Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/91

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сонинмөнх,

Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Мхолбогдох эрүүгийн ___ дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 10 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Аргай толгой” гэх газарт иргэн П.Мишигдоржтой “...хонио уяанаас холуур туусангүй...” гэх тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

           

   Шүүгдэгч Д.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.” Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

___ дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

   Насанд хүрээгүй хохирогч П.Мишигдоржийн...2022 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагийн үед “Аргай толгой” гэх газрын баруун талаар Паагуур Мягмаржав гэх айлын хажуугаар хонио туугаад гарч байсан чинь уг айлын Паагуур гэх хөгшин...хонийг маань хөөж туугаад надтай хамт мал хариулж явсан манай дүү П.Эрдэнэтулгыг очоод заамдаад авахаар нь би салгах гээд очсон чинь тэр Паагуур гэх хүн улаан галзуу өөдөөс уурлаад чулуу аваад давшлаад байсан... нөгөө барьж байсан чулуугаараа миний нүүрэн тус газар зүүн нүдний орчимд нэг удаа цохисон. Би цохиулчихаад нүүрээ дараад байж байсан чинь дахиж бас зүүн талны нүдний орчимд нэг удаа цохичихоод яваад өгсөн. Шанг чинь хүртээж байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-7 хуудас/,

Гэрч Х.Пунцагбалжирын...манайх байгаа газарт ойрхон зусаж байгаа Паагуур Мягмаржав гэх... айл манайхтай бэлчээрийн маргаан үүсгээд байгаа юм. 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр өглөө хонинд явсан хоёр хүүг маань гэрийнхээ ойролцоо ойрхон өнгөрсөн гэх шалтгаанаар манай том П.Мишигдоржийг хонио хариулж байхад нь зодоод явуулсан байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 хуудас/,

Гэрч П.Эрдэнэтулгын...би төрсөн ах Мишигдоржийн хамт 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хонио “Бөхөөгийн” гол руу оруулж услах гээд явж байсан юм. Тэгээд туугаад явж байгаад айлын хажуу талаар оруулаад явж байхад Мягмаржав гэдэг хүн мотоциклтойгоо давхиж ирээд хонь туушиндаад буюу хонин дундуур гүйхээрээ ирсэн. Ирээд шууд ах бид хоёрт хандаж “яагаад малаа энүүгээр туугаад байгаа писдаанууд” вэ? наад малаа аваад зайл гэж хэлсэн. Мөн Мягмаржав гуай дахин бид хоёрт хандаж танайх урд Жанлав гэх айлыг буулгалаа, эднийх чинь одоо гай болж байна. Хулгайчийнхныг буулгалаа гэж хэлсэн. Би гайхаад та юу яриад байгаа юм бэ? манайх наад айлыг чинь буулгаагүй таних ч үгүй гэж хэлсэн. Гэтэл над руу уурлаад “чи юу гээд байгаа гөлөг” вэ? юу гээд цор цор хийгээд байгаан гээд буугаад ирсэн. Намайг шууд барьж аваад хоолой хасаг боогоод багалзуурдсан. Тухайн үед хажуугаас агаа Мишигдорж ирээд салгасан. Мишигдорж ах Мягмаржав гуайд хандаж та юу яриад байгаа бэ гэж хэлэхэд үгийн зөрөөгүй “хоёр муу шээсийг алнаа, тархийг чинь хага цохино” гэж хэлээд газраас чулуу аваад ахын нүд болон толгой хэсэгт 2-3 удаа чулуутай гараараа цохисон. Тэгээд би айгаад аавыгаа дуудахаар явсан. Тэгээд гэртээ очоод болсон зүйлийн талаар явсан. Буцаж ирээд ах дээрээ очоод гайгүй юу гэхэд “нүд харж болохгүй харанхуйлаад байна, дотор муухайраад байна, хэвтэхээр бөөлжих гээд сонин болоод байна” гэж хэлсэн. Бие нь дээрдэхгүй байсан тул ээж ахыг аваад аймаг руу эмнэлэг болон цагдаад хандахаар аваад явсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 110 хуудас/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1.П.Мишигдоржийн биед зүүн нүдний ухархайн хананы хугарал, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн 434 дугаартай дүгнэлт /хх-ийн 17-18 хуудас/,

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмч У.Нармандахын 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 18 цаг 30 минутад 16 настай, эрэгтэй, П.Мишигдоржийн толгойн компьютерт томографийн шинжилгээ хийсэн талаарх шинжилгээний дүгнэлт /хх-ийн 53 хуудас/,

Шүүгдэгч Д.Мын яллагдагчаар өгсөн: Би Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4-р багийн нутаг дэвсгэрт “Ар толгой” гэх газарт нутаглаж мал маллаж байгаа юм. Тухайн үед манай хөдөө гэрийн морины уяаны хажууд айлын хонь мал ороод ирсэн. Ингээд хоёр хүүхэдэд уяаны нэг талаар малаа гаргаарай гэж хэлсэн. Гэтэл Мишигдорж гэх хүүхдийн нөгөөх нь “чамд ямар хамаатай, хуваарилж өгсөн газар уу” гэж хэлсэн. Би тэгээд “чи юу яриад байгаа дэггүй хүүхэд бэ, чамд би ёс журмын хувьд хэлж байна” гэж хэлсэн. Тэгээд маргаад намайг багалзуур шахаж боосон. Намайг 2-3 удаа боогоод дараа нь хөл рүү өшиглөсөн. Тэр хоёр хүүхэд хоёул зэрэг боосон. Тэгээд би ухаан балартаад босож ирсэнийхээ дараа “би та хоёр даан ч хүүхэд юм даа, том хүн байсан бол тархийг чинь хага шүаачихмаар байна” гэж гараа тэнийлгэж байгаад хэлсэн. Өөр зүйл болоогүй гэх мэдүүлэг /хх-ийн 42 хуудас/,

            Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дугаар тал/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Д.М 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 10 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Аргай толгой” гэх газарт иргэн П.Мишигдоржтой “...хонио уяанаас холуур туусангүй...” гэх тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг гарсан цаг хугацаа орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх насанд хүрээгүй хохирогч П.Мишигдорж, Х.Пунцагбалжир, насанд хүрээгүй гэрч П.Эрдэнэтулга нарын  мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 434 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт ...өөрийн үйлдэл, эс үйлдэхйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг... ойлгоно.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцох гэж ойлгоно.

Улмаар шүүгдэгч Д.М нь насанд хүрээгүй хохирогч П.Мишигдоржийг зодож хөнгөн гэмтэл учруулж буй энэхүү үйлдэл, эс үйлдэхүйгээрээ Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг болох Арваннэгдүгээр бүлгийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн хохирол учруулсан гэсэн үндсэн шинжийг хангаж байна.

Түүнчлэн тухайн гэмт хэрэг нь шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, буудаж буй нийгэмд аюултай гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч биед хөнгөн хохирол, хор уршиг учирсан байх тул материаллаг бүрэлдэхүүнтэй, хохирол, хор уршиг учирснаараа төгссөн гэмт хэрэг юм.

Тэрээр хүний эрүүл мэндэд халдаж, түүнийг зодож, цохиж буй энэхүү өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн биед хөнгөн, хүнд гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр байна.

Иймд шүүгдэгч Д.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч П.Мишигдоржийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

 

Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

            Насанд хүрээгүй хохирогч П.Мишигдорж нь 332649 төгрөгний эмчилгээ болон бусад зардалтай холбоотой баримтыг ирүүлсэн ба шүүхийн шатанд шүүгдэгч 335359 төгрөг төлсөн баримтыг ирүүлсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хавтас хэргийн 31 дүгээр талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, 32 дугаар талд оршин суугаа хаягийн лавлагаа, 35 дугаар талд урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Д.М нь 65 настай, малчин, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдлыг тогтоожээ.

            Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Шүүгдэгч Д.Мт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Мт урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ДЭЛГЭРМӨРӨН