| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2022/0319/Э/223/2023/0020 |
| Дугаар | 2023/ШЦТ/99 |
| Огноо | 2023-03-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Хэрлэнчимэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,
Улсын яллагч М.Хэрлэнчимэг,
Хохирогч Т.Бархас,
Хохирогч Б.Г,
Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гхолбогдох 2034006200296 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь Төв аймгийн Батсүмбэр сум 1 дүгээр баг Суврагын 1-4 тоотод оршин суух Т.Бархасын хашаанд гүнийн худаг гаргаж өгнө гэх нэрийдлээр түүнийг хуурч 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн эгч Б.Гантунгалагийн Хаан банкны 5026760160 дугаарын дансаар 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
Мөн үргэлжилсэн үйлдлээр Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутаг Агьтын 1-13 тоотод оршин суух Б.Гхашаанд гүнийн худаг гаргаж өгнө гэх нэрийдлээр түүнийг хуурч 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр төрсөн эгч Б.Гантунгалагийн Хаан банкны 5026160160 дугаарын дансаар 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г нь мэдүүлэхдээ: ...2020 оны 5 дугаар сарын 10-нд очсон. Төв аймгийн Тунгалаг ус компанийн захирал нь н.Энхтуяа гэдэг хүн миний хуурай эгч. Хамтарч юм хийдэг. Намайг дэмждэг өөрөө настай хүмүүс. Зарим ажлаа надад өгч хийлгэдэг. Орос технологиор ухдаг төхөөрөмжтэй болсон эгчээ гэж хэлсэн. Тэгвэл Батсүмбэрт ийм ажил байна эгчийн дүү хийх үү явж худаг ухах уу гэсэн. Би шууд н.Бархас, н.Б.Г хоёртой харьцаж эхлээгүй. Нэг охин байсан. нэг эмгэн байсан. Эмээтэй бол тэр эмээ мөнгөө шилжүүлээд, тэр охинтой нь гэрээ хийсэн. Тэр охин Б.Бархас ахыг зааж өгсөн. Тэгээд Т.Бархас ахтай утсаар ярьсан. Б.Г эгчтэй н. Баатарсүх гэдэг холбож өгсөн. н.Бархас ахтай уулзаад Б.Г гэдэг айл хаана байдаг вэ? гээд заалгаад машинтайгаа очсон. Б.Г эгч компанийн менежер гэж мэдүүлэгт өгсөн байсан. Би өөрөө захирал нь байж менежер гэж хэлэхгүй. н.Б.Г эгч тэр үед миний иргэний үнэмлэхийг үзэж болох уу гэж гэрээ хийхдээ асуусан. Тэр дээр бол тэр компанийн захирал нь би байгаа болохоор тэрүүгээр л явсан. Зарим зүйлээ мартсан байна. Бүдэг бадаг санаж байна. Миний тэр өрөм механикаар ажилладаг өрөм байсан. Орос технологиор өрөмддөг. Одоо хийж байсан бүх зүйл нь байгаа. Тэр өрмийг тэр чигт нь гаргана гэж тооцоолсон байсан. Тэгсэн рулет гэдэг зүйл нь болохоо байгаад савлаад гороо чигчхээд явдаггүй юм аа гэж манай найз нөхөд хэлсэн. Тэгэхээр нь гялс гидре олно гэж бодоод тэр хүмүүс 7 хоноход гайгүй байх гэж бодсон. Гидрестэй болгох гэж янз янзын ноцоос тавьсан нөгөөдөх нь хоорондоо тохирдоггүй хугацаа алдаад ийм л юм болсон. Засвараа хийсээр байгаад мөнгөгүй болоод Өндөрширээт рүү ажилд яваад одоо хүртэл өрөм тэнд байгаа... гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Бархас мэдүүлэхдээ: ...2020 онд анх хавар Төв аймгийн өрмийн компанитай, яриад энэ хүүхдийг дэмжиж ажил гэхээр нь энэ хүүхэдтэй гэрээ байгуулсан. Хамгийн сүүлд очихдоо за одоо болъё би худгийнхаа зөвшөөрлийг авъя гээд авсан. Араас нь их явсан. Утсаа авдаг байсан сүүлдээ утсаа авахаа байхаар нь залилуулсан гэж бодоод өргөдөл өгсөн. Өргөдөл өгснөөс хойш одоог хүртэл явлаа. Бид хоёроос улам нэмээд зардал гараад байдаг. Хэзээ яаж төлөх юм байгаа юм хохирлоо гаргаж авна. Ирж очиход гарсан бензин тосны зардлыг нэхэмжилж байна. Одоо гарсан зардал, худаг ухна гэж авсан 3 сая төгрөг, зардал 500,000 төгрөгийг нэхэмжилнэ... гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Г мэдүүлэхдээ: ...Би Б.Гтай манай ахлах теллер байшин бариад тэднийх худаг гаргаад тэдний н.Наранзул гэдэг охин надтай холбогдоод Төв аймгийн 1 компани худаг гаргадаг юм байна. Аройа гайгүй хямдхан гаргадаг юм байна. Хоёр гэвэл орос өрмөөр өрөмддөг юм байна. 4-5 айл болбол ирэх зардал нь багасаад өрмийн зардал нь багасдаг юм байна гэж хэлхээр нь за гээд гэрээ хийсэн... гэв.
2134000000268 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Т.Бархасын өгсөн: ...2022 оны 5 дугаар сарын 09-ний орой жижиг тэрэгтэй өөрийгөө Өндөр толгой дрилинг ХХК-ний ажилтан гүний худаг гаргуулна гэсэн үү гээд хашааны гадна ирээд уулзсан. Тэгээд өөрийгөө Б.Г гэж танилцуулаад гүний худаг гаргах гэрээг уг өдрөөр байгуулж Б.Гантунгалаг гэх хүний ХААН банкны 5026790160 данс руу 3.096.000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хийсэн. Тэгээд л тэрнээс хойш утсаар нь залгахаар өнөөдөр маргааш очно техникээ янзалж байна өрмөө янзалж байна танай худгийг орос өрмөөр ухах гэж байгаа гээд л ярьсан. Тэгээд 7 дугаар сард бүр гайхаад утсаар нь ярьсан чинь техникүүдээ янзалж байна. Та итгэхгүй бол эмээлтэд хүрээд ир гэхээр нь яваад очсон чинь нэг олон гүний өрөм тоног төхөөрөмжтэй хашаанд байсан. Тэгээд одоо удахгүй очоод гаргаад өгнө та намайг хүлээж бай гээд л, тэгээд утсаар нь ярихаар ахаа ажил явдал гараад говьд явж байна. Очоод шууд танай худгийг гаргаж өгнө гээд ярьсаар байгаад сүүлдээ утсаа авахаа больж утас нь холбогдохоо больсон. Аргаа бараад 8 дугаар сард өөр компаниар худгаа гаргуулсан. Одоо энэ хүнээс шилжүүлсэн мөнгөө авмаар байна. Гомдолтой байна. Нааш цааш явсан зардлаа нэхэмжилж гаргуулж авмаар байна... гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 5-7 дугаар тал/,
Хохирогч Б.Гөгсөн: ...2020 оны 4 сарын сүүлээр манай банканд ахлах теллер хийж байсан н.Баатарцогт хашаандаа худаг гаргуулах гэж байгаа олон айл ухуулбал үнэ нь хямд тусах юм байна. Худаг гаргадаг Төв аймгийн компани юм байна гэхээр нь утсыг нь аваад холбогдоод ярьсан чинь 5.500.000 төгрөгөөр гаргаж өгнө удахгүй очиж гэрээ байгуулна манай бусад худаг гаргадаг компаниудыг бодвол Орос өрмөөр ухдаг гэж яриад тэгээд 2020 оны 5 дугаар сарын 09-ний орой утас руу залгаад н.Бархас гэх айлд гэрээ хийж байна гэхээр нь гэртээ урьсан. Нэг залуу өөрийгөө н.Тулга худгийн Өндөр толгой дрилинг ХХК-ийн менежер байна гээд гэрээний маягт гаргаж ирээд гэрээ байгуулаад урьдчилгаа төлбөр гээд 3.000.000 төгрөгийг хийчих гээд явсан. Тэгээд өдөр болгон утасдаад танайх ганцхан үлдчихлээ бид нар одоо хотоос гарах гээд байна гэхээр нь 5 дугаар сарын 21-ний өдөр Хаан банкны 5026760160 дугаартай Гантунгалаг гэх хүний данс руу шилжүүлсэн. Тэгээд гэрээ дээрх 99726063 гэсэн утасны дугаар руу залгаад асуухаар 2-3 хоногийн дараа очно өрмөө янзалж байна гээд хойшлуулаад байсан. Сүүлдээ өгсөн дугаар нь холбогдохоо байгаад аргаа бараад өргөдөл гаргаж байна. Намайг хуураад ирэхгүй болохоор нь 9 сард өөр компаниар худгаа гаргуулсан. Одоо мөнгөө нэхэмжилж авна. Гомдолтой байна... гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 8-10 дугаар тал/,
Гэрч Г.Гантунгалагийн өгсөн: ...Би тухайн үед гадаад гарах санаатай өөрийн дансаа ашиглуулах мөнгө ихээр орж байх ёстой гээд төрсөн дүү Б.Гд ашиглуулж байсан юм. Тухайн үед мөнгө хэнээс ямар зорилгоор миний дансанд орж хэн хаашаа гарсан талаар мэдээлэл алга байна. ...Өндөр толгой дрилинг ХХК эзэмшдэггүй, тухайн үед дүү Б.Г л миний дансанд мөнгө хийлгэж оруулж гаргасан байна. Би сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 18-19 дүгээр тал/
Яллагдагч Б.Гантулгын өгсөн: ...Би 2020 оны 4 дүгээр сард худаг ус, гадаад худалдаа гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өөрийн нэр дээрх Өндөр толгой дрилинг ХХК-даа 14.000.000 төгрөгөөр худаг өрөмддөг өрөм аваад гэрээгээр орон нутаг, хувь хүнд худаг гаргаж өгөхөөр болсон юм. Хуучин засвартай механик өрөм авсан учир мөнгөний хэрэг гарч Төв аймгийн Батсүмбэр суманд худаг гаргуулах гэрээг Т.Бархас, Б.Г гэх хүмүүстэй 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр ирж гэрээ хийж гэрээгээ байгуулж урьдчилгаа тус бүр 3.000.000 төгрөгийг төрсөн эгч Б.Гантунгалагийн дансанд 6.000.000 төгрөгийг хийлгүүлсэн. Өрмөө 2 сар шахуу засаж гидэртэй болгох гэж хугацаа алдсан энэ үед гэрээ байгуулсан Т.Бархас ахтай хэд хэдэн удаа уулзаж учир байдлаа хэлсэн. Өрмөө бүрэн ажиллагаанд оруулж чадахгүй мөнгө санхүү хүндрэл гарч Төв аймгийн Өндөр ширээт суманд худгийн ажил авсан. Уг ажлаас олсон мөнгөөрөө Батсүмбэр суманд ирж гэрээ байгуулсан 2 хүнийхээ худгийг гаргаж өгнө гэж бодож төлөвлөсөн байсан ба уг ажил руу хамаг хөрөнгө мөнгө санхүү тоног төхөөрөмжөө зарцуулсан байсан. Уг газар нь Бүрэн, Өндөр ширээт, Эрдэнэсант сумын зааг нутаг байсан ба тус сумын иргэд албан тушаалтнуудын дунд маргаан гарч уг ажил зогссон. Улмаар байгууллагын цалин тавих мөнгөгүй ажилгүй болж ажилчид маань тараад явсан. Захиалга гэрээ хийсэн хүмүүс маань утсаар шахаж шаардаад үндсэндээ тэр үеэс дампуурч өрөнд орсон. Тэгээд өнөөдрийг хүртэл Өндөр ширээтийн Сүүж уулын энгэрт өрөм тоног төхөөрөмжөө авч чадаагүй тэндээ байж байгаа. Т.Бархас, Б.Г нарын хохирлыг ойрын хугацаанд барагдуулна. Би одоо худаг ус гаргах ажлаа бүрэн орхисноос тоногдож алга болсон байгаа. Мөн Цар тахал гарч хорио цээрийн дэглэмд хөл хоригдож үүний улмаас дампуурсан... гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 20-21 дүгээр тал/,
Монгол улс, Улсын бүртгэлийн гэрчилгээ: Өндөр толгой дриллинг ХХК-ийн 9011610100 дугаартай гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа... /1 дүгээр хавтаст хэргийн 42-43 дугаар тал/,
Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ, хохирогч Т.Бархасаас 3.096.000 төгрөгийг Г.Гантунгалагийн 5026760160 дугаар дансанд шилжүүлсэн Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ хохирогч Б.Гээс 3.096.000 төгрөгийг Г.Гантунгалагийн 5026760160 дугаар дансанд шилжүүлсэн Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга.../1 дүгээр хх-ийн 67-71, 74-76 дугаар тал/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Т.Бархас, Б.Г нарын мэдүүлэг, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгч Б.Гантулгын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Б.Г Төв аймгийн Батсүмбэр сум 1 дүгээр баг Суваргын 1-4 тоотод оршин суух Т.Бархасын хашаанд гүнийн худаг гаргаж өгнө гэх нэрийдлээр түүнийг хуурч 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн эгч Б.Гантунгалагийн Хаан банкны 5026760160 дугаарын дансаар 3.000.000 төгрөгийг,
Мөн үргэлжилсэн үйлдлээр Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутаг Агьтын 1-13 тоотод оршин суух Б.Гхашаанд гүнийн худаг гаргаж өгнө гэх нэрийдлээр түүнийг хуурч 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн эгч Б.Гантунгалагийн Хаан банкны 5026160160 дугаарын дансаар 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч тус тус залилсан гэм буруутай нь нотлогдож байна.
Залилах гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор тодорхой идэвхтэй үйлдэл хийж, ( хуурч, хуурамч баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, сүсэг бишрэлийг далимдуулж), өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, мөнгө, валют зэргийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Өөрөөр хэлбэл залилах гэмт хэрэг нь бусдын мөнгийг сайн дурын үндсэн дээр шилжүүлэн авч, гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн мөнгийг түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг ба шүүгдэгч Б.Г нь хашаанд гүнийн худаг гаргаж өгнө гэх нэрийдлээр, удаан хугацаагаар удахгүй очиж худаг гаргаж өгнө гэж хууран мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын мөнгийг шилжүүлэн авч залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч Б.Гантулгыг хуурч эзэмшигч, өмчлөлийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч Б.Гантулгын гэм буруу дээрээ маргаж, цагаатгах байр сууринаас тус тус оролцсон болно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Гантулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бусдын мөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Хохирогч хохирогч Т.Бархаст 3.287.600 төгрөг, хохирогч Б.Гт 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүгдэгч Б.Гантулгын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Бархаст 3.287.600 төгрөг, хохирогч Б.Гт 3.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, банкны дансны хуулга зэргээр нотлогддог.
Шүүхээс шүүгдэгч Б.Гантулгыг гэм буруутайд тооцсон тул энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Бархаст 3.287.600 төгрөг, хохирогч Б.Гт 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэж шүүгдэгч Б.Гас гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд завсарлуулсан.
Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаа дуусмагц шүүх хуралдааныг тогтоосон цагт эхлүүлэхэд шүүгдэгч Б.Г нь шүүхээс гаргасан хохирлыг нөхөн төлөөгүй бөгөөд төлөхөө илэрхийлсэн болно.
Шүүгдэгч Б.Гас хохирогч Т.Бархаст 3.287.600 төгрөг, хохирогч Б.Гт 3.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч Б.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн шүүгдэгч Б.Гантулгыг хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жил /нэг/ хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Хавтаст хэргийн 44 дүгээр хуудас иргэний үнэмлэхийн лавлагаа, 65 дугаар хуудас эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хавтаст хэргийн 47 дугаар хуудас оршин суугаа хаягийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тогтоосон баримтуудаар шүүгдэгч Б.Г нь Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 30 дугаар хороо хилчин 4 дүгээр гудамж 4 тоотод амьдардаг, нэр дээрээ үл хөдлөх эд хөрөнгөгүй зэрэг хувийн болон эд хөрөнгийн орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгч Б.Гантулгын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, хуульд заасан хорих ялыг сонгон 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хориг байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, 22.4.1 дэх заалт, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Тайж овогт Бямбаагийн Гантулгыг “бусдыг хуурч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гантулгыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Гоногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гас хохирол 6.287.600 (зургаан сая) төгрөгийг гаргуулан хохирогч Т.Бархаст (Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр башг Суваргын задгай 4 тоотод оршин суух) 3.287.600 төгрөгийг, хохирогч Б.Гт (Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн Агьтын 1-13 тоотод оршин суух) 3.000.000 төгрөгийг тус тус олгосугай.
5. Шүүгдэгч Б.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийт гэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Гд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН