| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2023/0069/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/67 |
| Огноо | 2023-02-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,
улсын яллагч Г.Энхбат,
шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.С холбогдох __ дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, _
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.С нь Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Нарт Монгол” ХХК-ий байранд 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Б.Мхувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан толгой болон цээжин тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгч Г.С нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч .Саранцэцэг нь Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Нарт Монгол” ХХК-ий байранд 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Б.Мхувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан толгой болон цээжин тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь дараах үйл баримтаар тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн __ дугаартай хэрэгт авагдсан
Шүүгдэгч Г.Сийн яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр __ дугаартай Төв аймгийн прокурорын, хууль цаазын ахлах зөвлөх Г.Энхбатын танд холбогдуулан гаргасан яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа би уг тогтоолын хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн хэрэг болсон гэх өдөр Б.Нямнордовын үсдээд гэдэс хэсэг рүү нь өшиглөсөн өөр цохиж зодсон зүйл байхгүй. Б.Нямнордовын нөхөр н.Даваасүрэн гэх хүн нь хэрэг болохын өмнө буюу 2022 оны 10 дугаар сарын эхээр зодсон гэж нөхөр н.Даваасүрэн нь надад хэлсэн. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад өөр ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/,
Хохирогч Б.Нямнордовын өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нар Монгол ХХК-ын байранд Г.С өөрийн төрсөн хүү н.Мөнхбилэгтэй хамт орж ирээд намайг зодсон. Намайг орон дээр сууж байхад Г.С хөлөөрөө миний цээжин хэсэгт 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд намайг доошоо тонгойход миний үснээс чирээд нуруу дээр 10 гаран удаа дэвсээд нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Хэдэн удаа өшиглөсөн талаар мэдэхгүй байна. Мөн хоёр чих рүү өшиглөөд толгой руу дэвсээд байсан. Тухайн үед над руу удаа дараа ална янхан гичий гэх зэргээр намайг хэл амаар доромжилсон. Тэгээд бичлэг хийгээд фэйсбүүк дээр тавина гээд миний үснээс зулгааж бичлэг хийсэн. Тэгээд тухайн үед намайг ухаан балартах хооронд орхиод явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар тал/,
Гэрч С.Энхжаргалын өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би хамтран амьдрагч Б.Мхамт гэртээ байж байтал манай салсан эхнэр Г.С хүү н.Мөнхбилэгийн хамт ирсэн. Тэгээд Б.Нямнордовыг манай хуучин салсан эхнэр маань зодсон. Эхлээд шууд орж ирснийхээ дараа үснээс нь зулгаагаад, цээж хэсэгт нь өшиглөсөн. Мөн хоёр чих рүү нь гараараа цохисон. Тэгээд би тухайн зодооныг салгасан. Тэгээд манай салсан эхнэр миний цүнх тамга тэмдэг гар утас бүгдийг нь авч явсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар тал/,
Шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 605 дугаартай дүгнэлт /хх-ийн 12-13 дугаар тал/,
Шүүгдэгч Г.С нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Нямнордовын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Г.С нь , "Нарт Монгол" ХХК-нд ажил эрхэлдэг, ам бүл 4 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 15 дугаар хороо 32-18 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, одоо 58 настай баримт хэрэгт авагджээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,
Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжээр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Г.С нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Эрүүгийн __ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сийг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ст оногдуулсан 800/найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000/найман зуун мянган/-н төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ст авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Ст урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН