Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/94

 

   2023       05           12                                  2023/ШЦТ/94

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,

Улсын яллагч: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Б,

Шүүгдэгч: Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Боос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овогт Цийн Ад холбогдох эрүүгийн 2335000290116 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ......... оны 5 дугаар сарын 09-нд өдөр Увс аймгийн ............. суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, нөхөр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг ......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Цийн А /РД:...................../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.А нь Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн  нутаг дэвсгэрт байрлах Увс аймгийн прокурорын газарт нягтлан бодогч албан тушаал эрхэлж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглан зориуд санаатайгаар Увс аймгийн прокурорын газарт захиргааны чиг үүрэг хэрэгжүүлэх туслах ажилтан П.Н болон өөрийн цалинг нэмэгдүүлэн бодож 2022 оны 1 дүгээр сард тус аймгийн прокурорын газарт захиргааны чиг үүрэг хэрэгжүүлэх туслах ажилтан П.Нын Хаан банк дахь 53...........27 тоот дансанд 500.000 төгрөг, 2 дугаар сард 600.000 төгрөг, 3 дугаар сард 700.000 төгрөг, өөрийн Хаан банкны 50...........76 тоот дансанд 2022 оны 1 дүгээр сард 800.000 төгрөг, 2 дугаар сард 2.300.000 төгрөг, 3 дугаар сард 800.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 5.700.000 төгрөгний хохирлыг Увс аймгийн прокурорын газарт учруулан бусдын эд хөрөнгийг завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Аг Хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

Шүүгдэгч Ц.Агийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15, 17 дахь тал),

Гэрч П.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

Прокурорын 24 дугаартай зөвшөөрлийн дагуу авсан Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 01/06А2060410УВА-2023/42/НА-СТА/ТШЗ төлбөр барагдуулах тухай актын хуулбар, бусад баримтууд  (хавтаст хэргийн 25-34 дэх тал),

Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/96 дугаартай тушаал (хавтаст хэргийн 37 дахь тал),

Монгол Улсын Ерөнхий прокурорын 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Б/28 дугаартай тушаал (хавтаст хэргийн 40-41 дэх тал),

Шүүгдэгч Ц.Агийн Хаан банкны 50............76 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 43-48 дахь тал),

Шүүглэгч Ц.Агийн Хаан банкны 50...........76 тоот дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 49 дэх тал),

Гэрч П.Нын Хаан банкны 53...........27 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 54-73 дахь тал),

Гэрч П.Нын Хаан банкны 53..............27 тоот дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 75 дахь тал),

Шүүгдэгч Ц.А 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Увс аймаг дахь төрийн аудитын газарт гаргасан тайлбар (хавтаст хэргийн 102 дахь тал),

Увс аймаг дахь аудитын газрын 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн УВА-202342/НА-СТА-ТШЗ дугаартай хязгаарлалттай дүгнэлтийн хуулбар (хавтаст хэргийн 109-111 дэх тал),

Шүүгдэгч Ц.Агийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 142-144 дэх тал)-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Хөрөнгө завших гэдэг нь хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр олгогдсон албаны бүрэн эрх болон албан тушаалын байдлаа бусдын итгэмжлэн хариуцуулсан төсвийн хөрөнгө завших үйлдэлдээ давуу тал болгон шүүгдэгч Ц.А нь Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн  нутаг дэвсгэрт байрлах Увс аймгийн прокурорын газарт нягтлан бодогч албан тушаал эрхэлж байх хугацаандаа тус аймгийн прокурорын газарт захиргааны чиг үүрэг хэрэгжүүлэх туслах ажилтан П.Н болон өөрийн цалинг нэмэгдүүлэн бодож 2022 оны 1 дүгээр сард П.Нын Хаан банк дахь 53........27 тоот дансанд 500.000 төгрөг, 2 дугаар сард 600.000 төгрөг, 3 дугаар сард 700.000 төгрөг, өөрийн Хаан банкны 50..............76 тоот дансанд 2022 оны 1 дүгээр сард 800.000 төгрөг, 2 дугаар сард 2.300.000 төгрөг, 3 дугаар сард 800.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 5.700.000 төгрөгийг өөрийн харилцах дансаар болон туслах ажилтан П.Нын харилцах дансаар тус тус шилжүүлэн авч хувийн хэрэгцээндээ ашигласан үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй байна.

Шүүгдэгч Ц.А нь Увс аймгийн прокурорын газарт нягтлан бодогч албан тушаал эрхэлж байх хугацаандаа тус прокурорын газрын төсөв, санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөх, төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай захиран зарцуулах, шаардлагатай нөөцийг хууль тогтоомжид нийцүүлэн бүрдүүлэх зэрэг албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан албан тушаалын гүйцэтгэх чиг үүргийнхээ хүрээнд итгэмжлэн хариуцуулсан төсвийн хөрөнгө болох 5.700.000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ авсан тул түүнийг албан тушаалын байдлаа ашиглан энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын итгэмжлэн харицуулсан хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид хамаарч байна.

Иймд шүүгдэгч Ц.Аг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Н мөрдөн байцаалтын шатанд “Ц.А нь 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр төрийн сангийн 100150000962 тоот дансанд Увс аймаг дахь Төрийн аудитын газраас 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/06/А2060410УВА-2023/42/НА-СТА-ТШЗ дугаартай төлбөр барагдуулах тухай актын төлбөр боло 5.700.000 төгрөгийг шилжүүлж хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Одоо Ц.Агаас нэхэмжлэх зүйл болон гомдол хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

Шүүгдэгч Ц.А 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Төрийн сангийн 100150000962 тоот дансанд 5.700.000 төгрөгийг “Ц.А 01/06А2060410УВА-2023/42/НА-СТА/ТШЗ актын төлбар барагдуулав” гэх утгаар хийсэн мөнгөн шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 51 дэх тал)-ыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Ц.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ц.Аг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг шунахай албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.                 

Шүүгдэгч Ц.А урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудасаар (хавтаст хэргийн 163 дахь тал)-аар нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.А нь үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа боловч шүүгдэгч Ц.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд прокурортой тохиролцсон 10.800.000 /арван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Ад оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь  зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Цийн  Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Ад 10.800 /арван мянга найман зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 10.800.000 /арван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Ад оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.  Шүүгдэгч Ц.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Б.ГАНСҮХ