| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2019/01107/и |
| Дугаар | 01340 |
| Огноо | 2019-07-29 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 01340
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороонд оршин суух, Ч овогт Б.О ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт оршин суух, Х овогт П.Д /-д холбогдох
“Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,300,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О , хариуцагч П.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр П.Д тэй Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 50 гудамж, 583 тоотод байрлах хаягтай үйлчилгээний зориулалттай 330 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг сарын 2,200,000 төгрөг байхаар харилцан тохирч түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахдаа барьцаа хөрөнгө авах байсан боловч П.Д гийн хүссэнээр ямар ч барьцаа хөрөнгө аваагүй. Мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн урсгал засварыг миний бие бүрэн хариуцаж хийлгэсэн.
П.Д нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсийн төлбөр төлөөгүй, төлөхийг шаардсан мэдэгдэл хүлээн авахаас эрс татгалзсан. Ийм учраас гэрээг түрээслэгч талын буруугаас цуцлахаас аргагүйд хүрч 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр түрээсийн байрнаас гаргасан.
Ийм учраас гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу төлөгдөх ёстой байсан түрээсийн төлбөр 3,173,200 төгрөг, мөн түрээсийн гэрээний 4.4 дэх заалтад зааснаар дээрх хугацааны алданги болох 126,800 төгрөг, нийт 3,300,000 төгрөгийг П.Д гээс гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгч Б.О би хариуцагч П.Д гээс 2019 оны 02 сарын түрээсийн үлдэгдэл 1,100,000 төгрөг, 2019 оны 3 сарын бүтэн түрээс 2,200,00 төгрөг, нийт 3,300,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үнэн болно. Алданги тооцохгүй” гэв.
Хариуцагч П.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 50-583 тоотод байрлах 330 м.кв байрыг Цэцэрлэгийн зориулалтаар түрээсэлнэ гэсэн зарын дагуу очиж үзээд “засвар хийж өгнө та нар урьдчилгаа 2.200.000 төгрөг өг” гэсэн. Бид 2.000.000 төгрөг түрээслүүлэгч Б.О т өгөөд засварыг яаралтай, чанартай сайн хийж өгөхийг хүссэн.
Ер нь их засвар хийгдээгүй. Цэцэрлэгийн гадна талд тавигдах теле камер нь огт ажилладаггүй. Ер нь эдний явуулж байгаа үйл ажиллагаа бохир, заваан, худал хуурмаг байдаг нь илт байдаг.
Цэцэрлэгт их засвар хийсэн нэртэй боловч цэцэрлэгийн дээвэр тэр чигээрээ дулаан алдагдалтай, хана шалнаас салхи сийгж мэдэгддэг маш хүйтэн, өвөлдөө бүлгүүдийн дотор градус 14-18 хэм байдаг.
Би 9-12 сар хүртэл ямар ч асуудалгүй түрээсийн тооцоо хийж байсан боловч 12 сард хувьсах зардлыг 100% хаасан тул түрээс, хоол, хүнс, багш нарын цалин, тог, хог, бохир гээд 5.170.000 төгрөгийн өрөнд орсон. Ингээд 2019 оны 01 дүгээр сард 2018 оны 12-р сарын түрээс, тог, хог, бохирыг бөөн өгөөд 2019 оны 2 сараас эхлэн хойш сараа урд сардаа нөхөн багш ажилчдын цалин, хүнсээ таслахгүй байж, түрээсийн мөнгийг өөрийн чадлаар бага багаар өгч байсан.
Ер нь өдөр бүр халаалтын асуудал үүсдэг байсан. Түрээслүүлэгч Б.О т цэцэрлэг хүйтэн байна хүүхдүүд даараад байна гэж хэлэхээр “цэцэрлэг ер нь балай юм байна, та нар надад гай боллоо, хамаг мөнгийг минь үрлээ” гэж уурладаг.
Анх энэ байранд орохдоо түрээсийн гэрээнд заасан “байрны ерөнхий үйл ажиллагааг хэвийн байдлаар үргэлжлүүлэх боломж бүрдүүлэх” гэсэн түрээслүүлэгчийн үүрэг нь зөрчигдөхгүй гэдэгт итгэж ажлаа эхэлсэн боловч халуун ус байхгүй, байнга хүйтэн байдаг зэрэг нь биднийг ажил төрлөө хэвийн явуулахад дэндүү саадтай байсан.
Мэргэжлийн хяналтын 4 байцаагч орж ирээд ямар хүйтэн юм бэ 15 градус ч хүрэхгүй байна энэ байр нь дээр чинь цэцэрлэг үйл ажиллагаа явуулж болохгүй гээд ажиллагаа зогсоосон байхад танайх ирээд тохижуулсан байсан. Ер нь энэ хичээлийн жил дуусгаад гараарай гэж хэлсэн ба өөрсдөө гадуур хувцастайгаа суугаад чичрээд байсан.
2019 оны 4 дүгээр сарын 01-нд өглөө ажилдаа ирэхэд давхар цоож зүүгээд ажил руугаа нэвтэрч орох боломжгүй болгосон байсан тул өглөө ирсэн хүүхдүүдийн эцэг эхчүүдэд учир байдлыг тайлбарлаж буцаасан. Ийнхүү тус байранд цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болсон тул үйл ажиллагаагаа зогсоохоор хүсэлтээ гаргасан. 12 цагт ирж юмаа ав гэсэн мессэж 94041198 гэсэн утаснаас ирж, дараагийн хүмүүст түрээслүүлэх зар өгснийг хараад 2019 оны 4-р сарын 05-д арга буюу нүүсэн.
Би энэ газар цэцэрлэгээ амжилттай сайн үргэлжлүүлэн ажиллуулж, цаашдаа нийслэлийн тэргүүний цэцэрлэг болгоно гэсэн хүсэл мөрөөдөл тээж хувиасаа багагүй хэмжээний хөрөнгө оруулалт хийн хамаг амьдралаа зориулж байсан. Гэтэл энэ хүн миний ажиллах орчин нөхцөлийг хаан боогдуулж, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэнд бүдүүлгээр халдаж , дулаан орж ид хүүхэд цуглах үед минь намайг ажлын байргүй болгон гудамжинд хөөж, манай ажилчдыг гэнэт ажилгүй болгож, намайг ажилчдын цалин, зээл, санхүүгийн маш их алдагдал, сэтгэл санааны хүнд дарамтад оруулсан.
Ид ажил ихсэх үед минь хөөн гаргаж намайг ямар ч орлогогүй болгон алдагдалд оруулж, миний нэр төрөөр тоглон, намайг гутаан доромжилж, анх түрээсэлж эхлэхэд амлаж байсан амлалтаа огт биелүүлээгүй тул би түрээслүүлэгч Б.О т 3,173,200 төгрөгийг төлж чадахгүйгээр барахгүй маш их гомдолтой байна” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч П.Д д холбогдуулан “Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,300,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “... 2019 оны 02 сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 1,100,000 төгрөг, 2019 оны 03 сарын түрээсийн бүтэн төлбөр 2,200,000 төгрөг, нийт 3,300,000 төгрөгийг нэхэмжилж байна. Алданги тооцохгүй.” гэж тодруулжээ.
Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч П.Д тэй өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 50 дугаар гудамж, 583 тоот хаягт байршилтай, 330 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь түрээслүүлэхээр харилцан тохиролцож, 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Түрээсийн гэрээ”-г бичгээр байгуулжээ. /хх-ийн 8, 9-11 дүгээр тал/
Талуудын хооронд байгуулсан 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Түрээсийн гэрээ”-нд гэрээний хугацааг 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 4 жилийн хугацаатай байгуулж, нэг сарын түрээсийн төлбөрийг 2,200,000 төгрөгөөр, түрээсийн төлбөрөө сар бүрийн 31-нээс 01-ний хооронд төлөхөөр, зуны 3 сарын хугацаанд түрээсийн төлбөрийг 50 хувийн хөнгөлөлттэй буюу 1,100,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан “Түрээсийн гэрээ” болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 9-11 дүгээр тал/
Гэрээнд заасан түрээсийн объектыг 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хариуцагч П.Д нь ашигласан талаар зохигч талууд маргаагүй.
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...
үл хөдлөх эд хөрөнгийг сарын 2,200,000 төгрөг байхаар харилцан тохирч түрээсийн гэрээ байгуулсан.
2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсийн төлбөр төлөөгүй, төлөхийг шаардсан мэдэгдэл хүлээн авахаас эрс татгалзсан. Ийм учраас гэрээг түрээслэгч талын буруугаас цуцлахаас аргагүйд хүрч 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр түрээсийн байрнаас гаргасан. 2019 оны 02 сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 1,100,000 төгрөг, 2019 оны 03 сарын түрээсийн бүтэн төлбөр 2,200,000 төгрөг, нийт 3,300,000 төгрөгийг гаргуулах...” гэж тайлбарлажээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Цэцэрлэгт их засвар хийсэн нэртэй боловч цэцэрлэгийн дээвэр тэр чигээрээ дулаан алдагдалтай, хана шалнаас салхи сийгж мэдэгддэг маш хүйтэн, өвөлдөө бүлгүүдийн дотор градус 14-18 хэм байдаг.
Би 9-12 сар хүртэл ямар ч асуудалгүй түрээсийн тооцоо хийж байсан боловч 12 сард хувьсах зардлыг 100% хаасан тул түрээс, хоол, хүнс, багш нарын цалин, тог, хог, бохир гээд 5.170.000 төгрөгийн өрөнд орсон. Ингээд 2019 оны 1дүгээр сард 2018 оны 12-р сарын түрээс, тог, хог, бохирыг бөөн өгөөд 2019 оны 2 сараас эхлэн хойд сараа урд сардаа нөхөн багш ажилчдын цалин, хүнсээ таслахгүй байж, түрээсийн мөнгийг өөрийн чадлаар бага багаар өгч байсан.
Ер нь өдөр бүр халаалтын асуудал үүсдэг байсан. Анх энэ байранд орохдоо түрээсийн гэрээнд заасан “байрны ерөнхий үйл ажиллагааг хэвийн байдлаар үргэлжлүүлэх боломж бүрдүүлэх” гэсэн түрээслүүлэгчийн үүрэг нь зөрчигдөхгүй гэдэгт итгэж ажлаа эхэлсэн боловч халуун ус байхгүй, байнга хүйтэн байдаг зэрэг нь биднийг ажил төрлөө хэвийн явуулахад дэндүү саадтай байсан.
2019 оны 4 дүгээр сарын 01-нд өглөө ажилдаа ирэхэд давхар цоож зүүгээд ажил руугаа нэвтэрч орох боломжгүй болгосон
Би энэ газар цэцэрлэгээ амжилттай сайн үргэлжлүүлэн ажиллуулж, цаашдаа нийслэлийн тэргүүний цэцэрлэг болгоно гэсэн хүсэл мөрөөдөл тээж хувиасаа багагүй хэмжээний хөрөнгө оруулалт хийн хамаг амьдралаа зориулж байсан.
анх түрээсэлж эхлэхэд амлаж байсан амлалтаа огт биелүүлээгүй тул би түрээслүүлэгч Б.О т 3,173,200 төгрөгийг төлж чадахгүйгээр барахгүй маш их гомдолтой байна...” гэж маргажээ.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Түрээсийн гэрээг бичгээр байгуулахаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болохоор заажээ.
Талууд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг бичгээр байгуулсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байх тул уг гэрээ нь мөн зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус байна.
Дээрх гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй талаар зохигч талууд маргаагүй болно.
Хэрэгт авагдсан баримтаар түрээсийн зүйлийг хариуцагч П.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээлгэж өгсөн талаар зохигчид маргаагүй.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзсэн тул түрээсийн хүчин төгөлдөр гэрээнээс үүсэх үр дагавар буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алданги шаардах эрхгүй юм.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцаан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заажээ.
Хариуцагч П.Д үл хөдлөх эд хөрөнгийг тодорхой хугацаагаар эзэмшиж, ашиглаж байсан тул түрээсийн байрыг эзэмшиж ашигласнаар үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй учир хариуцагчаас бусдын үл хөдлөх эд хөрөнгийг ашигласны үнэд 2,830,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд шаардах эрхтэй”
492.1.1.олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь маргаж буй хөрөнгөө шаардах эрх нь энэхүү зохицуулалтаар буюу бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэх үндэслэлээр үүсэж байгаа болно.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д заасан буцаан шаардах эрхэд мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д заасан нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарах тул өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгийг ашигласан хугацааны төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэстэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч П.Д нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2,200,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2,200,000, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2,200,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 2,387,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 920,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 650,000 төгрөгийг, мөн талууд 2018 оны 9 сарын түрээсийн төлбөрт 2,000,000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй бөгөөд түрээсийн төлбөрт нийт 12,557,000 төгрөг төлсөн болох нь Төмөрчулууны Саранцэцэгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Жамсрангийн Хулангийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Пунцагийн П.Д гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтууд болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогджээ.
Нэхэмжлэгч Б.О 2019 оны 02 дугаар сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 1,100,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын түрээсийн төлбөр 2,200,000 төгрөг, нийт 3,300,000 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч П.Д нь 2019 оны 02 дугаар сарын түрээсийн төлбөрөөс 1,570,000 төгрөг төлсөн байх тул үлдэгдэл 630,000 төгрөг болон 2019 оны 03 дугаар сарын түрээсийн төлбөр 2,200,000 төгрөг, нийт 2,830,000 төгрөгийг төлөөгүй болох нь баримтаар тогтоогдож байна.
Үл хөдлөх эд хөрөнгийг ашигласан хугацааны нөхөн төлбөрийг талуудын тохиролцсон хэмжээгээр тооцох нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгийг ашигласан хугацааны үлдэгдэл төлбөр 2,830,000 төгрөгийг хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийг ашигласны нөхөн төлбөрт төлөх үүрэгтэй байна.
П.Д нь Б.О ын 330 м.кв талбайтай хувийн сууц үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тодорхой хугацаанд эзэмшиж, ашигласан зэргийг үндэслэн П.Д г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж 2,830,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 470,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар хариуцагч П.Д гээс 2,830,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.О т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 470,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.О ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Д гээс 60,230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС