Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2022/0046/З |
Дугаар | 128/ШШ2022/0088 |
Огноо | 2022-02-14 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2022/0088
2022 02 14 128/ШШ2022/0088
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О ХХК
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Т.О
Хариуцагч: Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.О
Хариуцагчийн өмгөөлөгч: Т.Э******* нарын хоорондын хяналт шалгалтын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.О, хариуцагч Д.О, хариуцагчийн өмгөөлөгч Т.Э, нарийн бичгийн дарга С.Ёндон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О ХХК нь Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Од холбогдуулан ...Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Огийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн******* дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах-аар маргаж байна.
2. О ХХК нь Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2021 онд зарласан кодтой "Трактор худалдан авах гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцохдоо Шүүхийн төрөлжсөн архивын 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 9038 тоот тодорхойлолтыг хүргүүлсэн байна.
3. Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 153 тоот ...О ХХК нь Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2021 онд зарласан кодтой "Трактор худалдан авах гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцохдоо Шүүхийн төрөлжсөн архивын 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 9038 тоот тодорхойлолтыг хуурамчаар ирүүлсэн тухай албан бичгийг Сангийн яамны Хууль, эрхзүйн газарт ирүүлжээ.
4. Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газар нь 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 141 тоот ...Танай компани тендерийн баримт бичигт баталгаат хугацааг 2 жил, зөвшөөрсөн албан бичиг ирүүлэх гэж заасан боловч албан бичигт 1 жил гэсэн байна. Энэ нь ТШӨХ-ийн ТОӨЗ-ны 1.1.8 /"Баталгаат хугацаа: 2 жил /баталгаат хугацааг зөвшөөрсөн тухай албан бичиг ирүүлэх"// гэсэн заалтыг хангаагүй байна. Мөн Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.4-т заасны дагуу татгалзаж байна гэх албан бичгийг нэхэмжлэгч компанид хүргүүлсэн байна.
5. Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.О нь Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 153 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2021 оны УБ/04, Удирдамжийн хугацааг сунгах тухай УБ/05 тоот удирдамжийн дагуу О ХХК нь тендер шалгаруулалтад оролцохдоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэн эсэх, худалдан авах ажиллагааны холбогдох бусад хууль, эрх зүйн акт зөрчсөн эсэхийг шалгаж, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн******* дугаартай дүгнэлт гаргажээ.
6. Уг дүгнэлтээр Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолтын огноог засварласан болохыг тогтоож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг үндэслэн О ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлснийг нэхэмжлэгч сонсох ажиллагааны үед ...улс орон даяар хатуу хөл хорио тогтоосон тендерт оролцох хугацаа болсон тул өмнөх тодорхойлолтын агуулгыг өөрчлөөгүй, огноог өөрчилсөн аргагүй тулгамдсан байдал үүссэн байсан гэж тайлбар өгчээ.
7. О ХХК нь Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Оийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн******* дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулахаар дээд шатны албан тушаалтан болох Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид хандсан боловч 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн УБ/59 тоот албан бичгээр ...Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн******* тоот дүгнэлтийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг мэдэгдэж байна гэх хариуг авсны дараагаар 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд хандсан байна.
8. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...О ХХК нь Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2021 онд зарласан "Трактор худалдан авах гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцохоор 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Шүүхийн төрөлжсөн архивын газраас тодорхойлолт авахаар очсон боловч улсын хэмжээнд хатуу хөл хориотой байсан тул авах боломж байгаагүй. Иймд тендерийн хугацаа тулсан тул аргагүй байдалд орж урьд нь авч байсан тодорхойлолтын гол утга болох (ямар нэгэн өр зээлгүй, нэхэмжлэлгүй)-ийг өөрчлөхгүйгээр зөвхөн огноо,тэргүү өөрчлөн илгээсэн. Бид энэхүү тендерт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас авсан (иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй) гэсэн тодорхойлолтыг хавсарган явуулсан байсан. Гэтэл Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Огийн гаргасан илт худал мэдээлэл илгээсэн гэх 14.1.4, 14.1.6, 14.1.7 болох тендерт оролцох эрх хязгаарлах, хар жагсаалтад оруулах шийдвэрийг гаргасан.
Бид энэхүү шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь бид "ямар нэгэн худал мэдээлэл илгээгээгүй ба байгуулагдсан цагаас хойш өнөөдрийг хүртэл хэн нэгэнд ямар нэгэн нэхэмжлэх, өр зээлгүй байгаа бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн тодорхойлолт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтоос харж болно (хавсаргаж илгээв). Бид шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөртөй атлаа өр төлбөргүй гэж эрх бүхий байгууллагын тодорхойлолтын агуулгыг илт худал мэдээллээр сольсон бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д зааснаар илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг эрх бүхий улсын байцаагч тогтоосон, тогтоох боломжтой, харин хуурамч бичиг баримт гэж үзвэл эрх бүхий байгууллага хуулийн байгууллагаар шалгуулан тогтоолгох боломжтой. Өөрөөр хэлбэл илт худал мэдээлэл гэдгийг тодорхойлсон тодорхойлолт байхгүй бөгөөд харин биднийг өр төлбөргүй гэсэн тодорхойлолтыг энэ тохиолдолд илтэд, илт, худал мэдээлэл гэж үзэх боломжгүй, үүнээс үүдэн манай компанийн тендерт оролцох эрхийг гурван жилийн хугацаагаар хязгаарласан улсын ахлах байцаагчийн дүгнэлт нь бидний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж байна. Гэтэл хэрэгт нотлох баримтаар авагдсан улсын ахлах байцаагчийн******* дугаартай дүгнэлтэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтыг баримтлаагүй. Зөвхөн ерөнхий заалт буюу мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтын баримталсан. Тендерт оролцуулах эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх 3 үндэслэл байдаг. Энэ үндэслэл нь дээрх хуулийн 14.1.4, 14.1.5, 14.1.6, 14.1.7-д заасан байдаг бөгөөд яг аль үндэслэлээр манай компанид холбогдуулан дүгнэлт гаргаад байгаа нь тодорхойгүй байна.
Иймд бид манай компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлах саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
9. Хариуцагч Д.О, хариуцагчийн өмгөөлөгч Т.Э нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлд "Шүүхийн тусгай архиваас тодорхойлолт авахаар очсон боловч улсын хэмжээнд хатуу хөл хориотой байсан тул авах боломж байгаагүй. Иймд тендерийн хугацаа тулсан тул аргагүй байдалд орж урд нь авч байсан тодорхойлолтын гол утга (ер зээлийн нэхэмжлэлгүй)-ыг өөрчлөлгүйгээр зөвхөн огноо, тэргүүг өөрчлөн илгээсэн... Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Огийн гаргасан "илт худал мэдээлэл илгээсэн" гэх хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7-д болох тендерт оролцох эрх хязгаарлах, хар жагсаалтад оруулах шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна" гэж дурджээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дүгээр зүйлийн 52.2.1 дэх заалтад "энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7-0 заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах" бүрэн эрхийг худалдан авах ажиллагааны улсын байцаагчид олгосон ба тус заалтад дурдсан 14.1.6 дахь заалтад "илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон" гэж заасан байдаг.
Тус хуулийн дагуу зохион байгуулсан худалдан авах ажиллагаанд "О*******" ХХК нь хуурамч баримт бичиг бүхий тендер ирүүлсэн тухай мэдээллийг захиалагч байгууллагаас тус яаманд ирүүлсэн тул хуульд зааснаар ажиллагаа хийсэн. Сонсох ажиллагаанд тус компани Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолтыг засварлан өөрийн тендерт хавсарган, илгээсэн болох нь нотлогдсон. Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам"-ын 7.4 дэх заалтад "Тендерт оролцогч нь өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ гэж заасан. Тендерт оролцогч өөрийн хүргүүлсэн тендерийн үнэн зөвийг захиалагчийн өмнө хариуцдаг бөгөөд тэрхүү хуурамч баримт бичгийг хэн үйлдсэн нь "илт худал мэдээлэл бүхий тендер гэдгийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
Харин хуурамч баримт бичиг үйлдсэн этгээдэд хариуцлага хүлээлгэх асуудал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа эсэхээс шалтгаалан хууль хяналтын байгууллагын тогтоох асуудал юм. Түүнчлэн тендерт оролцогч өөрийн хүргүүлсэн баримт бичигт холбогдох хариуцлагыг бүрэн хүлээх ба тендер шалгаруулалтад тухайн тодорхойлолтыг шаардсан байсан эсэх асуудал нь түүний тендерт хуурамч баримт бичиг байсан үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй болно."О ХХК-ийн тендертээ ирүүлсэн Шүүхийн төрөлжсөн архивын 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 9038 дугаартай тодорхойлолт хуурамч баримт бичиг болохыг Шүүхийн төрөлжсөн архивын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1/9717 тоот албан бичгээр тодорхойлсон байдаг ба худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн хувьд энэхүү мэдээлэлд үндэслэн дүгнэлт гаргах нь Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм-ийн 2.1.3-т зааснаар "асуудалд бодитой хандаж, шалгалтыг зөвхөн нотлох баримтад тулгуурлан хийх" зарчмыг бүрэн хэрэгжүүлж ажилласан гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч О ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ, 14.1.6-д илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон гэж заажээ.
3. Тус хуульд заасан илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг гэсэн заалтыг тухайн нөхцөл байдалд холбогдуулан үзвэл Улсын байцаагч дүгнэлт гаргах хяналт шалгалтын хүрээнд хийсэн сонсох ажиллагаанд шалгуулагч О ХХК-ийг төлөөлж захирал Т.О нь ...Улс даяар хатуу хөл хорио тогтоосон тендерт оролцох хугацаа болсон учир өмнөх тодорхойлолтын агуулгыг өөрчлөөгүй, огноог өөрчилсөн аргагүй тулгамдсан асуудал үүссэн байсан гэж Шүүхийн тусгай архивын 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолтыг хуурамчаар ирүүлсэнд тайлбар өгсөн байна.
4. Гэтэл шүүхийн тусгай архиваас энэ үед хэвийн ажиллаж байсан талаараа 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1/211 тоот албан бичгээр ...Шүүхийн тусгай архив нь тендерийн тодорхойлолтын хүсэлтийг 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим хаягаар хүлээн авч шийдвэрлэдэг болсон. 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 31-ний өдрийг дуустал ажлын цагийн хуваарийн дагуу ажиллаж байсан гэх хариуг шүүхэд ирүүлсэн байна.
5. Мөн Шүүхийн тусгай архивын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/82 тоот албан бичигт ...Дундговь аймгийн орон нутгийн өмчийн газраас 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 152 тоот албан бичгээр О******* ХХК нь танай байгууллагын албан тоотыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй, засвартай материал ирүүлсэн байх тул нягталж өгнө үү гэсэн тодруулга авах тухай хүсэлтийг тус архивд ирүүлсний дагуу Шүүхийн тусгай архивын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1/8579 тоот албан бичгээр хариуг хүргүүлсэн байна гэх хариуг ирүүлсэн бөгөөд уг албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Шүүхийн тусгай архивын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1/8579 тоот албан бичигт ...О******* ХХК нь тус архиваас 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 4024 тоот албан бичгээр Дорнод аймгийн орон нутгийн өмчийн газар-т хаяглуулан тодорхойлолт авсан байна. Тус компани нь дээрх албан бичгийн тэргүүг Тодорхойлолт гэж өөрчлөн засварлаж, огноо, дугаарыг хэвлэлийн аргаар хуурамчаар үйлдэн танайд хүргүүлсэн болох нь тогтоогдож байна гэжээ.
6. Дээрх баримтуудаас үзвэл О ХХК нь шүүхийн тусгай архивын тодорхойлолтын тэргүүг Тодорхойлолт болгон өөрчилж, огноо дугаарыг нь засварласан нь илт худал мэдээлэл гэдэгт хамаарах эсэхийг дүгнэвэл тендер захиалагч тендерийн баримт бичигт Шүүхийн тусгай архиваас иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байсан эсэх тодорхойлолтыг авч байгаа агуулга нь тухайн тодорхойлолтыг авсан огноо, тэргүүд бус харин тухайн аж ахуйн нэгж нь иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн иргэний хэрэгт хариуцагчаар оролцож, гэрээний үүргээ зөрчиж, бусдад хохирол учруулж байсан эсэхийг тогтоох өргөн цар хүрээтэй ойлголт юм.
7. Нэхэмжлэгчийн эрх бүхий байгууллагын тодорхойлолтын огноо, тэргүүг зассан үйлдлийг зөвтгөх боломжгүй ч иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байсан атлаа хариуцагчаар оролцож байгаагүй гэж эрх бүхий байгууллагын тодорхойлолтын агуулгыг илт худал, хуурамч мэдээллээр сольсон бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д зааснаар илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг эрх бүхий улсын байцаагч тогтоосон, тогтоох боломжтой, харин хуурамч бичиг баримт гэж үзвэл эрх бүхий байгууллага хуулийн байгууллагаар шалгуулан тогтоолгох боломжтой байна гэж үзлээ.
8. Өөрөөр хэлбэл илт худал мэдээллийг тодорхойлсон нэгдмэл ойлголт байхгүй бөгөөд харин нэхэмжлэгчийг иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаагүй гэсэн тодорхойлолтыг энэ тохиолдолд илтэд, илт, худал мэдээлэл гэж үзэх боломжгүй, үүнээс үүдэн тухайн компанийн тендерт оролцох эрхийг гурван жилийн хугацаагаар хязгаарласан улсын ахлах байцаагчийн дүгнэлт нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээр байна.
9. Иймд шүүхээс Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Огийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн******* дугаартай дүгнэлт нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт байх тул тус дүгнэлтийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1. 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасныг баримтлан О ХХК-иас Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Од холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Огийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн******* дугаартай дүгнэлтийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА