Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 00802

 

       Х-ийн хүсэлттэй, иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/00673 дугаар шийдвэртэй, Х-ийн хүсэлттэй          

Э.А-г захиргааны журмаар архины албадан эмчилгээнд явуулахыг хүссэн иргэний хэргийг гуравдагч этгээд Э.А-гийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

  Х-ээс шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Э.А архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй, нийгмийн хэв журмыг зөрчиж, орон гэрт агсам согтуу тавьж, иргэд, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг тул Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар архины эмчилгээнд явуулна уу гэжээ.

          Гуравдагч этгээд Э.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би өчигдөр найз нартайгаа уулзаад архи уусан, эхнэрээсээ салсан, урд шөнө согтуу машинтай явж байгаад эрхээ хасуулсан. Гэхдээ би хааяа архи уудаг, 3-4 удаа эрүүлжүүлэгдэж байсан, албадан эмчилгээнд явахгүй гэжээ.

         Шүүх: Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар /РД:..88040370/, Х овогтой Э.А-г захиргааны журмаар архины албадан эмчилгээнд явуулж,

          Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж шийдвэрлэжээ.

     Гуравдагч этгээд Э.А давж заалдах гомдолдоо: Манай эхнэр О.Сэлэнгийн худал мэдүүлгээр цагдаад өргөдөл гаргаж намайг архины албадан эмчилгээнд явуулахаар болсон тул эсэргүүцэж байна. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

          Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ” гэж заажээ.

      Архины албадан эмчилгээнд хамруулах тухай Цагдаагийн байгууллагын хүсэлтэд заагдсан Э.А нийгмийн хэв журмыг зөрчиж, иргэд оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг гэх байдлууд тодорхой бус байхаас гадна тухайн өдөр ямар зөрчил гаргасан нь тогтоогдоогүй байхад Х-ийн гаргасан хүсэлтийг хангаж, Э.А-г архины албадан эмчилгээнд явуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон байна.

      Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Эмнэлэг тухайн этгээдийг өвчтэй эсэхийг тогтоосон дүгнэлтээ материал хүлээж авснаас хойш 48 цагийн дотор гаргаж хүсэлт тавьсан байгууллага, иргэнд өгнө” гэж, Эрүүл мэндийн сайд, Улсын Ерөнхий прокурорын 2005 оны 152/188 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоох, эмнэлгийн дүгнэлт гаргах журмын 3 дахь хэсэгт “Комисс нь "Архины шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэгийн оношилгоо, эмчилгээ" "MNS 5396-1:2004 стандартад заагдсан оношилгооны шалгуур шинжийг баримтлан тухайн этгээдийг архинд донтох өвчтэй эсэхийг тогтоосон дүгнэлтээ 48 цагийн дотор хүсэлт тавьсан байгууллага, иргэнд гаргаж өгнө” гэж тус тус заажээ.

       Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар Э.А-г нийгмийн хэв журам зөрчсөн гэх тухайн өдөр нь дүгнэлтээ гаргахдаа дээрх журмын 4 дэх хэсэгт “Комисс нь согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдэд Эрүүлийг хамгаалах технологи, Архины шалтгаант сэтгэцийн зан үйлийн эмгэгийн оношилгоо, эмчилгээ MNS 5396-1:2004 стандартад заасан шинжилгээнүүдээс гадна сүрьеэгийн шинжилгээ /уушигны флюр зураг/, ЭХО-сонографийн шинжилгээ /дотрын цуллаг эрхтнийг шинжлэх/, цус ба шээсний ерөнхий, биохимийн шинжилгээ /элэгний үйл ажиллагааг тодорхойлох/ болон бусад шинжилгээг холбогдох газруудаар хийлгэж дүнг дүгнэлтэд хавсаргах”-аар заасан байхад дээрх шинжилгээг хийлгэсэн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

     Хэрэгт авагдсан эмнэлгийн байгууллагын дүгнэлт гэх 1 хуудас баримтад хийсэн тэмдэглэгээнүүдээс шинжилгээнд хамрагдсан, эсхүл эрүүл мэндийн байдал, архины албадан эмчилгээ хийлгэхэд харшлах өвчин байгаа эсэх нөхцөл байдал тодорхой бус байна. Мөн хэргийн 14-19 дүгээр талд Э.А-гийн эрүүлжүүлдэгдэж байсан талаарх баримт авагдсан бөгөөд зөвхөн уг баримтуудыг үндэслэн түүнийг согтуурах донтой болсон, архины албадан эмчилгээнд хамруулах нөхцөл байдал үүссэн гэж үзэх боломжгүй юм.

       Түүнчлэн хэрэгт авагдсан баримтад анх иргэн О.С-ээс цагдаагийн байгууллагад зөрчил гаргагч Э.А-д холбогдуулан хүчирхийллийн эсрэг арга хэмжээ авахуулах гомдол гаргасныг  хүлээн авч, шалгаж байх явцдаа түүнийг архины албадан эмчилгээнд явуулах гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн боловч Э.А-д холбогдох хүчирхийллийн эсрэг арга хэмжээ авахуулах гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй. Шүүх хуралдааны тэмдэглэлийн огноо болон шүүхийн шийдвэрийн огноо зөрүүтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

         Дээрх үндэслэлээр гуравдагч этгээд Э.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Э.А-г архины албадан эмчилгээнд явуулах тухай Х-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/00673 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.А-г архины албадан эмчилгээнд явуулж эмчлүүлэх тухай Х-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Х иргэн О.С-ийн гаргасан хүчирхийллийн талаарх гомдлыг жич шийдвэрлэх нь зүйтэйг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                   ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА

                                                                                                          Д.БАЙГАЛМАА