Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 380

 

 Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 10 дугаар баг, Тээврийн хорооны 7 тоотод оршин суух, 1996 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЛ96081588, Таргуд овогтой Отгонбаярын Оюунсувдын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, 11 дүгээр баг, 4-3 тоотод оршин суух, 1991 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ91102618, Тугтан овогтой Дамдинсүрэнгийн Энхболдод холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Оюунсувд, хариуцагч Д.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Оюунсувд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Энхболдтой 2014 онд танилцаж, миний аав ээжтэй хамт 5 жил амьдарч ирсэн. Ингээд 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр охин Э.Өнөрзаяаг төрүүлсэн бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Д.Энхболд нь АЗЗА компанид ажилд оруулахад архи ууж танхайрч хамт олонтойгоо таарч тохирохгүй болоод гарсан. Ажиллаж байх хугацаандаа гэр орондоо цалин хөлс гэж ерөөсөө авч ирж байгаагүй. Эхнэр хүүхдээ тэжээж амьдрах ёстой гэсэн ямар ч үүрэг хариуцлага байхгүй. Бид гурвыг манай эцэг эх хооллож, хувцаслаж байсан. Эцэг эх маань тусад нь байлгаж үзье гээд бид нарт жижиг гэр барьж өгсөн. Хамт амьдарч байх хугацаандаа хэд хэдэн удаа намайг багалзуурдаж, цохиж байсан. Миний төрсөн ахын 16 настай хүүхэдтэй хүртэл хардаж цохиж байсан. Намайг маш их хардаж хаашаа ч гаргадаггүй, би гарах болохоор надтай дандаа хамт гардаг байсан. Мөн амьдрах хугацаандаа гэр бүлээс гадуур янз бүрийн хүмүүстэй дотно харьцаанд орж байсныг би мэдсэн. Гэртээ нөхөр хүн шиг, эцэг хүн шиг ерөөсөө байж үзээгүй, гадуур хонож өнжөөд алга болчихдог. Иймд би цаашид гэр бүлийн хүчирхийлэлд айдастай амьдрах боломжгүй байна. Охин маань зөв хүмүүжилтэй хүн болоход эцэг эх бидний харьцаа зөв байх ёстой атал дандаа айдас хүйдэстэй, хэрүүлтэй байгаа тул цаашид үнэхээр амьдрах боломжгүй. Эвлэрүүлэн зуучлалд 2018 оны намар өргөдөл өгөхөд уйлж унжаад уучлалт гуйгаад байхаар нь эмэгтэй хүнийхээ хувьд алдаагаа дахин гаргахгүй байх гэж итгэж уучилсан. Үүний дараа ээж маань эсгийний үйлдвэрт ажилд оруулсан боловч 2 сар орчим ажиллаж байгаад нэг өдөр ажилдаа очихгүйгээр найзтайгаа хөдөө явсан байсан. Үүнээс хойш ажилдаа ч очоогүй, гэртээ ч одоо болтол ирээгүй. Эвлэрүүлэн зуучлал дээр очиход би Найз нөхөдтэйгээ уулзахаар гарахдаа чамайг дандаа дагуулж гарч байсан, чамд мөнгө төгрөг өгч дандаа гаргадаг байсан гэх мэтээр огт болоогүй зүйлийг ярьж, худал хэлж байсан. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Э.Өнөрзаяаг миний асрамжид өгч Д.Энхболдоос хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэй 2-3 удаа уулзсан боловч эвлэрэн хэлэлцэх боломжгүй байсан. Иймд нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Энхболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие О.Оюунсувдын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би гэрлэлтээ цуцлуулж, охиноо өнчрүүлмээргүй байна. Надад эхнэрээ зодож, дарамталсан удаа байхгүй. Бид хамтдаа хадам аав, ээжийнхээ дэргэд ажил хийн амьдарч байсан. Би ажил хийж цалингаа авч эхнэр, охиндоо зориулдаг байсан. Бид хамтдаа манай аавынд ирээд хэд хоноход хадам ээж залгаад дуудаад авчихдаг байсан. Намайг 2018 оны хавар Гэрээ бүрүүл, бүрүүлж чадахгүй бол бид нар гэр бүрээд өгье, эхнэр хүүхдээ хурдан ав гэж байнга дарамталдаг байсан. 2018 оны намар 10 дугаар сарын 01-ний өдөр манай аав гэр бүрж өгөөд манай хадмынд найр хуримын талаар ярилцах гэж очиход тэд Охиноо өгөхгүй гэж хэлсэн. Хадам ээж өнгөрсөн намраас хойш эхнэр бид хоёрыг хамт амьдруулахгүй гэж ярьдаг болсон. Би эхнэр хүүхдээсээ салахгүй, хамт амьдармаар байна. Эхнэр маань надтай яагаад эвлэрэхгүй гээд байгааг ойлгохгүй байна. Би одоо ч гэсэн эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Оюунсувд  нь хариуцагч Д.Энхболдод холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уг ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нар 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2012 оны 2 дугаар сарын 24-ний өдөр охин Тугтан овогтой Энхболдын Өнөрзаяа төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Гэтэл нэхэмжлэгч, хариуцагч нар 2018 оны 11 дүгээр сараас хойш тус тусдаа амьдарч байгаа, цаашид эвлэрэн хэлэлцэх боломжгүй гэх бөгөөд шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх 2 сарын хугацаа олгож, бүх талын арга хэмжээ авсан боловч эвлэрээгүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, 14.6-д зааснаар О.Оюунсувд, Д.Энхболд нарын гэрлэлтийг цуцалж, охин Э.Өнөрзаяаг эх О.Оюунсувдын асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Э.Өнөрзаяаг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Энхболдоор тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч О.Оюунсувдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172.411 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Энхболдоос 172.411 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Оюунсувдад олгох нь зүйтэй.

Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурдав.

 

                 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар О.О, Д.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

        2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Э.Ө эх О.О-ын асрамжид үлдээсүгэй.

         3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Э.Ө-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Э-оор тэжээн тэтгүүлсүгэй.

         4. Зохигчид эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.

     5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурдсугай.

         6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч О.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172.411 /нэг зуун далан хоёр мянга дөрвөн зуун арван нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-оос 172.411 /нэг зуун далан хоёр мянга дөрвөн зуун арван нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.О-д олгосугай.

       7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг Ерөнхий шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Н.ГЭРЭЛТУЯА