Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/31

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, шүүгч Т.Батжаргал, шүүгч Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

улсын яллагч М.Хэрлэнчимэг,

иргэдийн төлөөлөгч О.Үүрийнтуяа,

хохирогч А.М,

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Охолбогдох  дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

           

Шүүгдэгчдийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ____________

Урьд Өвөрхангай аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхийн эрүүгийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1/85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлд зааснаар 2 жил 3 сарын хорих ялыг 3 жил тэнссэн, мөн шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, мөн шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, .____________ дугаарын регистртэй, Д.О.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Яллагдагч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Баруунзуунмод 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Замт” дэлгүүрийн гаднаас Нацагдорж 6 дугаар баг руу хүргүүлэхээр О.Лувсандаваа жолоочтой 25-57 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр үйлчлүүлж явахдаа уг тээврийн хэрэгсэл дотор А.Мтай баруун далан тус газар нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Оын мэдүүлэг, эрүүгийн 2234006580517 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:  

Шүүгдэгч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Баруунзуунмод 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Замт” дэлгүүрийн гаднаас Нацагдорж 6 дугаар баг руу хүргүүлэхээр О.Лувсандаваа жолоочтой 25-57 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр үйлчлүүлж явахдаа уг тээврийн хэрэгсэл дотор А.Мтай баруун далан тус газар нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Оын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Мын өгсөн:... Очирбат өглөө ирээд намайг авч гарсан бөгөөд тухайн үед зодсон зүйл байхгүй байсан. Хутгыг нь авах гэсэн ч өгөөгүй. Нэг газар руу явж байтал араас хутгалчихсан. Би 4 сар гаран гэмтлийн улмаас ажил хийгээгүй. Ажилгүй байсан хугацааныхаа 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

3. Мөрдөн шалгах ажиллагааны хохирогч А.Мын өгсөн: “...Би 2022 оны 09 сарын 01-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг Баамын байрны хажууд гудамжид Очирбатын хамт архи уусан. Би ууж дуусаад гэр лүү явлаа гэтэл чамайг одоо ална гээд хоолойнд хутга тулгаад байсан. Тэгээд хэсэг гайгүй болоод бид 2 тавдугаар хороо явахаар болоод Энхтайван Замт дэлгүүрийн гаднаас такси бариад 5-р хороо явах замд намайг хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,

4.Гэрч Д.Даваажаргалын өгсөн: “...Уг хутгыг Очирбат манай гэрээс яг хэзээ авсныг би сайн мэдэхгүй байна. Ер нь бол архийг их уудаг. Битгий архи уугаад бай гэж хэлээд байхгүй тоодоггүй архи уугаад байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/,

5.Гэрч С.Сэрээтэрийн өгсөн: “...Манай гэрт байдаг хутга мөн байна. Манай эхнэр дэлгүүрээс худалдаж авсан байсан. Уг хутгыг Очирбат манай гэрээс яг хэзээ авсныг би сайн мэдэхгүй байна. Манай гэрийн гал тогооны өрөөний аяга шанага хийдэг шургуулгад байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/,

6.Гэрч О.Лувсандаваагийн өгсөн: “...Би 2022 оны 09 сарын 01-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Энхтайван 6-р багийн нутаг дэвсгэр Замі нэртэй дэлгүүр ороод гараад иртэл үл таних 2 залуу угаа олдохгүй байна та 5 дугаар хороо хүргээд өгөөч мөнгийг нь өгье гэж гуйсан юм Тэгэхээр нь машиндаа суулгаад 5-р хороо явж байтал тэр хоёр залуу халамцуу байсан, хоорондоо маргаад байсан. Тэгээд Төв аймгийн Зуунмод сумын 5-р хорооны нутагт ирж байтал энд бууя 1 эргээд зогсчих гэхээр замаас гараад эргээд зогстол миний хажууд урд талын суудал дээр сууж явж байсан залуу намайг хутгалчихлаа гэсэн. Тэгээд ард сууж байсан залуу урд сууж байсан залуугаа буулгасан. Надад хандан та цагдаа дуудчих гэсэн. Тэгээд би цагдаа руу залгаж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/,

7.Шүүгдэгч Д.Оын сэжигтнээр өгсөн: “...Би 2022 оны 09 сарын 01-ний өдөр Бор гэдэг хүнтэй 3 шил архи уугаад хоорондоо маргалдсан. Тэгээд нэг хүн дагуулж ирээд намайг зодно гээд байсан. Би нөгөө хүнээс нь салгаад таксинд суугаад Төв аймгийн Зуунмод сумын 5-р хороо руу явж байсан. Тухайн таксинд сууж явж байгаад намайг ална гээд байхаар нь араас хутгалсан. Тэгээд таксины жолоочийг цагдаа дуудаарай гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/,

8.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 499 дугаартай “1.А.Мын биед баруун даланд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 5.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” талаарх дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр тал/,

9.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 131 дугаартай “1.А.Мын биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий баруун 6,7-р хавирганы хугарал, хугарлын түвшинд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” талаарх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр тал/,

10.Шинжээчийн И.Ганболорын өгсөн: “...Дээрх гэмтэл нь баруун талд учирсан байна. Энэ нь араас хутгалаад үүсэн боломжтой юм. Мөн хурц ир бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар тал/,

11.Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар тал/,

12.Шүүгдэгч Д.Оын яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 09-р сарын 01-ний өдөр А.М нь дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн "Хараа" гэсэн архийг Энхтайван гүүрний доод талд А.Мтай архийг хувааж уусан. Тэгээд төв рүү ороод таксины хойд зогсоол дээр очиж би мөнгийг нь өгөөд найз А.М нь дэлгүүрээс 2 шил 0.75 литрийн "Хараа" гэсэн архийг аваад хувааж уусан. Тэгээд А.М нь Төв аймгийн Зуунмод сум 5-р хороонд байдаг айлд хоёулаа очъё гээд Замт дэлгүүрийн хажуу талаас таксинд суугаад явсан. Тэгээд замдаа явж байгаад А.М нь намайг зодно гээд яриад байхаар нь бид хоёр маргалдаад би хүргэн ах Сэрээтэрийн гэрээс авсан хутгаа энгэрээсээ гаргаж ирээд баруун талын хавирганы орчим 1 удаа хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 77 дугаар тал/,

13.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-7 дугаар тал/,

14.Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судласнаар хөдөлбөргүй нотлогдож байна.  

 

Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлтийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч А.Мын хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн цаг хугацаа, орон зайн талаар хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлын талаар гэрчилсэн гэрч О.Лувсандаваагийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч И.Ганболорын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 131 дугаартай “А.Мын биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий баруун 6,7-р хавирганы хугарал, хугарлын түвшинд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт зэргээс шүүгдэгч Д.Оын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүх эмнэлэгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч А.Мын биед тогтоогдсон гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба тухайн шинэ гэмтлийг учруулсан шүүгдэгчийн санаатай үйлдлүүд нь хохирогчийн биед учирсан гэмтлүүдтэй шалтгаант холбоотой нь нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт ...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг... ойлгоно.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцох гэж ойлгоно.

Улмаар шүүгдэгч Д.О хохирогч А.Мын биед зэвсгийн чанартай зүйл болох хутгыг хэрэглэн хүнд гэмтэл учруулж буй энэхүү үйлдэл, эс үйлдэхүйгээрээ Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг болох Арваннэгдүгээр бүлгийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн хүнд хохирол учруулсан гэсэн үндсэн шинжийг хангаж байна.

 

Түүнчлэн тухайн гэмт хэрэг нь шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, зэвсгийн чанартай зүйл болох хутгыг хэрэглэн хутгалж гэмтэл учруулсан нийгэмд аюултай гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч биед хүнд, хор уршиг учирсан байх тул материаллаг бүрэлдэхүүнтэй, хохирол, хор уршиг учирснаараа төгссөн гэмт хэрэг юм.

 

Өөрөөр хэлбэл хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Тэрээр хүний эрүүл мэндэд халдаж, түүнийг хутгыг зэвсгийн чанартай ашиглаж хутгалж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр байна.

Иймд шүүгдэгч Д.Оын зэвсэг хэрэглэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “шүүгдэгч Д.Оыг гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримттай тохирсон үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэж үзэв.

 

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг талаар:

Хохирогч А.М нь 4 сарын ажилгүй байсан хугацааны цалин 2.000.000 төгрөг, хэрэг болох үед өмсөж явсан хувцасны үнэ 515.000 төгрөг, эм тарианы 63.600 төгрөг нийт 2.578.600 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүгдэгч Д.Оын гэм буруутай үйлдлийн хохирогч А.Мын биед хүнд хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 131 тоот шинжээчин дүгнэлтээр нотлогддог.

Шүүхээс шүүгдэгч Д.Оыг гэм бруутайд тооцсон тул энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Мд учирсан хохирол болох “хэрэг болох үед өмсөж явсан хувцасны үнэ 515.000 төгрөг, эм тарианы 63.600 төгрөг”ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэтэй гэж үзэж шүүгдэгч Д.Оаас гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд завсарлуулсан.

Шүүх хурлдааныг завсарлуулсан хугацаа дуусмагц шүүх хуралдааныг тогтоосон цагт эхлүүлэхэд шүүгдэгч Д.О нь шүүхээс гаргасан хохирлыг нөхөн төлөөгүй бөгөөд төлөхөө илэрхийлсэн болно.

Иймд шүүгдэгч Д.Оаас нийт 578.600 төгрөгийг гаргуулж хохирогч А.Мд олгож,

Хохирогч ажилгүй байсан хугацааны цалин 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж,

Хохирогч А.М цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нэхэмжлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул хохирогчийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

 

Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар шүүгдэгч Д.О нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлдэг,  шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагаад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

             Шүүгдэгч Д.Оад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

            Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Д.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, иргэний бичиг баримт болон бичгийн баримт ирээгүйг, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж хар иштэй ажлын хэсгийн урт 19.5 см, нийт 32 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 2, 36.5 дугаар зүйлийн 1,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д.О зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.О 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ооногдуулсан 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Шүүгдэгч Д.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, иргэний бичиг баримт болон бичгийн баримт ирээгүйг, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оаас 578.600 төгрөгийг гаргуулж хохирогч А.Мд олгож, нотлох баримтын шаардлага хангаагүй гэх 2.000.000 төгрөгийг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч А.М нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан эрүүгийн 2234006580517 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар иштэй ажлын хэсгийн урт 19.5 см, нийт 32 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.  

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Оад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.ДЭЛГЭРМӨРӨН

 

       ШҮҮГЧИД                                           Т.БАТЖАРГАЛ                       

 

                                                                  Ю.ЭНХМАА