ямар хурдтай явдаг юм бэ гээд гар руу нь цохих шиг болсон. 2-3 минутын дараа осол болсон. Яг гар руу нь цохих үед буюу түүний дараа машин яагаа ч үгүй чигээрээ явж байсан жолооч маш хурдтай явсан ба ослоос өмнө зам дээр 2 хурд сааруулагч тааралдсан. Түүнийг ерөөсөө тоормос гишгэж хөдөлгөөнөө удаашруулаагүй чигээрээ харайгаад л гараад явчихсан. Ингээд мэргэжлийн хяналтын газрын хойд талын уулзварын орчимд очоод хүчтэй жолоогоо хажуу тийшээ дарах шиг болоод л машин зам дээр эргээд хажуу тал руу нь онхолдсон.” гэх мэдүүлэг /20-21/,

Иргэний нэхэмжлэгч О.Долгорын өгсөн: “Манай “Төв гэрэл” ХХК нь Төв аймгийн сумын Засаг даргын тамгын газартай 2018 оноос хойш Зуунмод сумын нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлэг засвар үйлчилгээний тендерийг хариуцан үйл ажиллагаа явуулдаг юм. 2022 оны 12 дугаар сарын 18-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Мэргэжлийн хяналтын газрын хойд талын замын хажуугийн гэрлийн шонг тээврийн хэрэгсэл мөргөж эвдсэн учир миний бие байгууллагаа төлөөлж нэхэмжлэл гаргаж оролцож байгаа юм. Манай цагдаагийн байгууллагаас өгсөн тогтоолын дагуу гэрлийн эвдрэлийн үнэлгээгээр тогтоолгуулсан үнэлгээгээр 720 000 төгрөгөөр үнэлэгдсэн байсан. Үнэлгээний хөлсөнд 70 000 төгрөг зарцуулсан нийт 790 000 төгрөг болсон. Тус хохирлоо нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх 24/,

Гэрч Э.Шижир-Эрдэнийн өгсөн: “Би 2022 оны 12 дугаар сарын 17-ны орой 20 цагийн үед Зуунмод суманд байрлах РС орж найзуудтайгаа тоглоод 01 цагийн гараад явж байтал 10 жилийн ангийн найз Б над руу залгаад уулзъя гээд Зуунмод сумын талбай дээр Бтай уулзахад Б хөх өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ар талд нь суусан уг машины нэг эгч жолоодсон бас нэг эгч урд талд нь сууж явсан. Тэгээд би ард талд нь Бын хажуу талд суугаад бид 4 Зуунмод сумын Солонго цогцолборын хажуу талын машины зогсоол дээр очиж зогсоод пиво уусан. Тэгтэл Молор-Эрдэнэ гэх манай үеийн залуу ирээд хэсэг сууж байгаад машинд бензин хийхээр болоод колонк ортол колонк хаалттай байсан. Тэгэхээр нь болиод Молор-Эрдэнийг буулгаад машиныг Б жолоодоод буцаад Солонго цогцолборын зогсоол дээр ирээд хэсэг юм ярьж сууж байгаад Б машиныг жолоодоод хөдлөөд явж байгаад машин бөгсөө хаялах шиг болоод хажуу тийшээ шон мөргөөд бөөрөөрөө унасан. Тэгээд би дээшээ хаалга онгойлгоод гараад түргэн дуудсан. Тэгээд удалгүй цагдаа болон түргэний машин ирээд бид нар эмнэлэг орсон.” гэх мэдүүлэг /хх 29-30/,

Шүүгдэгч О.Бын өгсөн: “Би тус өдөр Титэм бааранд найз Шижир-Эрдэнийн хамт сууж байтал З эгч над руу залгаад хаана байгаа юм бэ гэхээр нь байгаа газраа хэлтэл миний байгаа газарт машинтай ирээд бид хоёрыг авсан. Ирэхдээ А гэх найзтайгаа ирээд Солонгын хойд талд очиж зогсоод пиво ууцгаасан. Ингээд нэлээд согтоцгоогоод бид хоёр явлаа гэтэл А жаахан байж байгаад яваач гэж хэлээд би урагшаа жолоочийн суудалд орж суугаад З эгч нилээн сууж байгаад гар утсаа хайгаад эхэлсэн. Тэгээд эргээд согтоод унтаад өгсөн. Тэгтэл А, Шижир-Эрдэнэ хоёр гэртээ харина явъя гэхээр нь яаж хаячхаад явах вэ гэж бодоод гэрт нь хүргэж өгөөд явдаг юм уу гээд машиныг нь жолоодоод гэр рүү нь чигтээ явж байх үед З сэрж босож ирээд гар руу цохиод руль булаалдаад тэгээд замын хажуу pyy онхолдчихсон. Хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулна.” гэх мэдүүлэг /хх 97/,

Иргэний нэхэмжлэгч Г.Хишигбуянгийн өгсөн: “Миний бие 83-76 УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 10 дугаар сард Нэт капитал банк бус санхүүгийн байгууллагаас 6.5 сая төгрөгийн урьдчилгаа төлж үлдсэн төлбөрийг лизингийн нөхцөлөөр худалдан авсан төлбөрөө төлөөд явж байгаа юм. Машиныг манай эхнэр З унаж ашигладаг. Энэ үедээ өөр хүнд жолоодуулж тээврийн хэрэгслийг маань онхолдуулж эд хөрөнгийн хохирол учруулсан байгаа. Миний бие үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа боловч тус машинд засвар үйлчилгээ хийгээд би машинаа унаж ашиглахад хуучин шигээ бүрэн бүтэн болохгүй учир би машинаа яг осолд орохын өмнө ямар байсан түүгээрээ нэхэмжилнэ. Мөн осол болсноос хойш 2 сарын хугацаанд унаж ашиглахгүй төлбөрөө төлж байгаа үүнд сарын 626.000 төгрөг төлөгдөөд хүүнд 307.370 төгрөг өгч байгаа. Тийм учраас хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх 109/,

Гэрч Б.Батбаярын өгсөн: “Тухайн үед тээврийн хэрэгсэл мөргөж хашааг гэмтээгээд тухайн өдрөө засаж янзалж өгсөн. Одоо бүрэн бүтэн байна. Нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 118/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 24 дугаартай шинжээчийн: “1.Б.Зын биед хүзүүний 5-р нугалмын сэртэн ясны хугарал, зулай, баруун гарын сарвуунд зулгаралт, баруун гарын сарвуу, зүүн гуя, зүүн өвдөгд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 55-56/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 25 дугаартай шинжээчийн: “1.Б.Агийн биед зүүн шуу ясны хугарал, зүүн нүдний зовхи, дух, зүүн хацарт зулгаралт, зүүн бугалга, зүүн тохой, хэвлий, зүүн гуя, зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт, толгойн зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг  удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 70-71/,

Шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дүгнэлт: "1.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 83-76 УАТ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Очирхуягийн Б Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэв. 2.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёота Приус-20 маркийн 83-76 УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Очирхуягийн Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн "3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно a/.тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэв. 3.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд жолоочийн хажуу талд сууж явсан Бямбадоржийн З нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байх үндэслэлтэй гэж үзэв. 4.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёота Приус-20 маркийн 83-76 УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Очирхуяг овогтой Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн "3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно а/.тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй гэж үзэв.” гэжээ / хх 84-85/,

2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 06/371 дугаартай үнэлгээний тайлан:

"Тoyota Prius20 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 12-р сарын 18-ны өдрийн байдлаар 17,150,000 (арван долоон сая нэг зуун тавин мянга) төгрөг, хохирлын үнэлгээ нь 5,927,300 /таван сая есөн зуун хорин Долоон мянга гурван зуу/ төгрөг гэж тус тус дүгнэлээ.” гэх /хх 33-43/,

 “Хан-Үнэлэмж” ХХК-ны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдийн 22/12-103 дугаартай үнэлгээний тайлан: “Төв гэрэл ХХК-ны гэрлийн шонгийн үнэлгээг 2022 оны 12-р сарын 19-ны өдрийн байдлаар 720 000,00 /долоон зуун хорин мянган төгрөг/ гэж тогтоосон.” гэх /хх 62-63/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 173 дугаартай шинжээчийн: “1.Шинжилгээнд ирүүлсэн Б 20/эр” гэсэн хаягтай цуснаас 1.6 промилли илэрч байна. Цусанд илэрсэн 1.6 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 73-74/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-8/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10-12/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч О.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаа хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар зорих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч миний үйлчлүүлэгч "Төв-Гэрэл" ХХК-нд 720 000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч Г.Хишигбуянгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг багасгаж өгнө үү гэх санал тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч О.Б нь  2003 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Төв аймгийн Зуунмод сумын “Баруун Зуунмод” 6 дугаар багийн 14-р гудамжны 9 тоотод оршин суудаг, мөн урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх баримтууд хавтаст хэргийн 98, 99, 103-р хуудсанд авагджээ.

 

Шүүгдэгч О.Б-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрийлсэн, үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүний гэм буруутайд тооцсон зүйл хэсгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч О.Бын буруутай үйл ажиллагааны улмаас Б.А, Б.З нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.Хишигбуянгийн Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгсэлд 5 937 300 төгрөгийн хохирол учирсан байна.

 

Хохирогч Б.А гэм хорын хохиролд ажилгүй байсан хугацааны цалин 2 400 000 төгрөг, цалингийн зээл 400 000 төгрөг, гар утасны урьдчилгаа төлбөр 1 679 650 төгрөг нийт 4 479 650 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага,

хохирогч Б.З автомашины засварын үнэ 2 000 000 төгрөг, автомашины эвдрэлд 5 940 000 төгрөг нийт 7 940 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага,

"Төв-Гэрэл" ХХК гэрлийн шонгийн үнэ 720 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага,

иргэний нэхэмжлэгч Г.Хишигбуян Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглах боломжгүй болсон тул тээврийн хэрэгслийн үнэ 17 200 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүгдэгч О.Б Г.Хишигбуянгийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцон гэрлийн шон мөргөн онхолдож зам тээврийн осол гаргасан байх бөгөөд уг гэрлийн шон нь Төв аймгийн Зуунмод сумын нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлэг засвар үйлчилгээг хариуцан үйл ажиллагаа явуулдаг "Төв-Гэрэл" ХХК-нд хамаардаг болох нь О.Долгорын мэдүүлгээр тогтоогдож гэрлийн шонг "Хан-Үнэлэмж" ХХК-ны үнэлгээгээр 720 000 /долоон зуун хорин мянга/ төгрөгөөр үнэлсэн байна. /хх 24, 62-63/  

 

 Шүүгдэгч бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг унаж явахдаа шон мөргөж онхолдуулсны улмаас шинжээчийн дүгнэлтээр Г.Хишигбуянгийн эзэмшлийн  8376 УАТ улсын дугаартай Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлийг "Эй Жэй Жэй Эм" ХХК-ны үнэлгээний компани 5 937 300 /таван сая есөн зуун гучин долоон мянга гурван зуу/ төгрөгөөр тогтоосон байна. /хх 34-44, 109/

 

"Төв-Гэрэл" ХХК болон иргэний нэхэмжлэгч Г.Хишигбуян нарын эд хөрөнгөд учирсан хохирлыг тогтоосон шинжилгээний байгууллагын үнэлгээгээр хохирлыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэгч Г.Хишигбуянгийн тээврийн хэрэгслийн үнэ 17 200 000 төгрөг, хохирогч Б.Зын автомашины засварын үнэ 2 000 000 төгрөг, автомашины эвдрэлд учирсан 5 940 000 төгрөгийг тус тус хангах боломжгүй байх бөгөөд шүүх гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргадаг хуулийн зохицуулалттай тул тухайн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн хэмжээгээр үнэлсэн үнэлгээний компанийн гаргасан хэмжээгээр хохирлыг гаргаж шийдвэрлэв.

 

Хохирогч Б.А гэм хорын хохиролд ажилгүй байсан хугацааны цалин 2 400 000 төгрөг, цалингийн зээл 400 000 төгрөг, гар утасны урьдчилгаа төлбөр 1 679 650 төгрөг нийт 4 479 650 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа шүүх хуралдаанд эмнэлгийн магадлагаа, зээл хүү төлөх график харуулсан баримт, Хүннү молл салбарын DR Kong дэлгүүрт худалдааны зөвлөхөөр 2 400 000 төгрөгийн цалинтай ажилладаг гэх тодорхойлолт, Мобиком салбарын баталгаа засварын хуудасны баримт, гар утас худалдах худалдан авах гэрээ зэрэг баримтууд ирүүлжээ.

 

Хохирогчийн дээрх нэхэмжлэлийн шаадлагаас гар утасны урьдчилгаа төлбөр 1 679 650 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь: Гар утас алдагдсан талаар хохирогч гомдол гаргаагүй тухайн хэрэгт ямар нэгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан бөгөөд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт бусдын алдагдсан гар утасны төлбөрийг гаргуулах үндэслэлгүй юм.  

 

Хохирогч Б.Агийн ажилгүй байсан хугацааны цалин болон ажилгүй байсан хугацаанд төлөгдөөгүй зээлийн төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд нотлох баримт хангалттай ирүүлээгүй тул шүүх хуралдаанд ирүүлсэн дээрх баримтаар хангах боломжгүй гэж үзэн хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

           

            Шүүгдэгч гэм буруугийн шүүх хуралдаанаас хангаж шийдвэрлэсэн хохирлыг нөхөн төлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 хоногийн завсарлага авч "Төв-Гэрэл" ХХК-ны гэрлийн шонгийн үнэ 720 000 төгрөгийг төлсөн болохыг дурдав.

 

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон Очирхуягийн Б-ыг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч О.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх бусад цагт Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгчийг хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай. 

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаалах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих анхааруулж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснааар шүүгдэгч О.Б-аас 5 937 300 /таван сая есөн зуун гучин долоон мянга гурван зуу/ төгрөг гаргуулж Улаанбаатар хот Налайх дүүрэг 1-р хороо Уурхайчдын 21-02 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Х-/РД: /-д олгосугай.

 

6.Хохирогч Б.А, Б.З нар нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хохирогч Б.Агийн гар утасны урьдчилгаа төлбөр 1 679 650 /нэг сая зургаан зуун далан есөн мянга зургаан зуун тавь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            7.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ