| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2023/0028/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/53 |
| Огноо | 2023-01-31 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | М.Хэрлэнчимэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,
улсын яллагч М.Хэрлэнчимэг,
шүүгдэгч Г.М, Б.Пнарын өмгөөлөгч Г.Должинсүрэн,
шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Р.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ц, Г.М, Б.Пнарт холбогдох эрүүгийн ______ дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 7 дугаар сарын 10-ний өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Сайхан сум 1 дүгээр баг, 3-74 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Д.Ц, регистрийн дугаар BЮ81071011,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16-в тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй. Г.м, регистрийн дугаар ВИ92031912,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 342-16 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Г.м, регистрийн дугаар ЙЮ86110670,
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Ц, Г.М, Б.Пнар нь бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Төв аймгийн ‘‘Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар баг ‘‘Хамар ус’’ гэх газарт Doosan, Коматцу маркийн жижиг оврын унагалдай трактор 2, 2 дугуйтай шороо сэгсрэгч төхөөрөмж, цахилгаан мотор зэргийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, орон нутгийн тусгай хэрэгцээний газрын 173м2 талбайд үйл ажиллагаа явуулж, алт олборлож байгаль орчинд 736.534.73 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Г.М “...Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мэдүүлэг өгөхгүй... гэв.
Шүүгдэгч Б.П“...Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Д.Ц “...Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2234004070428 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч ЭД.Ц, Г.М, Б.Пнар нь бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Төв аймгийн ‘‘Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар баг ‘‘Хамар ус’’ гэх газарт Doosan, Коматцу маркийн жижиг оврын унагалдай трактор 2, 2 дугуйтай шороо сэгсрэгч төхөөрөмж, цахилгаан мотор зэргийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, орон нутгийн тусгай хэрэгцээний газрын 173м2 талбайд үйл ажиллагаа явуулж, алт олборлож байгаль орчинд 736.534.73 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ү.Бат-Эрдэнийн ...Миний хувьд хэргийн талаар сайн мэдэх зүйл байхгүй. Хэдэн техниктэй хүмүүс байсан бөгөөд малчдаас мэдээлэл хүргүүлсний дагуу Цагдаагийн газарт дамжуулж хэлсэн байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч А.Анударийн өгсөн...8973 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн талаар ярихад намайг Улаанбаатар хотын харьяатай учраас миний төрсөн аав болох н.Амаржаргал нь тээврийн хэрэгсэл авахдаа миний нэр дээр авдаг. Уг тээврийн хэрэгслийг аав унаж хэрэглэдэг бөгөөд албан ёсны эзэмшигч нь би байгаа юм. Би уг тээврийн хэрэгсэлтэй холбоотой ажил хэргийг мэдэхгүй байна. Манай аав мэдэж байгаа. Хураалгасан гэж байсан зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлосон гэж сонсож байсан. Тэрнээс биш би өөрөө хамт байсан зүйл байхгүй. Хэрэв улсын орлого болгосон бол гэм буруутай этгээдээс тээврийн хэрэгслийнхээ үнийн дүнг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Гэрч Т.Өлзийбатын өгсөн ...Би Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэр "Хамар ус" гэх газарт 2022 оны 05 сарын 21-ний өдөр би Өвөрхангай аймгаас ирсэн. Намайг уг газарт манай найз Б.Пгэх залуу дагуулж ирсэн юм.Тэр надад хэлэхдээ энд алт ухах гэж байгаа юм зөвшөөрөлтэй юм билээ гол нь экскаватор дээр ажиллах хүн хэрэгтэй байна цалинжуулна гэх зэргээр надад хэлж авчирсан. Намайг тэр "Хамар ус" гэх газарт очиход Б.Пас гадна Саарлаа гэх хочтой нэг залуу тэр хоёр удирдан зохион байгуулаад хэд хэдэн залуучууд уг газарт авчирчихсан. Хоёр бага оврын экскаватороор шороо ухаж ажилласан багцаагаар 8-9 тонн орчим шороо олборлосон. Би тэнд тэр 2 бага оврын экскаваторын засвар үйлчилгээг хариуцаж ажилладаг байсан юм. Оператор нь Б.П, Цагаанаа гэх залуучууд ажиллаж байсан. Тэгээд тэндээ 2022 оны 05 сарын 25-ны өдрийг хүртэл ажиллаж байхад сум орон нутгийн хүмүүс цагдаа нарын хамт ирсэн. Тухайн газар нийт 7 хүн ажиллаж байсан байх. Би тухайн хүмүүсээс Б.П, н.Цагаанаа, Б.Сосорбурам гэх хүмүүсийг л танина... гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,
Гэрч Т.Насанбаярын өгсөн ...2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр би Улаанбаатар хотод байж байтал манай хадам дүү Б.Пнад руу утсаар яриад “Ахаа би Төв аймгийн Баян суманд хөдөө ажил хийж байгаа юм. Тэгсэн энд нэг экскаватор ажиллуулж байгаа юм эвдрээд явдаггүй. Та сэлбэг дөхүүлээд өгөөч” гэх гуйсны дагуу би тэр өдрийнхөө орой масол тогтоогч, шүүр зэргийг нь би Төв аймгийн Баян сумын Хамар ус гэх газрыг заалгасаар байгаад олж очоод сэлбэгээ өгчихөөд буцаад хот руу явсан. Тэгтэл маргааш нь бас хадам дүү Б.Пдахин сэлбэг дөхүүлээд өг гэхэд 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийнхөө орой бас тухайн газар нь очиж зассан. 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дахин эвдэрсэн хэсгийг засаж байтал цагдаа нар хүрч ирээд саатуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/,
Гэрч Г.Өлзий-Очирын өгсөн ... Би 2022 оны 05 сарын 24-ний өдөр Дорноговь аймгаас Улаанбаатар хотод ирчихсэн байсан чинь Саарлаа гэх зүс таних залуу над руу утасдаад "Төв аймгийн Баян суманд нэг газар угаасан шороон дээр хайгч тавьж үзэх гэсэн юм таны хайгчийг ашиглаж үзэх гэсэн юм та хүрээд ирээч гэсэн юм. Тухайн үед би Дорноговь аймгаас Улаанбаатар хотод хүний нэг хайгч засварт өгөх ажлаар ирсэн байсан юм. Ингээд 2022 оны 05 сарын 24-ны орой би Төв аймгийн Баян суманд Хамар ус гэх газарт ирсэн. Намайг тэнд очиход Саарлаа гэх нөгөө залуу маань хэд хэдэн залуучуудтай хоёр бага оврын экскаватортай, нэг газрыг жоохон хонхойлгочихсон байсан. Саарлаа гэх нөгөө залуу надтай яриад таныг маргааш өглөө ирж авна тэр болтол та металл хайгчаараа ухаж гаргаж ирсэн шороог шалгаад өгөөч гэж гуйсан юм. Тэр шөнөдөө тэнд байсан Мөнхболд гэх залууд би өөрийнхөө авч очсон металл хайгчийг өгч ашиглуулж ажиллуулсан би бол өөрөө унтаад өгсөн юм. Маргааш буюу 2022 оны 5 сарын 25-ны өдөр намайг тэр газраас Саарлаа машинтай ирж авахыг хүлээгээд байж байсан чинь өдөр 17 цагийн үед сум орон нутгийн хүмүүс цагдаа нар тэр газарт ирээд бид нарыг саатуулж шалгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/,
Гэрч Б.Сосорбурамын өгсөн ... 22 оны 5 сарын 20-ны өдөр би Өвөрхангай аймаг Арвайхээр хотод байж байтал Ж.Амаржаргал гэх манай авгай нь талын хамаатан ах Төв аймгийн Баян суманд байгаа хүн рүү өөрийнхөн бага оврын экскаваторыг машинд ачаад хүргээд өгчих гээд Б.Пгэх залуутай цуг Өвөрхангай аймгаас гаргаад явуулсан. Бид хоёр 2022 оны 5 сарын 22-ны өглөө Төв аймгийн Баян сумын "Хамар ус" гэх газарт очсон. Тэнд бид хоёрыг техник хэрэгсэлээ аваачиж буулгах газрыг Саарлаа гэх хүн тосч авч зааж өгч буулгуулсан. Ингээд тэр ачиж ирсэн "Хамар ус" гэх газарт бага оврын каматцу пи си 60 маркийн экскаваторыг буулгасан чинь бага зэргийн тос масол гоожсон, зэрэг эвдрэл гараад засварын ажил тэндээ хийж байгаад 2022 оны 5 сарын 24-ны өдрөөс тэр Саарлаа буюу Цэрэнтогтох гэх хүний авчирсан бас нэг бага оврын экскаваторын хамт түүний зааварчилгаагаар Хамар ус гэх газарт хөрс хуулалтын ажил хийсэн. Оператороор нь Б.Пмөн Цагаанаа гэх хүмүүс ээлжилж ажилласан. Би тэд нарт экскаватор, цахилгаан үүсгүүрийн бензин шатахуун нь хийж өгдөг ойролцоо шатахуун түгээх станцаас түлш шатахуун авчрах зэрэг ажил хийж өгдөг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/,
Яллагдагчаар Д.Цын өгсөн ... Би 2022 оны хавар 4 сарын үеэр Давааням гэх хүнтэй хүнээр дамжуулж танилцаад ярилцахад тэр хүн "Би Төв аймгийн Баян суманд ашиглалтын лицензтэй талбайтай гэж надад ярьсан. Улмаар тэр хүнтэй ярилцаж тохиролцоод тэдний ашиглалтын лицензтэй талбай дээр түрээсээр очиж ажиллахаар болоод 2022 оны 5 сарын 23-ны өдрийн үеэр Төв аймгийн Баян сумын Цавчир 3-р багийн нутаг "Хамар ус" гэх газарт би Баянхонгор аймгаас түрээсээр иймэрхүү газар шорооны ажил хийдэг хүмүүсийг 2 тооны бага оврын экскаваторын хамтаар Баян суманд дуудаж авчирсан. Тэгтэл уг Давааням гэх хүн маань тухайн үед өөрөө ир надад уг ашиглалтын лицензтэй талбайгаа зааж өгөөгүй хэд хоногийн дараа ирнэ одоогоор ажил төрөлтэй хөдөөгүүр завгүй яваад байна гэж утсаар хэлсэн тул хэд хоног ажилгүй хий зогсоод яахав гэж бодоод тухайн "Хамар ус" гэх газрын орчмоор ажиглаж харж байгаад хуучин ухагдсан талбай руу орж Баянхонгор аймгаас авчирсан нэг тэр улаан өнгийн бага оврын экскаватороор 2022 оны 5 сарын 23- ны өдрийн 13 цагийн орчмоос 5 сарын 25-ны өдрийн 17 цаг хүртэл цагдаа нарт баригдталаа ажилласан. Миний тэр ухуулсан талбай нь миний баримжаагаар урт нь 20 гаруй метр урттай өргөн нь 10 метр орчимтой гүн нь 2 метр шахуутай ухагдсан нүхэнд техникүүдээ оруулаад ухагдсан нүхийг доош нь нэмж ухаад гаргаж ирсэн шороогоо зориулалтын шороо шигшдэг төхөөрөмж дээр шигшиж ашигт малтмал алт олборлох гэж үзсэн. Хэмжээгээрээ 2-3 тонн орчим шороо ухаж гаргаж уг төхөөрөмжөөр шигшиж үзсэн барагцаагаар 2 грамм дөнгөж гарантай алт олборлогдсон. Бидэнд ямар нэгэн тусгай зөвшөөрөл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 63 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.Мын гэрчээр өгсөн ... н.Сааралаа ах 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр над руу утсаар Төв аймгийн Баян суманд А лицензтэй газар очино, миний экскаваторыг чиний машин дээр ачаад явна, өөр таньдаг экскаватортой хүн байвал дуудчих гэхээр нь би Пүрэвдагва ах руу ярьсан. Тэгээд Пүрэвдагва ах хагас сайн өдөр буюу 5 сарын 21-ний өдөр Улаанбаатарт ирээд тэгээд хотоос бид нар хамт гараад Баян суманд бүтэн сайн өдөр ирээд хээр хоноод 1 дэх өдөр Хамар ус гэх газар очоод Пүрэвдагва ах экскаватороо буулгах гэж байгаад эвдэрсэн...5 сарын 24-ний оройноос ухаж эхлээд байж байтал 05 сарын 25-ны орой цагдаа нар ирээд зогсоосон. Би Doosan маркийн унагалдайгаар тухайн газрын хөрсийг хуулсан...Сааралаа ах тэр газар луу ороод бензин маслынхаа мөнгийг ол гэж хэлсэн. Ямар хэмжээний алт гарсныг мэдэхгүй, Сааралаа ах аваад хот руу явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/,
Яллагдагчаар Б.Пүрэвдагвын өгсөн ...2022 оны 5 дугаар сард манай хуурай дүү Г.М нь над руу холбогдоод Төв аймгийн Баян суманд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газарт ашигт малтмал олборлох чиглэлээр хамтарч ажиллах уу гэж асуухад нь би зөвшөөрсөн. Тэгээд Амаржаргал гэдэг хүний хашаанд Цэрэнтогтох ахын экскаватор байгаа та тэрийг өөрийн машин дээрээ ачаад яваад ирэх үү гэсэн. ...би экскаваторыг өөрийн тээврийн хэрэгсэлд ачаад Улаанбаатар хот 22 товчоон дээр Мөнхболдтой уулзаад араас нь дагаад Төв аймгийн Баян сумын нутагт ирсэн. Бид нарын үйл ажиллагаа явуулах байсан уурхайн захирал нь ирэхгүй хүлээж байх хугацаанд Цэрэнтогтох нь дэмий байж байхаар бинзен тосны мөнгөө олж байя гээд ойролцоо байсан жалганд техник хэрэгслээ зөөгөөд тэр жалганд үйл ажиллагаа. Явуулах гэсэн боловч техникийн эвдрэлийн улмаас ажиллаж чадалгүй тэндээ хоноцгоосон. Маргааш нь Улаанбаатараас хүн дуудаад сэлбэгийг аваад засаж янзлаад тэр өдрийг дуусгаад маргааш нь үүрээр хоёр экскаватороор зэрэг ухаж эхлээд нэг экскаватороо нүхэн дотор оруулаад шороог угааж хэд хэд угааж үзэхэд юм гарахгүй байна гээд техникээ зогсоогоод булах гэж байгаад цагдаагийн алба хаагч нарт баригдсан. Зөөвөрлөөгүй шууд тэр газарт нь шороог боловсруулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 155-156 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Цын сэжигтнээр өгсөн... хэд хоног ажилгүй дэмий зогсоод яахав гэж бодоод тухайн Хамар ус гэх газрын орчмоор ажиглаж байгаад хуучин ухагдсан талбай руу орж Баянхонгор аймгаас авчирсан улаан өнгийн бага ОВРЫН экскаватороор 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн орчмоос 5 сарын 25-ны 17 цаг хүртэл цагдаа нарт баригдталаа ажилласан. Миний дуудсанаар Баянхонгор аймгаас Б.П, Г.М, Т.Өлзийбат, Н.Насанбаяр, Г.Өлзий-Очир, Б.Сосорбарам гэх нийт надтай нийлээд 7 хүн байсан. Улаан ягаан өнгийн Солонгос улсад үйлдвэрлэсэн Doosan маркийн бага оврын 55-тай экскаватор нь л миний эзэмшилд байдаг. Хино маркийн 16-90 БНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол Г.Мын эзэмшлийн техник хэрэгсэл, нөгөө Хино маркийн цагаан өнгийн 89-73 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Б.Пгэх хүний ахын тээврийн хэрэгсэл, нэрийг нь би мэдэхгүй....Кемонжи маркийн улаан өнгийн бага оврын цахилгаан мотор 2 ширхэг хураалгасан байгаа хоёулаа миний өмч, нөгөө 2 мотор нь Г.Мын мотор байх. Мөн тэр шороо шигшдэг төхөөрөмжийн нэг нь минийх, нөгөөх нь Б.Пхариуцах байх. Өмнө хэлсэн 2-3 TH орчим хэмжээтэй шороог шигшээд шигшээд 2 грамм хэртэй л алт олборлосон... гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,
Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын засаг даргын албан бичиг /хх-ийн 165 дугаар хуудас/,
Төв аймгийн ГХБХБГ-ын албан бичиг /хх-ийн 189-191 дүгээр хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний тайлангууд /хх-ийн 65-89, 97-117 дугаар хуудас/, зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Ц, Г.М, Б.Пнар нь бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Төв аймгийн ‘‘Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар баг ‘‘Хамар ус’’ гэх газарт Doosan, Коматцу маркийн жижиг оврын унагалдай трактор 2, 2 дугуйтай шороо сэгсрэгч төхөөрөмж, цахилгаан мотор зэргийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, орон нутгийн тусгай хэрэгцээний газрын 173м2 талбайд үйл ажиллагаа явуулж, алт олборлож байгаль орчинд 736.534.73 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Ашигт малтмал гэдэг нь геологийн хувьсал, өөрчлөлтийн үр дүнд гарын гадаргуу, түүний хэвлийд үүсэн бий болсон аливаахэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдэс бодисын хуримтлалыг хэлэх бөгөөд энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул, эрэл хайгууль хийх, олборлох журам, обеъктив тал нь эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан идвэхитэй үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэдэг нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүй этгээд газрын хэвлийд нэвтрэн малталт хийж ашигт малтмалын төрөл зүйлийг өөрийн эзэмшилд авахад чиглэсэнхувь хүн, хуулийн этгээдийн хийсэн аливаа идвэхтэй үйлдлийг ойлгоно.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тус тус тооцохоор байна.
Шүүгдэгч Д.Ц, Г.М, Б.Пнарын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүрээлэн буй орны эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд “Хүрээлэн буй орны эсрэг гэмт хэрэг”-үүд нь байгаль орчныг бохирдуулах, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, хууль бусаар ан агнах, хууль бусаар мод бэлтгэх болон бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.
Шүүгдэгч Д.Ц, Г.М, Б.Пнарын Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн нутаг дэвсгэр “Баянголын ам” гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэх шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.
Тэрээр энэхүү тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал буюу алт олборлосон өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд байгаль экологид учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгч нарын санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос тэдэнд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Д.Ц, Г.М, Б.Пнь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул тэднийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Ц, Г.М, Б.Пүрэвдагвыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Ц, Г.М, Б.Пнарыг үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч М.Хэрлэнчимэг: ...Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож ял шийтгэл эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн оролцоо мөн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Цод эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг санаачилж зохион байгуулсан 6,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6 сая 500 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах, шүүгдэгч Б.П, Г.М нарт мөн гэмт хэргийн оролцоо хувийн байдал зэргийг харгалзан 5,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 сая 800 мянган төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд оруулж байна. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслүүд болон Коматцу маркийн жижиг оврын унагалдай трактор 2, 2 дугуйтай шороо сэгсрэгч төхөөрөмж, цахилгаан мотор зэргийг компаниар гаргуулсан байгаа. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Д.Цын эзэмшилд байгаа сэгсрэгч болон мотор зэрэг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласныг улсын орлогод оруулж хураан авах, бусдын эзэмшилд байгаа тээврийн хэрэгсэл, экскаватор зэргүүдийг шүүгдэгч нараас тэнцүү гаргуулж улсын орлогод оруулах саналтай байна. Шүүгдэгч нарт хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа. Ийм учраас таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх саналтай байна... гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.Цын өмгөөлөгч Р.Энхтуяа:...Миний үйлчлүүлэгч Д.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон. Мөрдөн байцаалтын шатнаас эхлээд гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгосон хохирлоо сайн дураараа төлсөн, 7 настай хүүхэдтэйгээ өрх толгойлж амьдардаг хувийн байдал зэргийг харгалзан үзэж улсын яллагчаас Д.Цод 6 сая 500 мянган төгрөгийн торгууль оногдуулах саналыг гаргасан, улирлын чанартай ажил хийдэг, хүүхэдтэйгээ хоёулаа амьдардаг, залуу хүн, цаашид алдаагаа ухамсарлаж байгаа, анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа эхнээсээ гэм буруу үйлдлээ үнэн зөвөөр мэдүүлж явсан хувийн байдлыг харгалзан торгуулийн торгох ялын хэмжээг доошлуулж 5 сая 400 мянган төгрөгийн торгууль оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн байгаа доосан маркийн тээврийн хэрэгсэл нь банк бус санхүүгийн байгууллагынх тул үнэлэгдсэн үнэлгээгээр гурван шүүгдэгчээр хувааж төлүүлэх бусад эд хөрөнгийг улсын орлого болгоход татгалзах зүйлгүй гэсэн саналтай байна... гэж,
Шүүгдэгч Г.М, Б.Пнарын өмгөөлөгч Г.Должинсүрэн: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ашигт малтмалыг хууль бусаар олборлосон болох нь хавтаст хэрэгт авсан нотлох баримт, мөрдөн байцаалтын явцад тэдний өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож тогтоогдож байна гэж үзэж байна. Шүүгдэгч Г.М, Б.Пнар нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн үнэн зөв мэдүүлэг өгч ирсэн. Шүүхийн шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч эхэлсэн байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хохирол төлбөрөө сайн дураараа төлсөн, нөхөн сэргээлт хийгдсэн болон тэдний хувийн байдлыг харгалзан шүүхээс ял оногдуулахдаа прокуророос оногдуулсан ялын хэмжээнд оногдуулж өгөхийг шүүхээс хүсэж байна. Шүүгдэгч Б.П, Г.М нарт оногдуулсан 5 сая 800 мянган төгрөгийн торгуулийн ялыг 2 жилийн хугацаанд төлж барагдуулахаар шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна. Сэгсрэгч болон мотор зэрэг нь шүүгдэгч Д.Цын өөрийн өмч гэдэг нь хавсралтад авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа тул улсын орлого болгоход татгалзах зүйлгүй. Харин Комацу маркийн машин, тоног төхөөрөмж машинууд нь бусдын өмчлөлд байгаа гэдэг нь өнөөдөр шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдох байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу тэдгээрийг хураах боломжгүй тул 3 шүүгдэгчээс хувь тэнцүүлэн гаргахыг дэмжиж байгаа. Шүүх ял оногдуулахдаа тэдний хувийн байдал зэргийг харгалзан үзнэ үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна... гэж
...шүүгдэгч Д.Ц, Г.М, Б.Пнарыг шүүхээс гэм буруутайд тооцсон учир эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрөө төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгч Д.Цыг 6000 нэгж буюу 6.000.000 төгрөгөөр торгож, шүүгдэгч Г.М, Б.Пнарыг тус тус 5800 нэгж буюу 5.800.000 төгрөгөөр торгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Ц, Г.М, Б.Пнарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Ц, Г.М, Б.Пнарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Ц, Г.М, Б.Пгэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 736534.73 төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүгдэгч Д.Ц, Г.М, Б.Пнар нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан нөхөн төлбөрийн 736534.73 /долоон зуун гучин зургаан мянга таван зуун гучин дөрвөн төгрөг далан гурван мөнгө/ төгрөгийг шүүхийн шатанд төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус зааснаар шүүгдэгч Д.Ц, Г.М, Б.Пнарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын өмчлөлийн Doosan solar-55 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн үн 7.173.201 төгрөгийг, Komatsu маркийн 5.574.120 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч Д.Ц, Г.М, Б.Пнараас тус тус хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох, шүүгдэгч Д.Цын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан өөрийн эзэмшлийн 6.320.000 төгрөгийн үнэ бүхий мотор, шороо шигшигч төхөөрөмжийг түүнээс гаргуулж улсын орлогоор тус тус шийвэрлэв.
Харин хавтас хэргийн 15 дугаар 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжлэгдсэн бусдын өмчлөлийн Hino Ranger маркийн 89-73 УАВ улсын дугаартай 13.745.052 төгрөгний үнэ бүхий, Hino Ranger маркийн 16-90 БНР улсын дугаатай 6.910.798 төгрөгний үнэ бүхий тээврийн хэрэгслүүдийг битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигч нарт нь буцаан олгох нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 22340040700428 дугаартай шүүгдэгч Г.М, Д.Ц, Б.Пнар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, тэднээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Цыг Д.Пүрэвдагва, Г.М нартай бүлэглэн тусгай зөвшөөрлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг,
-шүүгдэгч Д.Пүрэвдагва нь Д.Ц, Г.М нартай бүлэглэн тусгай зөвшөөрлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг,
- шүүгдэгч Г.М нь Д.Ц, Д.Пүрэвдагва нартай тусгай зөвшөөрлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дах хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цод 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пүрэвдагвад 5800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.800.000 төгрөгөөр торгох ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мод 5800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.М, Б.Пнарт тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.800.000 төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Б.Цэрэнтогтоход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.М, Б.П, Б.Цнарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй,
5. Шүүгдэгч Г.М, Б.П,Б.Цнарт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.
6. Шүүгдэгч Г.М, Б.П, Б.Цнар цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, тэднээс тооцон гаргуулах гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Цын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан өөрийн эзэмшлийн 6.320.000 төгрөгийн үнэ бүхий мотор, шороо шигшигч төхөөрөмжийг түүнээс гаргуулж улсын орлого болгож, шүүгдэгч Г.М, Б.П, Б.Цнарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын өмчлөлийн Doosan solar-55 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн үнэ 7.173.201 төгрөгийг, Komatsu маркийн 5.574.120 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийн үнийг тус тус шүүгдэгч Д.Ц, Г.М, Б.Пнараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Г.М, Б.П, Д.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН