Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2021/0377/3 |
Дугаар | 128/ШШ2021/0794 |
Огноо | 2021-11-24 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2021/0794
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Ө.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Л.Э нарыг оролцуулан “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Эрчим хүчний зохицуулах хороо, ЭХЗХулсын ахлах байцаагчид тус тус холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийв.
Нэхэмжлэгч: “Б” ХХК
Хариуцагч: ЭХЗХ,ЭХЗХ-ны УАБ
Нэхэмжлэлийн шаардлага: ЭХЗХ2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 141 дугаартай “Тусгай зөвшөөрлийн хүрээнд өөрчлөлт оруулах тухай” тогтоол, ЭХЗХУлсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай албан шаардлагыг тус тус хүчингүй болгуулах.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “ЭХЗХнь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 141 дугаартай Тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд өөрчлөлт оруулах тухай тогтоолоороо “ЭХЗХ2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 588 дугаар тогтоолоор баталсан ******* ХХК-ийн дулаан хан дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнээс Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлалтай 0.58 Гкал/ц-ийн дулааны ачаалалтай, 103 дугаартай орон сууц, 1 ус дулаан дамжуулах төв гэснийг, “Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлалтай 1.94 Гкал/ц-ийн дулааны ачаалалтай, А******* хотхоны *******,*******,******* дугаартай орон сууц, 1 ус дулаан дамжуулах төв, 1.08 Гкал/ц-ийн дулааны ачаалалтай, 48 дугаар орон сууц, 1 ус дулаан дамжуулах төв” гэснийг тус тус хасаж тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээг хавсралтаар өөрчлөн баталсугай. 2.Тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнээс хасагдсан дээрх орон сууцны байрнуудын дулаан түгээх, хангах үйл ажиллагааг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор шилжүүлэхийг Б ХХК /Ө.М*******/-д үүрэг болгосугай. 3.Б ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнээс хасагдсан хэрэглэгчдийг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай хийсэн дулаан худалдах, худалдан авах гэрээндээ нэмж дулааны төлбөрийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хариуцах, хэрэглэгч бүртэй гэрээ байгуулах дулаан түгээх сүлжээний эзэмшлийг шилжүүлэн авахыг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ /Ч.М/-т үүрэг болгосугай. 4.Б ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнээс хасагдсан хэрэглэгчид хэвийн дулааны эрчим хүчээр хангагдаж байгаа эсэх, энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Тусгай зөвшөөрөл, хяналтын газар /3.Ц/-т үүрэг болгосугай..." гэсэн шийдвэрийг гаргасан. Б ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 21/49 дугаартай албан бичгээрээ ЭХЗХ2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 141 дугаартай Тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрсөн гомдлыг гаргаж, Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлсэн.
Гэтэл ЭХЗХудирдлага нь Б ХХК - ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно, иж бүрэн хяналт шалгалтыг хийнэ, цаашид орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт ажиллуулахгүй болгоно, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж, холбогдуулан шалгана, танай компанийн тайланг бусад компаниудаас тусад нь тусгайлан хэлэлцэнэ гэх зэргээр манай компанийн удирдлагыг дарамтлах, айлган сүрдүүлэх үйл ажиллагааг системтэйгээр зохион байгуулж, улмаар ЭХЗХУлсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөр огноолсон /тухайн өдөр албажуулан гаргасан эсэх нь нэн эргэлзээтэй /******* дугаартай Албан шаардлагыг гаргаж, ирүүлсэн болно. Тусгай зөвшөөрөл бүхий ******* ХХК нь Улаанбаатар хотын хэмжээнд 2015 оноос ус дулаан дамжуулах 30 төв, дулааны 1 дүгээр хэлхээний 4200 метр урттай шугам, дулааны 36 худаг, цэвэр усны 3200 метр урттай шугам, бохир усны 102 худагтайгаар нийт 3391 айл өрх, 179 аж ахуйн нэгж, байгууллагад Орон сууц, нийтийн аж ахуйн чиглэлээр үйлчилгээ үзүүлэн ажилладаг.
А ХХК, Б ХХК-иудын хооронд байгуулагдсан 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 44а, 44б, 44в байрны 172 айлын орон сууцны барилга байгууламж, Дулааныг дамжуулан түгээх шугам сүлжээ болон Цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээг өмчлөлд шилжүүлэх, хүлээлгэн өгөх гэрээ, А ХХК, Б ХХК-иудын хооронд үйлдэгдсэн барилга байгууламж, дулааныг дамжуулан түгээх болон Цэвэр ус дамжуулан түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээг хүлээлцсэн актаар Б ХХК нь А ХХК-ийн барьж, байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжид байрших худалдаа, үйлчилгээ, ажлын байр, автомашины зогсоол, агуулах бүхий А******* 44, 44а, 44б, 44в дугаартай 172 айлын орон сууцны байрыг хүлээн авч, Эрчим хүчний зохицуулах хорооноос зохих шийдвэрийг гаргуулан, тухайн орон сууцад оршин суудаг, байршдаг хэрэглэгчдэд холбогдох үйлчилгээг үзүүлж эхэлсэн.
Гэтэл А ХХК нь Монгол Улсын Эрчим хүчний тухай хууль тогтоомж, 44а, 44б, 44в байрны 172 айлын орон сууцны барилга байгууламж, Дулааныг дамжуулан түгээх шугам сүлжээ болон Цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээг өмчлөлд шилжүүлэх, хүлээлгэн өгөх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлдэггүй, ойлгомжгүй, тодорхойгүй асуудлаар маргаан үүсгэх, удаа дараагийн хууль ёсны шаардлагуудыг маань эс зөвшөөрч, эсэргүүцэх зэргээр ******* ХХК-ийн үйл ажиллагаа, үйлчилгээнд элдэв саадыг учруулж байсан.
А ХХК-ийн удирдлага, эрх бүхий албан тушаалтнуудын хууль бус үйлдэл хэр хэмжээнээсээ хэтрэн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр А ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Ц, Х.Ц охин бөгөөд А ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.О, Х.Ц хүү Ц.Т, Х.Ц эхнэрийн дүү Ц.Онарын 10 орчим хүмүүс Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 194 дугаартай Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай тогтоолоор тусгайлан тогтоосон “...хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм..."-ийг ноцтойгоор зөрчин Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, А******* 446 дугаар байрны 301, 302, 303 дугаартай орон сууцад байршдаг Б ХХК-ийн ажлын байр руу бүлэглэн довтолж, 303 дугаарын гаднах хаалганы дээд доод цоожуудыг сольж, манай компанийн ажилтан А.О, Г.Э /жирэмсэн/, Д.У нарыг 11 цаг 00 минутын орчим 302 , 303 дугаарт гаднаас нь түгжин 15 цаг 00 минут хүртэл хорьж, саатуулан, улмаар компанийн маань ажилтан Б.Т, Г.Т, Г.У, Г.Э нарыг зодож, Б.Т, Г.Т нарын эрүүл мэндэд хохирол учруулан, ажлын техник хэрэгсэл, эд зүйлсийг эвдлэн сүйтгэсэн.
Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс А ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Ц, Х.Ц охин бөгөөд А ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.О, Х.Ц хүү Ц.Т, Х.Ц эхнэрийн дүү Ц.О нарын 10 орчим этгээдүүдийн хамтран үйлдсэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 13.4 дүгээр зүйлийн 3, 13.6 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд хэрэг бүртгэлтийн ******* дугаартай хэргийг нээж, мөрдөн шалгах ажиллагааг, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэлд хэрэг бүртгэлтийн ажиллагааг тус тус явуулж байна. Ач-Очир ХХК-ийн үүсгэн байгуулагч буюу захирлаар ажиллаж байсан Х.Ц, А ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.О нар болон өөрсдийн хууль бусаар байгуулсан А******* гэх Сууц өмчлөгчдийн холбоогоор дамжуулан Б ХХК-д холбогдуулсан илт үндэслэлгүй өргөдөл, гомдлуудыг төрийн байгууллагуудад удаа дараалан гаргасан.
А ХХК-ийн барьж, байнгын ашиглалтад өгсөн Худалдаа, үйлчилгээ, ажлын байр, автомашины зогсоол, агуулах бүхий 44, 44а, 44б, 44в дугаартай 172 айлын А******* орон сууцад Монголын улс төрд идэвхтэй, голлох байр суурь эзэлдэг улс төрийн нам, Төрийн улс төрийн алба, төрийн захиргааны алба, төрийн тусгай алба, төрийн үйлчилгээний албанд тус тус ажилладаг нэр нөлөө бүхий албан тушаалтнууд, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд амьдардаг, худалдаа, үйлчилгээний талбайнуудыг түрээсэлдэг бөгөөд тэдгээрийн зарим нь А ХХК-ийн зээл, хөнгөлөлттэй нөхцөлөөр тухайн орон сууцыг худалдан авдаг, талбайг түрээсэлдэг. А ХХК нь өөрийн барьж, байнгын ашиглалтад оруулсан байранд оршин суудаг, талбай түрээсэлдэг этгээдүүдээс гуйх, шаардах зэрэг хэлбэрээр тэдний нөлөөлөл, тусламжийг аливаа асуудлуудаар байнга авдаг.
ЭХЗХ2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 141 дугаартай Тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд өөрчлөлт оруулах тухай тогтоолд тусгагдсан "... Б ХХК-ийн хариуцан ажиллаж буй зарим орон сууцны байруудын Сууц өмчлөгчдийн холбоо, хэрэглэгчдээс ирүүлсэн..." хүсэлт гэгчийг А ХХК-ийн удирдлагууд нь дээр дурдагдсан этгээдүүдийн оролцоотой хууль бус арга замаар Эрчим хүчний зохицуулах хороогоор хянан шийдвэрлүүлж, манай компанийг хохироосон гэж үзэж байна.
ЭХЗХ нь "...Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлалтай 1.94 Гкал/ц-ийн дулааны ачаалалтай, А******* хотхоны *******,*******,******* дугаартай орон сууц, 1 ус дулаан дамжуулах төв,..."-ийг “...ЭХЗХ2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 588 дугаар тогтоолоор баталсан Б ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн..." үйлчлэх хүрээнээс хассан үндсэн зорилго, хууль бус үйлдлээ нуун дарагдуулах, бусдыг төөрөгдүүлэх зорилгоор "...Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлалтай 0.58 Гкал/ц-ийн дулааны ачаалалтай, 103 дугаартай орон сууц, 1 ус дулаан дамжуулах төв...", "Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлалтай...1.08 Гкал/ц-ийн дулааны ачаалалтай, 48 дугаартай орон сууц, 1 ус дулаан дамжуулах төв"-ийг тус тус нэмэлтээр хасах шийдвэрийг гаргасан. А ХХК нь тусгай зөвшөөрөлгүйгээр Улаанбаатар хот, Хан - Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжны А******* 44, 44а, 44б, 44в дугаартай орон сууцны байранд орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээг хууль бусаар эрхлэн явуулахыг санаархсан болно.
ЭХЗХнь Монгол Улсын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйл /Тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээ/-ийн 5.1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөл шаардах аж ахуйн үйл ажиллагааг хэрэв тусгайлан заасан бол тухайн нутаг дэвсгэрт явуулна", Эрчим хүчний тухай /Зохицуулах хорооны бүрэн эрх/-ийн 9.1 дэх хэсэг /Зохицуулах хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ/-ийн 9.1.3-т заасан "тусгай зөвшөөрөл зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах", 9.1.6-д заасан "тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг харьяаллын дагуу шийдвэрлэх”, 9.2 дахь хэсэгт заасан “Зохицуулах хороо нь шийдвэрлэх асуудлаа зохицуулагчдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэнэ. Хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Тогтоолыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч дагаж мөрдөнө”, ЭХЗХ2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181 дугаартай Дүрэм батлах тухай тогтоолоор батлагдсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн Тав /Нөхцөл , шаардлага тогтоох/-ын 5.1-т заасан “ЭХЗХ нь хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгохдоо Эрчим хүчний тухай хуулийн 9.1.3 дахь заалтын дагуу тусгай зөвшөөрлийн төрөл тус бүрээр нөхцөл , шаардлагыг тогтоож , хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана. Нөхцөл , шаардлагын хавсралтаар үндсэн тоноглолын үзүүлэлт, үйлчлэх хүрээг тогтооно”, Эрчим хүч зохицуулах хорооны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 292 дугаартай Дүрэм шинэчлэн батлах тухай тогтоолоор батлагдсан Аж ахуйн харилцааны дүрмийн Хоёр /Гэрээний нөхцөл, шаардлага/-ын 2.9-д заасан “Хэрэглэгч нь дамжуулах, түгээх шугам сүлжээний эзэмшлийн байдал, техникийн хувьд боломжтой нөхцөлд хангагч байгууллагаа сонгон үйлчлүүлэх эрхтэйгээр аж ахуйн харилцаанд оролцоно” гэснийг тус тус үндэслэж, ЭХЗХ2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 588 дугаартай тогтоолд өөрчлөлт оруулж, ЭХЗХ2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 141 дугаартай Тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг гаргах эрхгүй.
Мөн ЭХЗХ нь Б ХХК-ийг үүсгэн байгуулагч Монгол Улсын иргэдийн хувийн бизнесийг дээрэмдэн авч, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ гэх төрийн өмчит аж ахуйн нэгжид шилжүүлэх, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрших 103 дугаартай орон сууц, 3 дугаар хороонд байрших А******* 44, 44а, 44б, 44в дугаартай орон сууц, 48 дугаартай орон сууцад тус тус амьдардаг, үйл ажиллагаа явуулдаг хэрэглэгчдийн сонгон үйлчлүүлэх хууль ёсны эрхэд халдаж болохгүй юм.
Б ХХК нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлалтай 0.58 Гкал/ц-ийн дулааны ачаалалтай, 103 дугаартай орон сууц, 1 ус дулаан дамжуулах төв, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлалтай 1.94 Гкал/ц-ийн дулааны ачаалалтай, А******* хотхоны *******,*******,******* дугаартай орон сууц, 1 ус дулаан дамжуулах төв, 1.08 Гкал/ц-ийн дулааны ачаалалтай, 48 дугаартай орон сууц, 1 ус дулаан дамжуулах төвийг тус тус хариуцан ажиллахдаа ажиллах хүч, техник хэрэгслийг нэмэгдүүлж, тэдгээрийн үйлчилгээний зардал, цалин хөлсийг хариуцдаг, одоо ч хариуцсаар байна. ЭХЗХулсын ахлах байцаагч нь 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай Албан шаардлагыг гаргахдаа ЭХЗХ2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 141 дугаартай Тусгай зөвшөөрлийн хүрээнд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг үндэслэсэн. Нэгэнт хууль бус ЭХЗХтогтоолыг үндэслэсэн ЭХЗХУлсын ахлах байцаагчийн Албан шаардлагыг хүлээн авах, түүнийг биелүүлэх үүрэг ******* ХХК-д байхгүй болно.
ЭХЗХ2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 141 дугаартай Тусгай зөвшөөрлийн хүрээнд өөрчлөлт оруулах тухай тогтоол, ЭХЗХУлсын ахлах байцаагчийн 03 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай Албан шаардлага тус тус 2021 оны хүчингүй болсноор Б ХХК-ийн хууль ёсны бизнесийн үйл ажиллагаа хэвээр үргэлжилж, ажиллах хүчээ цомхотгохгүй, тэдний ахуй амьдралд сөрөг нөлөөлөл учрахгүй бөгөөд төрийн нэрээр хувийн бизнесийг хууль бусаар авсан үйлдэл таслан зогсоогдох болно.
Иймд ЭХЗХ2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 141 дугаартай Тусгай зөвшөөрлийн хүрээнд өөрчлөлт оруулах тухай тогтоол, ЭХЗХУлсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай Албан шаардлагыг тус тус хүчингүй болгох шийдвэрийг гаргаж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр албан шаардлага, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн тогтоол гарсан юм. Үүнээс өмнө А ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр А******* байрны 41б байрны 301,302,302 дугаар тоотуудад хууль бус ажиллагаа явуулсан. Тухайн байрны захиалагч нь Б ХХК-ийн өөрсдийнх нь барьж буй барилга юм. Эдгээр байр руу бүлэглэн орж гэмт хэрэг үйлдсэн байдаг.
Хан-Уул дүүргийн дэргэдэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байгаа талаарх мэдээллийг нэхэмжлэлд тусгагдсан байгаа юм. Энэ хэрэг дээр 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн гээд захирамж гарсан. Хэрэг нь шүүхийн шат руу шилжих гэж байгаа. Үүнтэй холбоотой мэдээллийг шүүхэд гаргаж өгөх нь зүйтэй гэж үзсэн. Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1/640 дугаартай хариу мэдэгдэх хуудас гомдлын хариу байгаа. Нягтлан бодогчийн гаргасан гомдолд хариу өгсөн байгаа. Хүний нөөцийн ажилтан н.Тэгшжаргалын гомдолд хариу өгсөн. Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1/641 дугаартай хариу мэдэгдэх хуудсыг нотлох баримтаар гаргаж өгч байна.
Тусгай зөвшөөрөл олгох, сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох гэсэн Эрчим хүчний тухай хууль дээр заасан энэ асуудлыг тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд өөрчлөлт тогтоох асуудлаа хольж яриад байна. Хэн нэгэн этгээдийн гаргасан хүсэлтийг үнэн, зөв гэдгийг тогтоохгүйгээр тусгай зөвшөөрлийг ихэсгэж багасгаад байдаг асуудал биш юм. Эрчим хүчний зохицуулах хороонд тийм эрх байхгүй. Тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд ихэсгэх юм уу, багасгах тухай яриад байна. Хууль ёсны ашиг сонирхолд нь халдахын тулд хууль зүйн үндэслэлтэй байна. Өөрийнхөөрөө хэрэглэх гээд байгаа юм шиг тайлбарлаад байна. Гэрээ байгуулагдаагүй гэдэг зүйл яригдаад байна. Гэрээ гэдэг нь борлуулалт явагдана, хууль ёсны өмчлөгч нь тогтоогдсоны дараа үйлчилгээ үзүүлж байгаа компани шаардлагаа тавина. Нэг нь байгуулсан байхад чи байгуул гэсэн албадан тулгах шаардлага байхгүй. 2017 оны асуудлаар 2021 онд хариуцлага хүлээлгэж болдог юм уу. Нэг асуудал шийдэх гэж байгаад шалтаг болгож байгаад хэлдэг. Гэрээ гэдэг зүйлээ ойлгохгүй байна. Нөгөө тал нь эс зөвшөөрвөл гэрээ байгуулагдахгүй. Гэрээ байгуулаагүй гэдэг дээр нөгөө талаа буруутгаж бол болохгүй.
А ХХК нь Эрчим хүчний зохицуулах хорооноос шийдвэрээ гаргуулсан тохиолдолд Б ХХК нь хууль ёсны шаардлагаа биелүүлэх үү, үгүй юм. ЭХЗХ гэдэг нь төрийн тодорхой чиг үүргийг гүйцэтгэж байгаа байгууллага байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э зарим ярьж байгаа асуудлууд байгууллагынхаа ашиг сонирхолд харшлаад байгаа байр суурийг илэрхийлээд байна. Хүчингүй байсан гэрээ дээр зөвшөөрөл олгосон гэж ярьж байна. Энэ байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, илэрхийлэх талаас нь оролцох ёстой болохоос байгууллагынхаа талаар үл ойлгосон талаар ярих нь зохимжгүй асуудал гэж бодож байна. Үйлчлэх хүрээнд өөрчлөлт оруулах энэ асуудлыг ЭХЗХ зохицуулаагүй. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлээд хүчингүй болгох, түдгэлзүүлэх нь тодорхой хугацаатай байдаг. Өөрийн ярьж байгаагаас зөрчил дутагдал гаргасан гэж үзэж байгаа бол энэ үйлчлэх хүрээнд өөрчлөлт оруулах асуудлыг шийдэхгүй, эрх нь байхгүй. Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйл дээр тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж хүчингүй болгох гэж заасан байгаа. Нэхэмжлэлд дурдагдсан асуудлууд үндэслэлтэй гэж үзэж байна. 48 байртай холбоотой асуудлууд гомдол байдаггүй. Үйлчлэх хүрээнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хууль тогтоомжид заасан заалт байдаггүй. Гаргаад байгаа өргөдөл гомдол, хэрэглэгчийг хохироосон чанар стандартыг хангахгүй байгаа асуудлыг ЭХЗХшалгана гэдэг хууль зөрчсөн асуудал юм. Энийг цагдаагийн газар юм уу, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар өгөөд бодит байдлыг тогтоогоод зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь нарийн процесстой. Оролцогч, холбогдогч нарыг оролцуулаад, эрхийг нь хангаад хэрвээ гаргасан шийдвэр нь үндэслэлгүй гэвэл шүүхээр асуудлаа шийдвэрлүүлдэг.
Гэтэл хүсэлтийг үндэслээд шийдвэр гаргаж болохгүй. Хуулийн хүрээнд хэм хэмжээний зохицуулалт тусгагдаагүй. Акт бол 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гарсан. Эрчим хүчний зохицуулах хороонд гомдол гаргасан. Гомдол гараад акт гарсан гэсэн асуудал яригддаг. Актын үндэслэл ЭХЗХ2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 141 дүгээр тогтоолыг үндэслээд гарсан. ЭХЗХ3 байрыг авч үлдээд, бусдыг нь хаяж болохгүй. Энэ асуудлыг багцаар нь шийдвэрлэх ёстой. Иймд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А ХХК-ийн оршин суугч цахилгааны асуудал дээр гомдол гаргахад Б ХХК-ийг холбож байгаа нь ойлгомжгүй байгаа. Гэрээ хийгдээгүй байсан гэдэг дээр тухайн байрыг улсын комисс ашиглалтад аваад удаагүй байхад 172 айл буюу нийтийн өмч болж байгаа юм. Тэгэхээр нийтээрээ асуудлаа шийдэх ёстой юм. Тухайн байрыг ашиглалтад орсноос хойш гэрээ хийж байгаа. Харин байрандаа орох хугацаа нь өөр өөр байдаг. Л.Эбайцаагчид өмнө жил хийсэн гэрээнүүдийг эх хувиар нь аваачиж өгч байсан санагдаж байна. Өмчлөх гэдэг үгийг гэрээ дээр ЭХЗХөөрсдөө үүрэг даалгавар өгч, гэрээг уншиж, шалгаж үзсэний үндсэн дээр тухайн байрыг манай компанийн өмчлөлд шилжүүлж өгдөг. 5 байрыг шилжүүлэх процесс дээр хурлын өдөр би очсон. Тэхэд тогтоол гаргалаа гэж байсан. Тэрнээс өмнө ямар нэгэн процесс ажил, тайлбар, хугацаатай үүрэг даалгавар дүрмийнхээ дагуу бол өгч байгаагүй. Энэ 5 байрнаас цэвэр хэрэглэгчтэй холбоотой асуудлууд огтоосоо гарч байгаагүй. А******* хотын 44а,б байрыг шилжүүлэхийн тулд өмнө гомдол гаргаж байсан процесс дээр өргөдлийг авч хавсаргаж оруулсан гэж үздэг. 48 дугаар байрны СӨХ-ийн дарга нь өнгөрсөн 10 дугаар сард ирж уулзсан. Эрчим хүчний зохицуулах хорооноос надтай яриад байна. Танайх гомдол гаргаад өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Түүн дээр би тодорхой хэлсэн ******* ХХК-тай холбоотой асуудлаар дахиж яваагүй. Өнөөдөр манай байр дээр гомдол санал байхгүй байна. Тийм учраас та нарын ажилтай орооцолдохгүй гэж иргэн н.Ж******* гэдэг хүн өөрийн биеэр ирж хэлсэн. Шаардлагатай гэвэл бичгээр ч өгч болно гэсэн хүсэлт тавьсан. Өмчлөлд байсан хөрөнгийг төрийн байгууллага руу шилжүүл гэдэг тогтоол Монгол Улсын хэмжээнд анх удаа болж байгаа учраас шүүхэд хандаж байгаа юм.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Манайх ямар хууль тогтоомжийн хүрээнд энэ тогтоолыг гаргасан бэ, гэхээр Эрчим хүчний тухай хуулиар хүлээсэн эрх үүргийнхээ хүрээнд тогтоолыг гаргасан. Сууц өмчлөгчдийн холбоо хэрэглэгчдээс ирсэн хүсэлтийг хянан хэлэлцээд тогтоолыг гаргасан. Энэ нь ЭХЗХ2018 оны 292 дугаар тогтоолоор баталсан аж ахуйн харилцааны дүрмийн 2.9 дэх хэсэгт байгаа. Хэргийн материалд нотлох баримтаар тодорхой байгаа. Хэрэглэгчийн сонгон үйлчлүүлэх хууль ёсны эрхэд халдаж болохгүй гэсэнтэй санал нийлэхгүй байна. Яагаад гэвэл хэрэглэгчээс ирүүлсэн удаа дараагийн давтамжтай өргөдөл, гомдлыг хянан хэлэлцээд шийдвэрлэгдэхгүй байгаа учраас ийм арга хэмжээ авсан байгаа.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тусгай зөвшөөрлийн зохицуулалт гэдэг дээр тусгай зөвшөөрөл авах сонирхогч этгээд Эрчим хүчний зохицуулах хороонд шаардлагатай баримт бичгийг гаргахаас эхлүүлээд тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаар буюу зохих ёсоор биелүүлж чадаагүйгээс хүчингүй болгох бүх процессыг ойлгож байгаа. Энэ дунд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулиар тусгай зөвшөөрлийг эзэмшигчдийн үйлчлэх хүрээг зохицуулж өгдөг. Энэ үйлчлэх хүрээг тогтоохдоо ЭХЗХөөрийн эрх үүргийнхээ хүрээнд тогтоож өгдөг.
Тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь шаардлагынхаа дагуу үйл ажиллагаагаа явуулж чадахгүй бол хасах, өөр газар шилжүүлэх гэсэн байдаг. Эрчим хүчний тухай хуулийн 30.1.13 дахь хэсэгт заасан процесс одоог хүртэл явж байгаа. Бүх компани ашиглахаар хүлээж аваад тэр хүлээж авсан хөрөнгийн элэгдлийн зардалд үндэслээд тухайн хөрөнгө дээр хийх засвар үйлчилгээний мөнгийг та бидний төлж байгаа хэрэглэгчийн тарифаар нөхөж өгдөг. Энэ хууль ёсны зохицуулалт юм. Одоо мөрдөгдөж байгаа хууль, дүрэм журмын хүрээнд хэрэглэгчдээс ирүүлсэн өргөдөл гомдол бусад асуудлыг хянан хэлэлцэж үзээд хорооны тухай 141 дүгээр тогтоолыг гаргасан. Энэ тогтоолыг ЭХЗХахлах байцаагчийн албан шаардлагыг Төрийн хяналтын байгууллагад хүргүүлсэн байгаа. Улаанбаатар хотод нэг байр ашиглалтад ороход хороо дээр 2-3 хурал болох зайлшгүй шаардлага гарч ирж байна. Өөрөөр хэлбэл тухайн байрыг аль байгууллагад шилжүүлж өгсөнтэй нь уялдуулаад тухайн компанийн өмчлөх эрхэд өөрчлөлт орж байгаа юм. Тухайн байрыг шилжүүлэхтэй холбоотой тариф өөрчлөгддөг. Статикаар аваад үзэхэд 2020 онд хийгдсэн хурлуудын 80 хувь нь орон сууц аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 66 хувийн компанийн Эрчим хүчний зохицуулах асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хурлууд болсон. Хувийн хэвшлийн компанийн ашиглалтад байгаа байрнуудыг орон нутгийн өмчлөл рүү шилжүүлэх процесс үйл ажиллагаа өдөр тутамд хэвийн явж байгаа. Б ХХК-ийн нэхэмжлэлтэй талууд харж байгаа. Зохицуулах хороон энэ шийдвэрээр цааш үйл ажиллагаагаа явуулах зайлшгүй шаардлагатай. Хэрвээ энэ асуудал дээр дутуу зүйл байгаа юм бол нарийвчлаад цааш үйл ажиллагаагаа хийх ёстой байсан. Иймд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу гарсан тогтоол шийдвэрийг хянаж үзээд шийдвэр гаргаж өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Б” ХХК нь тус шүүхэд хандан “ЭХЗХ2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 141 дугаартай “Тусгай зөвшөөрлийн хүрээнд өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, ЭХЗХУлсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэг. Хэргийн үйл баримтын талаар:
1.1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Эрчим хүчний зохицуулах хорооноос 89/2017 дугаартай “дулаанаар зохицуулалттай хангах” үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авч, улмаар энэ тусгай зөвшөөрлөө 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаагаар сунгуулсан.[1]
1.2. ЭХЗХ2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар нэхэмжлэгч компанийн хариуцан ажилладаг зарим орон сууцны байруудын Сууц өмчлөгчдийн холбоо, хэрэглэгчдээс ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцээд тус компанийн тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг шийдвэрлэж, маргаан бүхий 141 дүгээр тогтоолыг баталсан.
1.3. Дээрх 141 дүгээр тогтоолын дагуу “Б” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнээс “Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлалтай 0.58 Гкал/ц-ийн дулааны ачаалалтай, 103 дугаартай орон сууц, 1 ус дулаан дамжуулах төв”, “Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлалтай 1.94 Гкал/ц-ийн дулааны ачаалалтай, А******* хотхоны *******,*******,******* дугаартай орон сууц, 1 ус дулаан дамжуулах төв, 1.06 Гкал/ц-ийн дулааны ачаалалтай, 48 дугаартай орон сууц, 1 ус дулаан дамжуулах төв” гэснийг тус тус хасан шийдвэрлэж, мөн тогтоолын хавсралтаар тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээг өөрчлөн баталсан.[2]
1.4. Мөн уг тогтоолын 2 дахь заалтаар тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнээс хасагдсан дээрх орон сууцны байруудын дулаан түгээх, хангах үйл ажиллагааг “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-т 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор шилжүүлэхийг нэхэмжлэгч компанид үүрэг болгож шийдвэрлэсэн.[3]
1.5. Тухайн маргаан бүхий 141 дүгээр тогтоолын эрх зүйн үндэслэлд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.6 дахь заалт, 9.2 дахь хэсэг, ЭХЗХ2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 2018 оны 292 дугаар тогтоолоор баталсан “Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.9 дэх хэсгийг тус тус үндэслэсэн.
1.6. Түүнчлэн ЭХЗХУлсын ахлах байцаагч 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай албан шаардлага гаргасан бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч “Б” ХХК-иас маргаан бүхий 141 дүгээр тогтоолыг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор хэрэгжүүлж ажиллахыг шаардсан.[4]
1.7. Нэхэмжлэгчийн зүгээс “... хариуцагч 141 дүгээр тогтоолыг гаргах эрх хэмжээ байхгүй, тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд өөрчлөлт оруулах, нэмэх, хасах гэсэн хуулийн зохицуулалт тодорхой бус, “Б” ХХК-ийн үүсгэн байгуулагч иргэдийн хувийн бизнест халдаж, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар гэх төрийн өмчит аж ахуйн нэгжид шилжүүлэх зэргээр иргэдийн сонгон үйлчлүүлэх хууль ёсны эрхэд халдаж болохгүй, 141 дүгээр тогтоол нь нэгэнт хууль бус учраас тэрхүү хууль бус тогтоолыг үндэслэсэн Улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг хүлээн авч, хэрэгжүүлэх үндэслэл байхгүй ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
1.8. Хариуцагчийн зүгээс “... нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын үйлчлэх хүрээнд бүртгэлтэй дулаан түгээх, хангах үйл ажиллагааг нь хариуцан ажиллаж буй 20 орон сууцны байрны 7 сууц өмчлөгчдийн холбоо болон барилга байгууламжийг барьж шилжүүлсэн 2 захиалагчаас дулаан түгээх, хангах үйл ажиллагааг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ болон бусад мэргэжлийн байгууллагад шилжүүлэх хүсэлт, гомдлыг удаа дараа манай хороонд ирүүлсэн, түүний дагуу нэхэмжлэгч компанийн асуудлыг тус хороо хэлэлцсэн, Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.6 дахь заалтууд болон холбогдох бусад хууль, журамд заасны дагуу тус хороо нь хангагч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэх бүрэн эрхтэй, тэр хүрээнд шийдвэр гаргасан, хариуцагчийн гаргасан тогтоол хуульд нийцсэн тул түүнийг хэрэгжүүлэхийг шаардсан Улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг нэхэмжлэгч биелүүлэх үүрэгтэй” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
1.9. Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШЗ2021/5569 дугаар захирамжаар маргаан бүхий ЭХЗХ2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 141 дүгээр “Тусгай зөвшөөрлийн хүрээнд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.[5]
Хоёр. Хариуцагч нарын гаргасан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар:
2.1. Нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн голлох агуулга нь Эрчим хүчний зохицуулах хороог маргаан бүхий 141 дүгээр тогтоолыг гаргах эрх хэмжээгүй, ЭХЗХУлсын ахлах байцаагчийн албан шаардлага нь хуульд нийцээгүй 141 дүгээр тогтоолыг үндэслэсэн тул хууль бус гэсэн агуулгатай болно.
2.2. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалтад “тусгай зөвшөөрлөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагаанд тавих нөхцөл, шаардлага”-ыг тусгай зөвшөөрөлд тусгахаар заажээ.
2.3. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөл шаардах аж ахуйн үйл ажиллагааг хэрэв тусгайлан заасан бол тухайн нутаг дэвсгэрт явуулна.” гэж заажээ.
2.4. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзвэл, хууль тогтоогч үйл ажиллагааны үйлчлэх хүрээ, түүнд тавих нөхцөл шаардлагыг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалтад, харин нутаг дэвсгэрийн үйлчлэх хүрээг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зохицуулжээ. Тодруулбал, эдгээр ойлголтууд нь өөр хоорондоо багтахгүй, тусдаа ойлголтууд болно.
2.5. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль нь тусгай зөвшөөрлийн эрх зүйн харилцааны хувьд суурь зохицуулалт бүхий нийтлэг хууль гэж үзэх бөгөөд тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь дараахь эрхтэй:” гээд мөн зүйлийн 10.1.1-10.1.5 дахь заалтад “хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл олгох; тусгай зөвшөөрлийг бүртгэх; тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаад хяналт тавих; тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх; тусгай зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох.” хэмээн тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн эрх хэмжээг төрөлжүүлэн заасан байна.
2.6. Эрчим хүчний салбарын эрх зүйн харилцаан дахь тусгай зөвшөөрлийн эрх зүйн нарийвчилсан хууль болох Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Зохицуулах хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд мөн зүйлийн 9.1.2 дахь заалтад “энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох;”, 9.1.3 дахь заалтад “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах;”, 9.1.6 дахь заалтад “тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг харьяаллын дагуу шийдвэрлэх;” гэх зэрэг байдлаар тусгай зөвшөөрөлд холбогдох ЭХЗХэрх хэмжээг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар тогтоосон зарчимд нийцүүлэн тодорхой тогтоожээ.
2.7. Хуулийн дээрх зохицуулалтыг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 132 дугаар тогтоолоор баталсан “ЭХЗХдүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт мөн бэхжүүлж өгсөн байна.
2.8. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооноос 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр маргаан бүхий 141 дүгээр тогтоолыг гаргахдаа Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.6 дахь заалтуудыг үндэслэжээ.
2.9. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтад “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах” гэсэн нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалтад заасанчлан аливаа тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан нутаг дэвсгэрийн үйлчлэх хүрээтэй холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ямар шаардлага, шалгуурыг хангах ёстой гэдгийг тогтоох, түүний хэрэгжилтийг хянах эрх хэмжээ болохоос бус, тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд өөрчлөлт оруулахад чиглэсэн эрх хэмжээ гэж үзэхгүй.
2.10. Мөн хүчин төгөлдөр үйлчилж буй Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай болон Эрчим хүчний тухай хуульд тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээг өөрчлөх гэсэн ойлголт хуульчлагдаагүй бөгөөд хариуцагчийн гаргасан маргаан бүхий “Тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд өөрчлөлт оруулах тухай” тогтоол нь агуулгаараа Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтад заасан “... тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах ...” гэсэн ойлголтод хамаарна гэж шүүх дүгнэлээ.
2.11. Өөрөөр хэлбэл, хариуцагч ЭХЗХнь “Б” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргахдаа Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтыг үндэслэх ёстой байжээ.
2.12. Энэхүү эрх зүйн үндэслэлийг баримтлаагүй хариуцагчийн гаргасан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтад заасан “хуульд үндэслэх зарчим”-д нийцээгүй үр дагаврыг агуулж байна.
2.13. Түүнчлэн Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6 дахь заалтад “тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг харьяаллын дагуу шийдвэрлэх;” эрх хэмжээг заасан байх бөгөөд мөн энэ нь өмнө дүгнэсний адилаар тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой эрх хэмжээ биш юм.
2.14. Хэдийгээр Эрчим хүчний зохицуулах хороог “тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд өөрчлөлт оруулах” буюу тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах эрх хэмжээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй боловч бодит байдал дээр хариуцагчаас гаргасан маргаан бүхий 141 дүгээр тогтоолд эрх зүйн үндэслэлийг заахдаа Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.6 дахь заалтуудыг хэрэглэсэн нь хуульд нийцээгүй байна.
2.15. Мөн маргаан бүхий 141 дүгээр тогтоолд үндэслэсэн “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн[6] 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “ЭХЗХнь хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгохдоо Эрчим хүчний тухай хуулийн 9.1.3 дахь заалтын дагуу тусгай зөвшөөрлийн төрөл тус бүрээр нөхцөл, шаардлагыг тогтоож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана. Нөхцөл шаардлагын хавсралтаар үндсэн тоноглолын үзүүлэлт, үйлчлэх хүрээг тогтооно” гэж, “Аж ахуйн харилцааны дүрэм”-ийн[7] 2 дугаар зүйлийн 2.9 дэх хэсэгт “Хэрэглэгч нь дамжуулах, түгээх шугам сүлжээний эзэмшлийн байдал, техникийн хувьд боломжтой нөхцөлд хангагч байгууллагаа сонгон үйлчлүүлэх эрхтэйгээр аж ахуйн харилцаанд оролцоно” гэж заасан нь Эрчим хүчний зохицуулах хороонд “тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд өөрчлөлт оруулах” буюу нэмэлт, өөрчлөлт оруулах эрх хэмжээг олгосон зохицуулалт биш болохыг дурдах нь зүйтэй.
2.16. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч тал “”Барилга байгууламж, дулааныг дамжуулан түгээх шугам сүлжээ болон цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээг өмчлөлд шилжүүлэх, хүлээлгэн өгөх гэрээ”[8]-ний дагуу манай компани “А” ХХК, “А” ХХК, “Ц” ХХК-иас орон сууцуудын дулаан түгээх сүлжээ, тоног төхөөрөмжийг өөртөө шилжүүлэн авсан байхад хариуцагч талаас нэхэмжлэгчид шилжүүлсэн нь буруу гэж маргаж байгаа нь үндэслэлгүй” гэх агуулгаар, хариуцагч тал “маргаж буй орон сууцуудын /*******,*******,*******, 48, 103 тоот/ дулаан түгээх сүлжээ, тоног төхөөрөмжийг “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-т шилжүүлэх ёстой байсан байхад “Б” ХХК-д шилжүүлсэн байсан нь үндэслэлгүй, ЭХЗХэнэ асуудлаар шийдвэр гаргаж, дулаан түгээх сүлжээ, тоног төхөөрөмжийг мэргэжлийн байгууллагад шилжүүлсэн” гэх агуулгаар маргасан.
2.17. Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “ЭХЗХ/цаашид “Зохицуулах хороо” гэх/ нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах, үнэ тарифыг тогтоох, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байна.” гэж заасан.
2.18. Орон сууцны тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3 дахь хэсэгт “Орон сууцны байшингийн инженерийн гадна шугам сүлжээ, дэд өртөө, ус, дулаан дамжуулах төв зэргийг тухайн хөрөнгө оруулагч этгээд өмчлөх тохиолдолд түүний засвар, үйлчилгээг эрхлэх, эсхүл гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ.” гэж зохицуулжээ.
2.19. Хуулийн дээрх хэм хэмжээнүүдээс үзэхэд ЭХЗХнь “... эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах ...” үндсэн чиг үүрэгтэй байгууллага бөгөөд энэ хүрээнд эрчим хүчний салбар нь зохицуулалттай салбарт тооцогдоно.
2.20. Дээрх хүрээнд эрчим хүчний салбар нь зохицуулалттай салбар болохын хувьд Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, эсхүл хүчингүй болгох тохиолдолд орон сууцны байшингийн ус, дулаан дамжуулах төвийн засвар, үйлчилгээг эрхлэх зэрэг асуудлыг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх хууль зүйн боломжтой гэж үзэхээр байна.
2.21. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч “ЭХЗХзөрчил шалган шийдвэрлэх эрхгүй, зөрчлийг тогтоодог байгууллага биш” гэх агуулгаар үндэслэл дэвшүүлэн маргасан.
2.22. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6 дахь заалтад заасан “... маргааныг харьяаллын дагуу шийдвэрлэх” ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа биш гэж үзнэ.
2.23. Тодруулбал, дээр дурдсан ажиллагааны хүрээнд “тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд” болон “тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд” үүссэн маргааныг Эрчим хүчний зохицуулах хорооноос хянан шийдвэрлэх хүрээ хязгаартай тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагдах ажиллагаа гэж үзэхгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар үндэслэлгүй байна.
2.24. ЭХЗХ2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч оролцож, тус хуралдаан дээр “48 болон 103 дугаар байрыг гомдол ирүүлсэн гэдгийг би хараагүй бас мэдээгүй байгаа” гэсэн тайлбар хэлсэн байх бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнээс хасагдсан 48 дугаар байртай холбогдуулан иргэд болон сууц өмчлөгчдийн холбооноос удаа дараа гомдол ирсэн гэх үйл баримттай холбоотой нотлох баримтыг хариуцагч хангалттай цуглуулаагүй, бүрэн дүүрэн шалгаж тогтоохгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй болсон байгааг дурдах нь зүйтэй.
2.25. Нэгэнт шүүх маргаан бүхий 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 141 дүгээр “Тусгай зөвшөөрлийн хүрээнд өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг хуульд нийцээгүй гэж дүгнэсэн тул түүнийг хэрэгжүүлэхээр шаардсан ЭХЗХУлсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай албан шаардлага үндэслэлгүй гэж үзлээ.
2.26. Иймд ЭХЗХ2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 141 дүгээр “Тусгай зөвшөөрлийн хүрээнд өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, ЭХЗХУлсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн талаар:
3.1. Шүүх хуралдааны хүсэлт шийдвэрлэх үе шатанд хариуцагч ЭХЗХитгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч талаас шинээр гаргаж өгсөн “Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын Хариу мэдэгдэх хуудас /2021.08.04-ний өдрийн 1/640, 1/641 тоот/”-ыг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлт гаргасан.
3.2. Тус хүсэлтийг шүүх хэлэлцээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх эрхтэй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шинээр гаргаж өгсөн нотлох баримтыг хасуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгон, тус нотлох баримтыг үнэлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэдгийг дурдан, шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Аж ахуйн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.1, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.3, 9.1.6 дахь заалт, Орон сууцны тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гаргасан “ЭХЗХ2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 141 дугаартай “Тусгай зөвшөөрлийн хүрээнд өөрчлөлт оруулах тухай” тогтоол, ЭХЗХУлсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ЭХЗХ2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 141 дугаартай “Тусгай зөвшөөрлийн хүрээнд өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай тогтоол болон ЭХЗХУлсын ахлах байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай албан шаардлагыг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 35100 төгрөгийг Эрчим хүчний зохицуулах хорооноос, 35100 төгрөгийг ЭХЗХУлсын ахлах байцаагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ