| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2023/0015/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/16 |
| Огноо | 2023-01-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,
Шүүгдэгч Х.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Мхолбогдох эрүүгийн 2234007590578 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ах, 2 хүүхдийн хамт _____________
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.М нь согтуугаар Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутагт байрлах “Хулан” нэртэй дэлгүүрийн гаднаас 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Х.Мын эзэмшлийн улаан өнгийн “Даюун” маркийн мотоциклийг хулгайлж бусдад 1.770.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгч Х.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.М нь согтуугаар Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутагт байрлах “Хулан” нэртэй дэлгүүрийн гаднаас 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Х.Мын эзэмшлийн улаан өнгийн “Даюун” маркийн мотоциклийг хулгайлж бусдад 1.770.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон
Энэ нь эрүүгийн 2234007590578 дугаартай хэрэгт авагдсан
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/
Хохирогч Х.Мын өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 17-ны орой Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг Уйлант 1-12 тоотоос эхнэр М.Энхмаагийн хамтаар Хулан хүнсний дэлгүүрээс хоол хүнсний материал авахаар өөрийн эзэмшлийн Даюун маркийн мотоциклтой явсан. Хулан дэлгүүрийн гадаа очоод зогсоод мотоциклоо үлдээгээд эхнэрийн хамт орж хүнсний бараа аваад гараад ирсэн чинь зогсоолд байсан мотоцикл байхгүй байсан. 10 гаруй минут тэр хавиар хайгаад олдохгүй, камер шүүх гэсэн боловч Хулан дэлгүүрийн эзэн байхгүй байна гэхээр нь цагдаа дуудаж гомдол гаргасан. Даюун маркийн улаан өнгийн мотоцикл. Улсын дугаар авч амжаагүй байсан. Миний мотоциклийн рүлийн гарны хамгаалалт хугарсан, урд карлан дээрээ улаан өнгийн тод хольж гаргасан өнгөөр нэг хээг газарт будаж тэмдэг тавьсан байгаа. Би 2020 оны 10 дугаар сард Улаанбаатар хотын Өгөөмөр авто захаас 1 сая 850 мянган төгрөгөөр худалдан авсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 6 тал/,
Хохирогч Х.Мын дахин өгсөн: “...Би алдсан тээврийн хэрэгслээ бүрэн бүтэн хүлээн авсан. Эвдэрсэн зүйл байгаагүй. Би үнэлгээ гаргуулж чадаагүй. Яаралтай үнэлгээ гаргуулж өгөх болно. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,
Гэрч М.Энхмаагийн өгсөн: “...Би орой 18 цагт ажлаа тараад нөхөр Х.Мын хамтаар Хулан хүнсний дэлгүүр орж хоол хүнсний материал цуглуулаад 10 гаруй минут болоод буцаад гартал ирсэн чинь нөхөр бид хоёрын унаж явсан Даюун маркийн мотоцикл алга болсон байсан. Улаан өнгийн улсын дугааргүй, урд хэсэгт будаг халцарсан, зүүн талдаа гишгүүр байхгүй мотоцикл байсан. Гарч ирээд зогсоолд байсан мотоцикл унаад явсан байсан. Хяналтын камер шүүх гэсэн чинь хүн байхгүй гээд хүнээ олж чадаагүй. Хардаж сэрдсэн хүн байхгүй. Х.Маас түр мотоцикл гуйж авсан хүн байхгүй. Дэлгүүр ороод яг миний хажууд явж байсан, хүнтэй уулзаагүй. Энэ олон жил намайг ингэж хохироосонд маш их гомдолтой байна…” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,
Шүүгдэгч Х.Мийн сэжигтнээр өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэртээ найз Бороогийн хамт 0.5 граммын Хараа нэртэй архи хувааж уугаад 17 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад хүүхдээ сургуулиас авахаар гарсан. Сургууль дээрээс хүүхдээ аваад гэрт хүргэж өгөөд буцаад ажил дээр ирсэн. Ажил дээр хэсэг байж байгаад ажлын гадаа байсан улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг найз Бороогийн мотоцикл байна гэж андуураад гэр лүүгээ унаад явсан. Гэртээ унтаж байхад орой 21 цаг болж байхад цагдаа нар гэрт ирээд авсан. Би найзтайгаа 1 шил 0.5 граммын хараа архи хувааж уусан. Х.Мыг танихгүй. Би мотоциклийн цагаан залгуурын салгаад асаагаад авч явсан. Би зөвшөөрөл аваагүй. Надад жолооны А үнэмлэх байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,
Шүүгдэгч Х.Мийн сэжигтнээр дахин өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хулан хүнсний дэлгүүрт ажлаа хийж байгаад найз Жижгээтэй оройхон нэг шил архи гудамжинд хувааж уугаад тэгээд айл руугаа нэг ороод гэртээ харихаар болж гарсан. Тэгсэн дэлгүүрийн үүдэнд нэг мотоцикл байхаар асаагуурыг нь эвдэж цагаан залгуураар нь холбож асаагаад унаад гэр лүүгээ явсан. Хашаандаа ороод гэртээ ороод унтаж байтал сумын цагдаа орж ирээд цагдаа руу авчирсан. Тэгээд нөгөө мотоциклийг эзэнд нь хүлээлгэж өгсөн. Би согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Зөвшөөрөл аваагүй. Би бусдын өмчийг зөвшөөрөлгүй авснаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Архи руу буруугаа хийхгүй. Маш их гэмшиж байна. Би энэ асуудлаас болоод ажлаасаа халагдсан. Өвчтэй аав, бага насны 2 хүүхдээ тэжээдэг өрх толгойлсон аав байгаа юм. Маш их гэмшиж байна. Би урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Хөнгөн шийтгэж өгнө үү...’’ гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,
Шинжээч Г.Оюунчимэгийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №40/22 дугаартай: ‘‘...Манай байгууллага танай 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолыг хүлээн авч уг тогтоолын дагуу Dayun маркийн мотоциклд судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр дараах дүгнэлтийг гаргаж байна. Үүнд:
Хятад улсад 2020 онд үйлдвэрлэгдсэн Dayun маркийн мотоцикл нь одоогийн байдлаар манай зах зээл дээр үйлдвэрлэгдсэн он, өнгө үзэмж, техникийн байдал, Монголд орж ирсэн хугацаа зэргээсээ шалтгаалаад дунджаар 1.770.000 /нэг сая долоон зуун далан мянга/-н төгрөгийн үнээр худалдаалагдах боломжтой болохыг тодорхойлов” гэх дүгнэлт /хх-ийн 16-19 тал/,
Шүүгдэгч Х.Мийн яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр найз Жижигээтэй нэг шил 0.5 граммын хараа архи дэлгүүрийн ойролцоо уусан. Тэгээд Хулан дэлгүүрийн гаднаас улаан өнгийн Даюун маркийн тээврийн хэрэгсэл унаад шууд гэр лүүгээ харьсан. Гэртээ унтаж байхад сумын цагдаа Түмэн-Өлзий, хохирогч Х.Мын хамт ирээд намайг цагдаа руу аваад явсан. Би хулгай хийж байгааг мэдэж байсан. Ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Би хохирлыг барагдуулсан. Надад өөр нэмж ярих зүйл алга...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Х.М нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.М1.770.000 төгрөгийн хохирол учруулсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Х.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Х.М нь өвчтэй аав, бага насны 2 хүүхдээ тэжээдэг өрх толгойлсон, Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг Агьтын 8 тоотод, ам бүл 5, аав, ах, 2 хүүхдийн хамт оршин суудаг, одоо 34 настай баримт сэлт хэрэгт авагджээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,
Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.
Шүүгдэгч Х.М нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Хохирогч Х.М нь гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн /хх-н 8 тал/, шүүгдэгч Х.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг бүрэн төлсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн гэж үзлээ.
Эрүүгийн 2234007590578 дугаартай хэрэгт иргэний бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй талаар тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х.М бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.М шүүхээс тогтоосон Төв аймаг Батсүмбэр сумын бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д тус тус зааснаар шүүгдэгч Х.Мийг Төв аймаг Батсүмбэр сумын бусад нутаг дэвсгэрт зорчихдоо оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг, тодорхой газар очих хязгаарлалтыг тус тус хүлээлгэсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
6.Шүүгдэгч Х.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.
8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Мт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Мт урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН