| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2025/0215/З |
| Дугаар | 221/МА2025/0427 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2025/0427
“Ад” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ш.А, У.П нар
Гомдлын шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт, зохицуулалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх албаны хянан шалгагч, улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0135018 дугаартай шийтгэлийн хуудас, мөн өдрийн зөрчлийн үр дагаврыг арилгуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 331 дүгээр шийдвэр
Гомдол гаргагч: “Ад” ХХК
Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт, зохицуулалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх албаны хянан шалгагч, улсын байцаагч Б.Н
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ш.А, У.П, хариуцагч Б.Номинчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г
Хэргийн индекс: 128/2025/0215/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Ад” ХХК нь “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт, зохицуулалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх албаны хянан шалгагч, улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0135018 дугаартай шийтгэлийн хуудас, мөн өдрийн зөрчлийн үр дагаврыг арилгуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 331 дүгээр шийдвэрээр “Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 1.2 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, 11.33 дугаар зүйлийн 5, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтыг баримтлан гомдол гаргагч “Ад” ХХК-ийн Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт, зохицуулалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх албаны хянан шалгагч, улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0135018 дугаартай шийтгэлийн хуудас, зөрчлийн үр дагаврыг арилгуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн өмгөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
3.1. Хүчингүй болсон захиргааны хэм хэмжээний актыг баримтлан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан талаар:
3.1.1 Шүүхээс үндэслэл бүхий, хэргийн бодит байдлыг тогтоосон шийдвэр гаргаагүй, хариуцагч байгууллагын шийтгэлийн хуудасны үндэслэлийг дэмжин тодруулж, хэт нэг талыг баримталсан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдаж буй аргумент, үндэслэл хэрхэн яаж, няцаагдаж байгаа талаар шийдвэрт тусгаагүй, хууль ёсны биш шийдвэрийг гаргасанд гомдолтой байна.
3.1.2 Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь талуудын байр суурь, хэрэгт авагдсан нотлох баримтыг тэнцвэртэй, бодитоор үнэлж, шударга ёсонд нийцсэн шийдвэрийг гаргаагүй.
3.1.3 Тодруулбал, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.1-т “…Дээрх журмаас энэ зөрчилд хамаарах хугацаа, түүнийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүчин төгөлдөр үйлчилсэн нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 175, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 657 дугаар тогтоолоор баталсан журмууд байна. Тодруулбал, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 175 дугаар тогтоолоор баталсан Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журам нь 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл, улмаар 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан журам одоо хүчин төгөлдөр үйлчилж байна” гэжээ.
3.1.4 Гэвч шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн дээрх дүгнэлт нь илтэд үндэслэлгүй гэж үзэхээр байна. Учир нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн яамны 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 6-1/36 дугаар лавлагааны хуудаст “Харин санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журам” нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлгүй байна гэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлд захиргааны хэм хэмжээний акт нь ямар тохиолдолд хүчин төгөлдөр болох талаар хуульчилсан бөгөөд уг хуулийн 67.1-т “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлүүлнэ” гэж заасан.
3.1.5 Өөрөөр хэлбэл, Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь аливаа захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн санд бүртгэж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүлснээр уг актыг нийтээр дагаж мөрдөх ёстой байхаар хуульчилсан байна. Харин анхан шатны шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ хэрэгт авагдсан нотлох баримт болон хуулийн дээрх заалтыг анхаарахгүйгээр ямар үндэслэлээр 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан журам нь хүчинтэй үйлчилж байна гэж дүгнэсэн нь эргэлзээтэй буюу үндэслэлгүй дүгнэлт гэж үзэхээр байна.
3.1.6 Үүнээс гадна, зөрчилд холбогдогч “Ад” ХХК-ийн зөрчлийг шалган шийдвэрлэж байгаа захиргааны хэм хэмжээний акт нь Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 175 дугаар тогтоолоор баталсан журам байна гэж анхан шатны шүүх зөв тодорхойлсон атлаа уг журам 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүчингүй болсон ач холбогдолтой үйл баримтад анхаарал хандуулаагүй.
3.1.7 Зөрчлийн хавтаст хэргийн 102 дахь талд 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлийн 3 дахь хуудсанд “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журмын 5.4.6-д “Виртуал хөрөнгө гаргагчийн сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан, түүний талаар аудитын байгууллагын дүгнэлт” гэж заасныг зөрчиж...” гэсэн тэмдэглэлийг үйлдсэн байна.
3.1.8 Энэхүү тэмдэглэлийн агуулгаас үзвэл эрх бүхий албан тушаалтан нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн цаг хугацаанд буюу 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 175 дугаар тогтоол хүчингүй болсноос хойш 4 хоногийн дараа уг журмыг баримталж, шаардлага хангаагүй гэх үндэслэлээр шийтгэлийн хуудсаа бичсэн болох нь харагдаж байгаа юм.
3.1.9 Харин анхан шатны шүүхээс уг хүчингүй болсон захиргааны хэм хэмжээний актаар зөрчлийг шалгаад байгаа үйл баримтад үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь илэрхий үндэслэлгүй болсон.
3.1.10 Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно...” гэж, 67.3-т “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэсэн хуулийн зохицуулалтыг анхаарахгүй, уг асуудлаар дүгнэлт өгөлгүй, шууд хүчинтэй байна гэж шийдвэрлэж байгаад гомдолтой байна.
3.1.11 Хуулийн дээрх зохицуулалт нь аливаа захиргааны хэм хэмжээний актаар үүрэг болгосон бол тухайн зохицуулалт хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байхыг зохицуулсан. Гэтэл хүчин төгөлдөр биш болсон захиргааны хэм хэмжээний актыг үндэслээд бичсэн шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан “хуульд үндэслэх” буюу захиргааны үйл ажиллагааны зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.
3.2. Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжийг хангаагүй тухайд:
3.2.1 Зөрчлийн тухай хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилго нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” гэж зохицуулсан бөгөөд хууль эсхүл түүнд нийцүүлэн баталсан хэм хэмжээний акт зөрчсөн эс үйлдэл, эс үйлдлийг зөрчилд хамааруулахаар хуульчилсан.
3.2.2 “Ад” ХХК-ийг эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хуулийн 11.33 , дугаар зүйлийн 5 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн гэх хэсгийг зөрчсөн гэх ба Виртуал хөрөнгө үзүүлэгчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д “үйл ажиллагаагаа эхлүүлэхээс өмнө болон үйл ажиллагаа эрхлэхдээ хуульд заасан болон Хорооноос тогтоосон шаардлагыг бүрэн хангаж ажиллах” гэснийг зөрчсөн гэж шийтгэлийн хуудасны үндэслэл болсон.
3.2.3 Гэвч энэхүү шийтгэлийн хуудасны гол үндэслэл болсон Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 8.1 1-д зааснаар яг ямар шаардлага гэдэг нь огт тодорхой биш.
3.2.4 Уг шаардлагыг Санхүүгийн зохицуулах хороо тогтоох ёстой гэх ба Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан хорооноос тогтоосон шаардлага нь бланкетны диспозиц буюу өөр хэм хэмжээгээр нэрлэн заасан байхаар харагдаж байна.
3.2.5 Санхүүгийн зохицуулах хорооноос аливаа нэгэн шаардлага тогтоох ба тэрхүү шаардлагыг биелүүлээгүй л бол зөрчилд тооцохоор хуульчилсан нь хэтэрхий өргөн хүрээнд байна. Ингэснээр Санхүүгийн зохицуулах хорооны хувьд ямар нэгэн шаардлага биелүүл гээд уг шаардлагыг биелүүлээгүй гэж үзвэл тохиолдол бүрт 20,000,000 төгрөгөөр торгохоор хуульчилсан.
3.2.6 Гэтэл, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасан ба Зөрчлийн тухай хуулийн 11.33 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хорооноос тогтоосон аливаа нэгэн шаардлага, тэр тусмаа ямар ч шаардлага байж болохоор төсөөтэй хэрэглэж, зөрчилд тооцсон.
3.2.7 Ингээд Хорооноос тогтоосон шаардлагыг үйл ажиллагаа эрхлэхдээ биелүүлээгүй гээд уг шаардлагаа Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 175 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан журмын 5.4-д зааснаар “ВХҮҮ виртуал хөрөнгө гаргагчийн виртуал хөрөнгийг нийтэд санал болгох, худалдах танилцуулгад дор дурдсан мэдээллийг тусгуулсан байна:” гээд 5.4.6-д “виртуал хөрөнгө гаргагчийн сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан, түүний талаар аудитын байгууллагаас гаргасан дүгнэлт;”-ийг нийтэд санал болгох танилцуулгад тусгуулна гэсэн. Энэхүү журмын 5.4-д заасан шаардлага нь виртуал хөрөнгө буюу токен зах зээл дээр нийтэд санал болгох танилцуулга гаргах үед шаардлагатай материал бүрдүүлэх агуулгыг тусгасан байна. Бүр тодруулбал, дээрх 175 дугаар тогтоолын хавсралтаар баталсан журмын 5.5-д “ВХҮҮ виртуал хөрөнгийн танилцуулга, холбогдох баримт, мэдээллийг нийтэд санал болгох, худалдах ажиллагааг зохион байгуулахаас өмнө ажлын 10 өдрийн дотор Хороонд хүргүүлнэ” гэж зохицуулсан ба хороо нь уг баримт бичиг нь бүрэн эсэх талаар хянах чиг үүрэгтэй байхаар журмын 5.4, 5,5-д тус тус зохицуулснаас харагдаж байна. Мөн дараагийн нэг агуулга нь тухайн виртуал хөрөнгийг нийтэд санал болгох үед танилцуулга хийх шаардлагатай ба уг танилцуулгадаа виртуал хөрөнгө гаргагчийн сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийг тусгуулахаар журамласан Харин “Ардмаани” токен нь 2018 оны үед нийтэд санал болгогдсон токен юм.
3.2.8 Анхан шатын шүүхийн шийдвэр 14 дэх хуудасны 5.2-т “...Учир нь ийнхүү виртуал хөрөнгө гаргагч сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан, түүний талаар аудитын байгууллагаас гаргасан дүгнэлтийг буюу санхүүгийн байдлын үнэн, зөв мэдээллийг өөрийн албан ёсны цахим хуудсаар виртуал хөрөнгийг нийтэд санал болгох, худалдах танилцуулгад нийтэд ил тод тусгах нь виртуал хөрөнгө үзүүлэгч биржид хууль журмаар үүрэг болгосон нөхцөл шаардлага” гэжээ.
3.2.9 Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлдээ дурдаж буй Хорооноос тогтоосон 2022 оны 175 дугаар тогтоолоор баталсан Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журмын 5.4, 5.4.5, 5.4.6 гэсэн зохицуулалтын аль ч заалтад виртуал хөрөнгө үзүүлэгч нь өөрийн албан ёсны цахим хуудсаар виртуал хөрөнгийг танилцуулгад нийтэд ил тод тусгах гэсэн үг байхгүй болно. Иймд Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжийн хувьд хангагдах үндэслэлгүй юм.
3.3. Өөр этгээдийн өмнөөс хариуцлага хүлээ гэх агуулгаар шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуульд нийцэхгүй талаар:
3.3.1 Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд шударга ёсны зарчмыг хуульчилсан ба 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж хуульчилсан. Хэн зөрчил үйлдсэн тухайн этгээдэд оногдуулах шийтгэл нь зөрчил үйлдсэн нөхцөл байдалтай тохирох ёстой бөгөөд зөрчлийг хэн үйлдэж байна түүнд шийтгэл оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцэх талаар хууль тогтоогч хуульчилжээ.
3.3.2 Тухайн тохиолдолд санхүүгийн сүүлийн 1 жилийн тайланг аудитын дүгнэлт хийлгэхгүй байгаа этгээд нь тодорхой байхад түүнд хяналт тавьж чадаагүйгээрээ “Ад” ХХК нь торгуулах нь зөв гэж дүгнээд байгаа. Гэтэл “Ад” ХХК-ийн зүгээс хорооноос шаардсан мэдээллийг гарган өгөхийг шаардахаас өөрөөр тухайн хуулийн этгээдийн дотоод үйл ажиллагаанд оролцох, эсхүл өмнөөс нь аудитын компаниар санхүүгийн тайланд нь дүгнэлт хийлгүүлэх ямар ч боломж байхгүй юм.
3.3.3 Санхүүгийн зохицуулах хорооны тогтоож байгаа шаардлага нь бодит байдалтай уялдахгүй, шударга ёсонд үл нийцэх байхад анхан шатны шүүхээс анхаарсангүй.
3.4 Харилцагчийн эрх ашгийг бодитоор хохироох шийдвэр гаргасан тухайд:
3.4.1 Виртуал хөрөнгө гаргагч “Эй Ай дайвэрс солюшн” ХХК нь аудитын тайланг хэрвээ өгөхгүй бол бидний хувьд ямар арга хэмжээ авах вэ? хамтран ажиллах гэрээгээ цуцлах эсхүл хэрэглэгч иргэдийн токенийг делист хийхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүргэнэ.
3.4.2 Уг шийдвэрийн агуулга, өөрөө “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч буюу биржийг гарцаагүй байдалд хүргэж байна. Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Ад” ХХК-д Зөрчлийн үр дагавар арилгах арга хэмжээ авахуулах тухай” эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг гаргасан байна.
3.4.3 Уг албан даалгаварт Виртуал хөрөнгө гаргагч болон “Эй Ай дайвэрс солюшн” ХХК-ийн сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан, түүний талаар аудитын байгууллагаас гаргасан дүгнэлтийг “Ад” ХХК-ийн албан ёсны программ хангамжид ил тод тавих арга хэмжээ авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг “Ад” ХХК-д даалгаж байна” гэжээ.
3.4.4 Виртуал хөрөнгө гаргагч буюу “Эй Ай дайвэрс солюшн” ХХК нь санхүүгийн тайлангаа бидний шаардсанаар гаргаж өгөхгүй тохиолдолд тухайн токенийг анх зах санал болгогдох үед худалдсан авсан иргэдийн эрх ашиг, тэдгээрт учирсан хохирлыг хэн хариуцах вэ гэх асуудал үүсэх юм.
3.4.5 Өөрөөр хэлбэл, уг хууль зөрчсөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шийдвэрийн улмаас үүссэн үр дагаварт иргэд хохирох эрсдэл бодитоор бий болоод байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдол гаргагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангасан байна.
3. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгч нарын гомдлын шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
3.1 Анх иргэн Ч.Анараас “Ад” ХХК-д холбогдуулан “Ардмаани” токен гаргагч “Эй” ХХК-ийн эцсийн өмчлөгчийг “Ааа” ХХК хэмээн буруу мэдээллэсэн, мөн “Эй” ХХК-ийн аудитын дүгнэлт бүхий санхүүгийн тайланг ил болгоогүй, энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны удаа дараагийн шаардлагыг биелүүлээгүй зөрчилд хариуцлага хүлээлгэх тухай гомдол гаргаснаар Санхүүгийн зохицуулах хорооноос уг гомдлын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт зохицуулалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх албаны хянан шалгагч, улсын байцаагч Б.Н Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т “үйл ажиллагаагаа эхлүүлэхээс өмнө болон үйл ажиллагаа эрхлэхдээ хуульд заасан болон Хорооноос тогтоосон шаардлагыг бүрэн хангаж ажиллах;” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэн Зөрчлийн тухай хуулийн 11.33 дугаар зүйлийн 5-д заасны дагуу “Ад” ХХК-д 20.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
3.2. Гомдол гаргагч “Ад” ХХК нь дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан бөгөөд гомдлын үндэслэлээ “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, ... энэхүү зөрчлийн хэрэгт иргэний аль гомдлыг шийдвэрлээд байгаа нь тодорхой биш, зөрчлийн хэрэг нээсэн тогтоол болон шийтгэлийн хуудасны үндэслэлүүд өөр өөр байна … эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэлд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд заасан ямар үүргийг биелүүлээгүй гэдэг нь тодорхой биш байна …Санхүүгийн зохицуулах хорооноос 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 111 дугаар улсын байцаагчийн албан шаардлагыг манай компанид ирүүлсэн бөгөөд уг шаардлагад санхүүгийн тайланг шаардаагүй. Гэсэн атлаа “хорооноос тогтоосон шаардлагыг биелүүлээгүй” гэж үзэж байгаа нь үндэслэлгүй … Хүчингүй болсон, эрх зүйн үндэслэл нь дууссан актыг үндэслэж нэхэмжлэгчийг буруутайд тооцсон” гэж,
хариуцагчаас “...”Ад” ХХК нь харилцагч Т.Ан-аас ирүүлсэн өргөдөл гомдол хариу хүргүүлэхдээ хугацаа хоцроож буюу харилцагчаас 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр цахим шуудангаар ирүүлсэн санхүүгийн мэдээлэл гаргуулах тухай өргөдөл, гомдолд 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр цахим шуудангаар хариу хүргүүлсэн байсан. Энэ Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журмын 6.3.1-д “харилцагчийн өргөдөл, гомдлын бүртгэл хөтөлж, хүлээн авснаас хойш 7 өдрийн дотор хариу хүргүүлэх;” гэж заасныг биелүүлээгүй, тогтоосон хугацаанд хариу хүргүүлээгүй байна … Зөрчлийн хэргийн хүрээнд “Ад” ХХК-аас 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр цахим шуудангаар ирүүлсэн нотлох баримтад “Манай биржийн зүгээс ВХҮҮ-тэй холбоотой хууль, журмын хэрэгжилтийг хангаж ажиллахад онцгойлон анхаарч ажиллаж байгаа билээ. Жишээлбэл, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журам”-ын 6.1.9-д “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үндсэн үйл ажиллагааны танилцуулга, санхүүгийн тайлан, бизнест шууд нөлөө үзүүлэхүйц хэлцлийн талаарх мэдээллийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор цахим хуудсанд байршуулахаар төлөвлөж байна” гэж мэдэгдсэн нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил арилаагүй болохыг нотолсон … Анх зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх явцад 175 дугаар тогтоол хүчин төгөлдөр байсан. Зөрчлийн хэрэг шалгаж байх үед баримталсан журмаа үндэслэж шийтгэлийн хуудас гаргасан” гэж маргажээ.
3.3. Анхан шатны шүүх “...Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч үйл ажиллагаагаа эхлүүлэхээс өмнө болон үйл ажиллагаа эрхлэхдээ хуульд заасан болон Хорооноос тогтоосон нөхцөл шаардлагыг бүрэн хангаж ажиллах үүрэгтэй, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 175 дугаар тогтоолоор баталсан Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журмын 5.4, 5.4.5, 5.4.6-д, 2024 оны 657 дугаар тогтоолоор баталсан журмын 3.6.3, 3.6.3.5, 3.6.3.6-д заасан виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч виртуал хөрөнгө гаргагчийн виртуал хөрөнгийг нийтэд санал болгох, худалдах танилцуулгад виртуал хөрөнгө гаргагчийн бүтэц, зохион байгуулалт, эрх бүхий албан тушаалтны нэр, зураг, ажлын туршлага, бусад нэмэлт мэдээлэл, виртуал хөрөнгө гаргагчийн сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан, түүний талаар аудитын байгууллагаас гаргасан дүгнэлтийг танилцуулгад тусгах үүргээ биелүүлээгүй, мөн иргэн Ч.Ан-аас гаргасан гомдолд хууль болоод журмын хугацаанд хариу өгөөгүй, улмаар уг зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 11.33 дугаар зүйлийн 5-д заасан Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд заасан шаардлагыг хангаж ажиллаагүй, үүргээ хэрэгжүүлээгүй зөрчил гэж үзсэн нь үндэслэлтэй” гэж дүгнэж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
4. Гомдол гаргагчийн “хавтаст хэрэгт авагдсан Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн яамны 2025 оны 04 дүгээр сарын 10 өдрийн 6-1/36 дугаар лавлагааны хуудаст “Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журам” нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлгүй байна гэсэн …Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь аливаа захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн санд бүртгэж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүлснээр уг актыг нийтээр дагаж мөрдөх ёстой байхаар хуульчилсан байна. Харин анхан шатны шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ хэрэгт авагдсан нотлох баримт болон хуулийн дээрх заалтыг анхаарахгүйгээр ямар үндэслэлээр 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан журам нь хүчинтэй үйлчилж байна гэж дүгнэсэн нь эргэлзээтэй буюу үндэслэлгүй дүгнэлт гэж үзэхээр байна” гэх гомдлын шаардлагын тухайд:
4.1 Хавтаст хэрэгт авагдсан Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн яамны 2025 оны 04 дүгээр сарын 10 өдрийн 6-1/36 дугаар лавлагааны хуудаст “Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журам” батлах тухай 175 дугаар тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 5810 дугаарт бүртгэгдэж, ... уг тогтоолыг Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журам” батлах тухай 657 дугаар тогтоолоор хүчингүй болгосон бөгөөд уг 657 дугаар тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 7090 дугаарт бүртгэгдэж ... нийтлэгдсэн байна” гэжээ.
4.2 Анх иргэн Ч.Ан-аас 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 701 дугаартай өргөдлөөр ирүүлсэн “Ад” ХХК нь Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журмын 5.4.4-т заасан “виртуал хөрөнгө гаргагчийн хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгчийн талаарх мэдээлэл, эзэмшиж байгаа хувьцааны тоо, хувь хэмжээг нийтэд ил тод болгоно” гэж заасныг зөрчсөн, тус компани нь Ардмаани токен гаргагч “Эй” ХХК-ийн эцсийн өмчлөгчийг нуун дарагдуулж байж болзошгүй гэсэн үндэслэлээр зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд уг хэрэг шалгагдаж байх хугацаанд иргэн Ч.Ан-аас тус албанд дахин 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “...”Ад” ХХК нь А токен гаргагчийн санхүүгийн аудитын тайланг ил тод болгоогүй” гэх агуулга бүхий гомдол гаргасан. Уг гомдлыг хүлээн авснаас хойш 46 хоногийн дараа Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журам” батлах тухай 657 дугаар тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдэж, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн байна.
4.3 Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид холбогдуулж гомдол гаргасан хугацаа болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан хугацааг тооцоход 175 болон 675 дугаар тогтоолуудаар баталсан журмын зохицуулалтууд үйлчилж байсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журам” нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлгүй байгаа нь уг маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй буюу шийтгэлийн хуудас гарснаас хойш батлагдсан байна.
4.4 Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно. Захиргааны хэм хэмжээний актад дагаж мөрдөх хугацааг өөрөөр зааж болно” гэж зааснаар Санхүүгийн зохицуулах хорооны 12 дугаар сарын 27-ны өдрийн 675 дугаар тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлд 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 7090 дугаарт бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-ийн 3 дугаарт нийтэлсэн бөгөөд уг тогтоолыг Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай 73 дугаар тогтоолоор хүчингүй болгосон бөгөөд иргэн Ч.Ан-аас “Ад” ХХК-д холбогдуулан гомдол гаргасан хугацаа болон зөрчлийн хэрэг нээн зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан хугацааг дээрх журмуудын үйлчилж байсан хугацаатай уялдуулан авч үзвэл 175, 675 дугаар тогтоолууд хүчин төгөлдөр байсан гэж үзэхээр байна.
4.5 Өөрөөр хэлбэл, Санхүүгийн зохицуулах хороо иргэнээс ирүүлсэн гомдол хүлээн авч, зөрчлийн хэрэг нээх хугацаанд Санхүүгийн зохицуулах хорооны 175 дугаар үйлчилж байсан бөгөөд зөрчлийн хэрэг шалган шийдвэрлээд шийтгэлийн хуудас ногдуулсан хугацаанд Санхүүгийн зохицуулах хорооны 675 дугаар тогтоол үйлчилж байсан нь Хууль зүй, дотоод хэргийн яамны лавлагааны хуудсаар тогтоогдож байх тул энэ талаарх гомдол гаргагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
5. Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжийг хангаагүй тухайд:
5.1 Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч дараах үүрэгтэй:”, 8.1.1-д “үйл ажиллагаагаа эхлүүлэхээс өмнө болон үйл ажиллагаа эрхлэхдээ хуульд заасан болон Хорооноос тогтоосон шаардлагыг бүрэн хангаж ажиллах;”, Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 657 дугаар тогтоолоор батлагдсан “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журам”-ын 3.6.3-т “ВХҮҮ виртуал хөрөнгө гаргагчийн виртуал хөрөнгийг нийтэд санал болгох, худалдах танилцуулгад дор дурдсан мэдээллийг тусгуулсан байна:”, 3.6.3.6-д “виртуал хөрөнгө гаргагчийн сүүлийн нэг жилийн санхүүгийн тайлан, түүний талаар аудитын байгууллагаас гаргасан дүгнэлт;” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч “Ад” ХХК нь “Эй” ХХК-ийн А токенийг зах зээлд гаргахаар үйлчилгээ үзүүлэхдээ “Эй” ХХК-ийн сүүлийн нэг жилийн тайлан, түүний талаар аудитын байгууллагаас гаргасан дүгнэлтийг танилцуулгад тусгах үүрэгтэй байжээ.
5.2 Түүнчлэн нэхэмжлэгч нь дээрх журамд зааснаар харилцагчийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааны хүрээнд харилцагчийн өргөдөл, гомдлын бүртгэл хөтөлж, хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор хариу хүргүүлэх үүрэгтэй бөгөөд иргэн Ч.Ан-аас ирүүлсэн удаа дараагийн өргөдөлд журамд заасан 7 хоногийн хугацаанд хариу өгөөгүй болох нь хэрэгт авагдсан баримт болоод зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд цуглуулсан бусад баримтуудаар тогтоогдож байна.
5.3 Зөрчлийн тухай хуулийн 11.33 дугаар зүйлийн 5-д “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч, түүний эрх бүхий албан тушаалтан болон холбогдох этгээд нь хуульд заасан шаардлагыг хангаж ажиллаагүй, эсхүл үүргээ хэрэгжүүлээгүй, түүнийг зөрчсөн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч “Ад” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаагүй бөгөөд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь иргэн, үйлчлүүлэгчээс гаргасан гомдлыг хүлээн авч, журамд заасан хугацаанд шийдвэрлээгүй байх тул нэхэмжлэгчийг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр шийтгэлийн хуудас ногдуулсан нь үндэслэлтэй.
6. Өөр этгээдийн өмнөөс хариуцлага хүлээлгэх агуулгах шийдвэрлэж байгаа нь Зөрчлийн тухай хуульд нийцэхгүй гэх гомдлын шаардлагын тухайд:
6.1 Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 657 дугаар тогтоолоор батлагдсан “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журам”-ын 5.4-т “ВХҮҮ виртуал хөрөнгө гаргагчийн виртуал хөрөнгийг нийтэд санал болгох, худалдах танилцуулгад дор дурдсан мэдээллийг тусгуулсан байна:”, 5.4.6-д “виртуал хөрөнгө гаргагчийн сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан, түүний талаар аудитын байгууллагаас гаргасан дүгнэлт;”, 7.1-д “ВХҮҮ хууль тогтоомж, энэ журамд заасан мэдээллийг бүрэн гүйцэд, үнэн зөв, агуулгын хувьд хоёрдмол утгагүйгээр тогтоосон хугацаа болон тухай бүрд харилцагч, олон нийтэд мэдээлж, Хороонд хүргүүлж тайлагнана.“ гэж тус тус заажээ.
6.2 Нэхэмжлэгч “Ад” ХХК нь “Эй” ХХК-д виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэхдээ Ардмаани токен гаргагчийн сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан, түүний талаар аудитын байгууллагаас гаргасан дүгнэлтийг танилцуулгад тусгах хуулийн зохицуулалттай бөгөөд энэ нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч “Ад” ХХК-д шууд хамааралтай, үүрэгжүүлсэн заалт байна.
6.3 Нөгөөтээгүүр, “Ад” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 5 дугаар тогтоолоор баталсан “Ад” ХХК-ийн виртуал хөрөнгийн арилжааны журмын 2.10-т “Виртуал хөрөнгийн бирж харилцагчийн виртуал хөрөнгийн арилжааны захиалгыг дор дурдсанаас бусад тохиолдолд буцаахгүй”, 2.10.1-д “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль, бусад хууль, Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох журамд заасан шаардлагын хүрээнд виртуал хөрөнгийн биржээс буцаах шаардлагатай гэж үзсэн” гэж тус тус зааснаас үзэхэд “Ад” ХХК нь сүүлийн нэг жилийн санхүүгийн тайлан, түүний талаар аудитын байгууллагаас гаргасан дүгнэлтээ ирүүлээгүй А токен гаргагч “Эй” ХХК-д виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, эсхүл виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэхээс өмнө үйл ажиллагааны журмын шаардлагыг ханган ажиллахыг “Эй” ХХК-аас шаардах боломжтой байжээ.
6.4 Гэтэл нэхэмжлэгч “Ад” ХХК нь А токенийг худалдан борлуулах үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа буюу 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 141, 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 109 дүгээр албан бичгүүдээр “Эй” ХХК-аас сүүлийн нэг жилийн санхүүгийн тайлан, түүний талаар аудитын байгууллагаас гаргасан дүгнэлтээ ирүүлэхийг шаардсан байх бөгөөд угтаа виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэхээс өмнө “Эй” ХХК-ийн сүүлийн нэг жилийн санхүүгийн тайлан, түүний талаар аудитын байгууллагаас гаргасан дүгнэлтийг үйлчилгээ үзүүлсэн хугацаанаас хойш шаардаж байгаа нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч эрсдэлийн үнэлгээ хийх, харилцагчаа таних үүргийг хэрэгжүүлэх зохицуулалттай дээрх журамд заасан виртуал хөрөнгө гаргагчийн сүүлийн нэг жилийн санхүүгийн тайлан, түүний талаар аудитын байгууллагаас гаргасан дүгнэлтийг танилцуулгад тусгах үүргээ хэрэгжүүлэлгүй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлсэн гэж буруутган “Ад” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.33 дугаар зүйлийн 5-д заасныг баримтлан шийтгэлийн хуудас ногдуулсан нь үндэслэлтэй байна.
6.5 Түүнчлэн хариуцагчаас “Ад” ХХК-д 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Зөрчил арилгах тухай” 111 дүгээр албан шаардлага хүргүүлсэн нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулж шийтгэл оногдуулсан нь уг үүргээ биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж заасантай нийцжээ.
6.6 Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд орших бөгөөд “шударга ёсны зарчим” гэж мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж зааснаас үзэхэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон зөрчилд шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий байна.
6.7 Хариуцагчийн “Ад” ХХК-д холбогдох үүрэг даалгаврыг албан шаардлагаар өгч гомдол гаргагчийн холбогдох үйл ажиллагаанд нь хяналт тавьж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд явуулж зөрчилд холбогдогчийн үйлдлийг шалгаж, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь үндэслэлтэй
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 331 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ