Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2025/0423

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Э-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 02 сарын 09-ний өдрийн Захирамж хүчингүй болгох тухай 58 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахгүй байсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хууль бус эс үйлдэхүйгээс учирсан хохирол 174.418.496 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж нийгмийн даатгалын шимтгэлийн цахим программд өөрчлөлт хийлгүүлж баталгаажуулах тухай    

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн Ц.Э

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г

Хэргийн индекс: 117/2025/0002/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Э нь “Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 02 сарын 09-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 58 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахгүй байсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хууль бус эс үйлдэхүйгээс учирсан хохирол 174.418.496 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж нийгмийн даатгалын шимтгэлийн цахим программд өөрчлөлт хийлгүүлж баталгаажуулах”-аар маргасан байна.       

2. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6, 66 дугаар зүйлийн 66.1.3, 75 дугаар зүйлийн 75.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2.2, 57.7, 41 дүгээр зүйлийн 41.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Дундговь аймгийн Засаг даргаас Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 58 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахгүй байсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Ц.Э-д 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговор, хохиролд 174.418.496 төгрөгөөс зохих суутгалуудыг хасаж тооцон нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын шимтгэлийн цахим программд өөрчлөлт хийлгүүлж баталгаажуулахыг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж” шийдвэрлэсэн байна.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “...захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна", Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “...төрийн албан хаагчийн төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж тус тус заасан тул тухайн үед ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа нэр бүхий хүмүүсээс тайлбар авах шаардлагагүй гэж үзэв” гэж, мөн “Учир нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг тухайн хохирлыг арилгасан захиргааны байгууллага, эсхүл Төрийн албаны төв зөвлөл дээрх хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй ба хэнээс нэхэмжлэх нь тус байгууллагын шийдвэрлэх асуудал юм” гэж тус тус дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3.2 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17 5-д “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж тус тус заасан.

3.3 Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар хохирол хариуцахаар тодорхойлогдсон тодорхой этгээдүүдийг хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулаагүй нь хууль бус гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, тухайн шүүхийн шийдвэр хэрхэн гарахаас хамаарч тодорхой хэмжээний төлбөр хариуцах эсэх нь шийдвэрлэгдэх этгээдүүдийг эрх ашиг хөндөгдөхгүй, тайлбар авах шаардлагагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

3.4 Дээрхээс дүгнэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “” гэж заасантай нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

 

 

 

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүй, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч Ц.Э- нь Дундговь аймгийн Засаг даргад холбогдуулан “Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 02 сарын 09-ний өдрийн Захирамж хүчингүй болгох тухай 58 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахгүй байсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хууль бус эс үйлдэхүйгээс учирсан хохирол 174.418.496 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж нийгмийн даатгалын шимтгэлийн цахим программд өөрчлөлт хийлгүүлж баталгаажуулахшаардлага бүхий нэхэмжлэлийг гарган, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Тус аймгийн Засаг дарга Ц.М нь 2020 оны 12 сарын 28-ны өдөр Б/61 дүгээр захирамжаар намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан. Би энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч Монгол улсын Төрийн албаны зөвлөлд 2021 оны 01 сарын 06-ны өдөр гомдол гаргасан. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 02 сарын 09-ний өдрийн 58 дугаар тогтоолоор Дундговь аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Ц.Э-г ажлаас халах тухай Б/61 дүгээр захирамжийг хууль зүйн үндэслэлгүйд тооцож, хүчингүй болгон, Ц.Э-г урьд эрхэлж байсан Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл Дундговь аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 28-ны өдрийн Б/62 дугаар захирамжаар Л.Д-ыг Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж 2023 оны 08 сарын 01-нийг хүртэл ажиллуулсан. Ц.Э- намайг одоог хүртэл урьд эрхэлж байсан Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилсон шийдвэрийг гаргахгүй, Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүйг гаргаж байна” гэж тайлбарлан маргажээ.

4. Анхан шатны шүүх “Төрийн албаны зөвлөлөөс Ц.Э-г ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, төрийн албанд үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байхад хариуцагч эрүүгийн 21220010300205 дугаартай хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа ажилд томилох асуудлыг шийдвэрлэнэ гэх тайлбарыг гаргаж байсан нь хууль зүйн үндэслэлгүй юм … Иймд Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 58 дугаар тогтоолыг биелүүлж, Ц.Э-г Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар томилон ажиллуулаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус байсан бөгөөд түүний улмаас Ц.Э-гийн төрийн албанд ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна… хариуцагчид Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг заавал биелүүлэхийг хуулиар үүрэг болгосон байхад 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд үндэслэлгүйгээр биелүүлээгүй нь эс үйлдэхүй юм… Нөгөөтээгүүр Төрийн албаны зөвлөл 58 дугаар тогтоолоор Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгасан байхад хариуцагчаас өөр албан тушаалд томилох боломжтой талаар бичгээр илэрхийлж, улмаар эрх бүхий албан тушаалтан 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ц.Э-г Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилсон, энэхүү үйл баримтаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр Төрийн албаны зөвлөлийн 58 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангасан гэж тайлбарлах тул уг 58 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахгүй байсан эс үйлдэхүй хууль бус байсан болохоо хүлээн зөвшөөрсөн байнагэж дүгнэн, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

4.1. Учир нь анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Нэхэмжлэлд дараахь зүйлийг тусгана:”, 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл;”, 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна:”, 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн;” 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчсөн байх тул хэргийн оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад маргаж буй үндэслэл тус бүрд хамаарах, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэхээргүй, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

4.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 02 сарын 09-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 58 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахгүй байсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хууль бус эс үйлдэхүйгээс учирсан хохирол 174.418.496 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж нийгмийн даатгалын шимтгэлийн цахим программд өөрчлөлт хийлгүүлж баталгаажуулах” гэж тодорхойлон маргасан энэ тохиолдолд уг тогтоолыг үндэслэн гарсан шийдвэр, баримтууд болон түүнтэй холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг бүрэн тодруулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхээр байна.

4.3. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хууль бус болгуулахаар маргаж буй Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 02 сарын 09-ний өдрийн 58 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахгүй байсан эс үйлдэхүйгээр нэхэмжлэгчийг ажлаас халсан Дундговь аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/61 дүгээр захирамжийг хүчингүй болгосон төдийгүй түүнийг Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан тушаал томилсон, үүнийг хууль бус байсан болохыг тогтоолгосноор нэхэмжлэгчийн ямар эрх хэрхэн сэргэх зэргийг тодруулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчилд хамаарна.

4.4. Мөн нэхэмжлэгчээс Дундговь аймгийн Засаг даргад холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 58 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахыг Дундговь аймгийн Засаг даргад даалгах, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 115 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 776 дугаар тогтоолоор “урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол шийдвэрлэх эрх бүхий этгээд Төрийн албаны зөвлөлөөс Ц.Э-гийн гомдлыг хангаж, зөрчигдсөн эрхийг сэргээж, хууль бус тушаалыг хүчингүй болгон өмнө ажиллаж байсан албан тушаалд томилохыг даалгасан тогтоол гарсан, түүнийг заавал биелүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй албан тушаалтанд хуулийн дагуу албадлыг арга хэмжээ авах замаар биелүүлэх арга журмыг зохицуулсан байхад урьдчилан шийдвэрлэх журмаар эрх, ашиг сонирхол нь сэргээгдсэн иргэн /төрийн жинхэнэ албан хаагч/ шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, түүнийг захиргааны хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй.

4.4.1 Өөрөөр хэлбэл, төрийн албаны хууль дээдлэх, төрийн алба тогтвортой байх, захирах, захирагдах ёсыг баримтлах зарчмуудын хүрээнд Төрийн албаны тухай хуулиар Төрийн албаны зөвлөлийн хүний нөөцтэй холбоотой маргаан шийдвэрлэсэн шийдвэрийн гүйцэтгэл, албадлагын арга хэмжээг тусгайлан зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.2-т заасан нэхэмжлэл гаргах үндэслэлд хамаарахгүй.

4.4.2 Харин нэхэмжлэлийн “ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” тухай 2 дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд Дундговь аймгийн Засаг даргын гаргасан хууль бус тушаалын улмаас учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэл байхад тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу” гэж дүгнэн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа шийдвэрлүүлэх боломжтой агуулгаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулжээ.

4.5 Дараа нь нэхэмжлэгчээс дахин Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 02 сарын 09-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 58 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахгүй байсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хууль бус эс үйлдэхүйгээс учирсан хохирол 174.418.496 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж нийгмийн даатгалын шимтгэлийн цахим программд өөрчлөлт хийлгүүлж баталгаажуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 77 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэжээ.

4.6 Гэтэл хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “давж заалдах шатны шүүхийн тогтоол гарсны дараа ямар ч ажиллагаа хийгээгүй ... шүүгчийн туслах хэргийг архивласан гэж хэлсэн ... 58 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж намайг Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар томилсон” гэх тайлбаруудаас дүгнэн үзвэл нэгэнт хэрэгжсэн актын хүрээнд нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй, мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад хандаж байсан эсэх нь тодорхойгүй, түүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна.

4.7 Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус тохиолдолд тодруулж хэргийг шийдвэрлэх үүрэгтэй, шийдвэрлэх асуудал нь тодорхой бус нөхцөлд шүүхийн шийдвэр өөрөө тодорхойгүй, биелэгдэх боломжгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул анхан шатны шүүх маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөн засаж, маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

4.8 Мөн захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой хохирол нэхэмжилж байгаа бол ажилгүй байсан хугацааны цалин хөлсний задаргааг нарийвчлан тогтоох шаардлагатай бөгөөд шүүхээс энэхүү ажиллагааг хийгээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулаагүй, нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийг бүрэн дүүрэн тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                          Ц.САЙХАНТУЯА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ