Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/192

 

 

 

 

 

 

 

 

 

   2023          5            02                                                      2023/ШЦТ/192 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэрэнтогтох,

Шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э-д холбогдох эрүүгийн дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Э, 1987 оны 7 дугаар сарын 27-ны өдөр, 36 настай, эрэгтэй, яс үндэс баяд, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Увс аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:  

 

Шүүгдэгч Н.Э нь 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 88-32 УВА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.3 дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож, зам тээврийн осол гаргаж зорчигч Э.Хгийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

                          

Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан

 

Хохирогч Э.Х-гийн өгсөн: “Би 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Төв аймгийн Жаргалант сум “Тал булаг” гэх газарт Мягмаржав гэх хүний хамт нүхэн зоорь ухаж байсан. 2022 оны 7 дугаар сарын 25-ны дөр Мягмаржав Дархан явах ажилтай боллоо гээд явсан. Мягмаржав явахдаа та зоорио ухаж байгаарай танд 2 хүн ирж тусална. Би хэлчихсэн байгаа гэж хэлсэн. Орой гэртээ унтаж байтал танихгүй 2 залуу ирээд намайг сэрээгээд манай гэрт очъё Мягмаржав хэлсэн таныг аваад яваарай ганцааранг нь хонуулаад яах вэ гэж байна гэхээр нь би машинд суугаад Жаргалант сумын төвд ирсэн. Гэрт нь ирээд тэр хоёр залуутай танилцсан. Одоо би нэрийг нь сайн санахгүй байна. Тэр хоёр залуугийн нэгнийх нь эхнэр гээд бас нэг эмэгтэй байсан. Надад нэг шил архи задалж өгөхөөр нь би архи уудаггүй гээд уугаагүй. Маргааш өглөө нь буюу 2022 оны 7 дугаар сарны 26-ны өдөр 12 цагийн үед Тал булаг дээр нөгөө 2 залуугийн хамт ирээд зоорио ухаж байхад нэг залуугийнх нь төрсөн өдөр гээд архи уусан. Намайг уучих гээд байхаар нь архинаас нь уулцсан. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэгт ирчихсэн хэвтэж байсан. Би архи ууж байснаа санаж байна. Түүнээс хойш эмнэлэгт ирчихсэн байсан. Өөр мэдэх зүйл байхгүй. Миний толгой ар хэсэгт цус хуралт, хүзүүний 2 үе мултарсан. Нурууны ар хэсэгт улайж хорсож байгаа. Өөр гэмтэл шарх байхгүй. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал болон бусад зардлыг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх 17-19/,

Гэрч, иргэний хариуцагч Г.Чинзоригийн өгсөн: “Би 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Жаргалант сум Тал булаг гэх газарт зоорь ухах гэж очоод бороо ороод байсан болохоор зоорио ухалгүй Х, Э бид нар 1 шил 0.75 грамм архи хувааж уусан. Манай эхнэр Ширнэн архи уугаагүй хамт байж байсан. Архиа ууж дуусаад явах гэтэл Х согтоод унтчихаар нь үлдээгээд миний машиныг Э бариад Жаргалант сумын төвд манай гэрт ирээд амрах гэж байтал Хгийн эхнэр манай эхнэрийн утас руу  Хтэй ярья гэж хэлсэн. Манай эхнэр Х ах танай булагт зоорь ухаж байгаа. Айлын гэрт ганцаараа унтаж байгаа өглөө яриулъя гэж хэлээд би утсаа тасалсан. Удалгүй бид нараар зоорь ухуулж байгаа Мягмаржав гэх хүн манай эхнэрийн утас руу залгаад Хгийн эхнэр нь яриад бие муутай унаж татдаг хүн гээд байна очоод үзчихмээр байна гэж ярьсан. Тэгээд Э Тал булаг орж Хг авч ирэхээр явсан. Би гэртээ унтаж байтал манай эхнэр Ширнэн намайг сэрээгээд Э машинтай онхолдчихсон байна гэж хэлсэн. Тэгээд би эхнэрийн хамт осол болсон гэх газарт очход цагдаа нар ирчихсэн Э машины хажууд зогсож байсан. Юу болсон талаар асуухад дугуй хагараад уначихлаа Хг эмнэлэг аваад явсан гэж хэлсэн. Э бага зэрэг согтолттой байсан. Э тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. Э өөрөө яваад ирье гэхээр нь өгөөд явуулчихсан. Миний тээврийн хэрэгсэлд даатгал байхгүй.” гэх мэдүүлэг,

“88-32 УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн манай эхнэр Д.Ширнэнгийн нэр дээр байдаг. 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 8 500 000 төгрөгөөр худалдаж авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 22-23, 34-35, 38/  гэх мэдүүлэг,  

Гэрч, иргэний хариуцагч Д.Ширнэнгийн өгсөн: “Би 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Тал булаг гэх газарт зоорь ухахаар нөхөр Чинзориг болон хамт зоорь ухаж байсан Э, Х нарын хамт очсон. Бороо ороод байсан болохоор зоорио ухаагүй. Зоорь ухаж байгаа хашаанд байдаг гэрт Х, Э, Чинзориг гурав 1 шил 0.75 грамм архи хувааж уусан. Архиа ууж дуусаад Жаргалант сумын төв рүү гэртээ харихаар явах гэтэл Х ах согтоод унтчихаар нь гэрт унтуулж үлдээгээд манай машиныг Э ах бариад Жаргалант сумын төвд манай гэрт ирсэн. Гэрт ирээд Э ах, Чинзориг бид гурав амрах гэж байтал Хгийн эхнэр залгаад Хтэй ярья гэхээр нь би Х ах Тал булагт үлдсэн өглөө яриулъя гэж хэлсэн. Удалгүй бид нараар зоорь ухуулж байгаа Мягмаржав миний утас руу залгаад Хгийн эхнэр нь яриад байна. Х бие муутай унаж татдаг гээд байна гэж ярьсан. Тэгтэл Э ах би яваад Хг аваад ирье гэсэн. Б.Э ахыг та мотоцикл унаад явчих гэсэн чинь машинаар явна гээд явсан Э ахыг ирэхгүй болохоор нь утас руу нь залгахад утсаа авахгүй байсан. Тэгтэл манай хажуу айлын Нарантуяа эгч утсаар яриад машин чинь замын хажууд уначихсан байна гэж хэлсэн. Тэгээд би Чинзоригийг сэрээгээд осол болсон газарт очсон. Хгийн эмчилгээний зардалд 2 200 000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг,

“88-32 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2022 оны 6 дугаар сард 8 500 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний нэр дээр бүртгэлтэй байдаг машин. Би худалдаж авахдаа оношилгоонд оруулж авч байсан. Миний машин бүрэн бүтэн байсан. Энэ тээврийн хэрэгслийг манай нөхөр Чинзориг унаж ашигладаг. Тээврийн хэрэгслийн кабин, тэвш, аравч нь хэлбэр дүрсээ алдсан. Хойд талын давхар дугуй салсан. Би тээврийн хэрэгсэлдээ эвдрэл гэмтлийн үнэлгээ хийлгэхгүй. Надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх 27-28, 40-41/ гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Н.Эийн өгсөн: “2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 12-13 цагийн үед Төв аймгийн Жаргалант сумаас Сэлэнгэ аймгийн Баруун хараа руу гараад хашааны банз авахаар жолооч Чинзориг, түүний эхнэр Ширнэнгийн хамт яваад хашааны банзаа аччихаад тухайн өдрийн орой Жаргалант руу явж байтал 20-21 цагийн үед Төв аймгийн Жаргалант сумын төвд Тал булаг гэх газраас Мийгаа гэдэг хүн жолооч Чинзориг руу утсаар яриад Тал булаг дээр зоорь ухаж байгаа, би ажил явдалтай явлаа ирээд ухалцаад туслаад өгөөч ээ гэж гуйхаар нь тухайн зоорь ухаж байгаа газар очтол Х гэдэг хүн ганцаараа байсан. Тэгээд орой болоод зоорио ухаж чадалгүй Чинзоригийн гэр буюу Жаргалант сумын төвд очиж хоноод маргааш нь буюу 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр өглөө 11 цагийн үед Тал булагт ухаж байсан зоорь руу Чинзоригийн цэнхэр өнгийн портероор Чинзориг, Ширнэн, Х нарын хамт явсан. Тухайн зоорь ухах газраа очоод тухайн өдөр миний төрсөн өдөр байсан болохоор Чинзориг надад Болор нэртэй цагаан архи авч өгсөн. Тэгээд тэрийг Чинзориг, Ширнэн, Х нарын хамт уугаад би тасарсан байсан. Тэгээд байж байсан нэг сэртэл Чинзориг авгайтайгаа муудалцаад машинаа хөдөлгөөд шороо мөргөсөн. Тэгээд Ширнэн намайг унтаж байхад сэрээгээд Чинзориг, Ширнэн нартай хамт буцаад Жаргалантын төв рүү очоод Чинзоригийнд очоод унтаж амарч байсан. Тэгтэл утсаар Ширнэн лүү Мийгаа яриад бие муутай Хг та нар ганцааранг нь орхичихлоо гэсэн. Тэгээд Ширнэн намайг та яваад ирээч гэсэн. Тэгээд би ганцаараа цэнхэр портероо барьж яваад буцаад Тал булаг дээр Х дээр очтол Х унтаж байхаар нь би сэрээгээд таны бие гайгүй юу гэхээр зүгээр гэсэн. За тэгвэл би буцаад явлаа гэтэл Х би хамт явна гээд миний хажууд машинд суусан. Тэгээд Жаргалант руу хар зам дээр явж байтал дугуй буудаад замын хажуу руу ороод явсан. Дугуй буудаад явчихсан, тэгээд босоод иртэл портер онхолдсон байсан. Тухайн үед би архи хэрэглэсэн байсан. Би өөрийнхөө үйлдлийг хянан боломжтой байсан. Зам нь бага зэргийн алсуур эргэлттэй, хуурай, асфальтан тэгш зам байсан. Үзэгдэх орчин чөлөөтэй сайн байсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний машин биш, Чинзоригийн машин байгаа юм. Би бол гэмтэж бэртээгүй, хоёулаа явсан. Х нь ил харагдах гэмтэл үгүй байсан. Тээврийн хэрэгслийн эзэмшигч нь хохирлын үнэлгээ гаргуулахгүй гэсэн. Надаас Чинзориг, Ширнэн хоёр 1 500 000 төгрөг нэхэмжилсэн. Түүнийг нь өгөөгүй. Хгийн эмчилгээнд Чинзориг бид хоёр 2 200 000 төгрөг өгсөн. Тухайн хохирлыг даруй барагдуулна. Би А эрхийн үнэмлэхтэй. Өөр үнэмлэх байхгүй. Тухайн үед А үнэмлэх гаргана гэхээр нь 95 000 төгрөгөөр жолооны үнэмлэх гаргуулж авсан. Би жолооны дүрэм уншиж судлаагүй.” гэх мэдүүлэг /хх 63-64/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 102 дугаартай шинжээчийн: “1.Э.Хгийн биед хүзүүний 2-р нугалмын их биеийн хөндлөнгийн хугарал, нүүр, нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх 44-45/,

Шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 21 дугаартай дүгнэлт: “1.88-32 УВА улсын дугаартай Х.Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзэв. 2.88-32 УАВ улсын дугаартай Х.Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн: 3.1.Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/, 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/.тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох. 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж үзэв. 3.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна гэж үзэв.” гэжээ /хх 52-53/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6-8/, зам тээврийн ослын газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9-12/, шүүгдэгч Н.Эгийн согтолтын зэргийг шалгасан гэрэл зураг /хх 13/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Н.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын Портер маркийн тээврийн хэрэгсэл жолоодож МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан "Жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох"; 12.3-д заасан "жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгслийг онхолдож тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.Х-гийн эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-т заасан хүзүүний 2-р нугалмын их биеийн хөндлөнгийн хугарал бүхий амь насанд аюултай хүнд хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч Н.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ 2,09 согтолтын зэрэгтэй байсан болох нь хавтаст хэргийн 13-р хуудсанд авагдсан Drager alcotest 3500 багажаар шалгасан баримтаар тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Н.Э нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хугацаагаар зорих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс миний үйлчлүүлэгч гэм буруугийн асуудалд маргадаггүй, хохирлын төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан бага хугацаагаар тэнсэж өгнө үү  гэх санал тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Н.Э нь 1987 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 36 настай, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9-р багийн 21-17 тоотод оршин суудаг /иргэний үнэмлэхийн хуулбар хх 70/, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд: Увс аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 77, 106-112/ зэрэг баримтууд авагджээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэв.

Шүүгдэгч Н.Э нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг гэм буруутайд тооцсон зүйл хэсгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүх эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолно." гэж хуульчилсан тул шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг дурдав. 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас иргэн Э.Х-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч, Д.Ширнэн, Г.Чинзориг нарын эзэмшлийн 8832 УВА улсын дугаарай Портер маркийн тээврийн хэрэгсэлд кабин, тэвш, аравч нь хэлбэр дүрсээ алдсан, хойд талын дугуй салсан эвдрэл үүссэн байна.

    

Хохирогч Э.Х нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх 78/, Д.Ширнэн, Г.Чинзориг нар тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэлд үнэлгээ тогтоолгохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй /хх 28/ гэсэн байх тул  авагдсан байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Э-ийг согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Н.Э-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Н.Э-ийн тэнссэн 2 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ийн үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7.Хохирогч Э.Х нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

            8.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ