Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2025/0425

 

 

 

 

 

 

 

Б.А-гийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ду

Гомдлын шаардлага: “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.П-ын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0915860 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 385 дугаар шийдвэр

Гомдол гаргагч: Б.А

Хариуцагч: Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.П

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагч Б.А-, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б, Б.Э, хариуцагч О.П-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г

Хэргийн индекс: 128/2025/0326/З

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Гомдол гаргагч Б.А- нь “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.П-ын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0915860 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.   

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 385 дугаар шийдвэрээр “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалт, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Б.А-гийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.П-ын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0915860 дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1. “...Гомдол гаргагч Б.А- нь 2024 оны Монгол Улсын Их хурлын ээлжит сонгуулийн 8 дугаар тойрогт Монголын социал демократ намаас нэр дэвшсэн. Тус сонгуульд оролцохдоо Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчиж сонгуулийн зардлын дансаа Үндэсний аудитын газарт хуулийн хугацаанд бүртгүүлээгүй үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар 10000 нэгж буюу 10,000,000.00 төгрөгийн шийтгэл хуудас үйлдсэн байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч Б.А нь тухайн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч холбогдогчийн мэдүүлэгтээ дурдаж, Үндэсний аудитын газраас ирүүлсэн баримтуудаар сонгуулийн данс бүртгүүлээгүй тухай тогтоогдсон тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий алба тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол.”, 12-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол”, 2-т “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эсхүл зөрчил үйлдсэн нь тогтоогдож байгаа бол эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авна” гэж заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад зөрчил гаргасан нь дээрх хуульд зааснаар тогтоогдсон тул Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан. Шүүхээс зөрчлийн хэрэг нээсэн атлаа хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар холбогдогчид шийтгэл оногдуулсан нь ноцтой зөрчил гэж үзэж байгаа боловч Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолоор батлагдсан Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам-ын 1.3-т “Шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасан мэдээллийг.”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд “Шийтгэл оногдуулах шийдвэр”: 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна” гэж тус тус заасан.

Дээрх журамд зөрчил үйлдсэн хүнд шийтгэл оногдуулахдаа “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” маягт-1-ийг “хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” маягт-2-оор үйлдсэнийг ноцтой зөрчил гэж үзэж байгаа нь Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг үгүйсгэж зөвтгөх үндэслэлгүй юм.

Тодруулбал хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх, нотлох баримтыг хэрхэн үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэх шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах хэдий ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээг талаас нь үнэлнэ.” гэж тус тус заасныг баримтлаагүй, гомдол гаргагч Б.А- нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т заасныг зөрчил үйлдэл, эс үйлдэхүй нэгэнт илэрхий, нотлогдсоор байхад хэргийг нотлох баримтын хүрээнд тал бүрээс нь үнэлэн шийтгэлийн хуудсыг зөрчлийн шинжгүй үйлдэл, эс үйлдэхүйд хууль бусаар шийтгэл оногдуулсан бол хүчингүй болгох, эсвэл шийтгэл оногдуулах үндэслэл бүхий шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т зааснаар зөвхөн шүүхийн шийдвэрээр өөрчлөлт оруулах боломжтой. Өөрөөр хэлбэл, шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулах нь үндэслэл бүхий учир өөрчлөлт оруулах боломжоор хангаж хариуцлагын тухайд ялгамжгүй хандан нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах журмаар гаргасан гомдлыг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангасан байна.

3. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3.1 Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.П-ын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0915860 дугаар шийтгэлийн хуудсаар Б.А-г Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасны дагуу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

3.2. Гомдол гаргагч Б.А- нь дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан бөгөөд гомдлын үндэслэлээ “...зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь прокурорын хяналт нь дор 58 хоногийн дотор хийгдсэн тусгай ажиллагаа бөгөөд уг ажиллагаа нь үр дүнтэй явагдаагүй гэдгийн илрэл нь зөрчлийн шийтгэлийн хуудсаа хариуцагч мэдэгдэхдээ маягтаа буруу бөглөсөн нь төрийн байгууллагын хууль дээдлэх зарчимд нийцэхгүй байна…  Зөрчил хэрэг шалган шийдвэрлэх явцад холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн үйл баримт байхгүй” гэж, хариуцагчаас “...Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэгт заасан дагуу зардлын дансаа төрийн аудитын дээд байгууллагад бүртгүүлээгүй тухай зөрчил байгаа. Шийтгэлийн хуудастай холбоотой тухайн үйлдэл эс үйлдэхүй нь зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулах зүйл заалтад нийцсэн. Нэхэмжлэгч талаас шийтгэлийн хуудас нь техникийн хувьд алдаатай, маягт андууран бичсэн гэдэг асуудлаар нэхэмжлэгч маргаж байгаа нь шийтгэл оногдуулахгүй байх үндэслэл биш байна” гэж маргажээ.

3.3. Анхан шатны шүүх ... хариуцагч татварын улсын байцаагч Б.А-гийн зардлын дансны мэдээллийг төрийн аудитын байгууллагад мэдэгдэж бүртгүүлээгүй эс үйлдэхүйн талаарх мэдээлэлтэй холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн атлаа 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар холбогдогчид шийтгэл оногдуулсан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж дүгнэж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

3.4 Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2-т “1.2."зөрчлийн хэрэг бүртгэлт" гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг;”, 6.1 дүгээр зүйлийн 1.2-т “хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн;” 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:”, 2.3-т “хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх;” гэж заажээ.

3.5 Үндэсний аудитын газрын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 01/923 дугаар албан бичгээр Б.А-г Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх мэдээллийг  Татварын ерөнхий газарт хүргүүлснээр Татварын ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлжээ. Улмаар хариуцагч татварын улсын байцаагч 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 2506001044 дугаар зөрчлийн хэрэг нээн, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, энэ хугацаанд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар нэг удаа зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацааг 14 хоногоор сунгажээ.

3.6 Дээрх байдлаас дүгнэн үзвэл хариуцагч нь Б.А-гийн зөрчил гаргасан гэх мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шийтгэлийн хуудас ногдуулсан байх бөгөөд энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:”, 2.3-т “хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх;” гэж заасантай нийцээгүй байна.

3.7 Өөрөөр хэлбэл, Б.А- Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн болохоо Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч зөрчил мэдээллийг хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуулийн зохицуулалттай байх бөгөөд зөрчлийн хэрэг бүртгэлтийн холбогдогчоос авсан мэдүүлгээр Б.А- нь уг зөрчлөө хүлээн зөвшөөрөөгүй, нөгөөтээгүүр эрх бүхий албан тушаалтны 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг сунгасан байдлаас үзэхэд татварын улсын байцаагч хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан бус зөрчлийн хэрэг нээн, ердийн журмаар зөрчлийн хэрэгт бүртгэлтийн ажиллагаа явуулсан гэж үзэхээр байна.

3.8 Түүнчлэн хариуцагчаас анхан шатны шүүх хуралдаан болон хариу тайлбараа “шийтгэлийн хуудас ногдуулахдаа маягт андуурсан нь шийтгэл ногдуулахгүй байх үндэслэл биш … материалаа цуглуулах, мэдүүлэг авах зорилгоор зөрчлийн хэрэг нээсэн … журмынхаа дагуу маягт-1 дээр шийтгэлийн хуудас бичих ёстой байсан, андуурч маягт-2 дээр бичсэн … тухайн маягтыг андуурч бичсэнтэй холбоотой процессын алдаа нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн” гэж тайлбарлаж байсан атлаа давж заалдах гомдолдоо “Б.А- зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад зөрчил гаргасан нь хуульд зааснаар тогтоогдсон тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шийтгэлийн хуудас бичсэн” гэж тайлбарлаж байгаа нь агуулгын хувьд зөрүүтэй байх тул анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчөөгүй, энэхүү үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 385 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.    

  

 

 

                              ШҮҮГЧ                                                       Ц.САЙХАНТУЯА

 

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БААТАРХҮҮ

 

              ШҮҮГЧ                                                       О.ОЮУНГЭРЭЛ