Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/183

 

 

 

 

 

 

 

 

 

  2023           4           26                                                      2023/ШЦТ/183

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,

  Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О,

  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О, тэдгээрийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг,

  Шүүгдэгч Я.Д, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Д-д холбогдох эрүүгийн дугаартай, эрүүгийн 2 хавтаст хэргийг 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,  Д, 1973 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 49 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

  Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Я.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Я.Д Төв аймгийн Борнуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, сумын төвийн асфальтан зам дээр 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Хюндэй Портер-2 маркийн 09-87 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, ухрах үйлдэл хийх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана", мөн дүрмийн 24.6 "Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 м, өргөөшөө 0,4 метрээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт /овор ихтэй ачаа таних тэмдэг байрлуулахаас гадна харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд урд нь цагаан ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна" гэснийг тус тус зөрчиж, амь хохирогч Бийн жолоодож явсан Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг мөргөсний улмаас зорчигч О.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, Бийн амь насыг хохироосон үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оын өгсөн: Болсон хэргийн талаар би мэдэхгүй байна. Манай хүү Б нь Төв аймгийн Борнуур сумын төвд эмээ Дэлгэрийн хамт амьдардаг. Тэгтэл 2022 оны 9 дүгээр сарын 13-ны орой 20:30 цагийн үед яг одоо цагийн нь сайн санахгүй байна. Манай бэр Оюунбилэг над руу утсаар залгаж хүү чинь Борнуур суманд аваарт орсон байна гэж хэлээд би 19 дээрээс явж байгаад хотод бэр эгчтэйгээ уулзаад шууд Борнуур сум руу явсан бөгөөд орой 23 цаг болж байхад Борнуурын төв ороод шууд эмнэлэг орсон чинь эмнэлэг дээр байхгүй байсан. Ээжид амьсгалын аппарат залгачихсан байж байсан. Тэгээд эмч нар надад тариа хийгээд хэргийн газарт очсон. Тэгээд юу болсон талаар сайн санахгүй байна. Манай хүү 16 настай. Унаж явсан мотоцикл нь манай ахын хүүхдийнх нь мотоцикл байгаа юм. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг /1 хх 32-33/,

Насанд хүрээгүй хохирогч О.Бын өгсөн: “Би Борнуур сумын Шар хоолой гэх газрын орчмоос хадан дээрээсээ ах Бтэй хамт мотоциклтой хөдөлсөн. Мотоциклыг Б ах бариад явсан. Ах бид хоёр 800-н блокон хашааны дэргэд эгч Намуундарь, Анхболд нартай уулзаад гэр лүүгээ явсан. Тэрнээс хойш юу ч санахгүй байна. Гавлын яс хагарсан, тархины няцрал, зөөлөн эдийн гэмтэлтэй. Миний толгой хэсэгт маш их гэмтсэн. Эмнэлэгт ухаангүй 3 хоног байсан. Миний хувьд гомдолтой байна. Эмнэлгийн зардлыг гаргуулна. Цаашид миний хувьд яахыг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1 хх 38-39/,

Хохирогч хууль ёсны төлөөлөгч Д.Оийн өгсөн: “Миний хүүгийн толгой хэсэг маш их гэмтсэн. Гавал ясны гэмтэл, нүүр хэсэгт нь гэмтэлтэй, зүүн хөл нь бас гэмтсэн. Надад баримтаар болон баримтгүй зөндөө зардал гарсан. Энэ бүх хохирлыг гаргуулж авна. Мөн миний хүү гэмтээд би өөрөө ажлаа хийж чадахгүй ажлаа алдаж харсан ажилгүй байх хугацааны зардал, цаашид хүүхдийн маань хичээл сургууль орхигдож эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа учир энэ бүх хор уршгийг нэхэмжилнэ. Миний хувьд маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг /1 хх 42-43/,

Гэрч Ч.Төмөр-Очирын өгсөн: “Би 2022 оны 8 дугаар сарын 29-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумаас Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3-р баг Баянгол гэх газар нутаглаж байгаа Д гэх айлд үхрийн фермер барихаар ирсэн. Тухайн айлд ирээд 14 хоног ажиллаж байна. Фермерээ барьж дуусчхаад 2022 оны 9 дүгээр сарын 13-ний орой 19 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3-р багийн нутаг Баянгол гэх газраас Төв аймгийн Баянчандмань сум орохоор Д, Хүрэлбаатар нарын хамт Дгийн эзэмшлийн 09-87 ТӨА улсын дугаартай, Портер 2 маркийн тээврийн хэрэгсэлтэй, фермер бариад үлдсэн модоо ачаад хөдөлж 20 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1-р багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа "Хурд төв" хүнсний дэлгүүрийн гадаа ирж зогссон. Д Борнуур сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа "Хурд" дэлгүүр орж ус, ундаа авчхаад буцаад машиндаа орж ирээд жолоогоо бариад ухрах үйлдэл хийх үед гэнэт хүчтэй чимээ гарахаар нь буугаад хартал 2 эрэгтэй хүүхэд мотоциклоос унасан байдалтай асфальтан зам дээр ухаангүй хэвтэж байсан. Тухайн 2 хүүхэд тээврийн хэрэгслийн аль хэсгийг ирж мөргөсөн талаар хараагүй болохоор мэдэхгүй байна. Тэгээд удаагүй цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг /1 хх 46/,

 Гэрч М.Хүрэлбаатарын өгсөн: “Би 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумаас Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3-р баг Баянгол гэх газар нутаглаж байгаа Д гэх айлд үхрийн фермер барихаар ирсэн. Тухайн айлд ирээд 20 хоног ажиллаж байна. 2022 оны 9 дүгээр сарын 14-ний орой 19 цагийн Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3-р багийн нутаг Баянгол гэх газраас Төв аймгийн Баянчандмань сум орохоор Д, Төмөр-Очир нарын хамт Дгийн эзэмшлийн 09-87 ТӨА улсын дугаартай, Портер-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй, фермер бариад үлдсэн модоо ачаад хөдөлж 20 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1-р багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа "Хурд төв" хүнсний дэлгүүрийн гадаа ирж зогссон. Жолоо барьж явсан Д машинаас бууж дэлгүүр орж ус ундаа аваад буцаад машиндаа сууж, жолоо бариад ухрах үйлдэл хийх үед гэнэт хүчтэй юм мөргөх чимээ гарахаар нь зогсоод буугаад хартал асфальтан зам дээр 2 эрэгтэй хүүхэд мотоциклоос онхолдсон байдалтай хэвтэж байсан. Тэгээд сандраад баахан тал тал тийшээ алхаад зогсож байтал удаагүй цагдаа, эмнэлэг ирсэн. Ферм бариад үлдсэн модоо Төв аймгийн Баянчандмань сум оруулахаар ачсан байсан. Тухайн мод тээврийн хэрэгслийн тэвшнээс 50-70 см орчим илүү гарсан. Тухайн илүү гарсан модны үзүүрт анхааруулах тэмдэг болон эд зүйл уяагүй байсан. Д дэлгүүрээс ус ундаа аваад жолоо бариад буцаад төв зам руу орох гээд ухрах үйлдэл хийх үед гэнэт хүчтэй юм мөргөх шиг чимээ гарсан. Буугаад хартал мотоциклтой 2 хүүхэд онхолдсон байсан. Тухайн мотоциклтой хоёр хүүхэд тээврийн хэрэгслийн аль хэргийг мөргөсөн талаар тодорхой хараагүй.” гэх мэдүүлэг /1 хх 49/,

Гэрч Б.Очирбатын өгсөн: “2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 20 цагийн үед манай нөхөр Далантай руу дүү нь залгаад дүүгээ гарсных нь дараа би үхэр саачаад орж ирээд цаг хартал 20:30 цаг болж байсан. Би сандал дээр суугаад хувцсаа тайлаад байж байтал манай бэр охин Намуундарь уйлаад гүйгээд ороод ирсэн. Тэгэхээр нь яасан гэтэл ээжээ 2 дүү осолд орчиж гээд уйлаад ороод ирсэн. Тэгээд тухайн осол болдог газар очтол талийгаач хүү маань газар хэвтэж байсан. Мотоцикл нь талийгаачаас 5 метрийн зайтай байсан. Мотоциклийн урд 50 см урттай бүдүүн нь 5 литрийн битон шиг мод хэвтэж байсан. Цагаан өнгөтэй машиных нь ард талд талийгаач хэвтэж байсан. Мод ачсан машин нь хойшоо машиныхаа чиргүүлээс хойш 2 мерт 80-тай мод илүү гаргаад аччихсан байсан. Яг тэр үед миний харахаар 2 хүүхэд замаар чигээрээ урсгалаараа явж байхад тухайн ухарч байгаад төв зам руу бөгсөөрөө замын гол хаагаад орчихсон байхад 2 хүүхэд илүү гарсан модыг нь мөргөж осолдсон байна гэж миний нүдээр харсан.” гэх мэдүүлэг /1 хх 53/,

Гэрч Д.Далантайгийн өгсөн: “2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 19 цагийн үед харанхуй болохын алдад хамаатны хүүхэд залгаад хөдөө хүргээд өгөөч ээ гэсэн. Тэгэхээр нь би зав муутай байна гээд гараагүй. Ахаа та доошоо 800-ийн ферм гэдэг газар луу ирээд аваад намайг хүргээд өгөөч ээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ 20 цаг 20 минутын үед бүрэнхий болсон байх үед цагаан приус 20 маркийн машинтай гарсан. Тэгээд доошоо уруудаад ирж байхад Гал хурд гэдэг дэлгүүрийн гадаа нэг осол болсон байсан. Сумын цагдаа нар ирчихсэн байсан. Осолд орсон мотоциклийг хартал манай нэг дүүгийн хүүхдийн мотоцикль болж таарсан. Тэгээд хартал миний дүү О, О нарын 2 хүүхэд осолд орсон байсан. Оын хүүхэд нас барсан байсан. Намайг очход нэг хүүхдийг эмнэлэг рүү аваад явсан байсан. Нөгөө хүүхэд нь газар дээрээ нас барсан байсан. Намайг очход мөргөсөн гэсэн мотоцикль нь зам дээр хэвтэж байсан. Мөргөсөн гэсэн цагаан өнгийн портер 2 гэдэг машин нь ачаатай байсан тэвшнээс илүү арагшаа 2м гаран урттай машинаасаа илүү гараад арагшаа гол зам руу орох хэсэг рүү хандаж ухарч зам хаасан байсан. 2 хүүхэд чигээрээ замаар явж байгаад илүү гарсан модыг мөргөж осол гарсан байсан. Тухайн модны илүү гарсан үзүүрийг 2 хүүхэд мөргөөд тухайн илүү гарсан байсан мод нь машинаас 10-аад метр гаран шидэгдсэн байсан.” гэх мэдүүлэг /1 хх 56-57/,

Гэрч М.Анхзаяагийн өгсөн: “2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр би өглөө гэрээсээ гараад сургууль дээр ажилдаа ирсэн. Орой бүрэнхий болж байхад ажлаасаа гараад гэр рүүгээ харих гэж явахад байхад миний явж байсан газраас 50 гаруй метрийн зайтай Гал хурд гэх хүний дэлгүүрийн гадаа цагаан өнгийн ачааны машин дэлгүүрийн урд зогсоолоос гараад шууд арагшаа ухрах гээд хөдөлж байсан. Гэтэл дөнгөж хөдөлтөл араас нь мотоциклтой ирээд тас няс болоод мотоцикл нь 15-20 метрийн зайд шидэгдсэн. Мотоцикль унаж байсан болон ард нь сууж явсан хүүхдүүд мөн шидэгдсэн. Би хүүхэд гэдгийг нь мэдээд урд талд нь байсан хүүхэд рүү гүйж очсон. Тухайн цагаан өнгийн ачааны машинаас 30 гаруй насны эмэгтэй хүн гарч ирээд хойд талд нь байсан хүүхэд рүү очсон. Намайг урд талд байсан хүүхэд дээр очход тухайн хүүхэд ямар ч хөдөлгөөнгүй байсан. Би очоод яаж байна миний хүү гээд хацар дээр нь хүрээд дуудтал зовхио бага зэрэг дээш нь өргөөд нүднийх нь цагаан нь гараад буцаад нүдээ хаачихсан. Тэгээд би дахиад дуудахад амьсгалаа 2-3 удаа өөр лүүгээ татаад тэрнээс хойш ямар ч амьсгаа аваагүй. Тэгээд хажууд байсан хүмүүс цагдаа, түргэн дуудсан. Удалгүй түргэн ирээд миний очсон хүүхдийг нас барсан байна гэж хэлсэн. Хойд талд байсан хүүхдийг эмч түргэн эмнэлэг рүү авч явах шаардлагатай гээд эмнэлэг рүү авч явсан. Тухайн ачааны машин ухраад дөнгөж аажуухан хөдлөөд явж байхад нь араас нь мотоцикль хүчтэй орж ирсэн. Мотоциклийн явж байхын би хараагүй. Надад нэг жижиг тэрэгний гэрэл харагдсан. Би хараагүйг бодоход мотоцикль гэрэлгүй явж байсан байж магадгүй. Мотоцикл гэнэт араас нь ороод ирсэн.” гэх мэдүүлэг /1 хх 60-61/,

Гэрч Б.Намуундарийн өгсөн: “Би нөхөр Анхболдын хамт Төв аймгийн Борнуур сумын нутаг малын өвс хадаж байсан газраас Бонго-2 маркийн машинд өвс ачаад 17 цагийн орчим сумын төв рүү явсан. Манай нөхөр бид хоёрыг явж байхад манай машины парны ус халаад явахгүй байхаар нь Борнуур сумын 800 гэх газарт машины ус халаад байхаар нь замаас гараад замын хажууд зогсож байхад 19 цаг өнгөрч байхад нөхрийн хамаатан Бат-Итгэл, Б нар мотоциклтой ирээд эмээгийн өвсийг хадаж бухалдаад ирж байна гээд ирсэн. Бид нар дээр ирэхэд Бат-Итгэл мотоцикл жолоодоод ирсэн. Бид нар уулзаж юм ярьж сууж байгаад нээх удалгүй 5 минутын дараа бид нар явахаар болоод би нөхөртэйгөө хамт машинтай явахад Бат-Итгэл, Б нар мотоцикл нь асахгүй үлдээд түрж асаах гэж түрж байсан. Манай нөхөр бид хоёр Борнуур сумын 800-гийн замаар явж байхад Бат-Итгэл, Б нар хажуугаар гүйцэж гараад инээгээд яваад өгсөн. Тэр хоёр нээх хурдтай яваагүй. Манай нөхөр бид хоёр сумын төвийн засмал замаар явж байхад зам дээр осол болсон баахан машины гэрэл ассан байхаар нь би айгаад осол харахгүй гээд гараараа нүдээ тагласан. Бид хоёр Бат-Итгэл, Б нарыг осолд орсон байна гэж бодоогүй. Тэр үед манай нөхөр Анхболд нь надад хандан машинаас буугаад арын машиныг ухарчих гэж хэл хоёулаа өөр замаар явъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаасаа буугаад шууд хэлэх гэхэд арын машин харагдахгүй байхаар нь машиныхаа урдуур тойроод гарах гэх үед зам дээр өвсний сэрээ харагдахаар нь юу билээ гээд цааш нь харахад цаана нь мотоцикл байхаар нь би нөхөртөө хандан Бат-Итгэл, Б нар юм шиг байна гэж хэлэхэд манай нөхөр Анхболд юу яриад байгаа юм бэ гэж хэлээд машинаасаа бууж ирсэн. Тэр үед би түрүүлээд гүйгээд осол болсон газарт очсон. Миний араас манай нөхөр Анхболд осол болсон газарт ирсэн. Намайг очход талийгаач Бат-Итгэл газар засмал зам дээр хэвтэж байсан. Б байгаагүй. Тэгэхээр нь би энэ хүүхэдтэй хамт явсан хүү хаана байна вэ гэж 2-3 удаа асуухад тэнд байсан хүмүүс юм хэлээгүй. Тэгсэн тэр үед эмнэлгийн машин аваад явж байсан. Осол болсон газарт цагаан өнгийн Портер маркийн ачааны машин бөгсөөрөө зам руу ухраад орсон. Талийгаач Бат-Итгэл зүүн талаараа хараад газарт хэвтсэн нүүр хэсэг нь машин руу чиглэлтэй харсан байсан. Би тэр машин руу харсан чинь дундаж өндөртэй, дундаж махтай, хар бараан хувцастай эгч тэнд байсан. 1 хүнд хандан би мөргөөгүй, энэ хүүхдүүд өөрсдөө сэрээндээ тээглээд унасан гэж хэлээд зогсож байсан. Тэр эмэгтэйг хэнд хэлснийг нь би мэдэхгүй байна. Ямартай ч тэр эмэгтэй, гашуудсан шинжгүй, би яагаачгүй өөрийгөө өмөөрөөд гараа халаасандаа хийгээд зогсож байсан. Тэгээд талийгаачид хүрэх гэтэл сумын цагдаа нар ойртуулаагүй. Тэгэхээр нь би тэр цагдаа нарт хандан наад хүүхэд чинь үхлээ шүү дээ, амьсгалтай байна уу гэж асуухад тэнд байсан цагдаа нь амьсгалтай байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүнд хандан амьсгалтай байгаа бол эмч энэ тэр дуудаач наад хүүхэд чинь үхлээ шүү дээ гэж хэлэхэд тэр цагдаа нь эмч дуудсан, одоо эмч ирж байгаа гэж хэлсэн. Тэгээд би тэнд байсан хүний машинд суугаад Борнуур сумын төвд байх хадам ээж Санжаахадыг аваад эргэж осол болсон газарт ирэхэд цагдаа нар манай хадам ээж бид нарт газар дээрээ өнгөрсөн хөдөлгөж болохгүй гэж хэлээд ойртуулаагүй.” гэх мэдүүлэг /1хх 63-64/,

Гэрч Б.Оюунжаргалын өгсөн: “...намайг очход газар зүүн тийш харсан ухаангүй байдалтай толгой хэсгээс нь их хэмжээний цус гарсан байсан. Би хамгийн эхэнд тэр хүүхдийн баруун гарт байсан бээлийг тайлж захын судасны хүчилтөрөгч болон зүрхний цохилт үздэг багажаа баруун гарын долоовор хуруунд хийсэн. Хүчилтөрөгч болон зүрхний цохилт орж ирээгүй. Дараа нь баруун гарын шууны артерийн цохилтыг тэмтэрч үзэхэд цохилт байхгүй байхаар нь чагнуураар зүрхний цохилтыг чагнаж үзэхэд зүрхний цохилт сонсогдоогүй. Дараа нь нүдний эвэрлэгийн реплексийг шалгахад хариу урвал байхгүй байсан. Дараа нь баруун нүдний хүүхэн харааг шалгахад хүүхэн хараа нь өргөссөн байсан. Тэгэхээр нь хамрын амьсгалыг нь шалгахад амьсгалахгүй байхаар нь тэнд байсан хүмүүст хандан энэ хүүхэд нас барсан гэдгийг хэлээд нас барсан хүүхдээс 2-3 алхамын зайд бас нэг хүүхэд байхаар нь тэр хүүхдийг үзэхээр очсон. Намайг үзлэг хийхээр очход “Гал хурд” дэлгүүрийн эзэн Энхжаргал уг хүүхдийг тэврээд толгойг нь өвөр дээрээ тавьчихсан энэ хүүхэд амьсгалтай байна гэж хэлсэн. Тэгээд би тэр хүүхдийн мөрөн дээр нь гараараа зөөлөн цохиод нэрээ хэлээрэй гэж хэлэхэд тэр хүүхэд юм хэлэх чадваргүй авиа гаргаж байсан. Тэгэхээр нь би нүдээ нээгээрэй гэж хэлэхэд тэр хүүхэд нүдээ нээж байсан. Тэгээд тэр хүүхдийн зүүн гарын долоовор хуруунд зүрхний цохилт болон захын судасны хүчилтөрөгчийн аппаратыг хийж үзэхэд хүчилтөрөгч болон зүрхний цохилт орж ирсэн. Тэгээд тэр хүүхдийг тэнд байсан жижиг цагаан өнгийн машинаар сумын Эрүүл мэндийн төв рүү яаралтай зөөвөрлөж 21:23 цагт авчирсан. Тэгээд эмнэлэгт хүргээд яаралтай тусламжийн өрөөнд оруулж дахин хүүхдийн биеийг шалгахад гар хөл хугарсан зүйл байхгүй байсан. Тархинд тархи бамбалзан хаван үүссэн байхаар нь эмчилгээ хийж эхэлсэн. Би хүчилтөрөгч өгөөд сувилагчдаа цус тогтоох, өвчин намдаах, шингэн сэлбэх, тархины цусан хангамж сайжруулах, тархины хаван буулгах, бодисын солилцоо сайжруулах, зүрхэнд тэжээл өгөх гэх мэт эмчилгээг хийж эхэлсэн. Би хүүхдэд эмчилгээ хийж байх явцдаа сумын Эрүүл мэндийн төвийн жолооч Батчулуун руу утсаар яриад хаана явж байгааг  асуухад Баянчандмань суман дээр явж байна гэж хэлэхээр нь та буцаад ир, зам тээврийн осол гарсан нэг хүүхдийг яаралтай эмнэлгийн машинтай тээвэрлэх хэрэгтэй байна гэж хэлээд дуудсан. Тэгсэн удалгүй сумын эмнэлгийн жолооч ирсэн. Тэгээд хүүгийн биеийн байдал нь тогтворжсоны дараа яаралтайгаар 21:30 минутад Улаанбаатар хотын ГССҮТ-рүү хүргэхээр авч явсан. Бид нар Улаанбаатар хотын ГССҮТ-д 22:40 цагт ирсэн. Тэгээд хүүг эмнэлэгт оруулж хүлээлгэж өгсөн.” гэх мэдүүлэг /1 хх 66-67/,

Иргэний нэхэмжлэгч Н.Оюунбилэгийн өгсөн: "Улсын дугааргүй мотоциклийг 2022 оны 7 дугаар сард Төв аймгийн Борнуур сумын О.Алтанзам гэх хүнээс 1 000 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний эзэмшлийн мотоциклийг манай төрсөн хүү Г.Эрдэнэболд унаж ашигладаг. Тухайн осол болдог өглөө хадам дүүгийн хүү Б хадландаа явах зорилгоор унаж яваад осолд орсон. Тухайн мотоциклд ямар нэг эвдрэл гэмтэл байгаагүй." гэх мэдүүлэг /2 хх 221/,

Шүүгдэгч Я.Дгийн өгсөн: “2022 оны 9 дүгээр сарын 1-ны орой 19 цаг өнгөрч байхад Борнуур сумын Баянгол гэх газраас сумын төв рүү өөрийн эзэмшлийн 0987 ТӨА улсын дугаартай Портер 2 маркийн тээврийн хэрэгсэлдээ банз, төмөр торон өндөрлөгөө ачаад өөрөө тээврийн хэрэгслээ жолоодоод ажил хийж байсан 2 хүнээ суулгаад хөдөлсөн. Сумын төв үү орж ирээд Хурд дэлгүүрин үүдэнд зогсоод дэлгүүрт орж ус ундаа аваад буцаж гарч ирээд тээврийн хэрэгслээ жолоодоод замсал зам руу орох гээд тээврийн хэрэгслээрээ хойшуу ухрах үйлдэл хийх үед тар няр гэх чимээ гарсан. Ингээд тээврийн хэрэгслээ зогсоогоод буугаад харахад мотоциклтой 2 хүүхэд манай машины араас мөргөөд зам дээр онхолдож мотоцикл нь хажуугаараа харчихсан 2 хүүхэд зам дээр уначихсан хажуу талд нь 2 ширхэг өвсний сэрээ байсан. Ингээд би арай жижиг хүүхдийг нь очиж тэврээд тэнд байсан хүмүүсийг түргэн дуудаад өгөөч гэж тусламж гуйсан. Цагдаа ирээд миний тэвэрч байсан хүүхдийг аваад явсан нөгөө хүүхдийг нас барсан байна гэж хэлсэн. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би жолоодох эрхийн үнэмлэхтэй. 2010 онд жолооч болсон. Жолооны В ангилалтай. Төмөрчөдөр, Хүрлээ гэх хүмүүстэй хамт явсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Б хүүгийн эмчилгээний зардалд 1 300 000 төгрөг төлсөн.” гэх мэдүүлэг /хх 161/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 517 дугаартай шинжээчийн: “1.О.Бын биед зүүн зулай яснаас титэм заадас хүртэл үргэлжилсэн нийлмэл хугарал тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дух зулайн дэлбэнд тархины эдийн няцрал, цус хуралт, зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Зүүн зулай яснаас титэм заадас хүртэл үргэлжилсэн нийлмэл хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн "ХҮНД" зэрэгт, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дух зулайн дэлбэнд тархины эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн "ХҮНДЭВТЭР зэрэгт, зөөлөн эдийн цус хуралт зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн "ХӨНГӨН" зэрэгт тус тус хамаарна. 4. Дээрхи гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5.Дээрхи гэмтлүүд нь хэрэг болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /1хх 74-75/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 4575 дугаартай шинжээчийн: “1.Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. Я.Д гэж хаягласан 003038606 хуруу шилний дугаартай цусанд спиртийн агууламж илрээгүй.” гэх дүгнэлт /хх 76-77/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 193 дугаартай шинжээчийн: “1.Талийгаач Бийн биед уушгины артерийн тасралт, дотуур цус алдалт, өвчүү ясны хугарал, уушгины эдийн няцралт, хуйханд цус харвалт, биед зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Талийгаачийн цуснаас этилийн спирт илрээгүй байна. 3.Талийгаач Б нь цээжний хавсарсан гэмтлийн улмаас уушгины артерийн тасралт, цээжний хөндийн цус алдалт /1500 гр/, үнхэлцэг хальсны цус, цусан бүлэнгийн улмаас зүрх чихэлдэх хам шинжээр нас баржээ. 4.Талийгаач нь III-р бүлгийн цустай байна.” гэх дүгнэлт /1хх 83-86/,

“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн: “1.HYUNDAI Porter-2 маркийн 09-87 ТӨА улсын дугаартай автомашины жолооч Я.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана", мөн дүрмийн 24.6. Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 м, өргөөшөө 0.4 м-ээс илүү гарсан ачаа тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт овор ихтэй ачаа >> таних тэмдэг байрлуулахаас гадна харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд урд нь цагаан ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна." гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.DAYUN маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а "Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй), 3.1.б "Тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээтэй байна" мөн дүрмийн 3.4.в "Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх." гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3.DAYUN маркийн улсын дугааргүй мотоциклийн эзэмшигч Г.Эрдэнэболд нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6. "Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө." гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 4.Уг зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал болон үзэгдэх орчин нөлөөлөөгүй гэж үзэж байна. 5.HYUNDAI Porter-2 маркийн 09-87 ТӨА улсын дугаартай автомашины жолооч Я.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 24.6 дахь заалтыг зөрчсөний улмаас /энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултад тусгагдсан/ уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. 6.Нэмж тусгах саналгүй.” гэх дүгнэлт /хх 106-105/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-н 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 06/293 дугаартай үнэлгээний: “09-87 ТӨА улсын дугаартай Hyundai Porter-2 маркийн автомашины зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 9-р сарын 13-ны өдрийн байдлаар 9 579 800 (есөн сая таван зуун далан есөн мянга найман зуу) төгрөг, хохирлын үнэлгээ нь 100 000 /нэг зуун мянга/ төгрөг гэж тус тус үнэллээ.” гэх тайлан /хх 116/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-н 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 06/302 дугаартай үнэлгээний: “Dayun маркийн мотоциклийн хохирлын үнэлгээ нь 2022 оны 9-р сарын 13-ны өдрийн байдлаар 180 000 / нэг зуун наян мянга/ төгрөг” гэх тайлан /хх 106/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 4-5/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 6-14/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 15-19/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 20/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 87-98/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Я.Д нь Төв аймгийн Борнуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, сумын төвийн асфальтан зам дээр 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Хюндэй Портер-2 маркийн 09-87 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа дэлгүүрт орж ус, ундаа авахаар асфальтан зам дээр түр зогсолт хийж хөдлөхдөө ухрах үйлдэл хийх үедээ ардаа байсан Бийн жолоодож явсан Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг мөргөсний улмаас зорчигч О.Бын эрүүл мэндэд "зүүн зулай яснаас титэм заадас хүртэл үргэлжилсэн нийлмэл хугарал, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дух зулайн дэлбэнд тархины эдийн няцрал, цус хуралт, зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт" бүхий хүнд хохирол, Бийн эрүүл мэндэд   "Уушгины артерийн тасралт, дотуур цус алдалт, өвчүү ясны хугарал, уушгины эдийн няцралт, хуйханд цус харвалт, биед зулгаралт" бүхий хохирол учирч цээжний хавсарсан гэмтлийн улмаас уушгины артерийн тасралт, цээжний хөндийн цус алдалт, үнхэлцэг хальсны цус, цусан бүлэнгийн улмаас зүрх чихэлдэх хам шинжээр нас барж,  тээврийн хэрэгсэлд 180 000 төгрөгийн хохирол учирсан.

 

            Шүүгдэгч Я.Дгийн үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин долдугаар бүлэг Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт хамаарч Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж уг гэмт хэргийн улмаас  1 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний амь нас хохирсон нь уг зүйл хэсэгт заасан хүндрүүлэх шинжийг агуулсан гэж үзэв.

 

 Шүүгдэгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаж мэтгэлцээгүй болохыг дурдаж,

Шүүгдэгч Я.Д  нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа дэлгүүрт орж ус, ундаа авахаар асфальтан зам дээр түр зогсолт хийж хөдлөхдөө орчин тойрноо хараагүй хайрамж болгоомжгүйн улмаас ухрах үйлдэл хийх үедээ ардаа байсан Бийн жолоодож явсан Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг мөргөсөн үйлдэл нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болж дээрх үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж энэ зүйл ангиар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.   

 

Тухайн зүйлийн диспозицид зааснаар тухайн хэм хэмжээ нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний болон ашиглалтын аюулгүй байдал, хүний амь нас, эрүүл мэнд гэсэн хоёр объектыг давхар хамгаална. Гэмт хэргийн объектив тал нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөн үйлдэл. Хуулийн 27.10 дугаар зүйлд заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих гэдэгт Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөнийг ойлгоно. Энэ нь хөдөлгөөнд зөвшөөрөгдсөн хурдыг хэтрүүлэх, гүйцэд түрүүлэх, тойрч гарах болон зогсох журам болон буруу хөдөлгөөн хийх зэргээр илэрнэ. Шүүгдэгч Я.Д нь түр зогсолт хийж ухрах хөдөлгөөн хийхдээ орчин тойрноо хараагүй хайрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас ардаа байсан тээврийн хэрэгслийг мөргөж осол гаргасан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэртэй. Гэмт хэргийн диспозиц нь тухайн зүйлд заасан үр дагаварт  хүргэж, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчин санаатай үйлдэл. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Я.Д нь  жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн Замын хөдөлгөөний дүрмийг баттай мэддэг атлаа мэдсээр байж орчин тойрноо харалгүй замын хөдөлгөөнд оролцсон нь санаатай үйлдэл бөгөөд үр дагавар болгоомжгүй юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгч амь хохирогчийн унаж явсан мотоциклийг мөргөж, хүний амь нас хохироох, бусдын эрүүл мэндэд хохирол учруулна гэсэн санаа зорилго агуулаагүй гэж үзнэ.   

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч шүүгдэгч Я.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Хохирогчийн өмгөөлөгч шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлын шүүгдэгч нөхөн төлсөн хэдий ч оногдуулах ял хөнгөдсөн байна уу гэж бодож байна гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч миний үйлчүүлэгч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хүний амь насыг төлөх боломжгүй ч баримтаар хохирлыг нөхөн төлсөн, цаашид ч төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруутайд тооцсон зүйл анги нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт тооцогдоно. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Зорчих эрхийг хязгаарлах ялын санцтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан нийгмээс тусгаарлахгүйгээр тэнсэж өгөөч, хохирол нөхөн төлөхөд тэнсэх нь ач холбогдолтой гэж үзэж байна гэх санал тус тус гаргаж мэтгэлцэв.  

 

            Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

           

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            Шүүгдэгч Я.Д  нь 1973 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 49 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, хүүгийн хамт Төв аймгийн Баянчандмань сумын 2-р баг Замт 10 цагаан 5-р гудамжны 1 тоотод засаг захиргааны бүртгэлтэй, Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэгдэж байгаагүй талаархи баримт бичгүүд /1 хх 165-166, 171, 174/ авагджээ.  

 

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэв.

 

            “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а "Жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна." 3.1.б "Тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээтэй байна" мөн дүрмийн 3.4.в "Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх." гэснийг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон. Мөн шинжээчийн дүгнэлтийн 3 дахь заалтад DAYUN маркийн улсын дугааргүй мотоциклийн эзэмшигч Г.Эрдэнэболд нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6. "Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө." гэснийг зөрчсөн гэжээ.

 

            Үүнээс дүгнэвэл амь хохирогч Б иргэн Г.Эрдэнэболдын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, хамгаалах малгай өмсөлгүй жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь тогтоогдсон.  

 

Шүүгдэгч Я.Д нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын баримтаар нэхэмжилсэн гэм хорын хохиролд 19 820 088 төгрөгийн хохирлыг өөрийн боломжийн хирээр нөхөн төлж, цаашид гарах хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид гэм буруутайд тооцсон зүйл хэсгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

 Улсын яллагчийн шүүгдэгчийн гэм буруутайд тооцсон зүйл хэсгээр 2 жил хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан тэнсэж өгөөч гэх саналыг;

 эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд үндэслэн хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүх эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолно." гэж хуульчилсан тул шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг дурдав.  

 

  Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Я.Д-гийн гэм буруутай үйлдлийн улмаас DAYUN маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож явсан Бийн амь нас хохирч, түүний ард зорчиж явсан О.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол, DAYUN маркийн мотоциклд 180 000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирчээ.

 

Амь хохирогч Бийн хууль ёсны төлөөлөгч Д.О гэм хорын хохиролд оршуулгын зардалд 22 438 921 төгрөг, ажилгүй байсан хугацаанд олох байсан орлого 1 400 796 төгрөг, ирэх очих унааны болон бусад зардалд 2 363 720 төгрөг, сэтгэл санааны хохиролд 50 000 000 төгрөг нийт 76 203 437 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага,

Насанд хүрээгүй хохирогч О.Б-ын хууль ёсны төлөөлөгч Д.О эмчилгээний зардал, ирэх очих унааны зардал 7 107 934 төгрөгийн нэхэмжлэлийн шаарддага тус тус гаргасан байна.

 

Хууль ёсны төлөөлөгч Д.О-ын хавтаст хэрэгт баримтаар өгсөн нэхэмжлэлийн шаардлагаас 109.100+85.000/1хх 243/+269.712/1хх 244 ар тал/+615.381+1.055.200+1.165.000+984.215+630.288+849.752 /1хх 245-250/+2.788.500+4.162.600+100.500+830.984+1.785.500 /2 хх 1-4, 4-р хуудасны ар тал/=15 421 432 төгрөг, шүүх хуралдаанд өгсөн шатахууны зардлаас 100 000 төгрөг нийт 15 521 432 төгрөгийг хангаж, шүүх хуралдаанд өгсөн шатахууны зардалаас 469 050 төгрөгийг /ямар шаардлагаар хаашаа явсан нь тодорхойгүй гэж үзэн/, эмчилгээний зардал гэх 148 880 төгрөг /хэрэгт хамааралгүй гэж үзэн/, нийт 517 930 төгрөгийг  хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацаанд олох байсан орлого гэх 1 400 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 50 000 000 төгрөг болон бусад хохирол нийт 60 782 005 төгрөг нь нотлох баримтаар нотлогдоогүй гэж үзэн хэлэлцэхгүй орхиж энэ гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж,

 

Хууль ёсны төлөөлөгч Д.О-ийн хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэлийн шаардлагаас 1-р хавтаст хэрийн 216-217-р хуудсанд авагдсан эмчилгээний болон ирэх очих унааны зардал болон бусад баримтаас 20.000+56.610+150.000+50.000+280.000+25.000+2.940+136.400+1.354.000+10.693+120.000+6.850+22.000+4.750+90.112+8.700+18.250+344.000+29.550+16.800+3.800+30.000+40.000+40.000+30.000+58.200=2.948.656 төгрөгийг хангаж, 1-р хавтас хэргийн 216-р хуудсанд 248 672 төгрөгийг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний баримт авагдсан байх бөгөөд хохирогч өвдсөн ч өвдөөгүй ч хүнсний бүтээгдэхүүн өдөр тутам хэрэглэх бөгөөд энэ нь гэм хорын улмаас учирсан хохирол гэж үзэхгүй тул хэрэгсэхгүй болгож бусад баримт нь үг үсэг тоо нь мэдэгдэхгүй юунд зарцуулсан нь харагдахгүй байх тул нотлох баримтаа дахин бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч гэм буругийн шүүх хуралдаанаас шийдвэрлэсэн гэм хорын хохирлыг нөхөн төлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 хоногийн завсарлага авч эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд хууль ёсны төлөөлөгч Д.Од 15 521 432 төгрөг, Д.От 2 948 656 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль ёсны төлөөлөгч Д.От насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээний зардалд 1 300 000 төгрөг төлсөн болох нь талуудын мэдүүлэг тайлбараар тогтоогдсон байна.

 

Мөн насанд хүрээгүй хохирогч О.Бод гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.   

 

            Иргэний нэхэмжлэгч Н.Оюунбилэг шүүх хуралдаанд мотоциклийн эвдрэл 180 000 /нэг зуун наян мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болно.  

 

 Хэрэгт шүүгдэгч Я.Д-гийн эзэмшлийн №634166 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэх хураагдан ирснийг хуульд заасан журмын дагуу Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар,  

 

 шүүгдэгч Я.Д-гийн эзэмшлийн 0987 ТӨА улсын дугаартай Hyundai Porter-2 маркийн тээврийн хэрэгсэл, Г.Эрдэнэболдын эзэмшлийн улсын дугааргүй Dayun маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөгчийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Hyundai Porter-2 маркийн тээврийн хэрэгслийг Я.Д-д, улсын дугааргүй Dayun маркийн мотоциклийг Н.Оюунбилэгт буцаан олгохоор тус тус шийдвэрлэв.    

 

Шүүгдэгч Я.Д нь цагдан хоригдсон хоног, тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдав.

 

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Шүүгдэгч Д-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 1 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Д-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Д-д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаалах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих анхааруулж, шүүгдэгчид оногдуулсан ялд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

 

             5.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 4 159 279 /дөрвөн сая нэг зуун арван есөн мянга хоёр далан ес/ төгрөг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-ын нэхэмжлэлийн шаардлагаас 60 782 005 /жаран сая долоон зуун наян хоёр мянга тав/ төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж, 517 930 /таван зуун арван долоон мянга есөн зуун гуч/ төгрөг, Д.О-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 248 672 /хоёр зуун дөчин найман мянга зургаан зуун далан хоёр/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Д-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг дурдсугай.   

 

            7.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О нь насанд хүрээгүй хохирогч  О.Бын цаашид гарах эмчилгээний зардал болон хууль ёсны төлөөлөгч Д.О, Д.О нар нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн шаардлагаа тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

            8.Иргэний нэхэмжлэгч О-д 180 000 /нэг зуун наян мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, шүүгдэгч Я.Д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.От 4 298 656 /дөрвөн сая хоёр зуун ерэн найман мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөг, Д.Од 15 521 432 /арван таван сая таван зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун гучин хоёр/ төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.

 

 9.Шүүгдэгч Я.Д-гийн эзэмшлийн №634166 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

 10.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Я.Д-гийн эзэмшлийн 0987 ТӨА улсын дугаартай Hyundai Porter-2 маркийн тээврийн хэрэгсэл, Г.Эрдэнэболдын эзэмшлийн улсын дугааргүй Dayun маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөгчийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний тогтоолыг хүчингүй болгож, Hyundai Porter-2 маркийн тээврийн хэрэгслийг Я.Д-д, улсын дугааргүй Dayun маркийн мотоциклийг Н.Оюунбилэгт буцаан олгосугай.   

 

 11.Шүүгдэгч Я.Д нь цагдан хоригдсон хоног, тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

 12.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

   13.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.БАТЖАРГАЛ