Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 88

 

С.У-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч Ц.Амаржаргал, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Б.Батсүх

Яллагдагч                                     С.У-

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 919 дугаар  захирамжтай, С-ын У-д холбогдох, 1918003020393 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд ял шийтүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай, Б- овогт С-ын У-.

Яллагдагч С.У- нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Дархан зах”-ын таксины зогсоол орчимоос  иргэн Г.С-гийн хаяж гээсэн “ОППА А-5” загварын гар утсыг авч 470.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн  919 дугаар захирамжаар:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б- овогт С-ын У-д холбогдох эрүүгийн 1918003020393 дугаартай хэргийг прокурорт буцааж,

хэргийг прокурорт очтол С.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг дурдаж,

Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд дурдсан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж эсэргүүцэл гаргаж байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.С- нь “ОППА- А5” загварын гар утсаа Эрээн хотоос 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 1300 юань буюу 500.000 төгрөгөөр худалдан авсан болохоо мэдүүлсэн боловч гар утасны багтаамжын талаар мэдүүлээгүй. 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “Капитал зууч” ХХК нь ОППА-5 загварын гар утсыг зах зээлийн үнэ ханшийн судалгаа хийсний үндсэн дээр 470.000 төгрөгөөр үнэлсэн байдаг.

Энэ  үнэлгээг хэргийн оролцогч нарт танилцуулахад хохирогч, яллагдагч нараас тус үнэлгээний талаар маргаж, дахин шинжээч томилж, шинжилгээ хийлгүүлэхээр хүсэлт прокурорт гаргаагүй. Дээрх үнэлгээ нь хохирогчийн тус гар утсыг худалдан авсан үнэ болон тухайн үеийн зах зээлийн ханштай тохирсон бодит үнэлгээ гэж үзэж байна.

Яллагдагч С.У-гаас 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн анхан шатны шүүхэд хандан урьдчилсан хэлэлцүүлэг хийлгүүлэхээр хүсэлт гаргасан.

Тус хүсэлтэнд дурдагсан асуудлын дагуу хохирогч Г.С- нь шүүх хуралд оролцох боломжгүй болохоо илэрхийлж, 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн 32 гигабайтын “ОППА-А5” загварын гар утсаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотоос худалдан авсан болохоо нотолсон тус гар утасны гаднах хайрцагны зураг болон гадаад пасспортын зургийг авч и-мэйл хаягаар илгээснийг прокурор урьдчилсан хэлэлцүүлэгийн хуралдаанд шүүхэд гаргаж өгсөн.

Хохирогч Г.С- нь 32 гигабайтын “ОППА-А5” загварын гар утсаа гээсэн болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.

Хавтаст хэрэг цугларсан дээрх баримтуудыг үндэслэн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаахгүйгээр өөрөө дахин шинжээч томилж, шинжилгээ хийлгэх бүрэн боломжтой юм.

Нөгөөтэйгүүр хохирогч Г.С- нь өөрийн эзэмшлийн гар утсаа Эрээн хотоос 1300 юань буюу монгол мөнгөөр 500.000 төгрөгөөр худалдан авсан гэж мэдүүлж байхад энэ үнэлгээг үгүйсгэх боломжгүй юм.

Тухайн гар утасны багтаамж ямар байх нь тухайн гар утсыг худалдан авсан болон үнэлсэн үнэлгээнд нөлөөлөх учиргүй бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Капитал зууч” ХХК-н хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй юм.

Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 919 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1.т заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгах саналтай байна... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх эсэргүүцэлдээ:

Анхан шатны шүүхээс утасны багтаамж тодорхойгүй, шинжээчийн дүгнэлт буруу гарсан гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй юм.

Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 919 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.У- тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан тул  захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дархан-Уул аймгийн Прокуророос яллагдагч С.У-г 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Дархан захын таксины зогсоол орчмоос  иргэн Г.С-гийн хаяж гээсэн  “ОППА А-5” загварын гар утсыг буюу  бусдын гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завшсаны улмаас 470.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.5 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх  хэргийг алдагдсан гар утасны зах зээлийн үнэлгээг тогтоохдоо түүнийг техникийн үзүүлэлт /санах ой, багтаамж/-г харгалзаж үзээгүйгээс хохирлыг үнэлгээ бодиттой бус болсон тул дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзээд  прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл хохирогч Г.С- дээрх гар утсыг Хятад улсын Эрээн хотоос 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 1300 юань буюу 500.000 төгрөгөөр худалдан авсан болохоо мэдүүлснийг үндэслэн “Капитал зууч” ХХК  470.000 төгрөгөөр үнэлсэнийг үндэслэн хохирлын хэмжээг тооцсон нь үндэслэл муутай байх бөгөөд энэ үнэлгээ нь зөвхөн хохирогч Г.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Эрээн хотоос 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 1300 юань буюу 500.000 төгрөгөөр худалдан авсан гэсэн мэдүүлэг., мөн энэ талаарх нотлох баримт болох Г.С-гийн Хятад улсын хилээр орсон, гарсан тухай паспортын тэмдэглэл, гар утасаа Эрээн хотоос худалдан авсан болохоо нотолсон гар утасны гаднах хайрцагны зургийг авч и-мэйл хаягаар илгээсэн баримтыг үндэслэжээ.

Өөрөөр хэлбэл хохирогч Г.С- тухайн үед Эрээн явсан нь үнэн., утас авсан нь үнэн гэхдээ гар утасыг 1300 юанаар худалдаж авсан тухай ямар ч  нотлох баримт байхгүйгээс гадна “Капитал зууч” ХХК үнэлгээ хийхдээ гар утасны загвар, үйлдвэрлэсэн огноо, гар утасны багтаамж болон түүнийг техникийн үзүүлэлт, санах ойг  харгалзаж үзээгүйгээс хохирлыг үнэлгээ бодит байдалтай нийцэхгүй байна.

Мөн яллагдагч С.У- шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт ...шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч байгаа бөгөөд гар утсыг зах зээлийн ханшнаас өндөр  үнэлсэнд гомдолтой байгаа талаар тайлбарлаж, гар утасны үнэлгээг дахин тогтоолгох хүсэлт гаргаж байжээ. /х.хийн 86-р хуудас /

Үүнээс үзвэл үнэлгээний талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй боловч хэргийг прокурорт буцаахгүйгээр шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.16 дугаар зүйлийн 1.2., 1.4.т заасны дагуу шүүгч, шүүх хуралдааныг хойшлуулж мөн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1.д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээг тогтоох шаардлагатай бол шүүх шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ гэснийг үндэслэн дахин шинжээч томилон, шинжилгээг хийлгэх боломжтой  байна.

Иймд захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 919 дугаар захирамжийг хүчингүй болгож, С.У-д холбогдох, 1918003020393 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн  хэргийг  дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ТУЯА

                                                                ШҮҮГЧ                                        Ц.АМАРЖАРГАЛ

                                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.МАНЛАЙБААТАР