Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 373

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Д.Э-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Х аймгийн ЗДТГ-т холбогдох,

1.      Х аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, аж ахуйн албаны бүтэц, орон тооны 1 дэх заалт Албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч, аймгийн Засаг даргын Тамгын газрын нутгийн удирдлагын ордоны үйлчилгээний албаны бүтэц, орон тооны 1 дэх заалт Менежер буюу нэхэмжлэгч Д.Э-ийн урьд эрхэлж байсан ажлын байрыг Санхүү, аж ахуйн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч, менежерээр баталсан хэсгийг хүчингүй болгуулах,

2.      Х аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/197 дугаар тушаалын 40 дэх заалт буюу Д.Э-ийг Нийтлэг үйлчилгээний албаны даргаас чөлөөлсөн хэсгийг хүчингүй болгуулах,

3.      Х аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/198 дугаар тушаалын 63 дахь заалт буюу Д.Э-ийг үйлчилгээний албаны менежерээр томилсон хэсгийг хүчингүй болгуулах,

4.      Х аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/02 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Санхүү, аж ахуйн тасгийн бүтэц, орон орон тооны 1 дэх заалт буюу Тасгийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч гэсэн хэсгийг хүчингүй болгуулах,

5.      Х аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/02 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нутгийн удирдлагын ордоны үйлчилгээний тасгийн бүтэц, орон орон тооны 1 дэх заалт буюу Тасгийн дарга гэсэн хэсгийг хүчингүй болгуулах,

6.      Нэхэмжлэгч Д.Э-ийг урьд эрхэлж байсан Х аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох,

7.      2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговор гаргуулах,

8.      2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлсний зөрүүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Д.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн болон тодруулсан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Э-ийн нэхэмжлэлтэй Х- аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэргүүдийг нэгтгэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан эрхийнхээ дагуу танай шүүхэд гаргасан гомдлын шаардлага, үндэслэлийг дараах байдлаар тодруулж байна. Үүнд:

1. Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, аж ахуйн албаны бүтэц, орон тооны 1 дэх заалт Албаны дарга бөгөөд өрөнхий нягтлан бодогч, аймгийн Засаг даргын Тамгын газрын нутгийн удирдлагын ордны үйлчилгээний албаны бүтэц, орон тооны 1 дэх заалт Менежер буюу нэхэмжлэгч Д.Э-ийн урьд эрхэлж байсан ажлын байрыг Санхүү, аж ахуйн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч, менежерээр баталсан хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

1.1. Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 264 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан Х- аймгийн Засаг даргын 1996 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 243 дугаар захирамжаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, аж ахуйн тасгийг татан буулгаж, Нийтлэг үйлчилгээний газрыг байгуулжээ. Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаар тогтоолын 2 дахь заалтаар төсвийн удирдлага, санхүүжилтийг тогтолцоо өөрчлөгдөж байгаатай холбогдуулан Нийтлэг үйлчилгээний газрыг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон байгуулж, өөрийгөө санхүүжүүлэх хэлбэрээр ажиллуулах арга хэмжээ авахыг аймгийн Засаг дарга нарт даалгажээ. Х- аймгийн Засаг даргын 2005 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 222 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний газрыг татан буулгаж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны бүтэц, орон тоог тогтоож, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга Л.Б-т үүрэг болгожээ. Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2005 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 57 дугаар тушаалаар Нийтлэг үйлчилгээний албыг байгуулж, даргаар нь Д.Б-, нягтлан бодогчоор Б.Гомбосүрэн нарыг томилсон байдаг. Х- аймгийн Татварын хэлтсээс 2007 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Нийтлэг үйлчилгээний албыг улсын бүртгэлд бүртгэж, Тамгын газрын цэвэрлэгээ, үйлчилгээ, сантехникийн үйл ажиллагаа эрхлэх үндсэн чиглэлийг тусгасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 6734731 регистрийн дугаартай гэрчилгээ олгосон байна. Х- аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 84 дүгээр албан бичгээс үзэхэд Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Нийтлэг үйлчилгээний алба нь татан буугдаагүй, улсын бүртгэлээс хасагдаагүй, улсын бүртгэлийн гэрчилгээ хүчинтэй байна. Ийм байхад Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар Нийтлэг үйлчилгээний албыг Санхүү, аж ахуйн алба, Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний алба болгон хувааж, Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажлын байрыг Санхүү, аж ахуйн албаны дарга, Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний албаны менежер болгон хуваасан нь эрх зүйн зөрчилтэй, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хууль бус шийдвэр болжээ. Учир нь Нийтлэг үйлчилгээний алба байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх эрх зүйн үндэслэл болсон Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаар тогтоол, Х- аймгийн Засаг даргын 2005 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 222 дугаар захирамж, улсын бүртгэлийн гэрчилгээ хуулийн хүчин төгөлдөр байна. Мөн түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 264 дүгээр тогтоол, Х- аймгийн Засаг даргын 1996 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 243 дугаар захирамжаар татан буугдсан Санхүү, аж ахуйн тасгийг алба нэрээр сэргээн байгуулж, Засгийн газрын бодлого, шийдвэрийг илтэд зөрчжээ. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Нийтлэг үйлчилгээний алба гэсэн бие даасан хуулийн этгээдийг Санхүү, аж ахуйн алба, үйлчилгээний алба болгон өөрчлөх, татан буулгах эрх хэмжээгүй.

1.2. Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Нийтлэг үйлчилгээний албаны бүтэц, орон тоог дарга, ажилтан нарын төрийн үйлчилгээний албан хаагч 32 байхаар, Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/50 дугаар тушаалаар Нийтлэг үйлчилгээний албаны бүтэц, орон тоог дарга, ажилтан нарын төрийн үйлчилгээний албан хаагч 28 байхаар, Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн А/05 дугаар тушаалаар Нийтлэг үйлчилгээний албаны бүтэц, орон тоог дарга, ажилтан нарын төрийн үйлчилгээний албан хаагч 35 байхаар тус тус тогтоожээ. Дээрх 3 тушаалд Нийтлэг үйлчилгээний албыг хуваалгүйгээр бүтэц, орон тоонд зарчмын шинжтэй өөрчлөлт хийгээгүй байна. Нийтлэг үйлчилгээний албыг байгуулснаас хойш 2018 оны 11 дүгээр сарыг хүртэлх хугацааг тус албаны даргаар Д.Б-, Б.Ж-, Д.Э- нарын хүмүүс ажиллаж байжээ. Гэтэл Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар Нийтлэг үйлчилгээний албыг Санхүү, аж ахуйн алба, Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний алба болгон хуваасан нь эрх зүйн зөрчилтэй, бодит байдалд нийцэхгүй, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль бус шийдвэр болох нь батлагдана.

1.3. Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/64 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Д.Э-ийг Нийтлэг үйлчилгээний албаны даргаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулж, төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийн ТҮ-9-1 дэх шатлалаар цалинжуулахаар шийдвэрлэжээ. Гэтэл Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажлыг байрыг менежер болгож, ТҮ-8-1 ангилал, зэрэглэл, шатлалд хамааруулснаас цалингийн зөрүү гарч, уг зөрүүний хэмжээгээр ур чадварын нэмэгдэл буурч тооцогдон нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордож, хөдөлмөрлөх эрх нь зөрчиж байна.

1.4 Нийтлэг үйлчилгээний албаны улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан үйл ажиллагааны үндсэн чиглэл, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд нэхэмжлэгч Д.Э- нь Засаг даргын зөвлөх, нарийн бичгийн дарга, нягтлан бодогч, нярав, бичиг хэргийн эрхлэгч, бичээч, сахиул, засварчин, цахилгаанчин, слесарь, жолооч, үйлчлэгч, жижүүр зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, хүний нөөцийн шийдвэр гаргах эрхтэй, төсвийн шууд захирагч, Тамгын газрын цэвэрлэгээ, үйлчилгээ, сантехникийн үйл ажиллагаа эрхлэх чиг үүрэгтэй төрийн үйлчилгээний байгууллагын удирдлага юм. Гэтэл хариуцагчаас Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоох замаар нэхэмжлэгч Д.Э-ийн Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажлын байрыг Санхүү, аж ахуйн албаны дарга болон Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний албаны менежер болгон хуваах замаар хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжгүй болгож, эрх зүйн байдлыг дордуулж, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн.

1.5. Монгол Улсын Засгийн газраас 1996 оноос 2018 оны хооронд аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг баталж, 13 удаагийн тогтоол гаргажээ. Х- аймгийн Засаг даргаас 2000 оны 2016 онуудын хооронд аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог баталж, 6 удаагийн захирамж гаргажээ. Уг Засгийн газрын тогтоол, Х- аймгийн Засаг даргын захирамж зэрэгт Нийтлэг үйлчилгээний албыг аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд хамааруулаагүй байна. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байсан. Нийтлэг үйлчилгээний газрыг 2003 оноос татан буулгаж, Засаг даргын Тамгын газрын цэвэрлэгээ, үйлчилгээ, сантехникийн үйл ажиллагааг эрхэлдэг Нийтлэг үйлчилгээний албыг Засаг даргын Тамгын газрын дэргэд бие даасан хуулийн этгээдийн статустайгаар байгуулжээ. Иймдээ ч аж ахуйн нэгж, байгууллагын 2011, 2016 оны улсын тооллогын баримтаар Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний алба нь Засаг даргын Тамгын газрын бүтэц, зохион байгуулалтын нэгж бус бие даасан хуулийн этгээдээр хамрагджээ.

2. Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/197 дугаар тушаалын 40 дэх заалт буюу Д.Э-ийг Нийтлэг үйлчилгээний албаны даргаас чөлөөлсөн хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталж, үндэслэлээ тодорхой заасан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргахыг шаарддаг. Гэтэл Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн дээрх тушаалуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасныг баримтлаагүй, Д.Э- надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээ тусгаагүй, эрх зүйн зөрчилтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдснаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэжээ. Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Нийтлэг үйлчилгээний алба гэсэн хуулийн этгээд татан буугдаагүй, нэхэмжлэгч Д.Эрдэнцэцэгийн Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажил, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэжээ. Нэхэмжпэгч Д.Э- нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүү Б.М-ыг төрүүлсэн, гурван нас хүрээгүй байхад түүний ажлын байрыг хадгалахын оронд Нийтлэг үйлчилгээний албаны даргаас чөлөөлсөн нь хуулийн дээрх хориглолтыг зөрчиж байна.

3. Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/198 дугаар тушаалын 63 дахь заалт буюу Д.Э-ийг үйлчилгээний албаны менежерээр томилсон хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Хариуцагчаас нэхэмжлэгчтэй Санхүү, аж ахуйн албаны дарга болон Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний албаны менежер ажлын байранд шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолт батлаагүй болно. Нэгэнт хариуцагчаас нэхэмжлэгчийг Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажлаас чөлөөлсөн тушаал хууль бус тул нэхэмжлэгчийг Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний албаны менежерээр томилсон шийдвэр хууль бус юм.

4. Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/02 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Санхүү, аж ахуйн тасгийн бүтэц, орон орон тооны 1 дэх заалт буюу Тасгийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч гэсэн хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Хариуцагч Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 264 дүгээр тогтоол, Ховд аймгийн Засаг даргын 1996 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 243 дугаар захирамжаар татан буугдсан Санхүү, аж ахуйн тасгийг сэргээн байгуулжээ. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8-т Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй гэж заасантай нийцэхгүй байна.

5. Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/02 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний тасгийн бүтэц, орон тооны 1 дэх заалт буюу Тасгийн дарга гэсэн хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Төрийн болон орон нутгийн 9 дүгээр зүйлийн 5-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өмчит хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөх, татан буулгах тухай шийдвэр гаргах, түүний дүрмийг батлах-ыг Монгол Улсын Засгийн газрын эрх хэмжээнд хамааруулжээ. Хуулийн дээрх заалтын дагуу Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Нийтлэг үйлчилгээний алба гэсэн бие даасан хуулийн этгээдийг Санхүү, аж ахуйн тасаг, Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний тасаг болгон өөрчлөх, татан буулгах эрх хэмжээгүй. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/02 дугаар тушаал гаргаснаа Д.Э-т гардуулаагүй, мэдэгдээгүй бөгөөд танай шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хянан шийдвэрлэгдсэн иргэний хэргийн материалаас уг тушаалтай таницсан болно.

6. Нэхэмжлэгч Д.Э-ийг урьд эрхэлж байсан Х- аймгийн Засаг даргын Тамын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд: Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараах тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй гэжээ. Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Д.Э-ийг Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/64 дүгээр тушаалаар томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулсан Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоохыг хүсье.

7. Нэхэмжлэгч Д.Э-ийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг дуустал хугацааны цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговор гаргуулах шаардлагын тухайд: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэжээ. Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Д.Э-ийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлсний зөрүүг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохыг хүсье.

8. Нэхэмжлэгч Д.Э-ийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг дуустал хугацааны цалин хөлсний зөрүүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлагын тухайд: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46.2-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэжээ. Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Д.Э-ийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг дуустал хугацааны цалин хөлсний зөрүүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахыг хүсье. Д.Э- өмнө нь ТҮ-9-1 гэсэн ангиллаар цалинжиж байсныг ТҮ-8-1 болгож өөрчилсөн. Цалин хөлсний тухайд цалингийн зөрүүг нэхэмжилж байгаа. ТҮ-8-1 гэдэг шатлалаар нэхэмжлэгчийн цалин нэхэмжлэгчийн цалин хөлс сар сардаа орж байгаа. 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 8 дугаар сарын дуустал ТҮ-8-1 гэсэн шатлалаар цалин хөлс орсон. Тиймээс ТҮ-9-1, ТҮ-8-1 гэдэг шатлалын цалингийн зөрүүг нэхэмжилж байгаа. Энэ хугацаанд Засгийн газрын тогтоолоор төрийн албан хаагчийн цалин 2 удаа өөрчлөгдсөн. Тиймээс 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн дуустал хугацааны цалин хөлсний зөрүү 1.365.028 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл цалингаа бүтнээр нэхэмжилж байна. Яагаад гэвэл 2019 оны 9 дүгээр сарын цалин ороогүй байгаа гэжээ.

Хариуцагч Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г- 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Х- аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ...Өнөөдрийн шүүх хуралдаанд Х- аймгийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлж оролцож байна. Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч 6 үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1. Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Д.Э-ийг менежерээр баталсан хэсгийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага байна. Би өнөөдрийн шүүх хуралдаан дээр Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн тушаалыг гаргаж өгсөн. Энэ тушаалаар Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгосон. Нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцсэн эсэхийг шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна.

2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-д Засаг даргын Тамгын газар нь хэлтэс, тасагтай байна гэж заасан байгаа. Алба байх ёсгүй. Хуулиас давсан шийдвэр гэж байхгүй. Засгийн газраас тогтоол гаргаад Нийтлэг үйлчилгээний албыг заавал байгуулаарай гэж хуулиа зөрчихгүй байх. 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Засаг даргын Тамгын газар хэлтэс тасагтай байна гэсэн үндэслэлээр нийтлэг үйлчилгээний албаны даргаас чөлөөлж менежер гэсэн албан тушаалд томилсон. 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би өөрөө ажилд томилогдоогүй байсан. Тушаал гаргаад бүтэц орон тоог баталсан байсан. Хуульд нийцүүлж бүтэц орон тоогоо баталсан.

3. Хуульд алба гэж байхгүй учраас хуульд нийцүүлж менежерээр томилсон.

4. Нэхэмжлэгч хуульд байхгүй бүтэц орон тоог бий болгоод намайг буцаагаад томилох ёстой гэсэн агуулга явж байна. Хуулиас давсан шийдвэр гаргаад албыг бий болгоод нэхэмжлэгчийг томилохгүй байх гэж найдаж байна.

5. Бүтэц орон тоог батлах эрх нь Засаг даргын Тамгын газарт хадгалагддаг. 2003 онд нийтлэг үйлчилгээний тасгийг татан буулгаад эрхийг нь Засаг даргын Тамгын газарт харьяалуулсан. Харьяалуулна гэдэг нь энэ албыг татан буулгах, бүтэц орон тоог нь өөрчлөх эрх нь Засаг даргын Тамгын газар буюу Засаг даргын Тамгын газрын даргад хадгалагддаг. Нийтлэг үйлчилгээний алба нь галч, үйлчлэгч, харуул, жолоочтой байна гэсэн Засгийн газрын тогтоолыг өнөөдрийн байдлаар олж хараагүй байна. Бүтэц орон тоог Засаг даргын Тамгын газрын дарга тушаалаараа хуваарилдаг.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа нэхэмжлэгчийг төсвийн шууд захирагч гэж байна. Төсвийн шууд захирагч нар сонгон шалгаруулалтад орж томилогдсон байдаг. Албаны дарга ТҮ-9 шатлалаар цалинждаггүй, ТҮ-8 шатлалаар цалинждаг. Үндсэн цалингийн зөрүү байхгүй. Цалингийн зөрүү байвал үр дүнгийн урамшуулал байгаа байх. ТҮ-9 шатлалаар цалинжих нь үндэстэй эсэхийг шүүхээс анхаарна уу. Миний хэлсэн тайлбаруудыг шүүхээс анхаарч үзнэ үү гэжээ.

Хариуцагч Х аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц- 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Буянт багийн иргэн Д.Э-ийн нэхэмжлэлтэй, Х- аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбар хүргүүлж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.2-т Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газраас тогтоох бөгөөд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь хэлтэс, тасагтай байна мөн 33.4-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэж эрх олгосны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай А/02 дугаар тушаалаар бүтцийг баталж нэхэмжлэгч Д.Э-ийг Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний тасгийн даргаар ТҮ-8 ангилал зэрэглэлээр цалинжуулахаар шийдвэрлэсэн. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын дээрх тушаал нь хууль тогтоомж зөрчөөгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Н- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагаас гуравдагч этгээд надтай хамааралтай шаардлага нь Б.Н-ийг Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, аж ахуйн албаны даргаар томилсныг хүчингүй болгуулах тухай шаардлага байна. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албыг үүсгэн байгуулагч нь Х- аймгийн Засаг даргын Тамгын газар бөгөөд тус хуулийн этгээдийн дүрмийн дагуу тухайн албыг татан буулгах, бүтэц орон тоог нь батлах эрх тухайн этгээдэд хадгалагддаг. Энэ эрхийн хүрээнд Засаг даргын Тамгын газар нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу Санхүү, аж ахуйн тасгийг байгуулж, даргаар нь намайг томилсон. Энэхүү тушаал нь хуулийн дагуу гарсан, миний бие хуулийн дагуу томилогдсон. Иймд нэхэмжлэлд дурдсан гуравдагч этгээдэд хамааралтай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э- нь хариуцагч Х- аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан 8 шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Х- аймгийн Засаг даргын Тамгын газраас Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М- нь шүүх хуралдаан дээр Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, аж ахуйн албаны бүтэц, орон тоо гэсэн хэсгийн 1 дэх заалт буюу Албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч гэсэн хэсгийг, мөн даргын 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/02 тоот тушаалын 2 дугаар хавсралтын Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, аж ахуйн тасгийн бүтэц, орон тоо гэсэн хэсгийн 1 дэх заалт буюу Тасгийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлагаасаа татгалзсан тул энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Н-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагч байгууллагад холбогдуулан гаргасан шаардлагуудаас Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны А/195 дугаар тушаалыг мөн даргын 2019 оны А/02 тоот тушаалаар хүчингүй болгосон байх тул нэхэмжлэлийн А/195 дугаар тушаалтай холбоотой хэсэгт дүгнэлт хийхгүй, тухайн тушаалтай холбоотой маргааныг хянан шийдвэрэх шаардлагагүй болсон болно.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх Х- аймгийн Засаг даргын 1996 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 243 дугаар захирамжаар Нийтлэг үйлчилгээний газар-ыг байгуулсан байх ба улмаар тус Засаг даргын 2005 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 222 дугаар захирамжаар тухайн газрыг татан буулгаж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний алба-ыг байгуулж, албаны бүтэц, орон тоог тогтоож, Засаг даргын Тамгын газрын даргын 2005 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 57 тоот тушаалаар тус албаны дарга, бүтцийг тогтоож, томилсон байна.

Улмаар 2007 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний алба төрийн байгууллага, төсөвт үйлдвэрийн газрыг улсын бүртгэлд бүргүүлж, холбогдох гэрчилгээ авсан, мөн 2011 оны 5 дугаар сарын 03-ны өдөр тухайн албыг Аж ахуйн нэгжийн улсын тооллого-д оруулж тоолсон баримт хэргийн 1 дүгээр хавтасны 79-80 дугаар хуудаст авагджээ.

Хэдийгээр Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албыг улсын бүртгэлд бүртгүүлж, хуулийн этгээдийн гэрчилгээ олгогдсон байгаа хэдий боловч 2005 оноос хойш тухайн алба нь Засаг даргын Тамгын газарт харьяалагдаж, тухайн газрын ажилчдын ажиллах нөхцөл, албан өрөөний цэвэрлэгээ, бусад үйлчилгээг үзүүлдэг нэгж болох нь Д.Э-ийн өмнө Засаг даргын Тамгын газрын даргатай байгуулсан Ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээ зэргээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, Нийтлэг үйлчилгээний алба нь тусдаа хуулийн этгээд хэмээн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлах боловч тухайн алба нь тусдаа зарцуулсан төсөв, хөрөнгөгүй, Засаг даргын Тамгын газраас тусдаа бие даасан статустай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тогтоогдохгүй байна.

Ийм учир Нийтлэг үйлчилгээний алба-ыг Засаг даргын Тамгын газрын харьяа нэгж гэж үзэх бөгөөд тухайн албаны бүтэц, орон тоог Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 33.4-т зааснаар Засаг даргын Тамгын газрын дарга Засаг даргатай зөвшилцөн, Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан тогтоож, ажилчдыг томилж, чөлөөлөхөөр хуульчлагджээ.

Гэвч хавтаст хэрэгт Засаг даргатай зөвшилцсөн тухай ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болон 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр тус тус хоёр удаа Бүтэц, орон тоо шинэчлэн баталсан байх боловч Засаг даргатай зөвшилцсөн эсэх нь тодорхойгүй байна.

2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хууль-ийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.1, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1- зааснаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний алба, Нутгийн удирдлагын ордоны үйлчилгээний тасгийн албан хаагчид нь Төрийн үйлчилгээний албан хаагч байх ба тухайн албан хаагчид хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллахаар зохицуулагдсан буюу тэдний хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана.

Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-д заасан үндэслэлүүдээр Д.Э-ийг Нийтлэг үйлчилгээний албаны даргын албан тушаалаас чөлөөлөхдөө 30 хоногийн өмнө мэдэгдээгүй, мөн аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэх заалтын аль үндэслэлээр түүнийг тухайн албан тушаалаас чөлөөлсөн нь тодорхойгүй, энэ тухай эрхийн акт гаргасан эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдохгүй байна.

Түүнчлэн 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т зааснаар Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албыг хуваах замаар зохион байгуулалтын бүтцийг өөрчилсөн боловч төрийн албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол Д.Э-ийг тухайн албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэйг заасан байх ба зохигчдын шүүхэд гаргаж буй тайлбарууд, Тамгын газрын даргын бүтэц, орон тоо баталсан холбогдох тушаалуудаас үзэхэд Д.Э-ийн Нийтлэг үйлчилгээний албаны дарга байхдаа гүйцэтгэж байсан чиг үүрэг нь Үйлчилгээний албаны менежер, Нутгийн удирдлагын ордоны үйлчилгээний тасгийг дарга болсны дараа ч гүйцэтгэж байгаа чиг үүргүүд нь хэвээр үлджээ.

Өөрөөр хэлбэл, Д.Э- нь өмнө нь гүйцэтгэж байсан үүргээ одоо ч гэсэн гүйцэтгэж байх бөгөөд үүнээс Засаг даргын Тамгын газрын даргын бүтэц, орон тоо баталсан тушаал үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

Мөн Д.Э- нь гурван нас хүрээгүй хүүхэдтэй эх байх ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасан зарчим, мөн төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглосон заалтууд мөн зөрчигджээ.

Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 100 дугаар зүйлийн 100.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.8, 128.1.9-т зааснаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/197 тоот тушаалын 40 дэх заалт буюу Д.Э-ийг Нийтлэг үйлчилгээний албаны даргаас чөлөөлсөн хэсгийг, мөн даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/198 тоот тушаалын хавсралтын 63 дахь заалт буюу Д.Э-ийг Үйлчилгээний албаны менежерээр томилсон хэсгийг, мөн даргын 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/02 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн удирдлагын ордоны үйлчилгээний тасгийн бүтэц, орон тоо гэсэн хэсгийн 1 дэх заалт буюу Тасгийн дарга гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Э-ийг урьд эрхэлж байсан Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4, 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.4-т зааснаар хариуцагч Х- аймгийн Засаг даргын Тамгын газраас цалин хөлсний зөрүү 1.365.028 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Э-т олгох нь зүйтэй байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Э-ийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч Х- аймгийн Засаг даргын Тамгын газраар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Х- аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгав.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Д.Э- нь ажилд эгүүлэн тогтоолгох, тушаалуудын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, харин цалингийн зөрүү 1.365.028 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 36.790 төгрөгийг Д.Э-ээс гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд нөхөн төлүүлж, хариуцагч Х- аймгийн Засаг даргын Тамгын газраас 36.790 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Э-т олгох нь зүйтэй.

2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 09.00 цагт болох шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г-, П.Ц-, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Нямдэлгэр нарт 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр, хариуцагчийн өмгөөлөгч Н.О-т 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр тус тус мэдэгдсэн боловч тэд хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4, 100.5-д зааснаар тэдний эзгүйд хэргийг хэрэгт авагдсан нотлох баримт, урьд гаргасан тайлбар зэрэгт үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 100 дугаар зүйлийн 100.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.8, 128.1.9-т зааснаар Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/197 тоот тушаалын 40 дэх заалт буюу Д.Э-ийг Нийтлэг үйлчилгээний албаны даргаас чөлөөлсөн хэсгийг, мөн даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/198 тоот тушаалын хавсралтын 63 дахь заалт буюу Д.Э-ийг Үйлчилгээний албаны менежерээр томилсон хэсгийг, мөн даргын 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/02 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн удирдлагын ордоны үйлчилгээний тасгийн бүтэц, орон тоо гэсэн хэсгийн 1 дэх заалт буюу Тасгийн дарга гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Э-ийг урьд эрхэлж байсан Х- аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М- нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, аж ахуйн албаны бүтэц, орон тоо гэсэн хэсгийн 1 дэх заалт буюу Албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч гэсэн хэсгийг, мөн даргын 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/02 тоот тушаалын 2 дугаар хавсралтын Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, аж ахуйн тасгийн бүтэц, орон тоо гэсэн хэсгийн 1 дэх заалт буюу Тасгийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг дурдсугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4, 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.4-т зааснаар хариуцагч Х- аймгийн Засаг даргын Тамгын газраас цалин хөлсний зөрүү 1.365.028 /нэг сая гурван зуун жаран таван мянга хорин найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Э-т олгосугай.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Э-ийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч Х- аймгийн Засаг даргын Тамгын газраар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Х- аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Д.Э- нь ажилд эгүүлэн тогтоолгох, тушаалуудын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, харин цалингийн зөрүү 1.365.028 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 36.790 төгрөгийг Д.Э-ээс гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд нөхөн төлүүлж, хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас 36.790 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Э-т олгосугай.

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Н-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй болохыг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ГЭРЭЛТУЯА