Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2021/0747

 

 

 

 

 

 

 

 

                                                 

           

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, нэхэмжлэгч Ж.Д, түүний өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Хнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: “М” Ж.Д                                

Хариуцагч: УБЕГ

Гуравдагч этгээд: “К” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “К” ХХК-ийн хууль бусаар эзэмшсэн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, хуучин захын баруун талд байрлалтай 760 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилгын хөрөнгийн Ү-2******* дугаарт бүртгэсэн бүртгэл болон 0051550 тоот гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох тухай.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М” ХК болон Ж.Д нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“М” ХК нь анх 1993 онд өмч хувьчлалаар байгуулагдсан юм. Харин 1996 онд компанийн эд хөрөнгийг тухайн үеийн удирдлагууд хууль бусаар бусдад шилжүүлж, зарим хөрөнгийг өөрсдөө тохиролцон хоорондоо худалдсан юм. Эдгээр барилга дотроос "М” ХК-ийн эд хөрөнгийн бүртгэлийн 15-т бүртгэгдсэн байсан "Э*******-47" барилга нь хууль бусаар худалдаалагдаж олон хүний эрх ашгийг зөрчсөн байна.

Тодруулбал, "Э*******-47" барилгад түрээсээр ажиллаж байсан Ж.Д нь нийт 109 хүн бүрдүүлж 763000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгө оруулалтын бичгээр үнийг нь давуулан төлж байнгын ажлын байртай болохоор хувьчлалд оролцсон юм. Тухайн үед "М" ХК-ийн ТУЗ-ийн гишүүн О.О/нэрсийн жагсаалтын 104-т нэр нь байгаа/ нь бидэнтэй хамтран хөрөнгө оруулалт хийсэн.

Гэвч О.О, нягтлан О /нэрсийн жагсаалтын 101-д нэр нь байгаа/ нар нь бусад 108 хувьцаа эзэмшигчдийг хохироож, хөрөнгө оруулсан барилгад нь орох эрхгүй болгож, эрх ашгийг нь зөрчиж, О.Оганцаараа тус барилгыг эзэмшигч болсон.

Улмаар О.О Э*******-47 барилгыг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлж "М” ХК-ийн ажилтан Б.Б*******тэй нийлж “К” ХХК-г байгуулж луйвар хийж ажиллаж байна. Тэрээр өнөөг хүртэл Б.Б*******, Е.У******* нартай нийлж Э*******-47 үйлдвэрийн барилга, барилгад хамаарах газраас их хэмжээний орлого олж байна. Гэвч хөрөнгө оруулсан 108 хувьцаа эзэмшигч мөн “М” ХХК-ийн 3396 хувьцаа эзэмшигчдийг олон жил хохирч байна. Уг асуудлын талаар УБЕГгомдол гаргасан. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2021 оны 06 сарын 08-ны өдрийн 8/4137 тоот албан бичгээр хариу өгсөн, үүний дагуу шүүхэд хандаж байна.

Мөн "К” ХХК нь 2012 оны 05 сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Энэ маргаан нь дээрх эд хөрөнгөд халдсан, хана  цоолох, нураах ажиллагаатай холбоотой зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргаж байсан өөр утга агуулгатай маргаан юм. Өөрөөр хэлбэл дээрх маргаан бүхий барилгын өмчлөлтэй маргаан биш юм. /Шүүхэд гаргасан нэхэмжлэл, эвлэрсэн шүүгчийн захирамж, шүүхэд ирүүлж байсан баримт бичгийг хавсаргав./

Иймд “К” ХХК-ийн хууль бусаар эзэмшсэн Чингэлтэй дүүргийн 12-р хороо, хуучин захын баруун талд байрлалтай 760 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилгын хөрөнгийн Y******* дугаарт бүртгэлтэй 0051550 тоот гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү... “М” ХК-ийн хувьд н.О-ын эрх энэ компанид явж байснаараа зөрчигдөхгүй. Ийм учраас “К” ХХК О.О-ынбид нарын нэр дээр тоглож байгаа. “М” ХК 3400 хүний эрхийг сэргээх шийдвэр гаргаж өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “М” ХХК-ийн “БГС” ХХК-руу шилжүүлэхийг улсын бүртгэгч бүртгэхдээ бүртгэх ёсгүй үл хөдлөх хөрөнгийг бүртгэсэн байгаа. Ж.Д нь 20 жил нийтийн эрх ашгийн төлөө зүтгэж байгаа. Нэг байсан объектыг орц гарцтай нь тасдаад хууль бус захиргааны акт гаргасан байгаа юм. Энэ нь дуусдаггүй маргааны асуудал юм. “М” ХХК-ийн дүрмийг зөрчөөд төлөөлөн удирдах зөвлөл нь хууль бус тэмдэглэл гаргаад энэ компанийг хаасан байна гэдгийг тогтоосон. Газрын маргааныг мөн шүүхээр шийдвэрлэсэн. Объектоо дээрэмдүүлсэн ард түмэн эрхийнхээ төлөө тэмцэж Ж.Д нь шударга байдлын төлөө зөв шаардлага тавиад явж байгаа. Улсын бүртгэлийн газар үүргээ биелүүлээгүй гэж харж байна. “БГС” ХХК-д хууль бусаар өмчилж авсан баримтуудыг гаргуулж өгөөгүй. Хууль бус акт хэрэглэсэн нь санхүүгийн зохицуулах хорооны дүгнэлт үнэт цаасаар тогтоогдсон байгаа юм. Энэ хууль бус акт хэрэглэснийг төрийн эрх бүхий байгууллага тогтоосон учраас улсын бүртгэлийн газар хандсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүрэн үндэслэлтэй. Гол нь хууль бус захиргааны актыг хугацаа харгалзахгүйгээр хүчингүй болгож шударга ёсыг тогтоох гэдгийг хууль тогтоогч хэлж өгсөн энэ утгаараа илт хууль захиргааны актыг хүчингүй болгох нь үндэслэлтэй байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, хуучин захын баруун талд байршилтай агуулахын зориулалттай барилгыг анх 1997 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр "БГС" ХХК-ийн гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан Үйлдвэр, худалдаа үйлчилгээний “М” ХК-ийн 1996 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 126 дугаартай үндсэн хөрөнгө худалдах тухай ерөнхий захирлын тушаал, “М” ХК болон “БГС” ХХК /1 гишүүнтэй/ нарын хооронд байгуулсан 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн үндсэн хөрөнгө худалдан хүлээлгэн өгсөн тухай акт, Нийслэлийн газрын албанаас олгосон 1997 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн газар ашиглах гэрчилгээ, гэрээ, тус агуулахын зориулалтай барилгын фото зураг, палан зураг, “БГС” ХХК-ийн албан хүсэлт зэрэгт үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Y-2******* дугаарт бүртгэж, эд хөрөнгийн бүртгэлийн 1733 дугаартай гэрчилгээ олгосон байх бөгөөд 2001 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 85 дугаартай нотариатчийн гэрчилсэн хамтран өмчлөгч нэмэгдэх хэлцлээр иргэн Х.Б болон "БГС" ХХК-ийн өмчлөлд бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0++++++ дугаартай гэрчилгээ олгосон байна.

"БГС" ХХК болон иргэн Х.Б нар нь уг агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өргөтгөн 760 м.кв талбайтай, 121,466,000 төгрөгийн үнэлгээтэйгээр бүртгүүлэхийг хүссэн албан хүсэлт, 2001 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн мэдүүлэг болон бусад холбогдох нотлох баримтуудыг үндэслэн бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0051550 дугаартай гэрчилгээ олгосон байна. "БГС” ХХК-нь 2002 оны 06 дугаар сарын 01-ний өдөр татан буугдаж байгаатай холбогдуулан "К" ХХК-ийн өмчлөлд шилжүүлж байгаа 27 дугаартай нотариатчийн гэрчилсэн 2002 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлэх тухай хэлцэл, "К” ХХК-ийн 2002 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан мэдүүлэг, албан хүсэлт, “БГС" ХХК-г татан буугдсан тухай ЧД-ийн татварын хэлтсийн тооцооны хуудас болон бусад холбогдох нотлох баримтуудыг үндэслэн "К" ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 000060431 дугаартай гэрчилгээ олгосон байна.

Бүртгэл нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйл 9.5-д "мэдүүлэгт энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлүүдийг тусгах бөгөөд дараах бичиг баримтыг хавсаргана: 1/тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нотлох баримт бичиг; 2/тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, үнэлгээг тогтоосон эрх 62 бүхий байгууллагын бичиг баримт;", 9.6-д "мэдүүлэгт хавсаргах баримт бичгийг нотариатаар батлан гэрчлүүлсэн байна.", 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Улсын бүртгэлд дор дурсан үндэслэлээр нэмэлт, өөрчлөлт оруулна: 1/үл хөдлөх эд хөрөнгө нь гэрээ , хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжих;... 3/үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ нь өөрчлөгдөх;" гэж заасны дагуу хуульд заасан шаардлагыг ханган, нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийг хийсэн байх бөгөөд энэ бүртгэл нь Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль, журмын дагуу хийгдсэн байна.

Иймд уг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү...  Хууль зөрчсөн гэж байна. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Үл хөдлөх эд хөрөнгийн тухай хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн гэдэг нь тодорхойгүй, хувийн хэрэгтэйгээ сайн танилцаж амжаагүй болов уу гэж харагдаж байна.” гэжээ.

Гуравдагч этгээд “К” ХХК 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... Нэхэмжлэгч “ М " ХК болон иргэн Ж.Д нар нь "К” ХХК-ийн хууль бусаар эзэмшсэн Чингэлтэй дүүргийн 12-р хороо, хуучин захын баруун талд байрлалтай 760 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилгын хөрөнгийн Ү-******* дугаарт бүртгэлтэй 0051550 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

"К” ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг анх 1997 онд “БГС" ХХК-ийн нэр дээр хүсэлт гаргаж улмаар улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 0+++++ дугаартай гэрчилгээг авсан байдаг. Улмаар өмчлөгч нь уг агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өргөтгөн 760 м.кв талбайтай, 121,466,000 төгрөгийн үнэлгээтэйгээр бүртгүүлэхийг хүссэн албан хүсэлтийг гаргаж 2001 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0+++++ дугаартай гэрчилгээг олж авсан байдаг  Үүнээс хойш өнөөдрийг хүртэл 20 жилийн хугацаа өнгөрсөн байна.

"БГС” ХХК 2002 онд татан буугдаж, компанийн эд хөрөнгө, өмчлөх эрхийг “К" ХХК-д шилжүүлэн бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн +++++++ дугаартай гэрчилгээг олж авсан.

Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг анх бүргэсэн шилжүүлэн бүртгэсэн бүртгэлүүд нь тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу бүртгэлд бүртгэгдэж өмчлөх эрхийг олж авсан бөгөөд иргэн Ж.Дгийн яриад байгаа шиг хууль бусаар өмчлөх эрхийг огт олж аваагүй болно.

Иргэн Ж.Д нь энэ мэтчилэн хууль бус нэхэмжлэлийг удаа дараа шүүхэд гаргадаг бөгөөд манай компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг эвдэн сүйтгэж нурааж байсан. Үүнийг нь цагдаагийн байгууллага, шүүхэд хандаж, Ж.Дгаар уучлалт гуйлгуулж эд хөрөнгийн хохирлыг шаардаж байсан. Ж.Д нь мөн манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар өмнө захиргааны хэргийн шүүхэд хандаж УДШ-ийн захиргааны хэргийн танхимаар нэхэмжлэлийн шаардлагыг нь хангахгүй орхиж шийдвэрлэсэн зэрэг үйл баримтууд байгаа болно. Энэ мэтчилэн иргэн Ж.Д нь үндэслэлгүй нэхэмжлэлийг гаргадаг. Энэ удаа ч бас ийнхүү шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэлийг гаргасан байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье.

Хоёрдугаарт Ж.Дгийн гаргасан нэхэмжлэлд дурдсан бүртгэлийн асуудал нь 1997 онд хийгдсэн бүртгэлийн асуудал байгаа тул ЗХШХШТХ-ийн 14 дүгээр зүйлд 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана ..." 14.3.Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана..." гэж заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул ЗХШХШТХ-ийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “... энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн...” гэж заасны дагуу нэхэмжлэлийг ЗХШХШТХ ийн 109.2-т “.... Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана...." гэж заасны дагуу татгалзаж өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “К” ХХК-ийн хувьд бодит нөхцөл дээр байгаа үл хөдлөх хөрөнгө хууль ёсны дагуу өмчлөл нь үүссэн. Тэрнээс хэн нэгнээс хулгай хийж дээрэмдэж аваагүй. Эзэмших эрх үүсээд 20 гаруй жил болж байна. Барилгын объект хуучирч муудсан 1980 оны барилга байгаа. Нийтдээ 3 шүүхээр явж маргаж байгаа. 2011 онд шүүхийн шийдвэрээр уучлалт гуйсан гэж Ж.Д гуай хэлж байна. Шүүхээр хэрэг маргаан шийдэгдээд Ж.Д гуай уучлалт гуйгаад хэрэг маргаан дууссан байсан. Манай үл хөдлөх хөрөнгийн ханыг нэвтлээд ухаад гараад ирсэн. Энэ талаар цагдаа дээр гомдол гаргаж өгсөн. Иргэний шүүх дээр нэхэмжлэл гаргаж өгсөн.

Энэ хэрэг нь shuukh.mn сайт руу хайхаар гараад ирж байсан. Нийтэд илэрхий зүйлийг худал хэлээд байж болохгүй. Захиргааны шүүхийн архивд 2019,2020 онд шийдсэн газрын маргаан байж байгаа. Одоо байгаа нэг давхар үл хөдлөх хөрөнгө газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэж Ж.Д гуай нэхэмжлэл гаргасан. Улсын дээд шүүх дээр хэрэг маргаан хянагдаад “К” ХХК нь хууль ёсны дагуу энэ газрыг авсан байна. Энэ үл хөдлөх хөрөнгийн жинхэнэ эзэмшигч нь мөн байна гэсэн баримтууд байгаа. “К” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх яаж үүссэн гэдгийг улсын бүртгэгч тодорхой ярьсан учир үүн дээр тайлбар хэлэх шаардлагагүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Ж.Д нь “М” ХХК-ийн асуудал яриад байна. Үүн дээр хууль ёсны дагуу өмч хөрөнгө явагдаад өндөр үнээр төлөөд авсан. Бодит нөхцөл байдал дээр шүүх үзлэг хийсэн байх гэж ойлгож байна. Баримтаар аваад Ж.Дгийн үл хөдлөх хөрөнгө манай “К” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө хил залгаа барилга болохоос дундуураа заагласан ханатай газар эзэмших эрх нь мөн зааглагдсан газар байгаа. Манай зүгээс өөрсдийн үл хөдлөх хөрөнгийн объектыг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа. Ж.Д нь энэ үйл явдлыг 2000 оноос хойш мэдээгүй гээд нэхэмжлэл гаргасан байна. Гэтэл хөрш залгаа байгаад 20 жил болж байна. Үүнийг мэдээгүй байна гэж байхгүй. Нэхэмжлэл шүүхэд гаргах хугацааг 20 гаруй жил хэтрүүлсэн байна. Маргааны гол үндэслэл нь манай газар дээгүүр дамжин орц гарцаа шийдэж байгаад орц гарцын маргаан үүсэж чадахгүй. Манайхыг орц гарц гаргаж өгөхгүй байна гэж маргаад байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна...

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлага илт хууль бусад тооцуулах үндэслэл байхгүй байна. Манайх бүртгэлийг хууль ёсны дагуу явагдсан гэдгийг улсын бүртгэгчийн гаргаж байгаа тайлбарыг дэмжиж байна. Нотлох баримт шинжлэн судалж байх явцад хангалттай үндэслэл тогтоогдож байгаа.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

“М” ХК болон Монгол Улсын иргэн Ж.Д нар нь тус шүүхэд хандан ““К” ХХК-ийн хууль бусаар эзэмшсэн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, хуучин захын баруун талд байрлалтай 760 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилгын хөрөнгийн Ү-++++++ дугаарт бүртгэлтэй 0+++++ тоот гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байсныг шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр ““Коллекшнцентр” ХХК-ийн хууль бусаар эзэмшсэн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, хуучин захын баруун талд байрлалтай 760 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилгын хөрөнгийн Ү-+++++++дугаарт бүртгэсэн бүртгэл болон +++++++ тоот гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” гэж өөрчилсөн болно.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Хэргийн үйл баримтын талаар:

1.1. Нэхэмжлэгч “М” ХК нь Монгол Улсын Засгийн газрын 1993 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Худалдаа үйлдвэрийн яамны Түүхий эдийн нэгдлийг хувьчлах тухай” 36 дугаар тогтоолоор байгуулагдсан.[1]

1.2. Нэхэмжлэгч Ж.Д нь тус компанийн хувьцаа эзэмшигчдийн нэг бөгөөд Гүйцэтгэх захирлаар ажилладаг.[2]

1.3. “М” ХК-ийн эд хөрөнгийн бүртгэлийн 15 дугаарт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Э*******-47” барилга бүртгэлтэй байсан.[3]

1.4. Монгол Улсын иргэн О.Онь 1996 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “БГС” ХХК-ийг байгуулж, тухайн үеийн Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс ++++++ регистрийн дугаар авч, 35/2755 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан.[4]

1.5. “М” ХК-ийн Ерөнхий захирлын 1996 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 126 дугаар тушаалаар дээр дурдсан “Э*******-47” барилгыг тухайн үеийн ханшаар 12300.0 мянган төгрөгөөр “БГС” ХХК-д худалдсан.[5]

1.6. “М” ХК-ийн Ерөнхий захирал болон “БГС” ХХК-ийн захирал нар 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “М ХК-ийн үндсэн хөрөнгө худалдан хүлээлгэн өгсөн тухай акт” үйлдсэн.[6]

1.7. “Э*******-47” барилгыг өөрийн бүртгэлд шилжүүлэн авсан “БГС” ХХК нь анх 1997 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тухайн үеийн бүртгэлийн байгууллагад үл хөдлөх хөрөнгө бүртгүүлэх тухай хүсэлт[7], мөн 1997 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг гаргаж[8], улмаар мөн өдрийн огноотой 1733 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан.[9]

1.8. Дараа нь 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн мэдүүлгээр бүртгэлд дахин үнэлгээ хийлгэж, 0039192 дугаартай гэрчилгээ[10], 2001 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хамтран өмчлөгч /иргэн Х.Б/ бүртгүүлж, ++++++ дугаартай гэрчилгээ[11], 2002 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн мэдүүлгээр бүртгэлд дахин үнэлгээ хийлгэж, +++++++++  дугаартай гэрчилгээг[12] тус тус гаргуулсан.

1.9. Улмаар “БГС” ХХК нь татан буугдаж, 2002 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 91 дугаартай албан тоотоор маргаж буй Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, хуучин захын баруун талд орших нийт 760 м.кв талбайтай агуулахын барилгыг өмчлөх эрхийг шинээр үүсгэн байгуулсан “К” ХХК руу шилжүүлэн бүртгүүлэх хүсэлтийг гаргаснаар тус барилгын өмчлөх эрх “БГС” ХХК-иас “К” ХХК руу шилжсэн.[13]

1.10. Нэхэмжлэгч нарын зүгээс “тухайн үеийн “М” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн байсан О.О, нягтлан Д.О нар бусад хувьцаа эзэмшигч нарыг хохироож, О.Онь ганцаараа тус “Э*******-47” барилгыг эзэмшигч болсон, хууль бусаар уг барилгыг өөрийн эзэмшилд шилжүүлсэн, уг барилга анхнаасаа “БГС” ХХК-д хууль бусаар шилжсэн, мөн хариуцагч улсын бүртгэлийн байгууллага тухайн үеийн Монгол Улсын Үнэт цаасны хорооны ажлын албаны 1997 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 164 дүгээр албан тоот[14] болон Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3/2180 дугаартай “М” ХК-ийн тухай албан тоотуудыг хайхралгүйгээр “БГС” ХХК болон хожим “К” ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийг бүртгэсэн нь илт хууль бус болсон” гэх зэргээр маргаж байна.

1.11. Хариуцагчийн зүгээс “... өмчлөх эрхийн улсын бүртгэлд анх бүртгэсэн болон шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийн үйл ажиллагаа нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд заасны дагуу явагдсан, хууль зөрчиж бүртгээгүй” гэх зэргээр, гуравдагч этгээдийн зүгээс “... гуравдагч этгээд нь нэхэмжлэгчийн яриад байгаа шиг хууль бусаар өмчлөх эрхийг олж авсан зүйлгүй, нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд, мөн хуулийн 54.1.8 дахь заалтад зааснаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэх зэргээр маргаж байна.

Хоёр. Хариуцагчийн бүртгэлийн үйл ажиллагааны хууль зүйн үндэслэлийн талаар:

2.1. Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага дахь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлтэй холбогдох үйл баримтууд нь 1996-2002 оны хооронд хамаарч байгаа бөгөөд тухайн үед энэхүү эрх зүйн харилцааг зохицуулж байсан хууль нь 1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль байх тул шүүх энэхүү хуулийг хэрэглэсэн болно.

2.2. 1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд, эсхүл тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийг /цаашид "мэдүүлэг" гэх/ тухайн үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар орших бүртгэлийн байгууллагад гаргана.” гэж заажээ.

2.3. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Мэдүүлэгт энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлүүдийг тусгах бөгөөд дараахь бичиг баримтыг хавсаргана:” гээд тус хэсгийн 1-3 дахь заалтад “тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг нотлох бичиг баримт; тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, үнэлгээг тогтоосон эрх бүхий байгууллагын бичиг баримт; газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ; өмчийн газрын кадастрын зураг” гэжээ.

2.4. Мөн дээрх хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 3, 4 дахь хэсэгт зааснаас бусад үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд /цаашид "улсын бүртгэл" гэх/ тусад нь бүртгэх бөгөөд уг бүртгэлд дор дурдсан зүйлийг тусгана:” гээд уг хэсгийн 1-9 дэх заалтад “үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хэмжээ, зориулалт; үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч иргэний овог, нэр, оршин суугаа хаяг, иргэний паспортын болон регистрийн дугаар, гарын үсэг; өмчлөгч нь хуулийн этгээд бол түүний оноосон нэр, оршин байгаа газар, улсын бүртгэлийн регистрийн дугаар, хуулийн этгээдийг төлөөлөн үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийн овог нэр, оршин суугаа хаяг, иргэний паспортын болон регистрийн дугаар, гарын үсэг; үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэх болсон үндэслэл; үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, барьцаалсан тухай тэмдэглэл; мэдүүлэг гаргасан огноо; улсын бүртгэлийг хаах тухай тэмдэглэл, үндэслэл; дээр дурдсан холбогдох бичиг баримтуудыг батлан гэрчилсэн нотариатчийн овог нэр, регистрийн дугаар; газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ” гэжээ.

2.5. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзвэл хариуцагч улсын бүртгэлийн байгууллага нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, мэдүүлэгт хавсаргасан бичиг баримтуудыг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэхээр зохицуулжээ.

2.6. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл маргаж буй Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, хуучин захын баруун талд орших нийт 760 м.кв талбайтай агуулахын барилгыг /”Э*******-47” гэх/ өмчлөх эрхийг анх “БГС” ХХК-ийн нэр дээр бүртгэхдээ болон дараа нь “К” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэхдээ тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсгүүдэд заасан мэдүүлэг, мэдүүлэгт хавсаргах шаардлагатай баримт бичгүүдийг үндэслэн бүртгэл хийсэн байна гэж шүүх үзлээ.

2.7. Тодруулбал, “М” ХК-ийн Ерөнхий захирлын 1996 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 126 дугаар тушаал, “М” ХК-ийн Ерөнхий захирал болон “БГС” ХХК-ийн захирал нарын 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдөр баталсан “М ХК-ийн үндсэн хөрөнгө худалдан хүлээлгэн өгсөн тухай акт”, “Э*******-47” барилгыг өөрийн бүртгэлд шилжүүлэн авсан “БГС” ХХК нь анх 1997 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тухайн үеийн бүртгэлийн байгууллагад үл хөдлөх хөрөнгө бүртгүүлэх тухай хүсэлт, мөн 1997 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн бүртгэлд дахин үнэлгээ хийлгэх тухай мэдүүлэг, 2001 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хамтран өмчлөгч бүртгүүлэх мэдүүлэг, 2002 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн мэдүүлэг зэрэг хуулиар шаардсан холбогдох мэдүүлэг, хүсэлт, үнэлгээний тайлан, газар ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээ, эрхийн шилжүүлгийн актууд зэрэг баримт бичгүүдийг үндэслэж хариуцагч бүртгэлийн байгууллага үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийг хийжээ.

2.8. Өөрөөр хэлбэл, хариуцагч улсын бүртгэлийн байгууллага нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус хэрэгжүүлж ажилласныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

2.9. Мөн хариуцагч улсын бүртгэлийн байгууллага тухайн үеийн Монгол Улсын Үнэт цаасны хорооны ажлын албаны 1997 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 164 дүгээр албан тоотыг бүртгэл хийхдээ заавал үндэслэх үүргийг хуулиар хүлээгээгүй, анх бүртгэл хийх цаг мөчид буюу 1997 онд Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3/2180 дугаартай “М” ХК-ийн тухай албан тоотыг мэдэх боломж байгаагүй байх тул энэ талаар хариуцагчийг шууд буруутгах үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэв.

2.10. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:” гээд мөн зүйлийн 47.1.1-47.1.7 дахь заалтад захиргааны акт илт хууль бус болох үндэслэлийг тоочин заажээ.

2.11. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа ““К” ХХК-ийн хууль бусаар эзэмшсэн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, хуучин захын баруун талд байрлалтай 760 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилгын хөрөнгийн Ү-+++++ дугаарт бүртгэл болон ++++++++ тоот гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” гэж тодорхойлох боловч уг бүртгэл, түүнийг үндэслэн олгосон гэрчилгээг илт хууль буст тооцох Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

2.12. Түүнчлэн нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт илт хууль бус болох аль үндэслэл бүрдсэн талаар шүүх хуралдааны мэтгэлцээн дээр тодорхой дурдаагүй, тэр талаар нотлоогүй болно.

2.13. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгээс өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт хэлэлцэх үе шатанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хариуцагчаас нотлох баримт гаргуулах талаар гаргасан хүсэлтээсээ татгалзсан тул шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэснийг тэмдэглэж байна.

2.14. Харин нэхэмжлэгч нар нь Монгол Улсын Үнэт цаасны хорооны ажлын албаны 1997 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 164 дүгээр албан тоот болон Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3/2180 дугаартай “М” ХК-ийн тухай албан тоотод холбогдуулан анх “М” ХК-иас “БГС” ХХК руу “Э*******-47” барилгын өмчлөх эрхийг шилжүүлсэн эрхийн шилжүүлэг хууль бус болсон гэж үзэж байгаа тохиолдолд Иргэний хэргийн шүүхэд иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг энэхүү шүүхийн шийдвэр хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Гурав. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн дэвшүүлсэн үндэслэлийн талаар:

3.1. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед “нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд, мөн хуулийн 54.1.8 дахь заалтад зааснаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” үндэслэлийг дэвшүүлэн мэтгэлцсэн.

3.2. Нэхэмжлэгч “М” ХК-ийн хувьд анх “Э*******-47” барилга нь тус компанийн эд хөрөнгийн бүртгэлд байсан, тэрхүү үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлснийг бүртгэсэн нь буруу гэж маргаж байгаа энэ тохиолдолд тухайн хуулийн этгээдийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалтад заасан “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэж үзэх боломжгүй гэж шүүх үзсэн болно.

3.3. Түүнчлэн нэхэмжлэгч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагадаа захиргааны байгууллагын бүртгэлийн үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох агуулгаар тодорхойлсон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй тул мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй гэж шүүх дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХК болон Ж.Д нарын гаргасан ““К” ХХК-ийн хууль бусаар эзэмшсэн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, хуучин захын баруун талд байрлалтай 760 м.кв талбайтай агуулахын зориулалттай барилгын хөрөнгийн Ү-2******* дугаарт бүртгэсэн бүртгэл болон 0051550 тоот гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчид буцаан олгохгүй болохыг дурдсугай.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ