Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/146

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

Улсын яллагч М.Хэрлэнчимэг,

Хохирогч Э.Даваасүрэн, түүний өмгөөлөгч Б.Алтанцэцэг,

Гэрч Э.Хунтогос,

Шүүгдэгч Ш.Т, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Тт холбогдох эрүүгийн Ш.Т дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

                                                                       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн эдийн засагч мэргэжилтэй, хувиараа газар тариалан эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, 1 удаа ял шийтгэгдэж байсан, Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 287 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, Ш.Т, __  регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгээр яллах, цагаатгах боон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ш.Т нь бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Д.Даваасүрэнгээс 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 3 ширхэг трактор, 2 ширхэг хадуурыг худалдан авахаар тохиролцож дээрх техникүүдийг Дорнод аймгийн Баяндун сумаас Тев аймгийн Цээл суманд авчруулж өөрийн эзэмшилд шилжүүлэн авч бусдад их хэмжээний буюу 72.600.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Т мэдүүлэхдээ: Даваасүрэнтэй 2017 оны 10 дугаар сарын сүүлээр Дорнод аймгийн Гурван загал Чойбалсан сумын зааг дээр танилцсан. Бид хоёр нэг зорилготой байсан. Тухайн үед Даваасүрэн энэ трактор авч болно шүү гэж байсан. Би худалдаж авна гэсэн зүйл хэлж байгаагүй. Даваасүрэн төлбөрийг 2-3 жил цувуулаад өгч болно. Тракторыг 12-13 сая хадуурыг  5-6 сая төгрөгөөр авч болно гэж ойлгуулсан. 2018 он солигдоход бид хоёр Дорнод аймагт өвс боогоод байж байсан. Тэр үеэс л Даваасүрэн ахыг жоохон апассны  хүн байна гэж бодсон. Согтуу явж байгаад трактороороо шонгийн мод мөргөсөн. Хэрэгт орж байсан үүнээс хойш 2018 оны 3 сард хотод ирсэн байна хоёулаа уулзъя гэсэн бид хоёр уулзаад архи уусан. Тэгэхэд Даваасүрэн надад царгас тариалъя гэсэн санал тавьж байсан. Тэгээд  ах нь ерөнхийдөө явах гэж байна техникээ авч ирэх бодолтой байна гэж хэлж байсан тэгэхээр нь би та аваад ир би зардлыг нь өгье гэж хэлсэн. Тэгээд ирснийхээ дараа надад хэлэлгүй миний пресслэгчээр 4 дүгээр цахилгаан станцын тэнд өвс боож байсан. Миний пресслэгчийг эвдсэн. Тэгэхэд би юу ч хэлээгүй. Бид 2 хамтарч ажиллахаар болоод би эхэлж хүмүүстэй уулзаж ажлаа тохирно Даваасүрэн араас техник хэрэгслээ аваад ирье гэж тохирсон. Тэгээд би олсон орлогоосоо таныг цалинжуулъя техникийн мөнгийг чинь төлье гэж ярьж тохирсон. Гэрчүүд худлаа яриад байна. Даваасүрэнгийн хүү рүү 3.000.000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 30 га газарт 4 хоногийн дотор тариалалт хийгээд 28.000.000 төгрөг авч байсан. Даваасүрэн хүн архины хамааралтай унтахдаа хүртэл дэрэн дороо архи хийж унтдаг. Энэ хүнийг Баянчандмань явуулахад 4 хоног алга болсон надад тэгээд машины мотор цохисон гэж хэлсэн. Би Мөнхнасан гээд жолоочоос асуухад архи уугаад эрхээ хасуулсан байсан. Энэ мэтчилэн энэ хүн миний ажлыг алсан мөн нэг айлын тооцоог өөртөө авсан байсан. Манай хаврын ажил цаг хугацаатай уралддаг. Манайх тор оруулж ирдэг байсан. Тэр торыг урамшуулалд өгдөг тэгэхэд тэр торыг 800.000 төгрөгөөр зарж шамшигдуулсан байсан. Их-Уул суманд 30 га газар, Тосонцэнгэлд 50 га газар дээр ажиллах гээд очсон. Тэгэхэд ажлаа хийлгүй алга болсон байсан. Хунтогос надаас 2.000.000 төгрөг хоолны мөнгө гээд авсан тэгээд 3-4 хоноод хот руу буцсан байсан. Манай 2 жолоод тэгээд над руу өлсөөд байна. Идэрийн голоос загас барьж идэж байна гэж ярихаар нь би шууданд суугаад хотоос гарсан. Даваасүрэн тэр үед архи уугаад алга болсон байсан. Завханы зам ангийн дарга Болдоо гэж хүн над руу яриад танай энэ хүмүүс бүтэхгүй хүмүүс байна энэ хүмүүсээ ав ажил явахгүй нь гэж хэлсэн. Тэгээд намайг очиход Даваасүрэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын эмнэлэгт хордлого тайлах дусал хийлгээд байж байсан. Тэгээд тэр үед бид 2 таарамжгүй харилцаатай болж ирсэн. Мөн зам ангийн нэр дээр 480 литр түлш авсан байсан. Тэрнийхээ мөнгийг өгөөгүй ганцхан энэ хүн хохирсон мэтээр яриад байна. Энэ хүн миний ажлыг алсан би бараг 200.000.000 төгрөгөөр хохирсон. Энэ хүн ажлыг хуумгай хийдэг үндсэндээ тэр хаврын ажлыг алсан.  Би надад тооцоотой гэж үлдсэн. Энэ хүн техникээ авъя гэхэд энэ хүнтэй гэрээ хийсэн тул энэ хүн миний ажлыг алж хаясан тэгээд миний уур хүрсэн миний үлдэгдэл мөнгийг өг гэдэг байдлаар хандсан. Би хүнийг залилъя гэсэн бодол байгаагүй. Миний ажлыг нураагаад цаг хугацаа авсан. Санжмятав гишүүн надад 2000 га газар тариалалт хийгээдэх 200.000.000 төгрөг өгье гэсэн тэгэхэд Болд дарга эдний багийнхан бүтэхгүй одоохондоо тариалалт хийгээд хэрэггүй гэсэн. Энэ хүн ярьсан хэлсэндээ байсан бол энд ингээд байж байхгүй байсан. Архи уудаг хүмүүс ажил алдаг замд явж байхдаа ганц хараа аваадах гэдэг байсан. Би тэр үед за яахав гэдэг байсан надад бол хүнийг хохирооё гэсэн бодол байгаагүй... гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Даваасүрэн мэдүүлэхдээ: 2017 оны 8 дугаар сарын 19-ны өдөр номгон ургац компаниас нэг бүрийн үнэ 18.200.000 төгрөгийн үнэтэй трактор нэг бүрийн үнэ 9.000.000 төгрөгийн 5 хадуур 28 сая төгрөгийн урьдчилгаа өгч зээлээр авсан. Энэ текникээрээ хадлангийн ажил хийж байхдаа 9 сард Төгсбаатартай танилцсан. Номгон ургац компаниас мөнгөө нэхээд  байхаар нь зармаар байна гэсэн санал тавьж байсан. 12 сард Дорнод аймгийн Матад суманд өвс боох ажил байна та яваад ирээч гэж хэлсэн. Крантай машин техник ачаад очиход умгар хар гэрт хэдэн хүн хоолтой, хоолгүй байсан. Яриад байсан шиг нь их өвс байгаагүй. Тэнд тэгээд нэлээн хэд хоносон тухайн үед Төгсбаатарын 2 пресс, 2 трактор байсан. Машины түлш дууссан хөдөө хаяад очиход машины аккумлятор тоноод авсан байсан. Тэгээд  чирч явж байгаад шон мөргөсөн асуудал байгаа. Хот руу ирээд 3 сарын 10-д өнгөрөөгөөд тантай уулзмаар байна манай аав царгасны сургалт явуулж байгаа гэж хэлсэн. Энэ ургамал сайн ургаж байна би энэ ургамлыг үүсгэн байгуулсан гэж хэлж байсан. Тэр сургалтад 20 гаруй хүн байсан хэд хоногийн дараа гэрийн ойролцоо Төгсбаатар ирээд та 3 трактор 2 хадуураа надад зарчих гэж хэлсэн.  Би урьд нь хэлсэн 66.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 1 сар л ажилласан бараг шинээрээ байсан зээл нэхэгдээд байхад юу гэж 2, 3 жил гэж хэлэх юм сар болгон төл гэж хэлээд үлдсэн төлбөрийг намрын хадлангийн ажлаас төлнө гэж хэлсэн. Царгас тариулах маш их захиалгатай байна гэж хэлж байсан. Ширчинжав гуайн илтгэл надад итгэл төрүүлсэн. Тэгээд би Номгон ургац компанитай гэрээ байгуулсан сар бүр 10.000.000 төгрөг өгнө гэсэн. Тэгээд Төгсбаатартай гэрээ хийе гэхэд “та юу ч гэсэн явж бай” гэсэн. 4 дүгээр сарын 28-ны өдөр Цээл суманд очиход Ширчинжав гуай байсан. Тэгээд Төгсбаатарыг ирэхэд гэрээ хийе гэхэд манай нягтлан байхгүй байна, тамга тэмдгээ орхисон гэсэн. Тухай бүр гэрээгээ хийе гэж шаарддаг байсан. Анхны захиалга Сэлэнгийн Баруунбүрэн сумаас ирсэн тэгэхэд би өөрийн техник хэрэгсэлтэй явж хийж байсан. Төгсбаатар надад краны түрээс өгнө, цалин өгнө гэж хэлж байсан. Ажлаа дуусаад бид 2 шөнөжин уусан. Тэгээд цагдаа зогсоогоод урьд шөнө уусан архи гараагүй торгуулсан удаа бол байгаа. Баянчандмань суманд 4 га газарт цас бороон дундуур ажил хийж өгсөн. Тэгээд дараачийн ажил тодорхойгүй байсан. Надаас өр нэхээд шаналгаатай байсан тэгээд оройдоо амсчих гээд байдаг байсан. Тэглээ гээд ажлаа алдсан зүйл байгаагүй. Тосонцэнгэлд очиход дараагийн шийдвэр гаргаагүй хаана очихоо мэдэхгүй Тосонцэнгэл, Их-Уул хооронд 10 гаран удаа явсан байдаг. Надад бол ажил хийх шаардлага байгаагүй хоёрын 2 жолооч байсан надаас болж ажил алдсан зүйлгүй. Үрсэлгээ муу байсан, үрсэлгээ 14 хоногийн дотор гарах ёстой байтал гарж ирээгүй тул Болдоо гэрээгээ цуцалсан. 40 хоногийн бензин, хоолны мөнгөнд 2.000.000 төгрөг яаж хүрэх юм нөгөө 200 га газарт очсон нил оготнотой газар байсан эхний захиалагч нар ургахгүй болохоор энэ ер нь бүтэхгүй юм байна гэж бодсон. Тэгээд  би техник хэрэгслээ авч яваад яахав гээд техникээ үлдээгээд явсан. Анхны техникийн төлбөр 5 сард орж ирсэн тэгэхэд л өөрийн техник шиг л байдаг байсан.  Намрын хадлангийн ажил харъя гээд байж байтал шүүхээс зарлан ирсэн. Би тэрийгээ бариад очиход наадах чинь чиний асуудал та нар намайг Төв аймагт барахгүй гэж хэлсэн. Хоёр том машинтай, жижиг машинтай 5-6 удаа очсон миний техникийг өгөөгүй, утсаар ярихад би ийм хүн танихгүй гэж хэлсэн. Номгон ургац мөнгөө нэхээд 10 сард шүүх хуралдаан  болоод  манай тал төлбөр төлөхөөр болсон. Энэ төлбөр төлөхөд шүүгдэгчийн буруутай үйлдэл нөлөөлсөн эднийд очиход ажилладаг техник нэг ч байгаагүй надаас авсан техникээрээ ажил хийсэн. Би энэ хүнээс болоод хүүгийн хүүгийн хүү төлдөг байсан байраа алдсан, машинаа зарсан энэ хүн миний боломжийг хулгайлсан, энэ асуудал үүсэхэд манай охин 1 ой гарантай байсан одоо миний охин 6 нас хүрсэн  гэв. Шүүгдэгчийн төлсөн 72.600.000 төгрөг  тухайн үеийн шинэ техникийн ханш өнөөдөр энэ мөнгөөр тийм техник авч чадахгүй хүүгийн хүүгийн хүү төлсөн энэ хүн ярьсан хэлсэндээ байгаад мөнгөө тухай бүр өгсөн бол 118.000.000 төгрөгийн хүү алданги төлөх шаардлага үүсэхгүй байсан. Би нэг зээлээс нөгөө зээлийн хооронд амьдарсан. 118.000.000-72.600.000 төгрөг хасаад үлдэгдэл төлбөрийг нэхэмжилнэ. Манай зүгээс краны түрээс, ажлын хөлс зэргийг нэхэмжлэхээ больж байна, зөрүү 44.750.000 төгрөг, нэхэмжилнэ гэв.

Шүүхийн хэлэцүүлэгт гэрч Э.Хунтогос мэдүүлэхдээ: Кран хөлслөөд зарсан техникийн мөнгөө авах гээд явсан дээрээс нь цалин өгнө гэсэн болохоор олон газраар явснаас энэ нь амар юм уу гээд цуг явсан. Бид нарт хоол ундны мөнгөө хүртэл гуйлгаж өгдөг байсан, бид 2 өөрсдөөсөө нэлээд зардал гаргасан гэв. Манайх руу шүүхээс байнга залгадаг байсан бид нартай хүнлэг бус хандсан. Краны хөлс өгнө гэсэн хэрнээ бүр цалин ч өгөөгүй. Бид нар иргэний шүүхийн шийдвэр гартал энэ хүнд итгэсэн гэв.

 

Ш.Т дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Д.Даваасүрэнгийн өгсөн...Би Төгсбаатар гэх хүнд 3 ширхэг трактор, 2 ширхэг хадуурыгзарсан..., тухайн үед 72.600.000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод урьдчилгаа 9.000.000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр өгсөн... гэх мэдүүлэг /1 хх-ийн 77-78 дугаар тал/,

Гэрч Э.Хунтогосийн өгсөн...2018 оны 3 дугаар сард уулзаж ярилцсаны дараа 3-4 сар орчим манай нөхөр Төгсбаатарт 3 ширхэг, 2 ширхэг хадуурыг нийт 70 орчим сая төгрөгөөр бодож өгөхөөр тохиролцоод манай нөхөр Дорнод аймагт байсан техникүүдээ өөрөө явж татаж авчраад Төгсбаатар тээврийн зардал гэж нэг сая төгрөг зардал дээр нь нэмж өгсөн...,

....Одоо манай 3 ширхэг Трактор, 2 ширхэг хадуур нь Төгсбаатар 3 жилийн хугацаанд ашиглаж байна...гэх мэдүүлэг /1 хх-ийн 87-88 дугаар тал,

Гэрч Б.Даариймаагийн өгсөн... Миний бие Ш.Ттай 2006 оноос хойш амьдарсан бөгөөд 2017 билуу 2018 оны хавар ХАА-н техник болох 3 ширхэг трактор, 2 ширхэг хадуурыг Улаанбаатар хотын харьяат Даваасүрэн гэх хүнээс худалдаж авахаар боллоо гээд Улаанбаатар хотоос Төв аймгийн Цээл сум руу аваад явахад би хамт байсан. Тухайн техникүүдийг авч явахад Даваасүрэн хүүхэдтэйгээ өөрийнхөө крантай машинаар хүргэж өгсөн. Харин Төгсбаатар бид хоёр хамт явсан. Би 2020 онд Ш.Ттай шүүхээр орж гэр бүл салсан..... Намайг 2020 оны 04 сар хүртэл Ш.Ттай амьдраад шүүхээр салах хүртэл миний мэдэхийн Ш.Т нь дээрх 3 ширхэг трактор, 2 ширхэг хадуур зэрэг техникээр Төв аймгийн Цээл суманд газар тариалангийн чиглэлээр ашиглаж байсан. Мөн Завхан аймаг, Сэлэнгэ аймаг Эрдэнэбүрэн сум, Хэнтий аймаг, Багануур дүүрэг зэрэг газруудад царгас гэх тэжээлийн ургамал тариалах явцдаа дээрх техникүүдийг ашиглаж газар хагалах, үр суулгах зэрэгтээ хэрэглэдэг байсан. Одоо бол дээрх техникүүд Төв аймгийн Цээл суманд байгаа эсэхийг мэдэхгүй байна..... Би яг хэдээр худалдаж авсан болохыг нь хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан урьдчилгаа 10 сая төгрөг өгсөн гэж ярьж байсан…, Даваасүрэн, Ш.Ттай хамт ажиллаж байх хугацаандаа архи дарсны асуудал гарч байсныг бол би мэдэхгүй. Харин Даваасүрэн гэх хүн Завхан аймагт Ш.Тт зарсан гэх эш трактор, 2ш хадуур зэргээр өөрийнхөө крантай машинтай ажил хийх явцдаа өөрийнхөө хүүхэдтэй хамт ажиллаж байсан бөгөөд тухайн үед Ш.Ттай түрээсийн мөнгө цалин өгөхгүй байна гэсэн маргаан гараад өөрөө явсан байдаг. Гэхдээ өөрийнхөө хүүхдийг крантай машинтай нь хамт үлдээгээд явсан байдаг... гэх мэдүүлэг /1 хх-ийн 95-96 дугаар тал/,

Гэрч Ц.Ширчингийн өгсөн... Миний бие Төв аймгийн Цээл суманд амьдардаг. Насаараа л газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байна. Би Монгол оронд Монгол царгас гэх ургамлын нутагшуулж, гаргаж ирсэн юм. Монгол царгас гэх ургамлыг Монголын хөрс шороонд тариалж нутагшуулснаар газар тариалангийн үр шимийг сайжруулж, бэлчээрийн цөлжилтийн асуудлаас урьдчилан сэргийлэх, малын таргалалтын чанарын асуудлыг сайжруулдаг тэжээлийн өвс ургамал юм. Миний хүү Ш.Т нь “Хүүлэй Ханы Хишиг” ХХК-ний захирал ажилтай бөгөөд  би тухайн компанид нь зөвлөх агрономичоор ажилладаг болно. 2017 оны өвөл миний хүү Ш.Т нь Улаанбаатар хотын харьяат Даваасүрэн гэх хүнтэй миний гаргасан Монгол царгас тэжээлийн ургамлыг тарихад хамтарч ажиллахаар болоод харилцан тохиролцсон. Тохиролцооны гол шалтгаан нь Даваасүрэнгээс 3 ширхэг трактор болон 2 ширхэг хадуурыг нийтдээ 68 000 000 жаран найман сая төгрөг\ төгрөгөөр бодож авахаар болсон бөгөөд бид нар ажил хийгээд тэндээс нь мөнгөө хувааж төлөхөөр тохиролцсон. Мөн би ажил олоод Царгас тарих арга аргачлалыг зааж өгнө, харин Даваасүрэн манайд зарсан 3 ширхэг трактор болон 2 ширхэг хадуур зэргээр тухайн газарт очиж ажиллана. Ажиллах явцдаа өөрийнхөө крантай машиныг хамт ашиглана, үүнээс олсон ашгийн 10 хувийг Даваасүрэн авахаар болсон. Ингээд Даваасүрэн нь өөрийнхөө хүүтэй хамт манайд крантай машинтайгаа ирж ажиллахаар болсон. Ашгийн 10 хувь өгөх бол нөгөө техник худалдаж авсан 68 сая төгрөгөөс тусдаа асуудал юм. Дээрх тохиролцоонд хүрсний дараа 2018 оны хавар 4 дүгээр сард Завхан аймгийн асуудал Тосонцэнгэл, Их Уул суманд нийтдээ гэрээгээр бол 80 га газарт Монгол Царгас тэжээлийн ургамал тариалж өгөхөөр болоод Даваасүрэн 3 трактор, 2 хадуур зэргээ аваад өөрийнхөө хүү нэрийг мэдэхгүй байна. Манай нутгаас Мөөгий гэдэг залуугийн хамт явсан. Тэд нар Завхан аймгийн Тосонцэнгэл, Их Уул суманд очиж ажиллаад 80 га талбайд 7-10 хоногийн хугацаанд тариалахаас 20 гаран хоногийн хугацаанд 40 га газарт тариалсан. Тэгээд би Даваасүрэнд удаан ажиллаж байгаа талаар анхааруулж хэлээд дараа дараагийн гэрээ хийсэн газар болох Төв аймгийн Баянчандмань суманд 4 айлын захиалга ирсэн байсныг мэдэгдээд ирж хийсэн. Тэгээд Завхан аймгаас Төв аймгийн Баянчандмань сум руу ирэх замдаа Баруун Хараа дээр том машин эвдэрсэн гэж хэлээд 4 хоносон, ямар эвдрэл гарсан талаар асуухад мотор нь цохисон гэж хэлсэн. Гэтэл бид нар 4-5 хоноод ирсний дараа хамт явсан Мөөгий гэх залуугаас асуугаад машин чинь зүгээр үү мотор нь цохисон юм уу гэж асуухад машины мотор цохиогүй ээ Даваасүрэн ах согтуу машин барьж байгаад цагдаад баригдаж машинаа журамлуулаад эрхээ хасуулаад удсан гэж хэлсэн. Даваасүрэн Завхан аймагт ажил аваад хийж байхдаа ажлын хариуцлага алдаж ажлыг маш удаан хийсэн, хажуугаар нь архи их ууж ажил алддаг байсан. Лав аймгийн Баянчандмань суманд ирээд ажил аваад хийх явцдаа хүмүүсээс менге авах гэхээр нь уурлаад наад хүмүүс чинь чамтай биш надтай харьцах ёстой харин чи өөрийнхөө урдах ажлаа сайн хийгээрэй гэж хэлээд 4 айлын ажил хийлгэсэн. Тэгээд тэр жилийн Царгас тарилтын ажил дууссан бөгөөд хамгийн суулийн айлын захиалга хийж байхдаа тэр айлаас тариалсан газарт нь хашаа хийж өгнө манайх хашаа хийдэг гэж хэлээд сая төгрөг авсан байсан. Би тэр айлуудад хүртэл төлбөр тооцоогоо зөвхөн надтай харьцаж хийгээрэй наад хүн чинь архинд жоохон дуртай худлаа ярьдаг хүн шүү гэж хэлсэн. Тэрний дараагаар Цээл суманд ажил байсан боловч машин техникээ тэнд үлдээчхээд Улаанбаатар хот руу яваад 7 хоносон байсан. 8 дахь хоног дээр нь дээрх 3 трактор 2 хадуур зэргийг 2018 оны 5 сард өөрөө авч ирж өгчхөөд крантай маяти машинаа аваад Ш.Таас дээрх 3 техникийн урьдчилгаа гээд 9 сая төгрөг аваад явсан.. Бид нар хоорондоо ямар нэгэн гэрээ байгуулаагүй болно....Даваасүрэнгээс авсан гэх 3 ширхэг трактор болон 2 ширхэг хадуур зэрэг техник одоо манай Төв аймгийн Цээл суманд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хүүлэй Ханы Хишиг ХХК-ний хашаанд бүрэн бүтэн хэвийн ажиллагаатай байна. Би нар цаг хугацаанд нь засвар үйлчилгээг нь хийж байгаа болно... гэх мэдүүлэг /1хх-ийн 98- 99 дүгээр тал/,

Гэрч Ч.Пүрэвбаатарын өгсөн... Миний бие 2018 оны 04 сарын 01-ний өдрөөс аав болох Даваасүрэнтэй хамт Дорнод аймгийн Баяндун сумаас тэнд ажиллаж байсан 3 ширхэг трактор, 2 ширхэг хадуур зэргийг Төв аймгийн Цээл суманд Ширчинжав гэх хүний хашаанд аваачиж буулгасан…гэх мэдүүлэг /1хх-ийн 109-110 дугаар тал/,

Шүүгдэгч Ш.Тын яллагдагчаар өгсөн...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үнэлгээгээр тогтоогдсон мөнгөнөөс Даваасүрэн, Хунтогс нарт урьд өмнө өгсөн мөнгөө хасаад хохирлыг бүрэн барагдуулах болно гэх мэдүүлэг /2хх 165-166 дугаар тал/,

Төв аймгийн Цагдаад гаргасан гомдол /1хх-ийн 6-7/, 2017 оны 8 дугаар сарын 19-нгы өдөр Трактор тоног төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээ /1хх-ийн 13-17, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /1хх-ийн 18-21, 2021 оны 06 дугаар сарын 02-ны мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 36/, Тээврийн хэрэгсэл, техник эд зүйлд үзлэг хийсэн талаарх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 39-46 дугаар тал/, “Эй жэй жэй эм” ХХК-ний тайлан /1хх-иин 114-124/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тайлан /1хх-ийн 136-137/, шүүгдэгч Ш.Тын Хаан банкны Депозит дасны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 146-246/, “Эй жэй жэй эм” ХХК-ний тайлан /2хх-ийн 76-84/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Залилан мэхлэх гэмт хэргийн өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь зөвхөн эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд санаатай өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана.

Иргэний эрх зүйн харилцааны зээлийн гэрээнээс залилангийн гэмт хэргийн ялгагдах шинж нь өнгөн дээрээ гэрээ хэлцэлтэй байгаа мэт харагдав хууль бусаар дүр үзүүлсэн хуурамч гэрээ хэлцэл хийж, бусдаас авсан эд зүйлийг буцааж өгөхгүй гэсэн субъектив санаатай шууд идвэхтэй үйлдэл байна.

Залилан мэхлэх гэмт хэргийн объектив тал нь эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагчаас эд зүйлс, залилан мэхэлж өөрийн мэдэлд шилжүүлдгээс гадна тэдгээрийн ирээдүйд захиран зарцуулах эрхийг олж авдаг.

Залилах гэмт хэргийн субъектив тал нь шунахай сэдэлтэй, шууд санаатай буюу хүсэж үйлдсэн байдаг.

Энэхүү гэмт хэрэг нь эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагчаас эд зүйлс, өмч хөрөнгийг хуурамч ойлголт төрүүлэн гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн, захиран зарцуулах бодит бололцоог бүрдүүлснээр төгсгөл болдог.

Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч Даваасүрэнтэй 2017 оны 10 дугаар сарын сүүлээр Дорнод аймгийн Гурван загал Чойбалсан сумын зааг дээр танилцсан. Бид хоёр нэг зорилготой байсан. Тухайн үед Даваасүрэн энэ трактор авч болно шүү гэж байсан. Би худалдаж авна гэсэн зүйл хэлж байгаагүй. Даваасүрэн төлбөрийг 2-3 жил цувуулаад өгч болно. Тракторыг 12-13 сая хадуурыг  5-6 сая төгрөгөөр авч болно гэж ойлгуулсан гэж, түүний өмгөөлөгч Ш.Тт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохироогүй түүний үйлдэл иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагдана.”гэж маргасныг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбар гаргасан мэтгэлцээнээс хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Шүүгдэгч Ш.Тыг Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэв.

Эрүүгийн хуульд заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох”, “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “залилах” гэмт хэргийн шинжийг хууль тогтоох байгууллагаас “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан.” байна гэж тодорхойлсон.

            Шүүгдэгч Ш.Т нь бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Д.Даваасүрэнгээс 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 3 ширхэг трактор, 2 ширхэг хадуурыг худалдан авахаар тохиролцож дээрх техникүүдийг Дорнод аймгийн Баяндун сумаас Тев аймгийн Цээл суманд авчруулж өөрийн эзэмшилд шилжүүлэн авч бусдад их хэмжээний буюу 72.600.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь”Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаарбий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан залилах мэхлэх.” Гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутай тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

            Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчийн зүгээс “Шүүгдэгч Ш.Тт эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх.”,

            Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Энэ хэрэг өнөөдөр 5 жил өнгөрсөн байна хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж цагаатгаж өгнө үү гэх.”,

            Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс “Хохирогчид учирсан бодит хохирлыг төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Цаг хугацаа, амьдралын эх үүсгэврийг бүхэлд нь хаасан “Улсын яллагчийн гаргасан хорих ялыг” дэмжиж байна.” Саналыг тус тус гаргав.

            Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Монгол улсын иргэн, 1984 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн эдийн засагч мэргэжилтэй, хувиараа газар тариалан эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Баруун Ард Аюушийн 2-15 тоотод оршин суудаг, 1 удаа ял шийтгэгдэж байсан, Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 287 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн баримт, Төв аймаг дах Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №287 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримт авагджээ.

            Шүүгдэгчийн урьд гэмт хэрэгт холбогдож байсан талаархи баримт нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.

            Иймд шүүгдэгч Ш.Тын хувийн байдал, гэмт хэрэг йүлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

            Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.

            Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас 72.600.000 төгрөгний хохирол учирсан байна. Шүүгдэгч Ш.Т нь хохирогчид урьдчилгаа 9.000.000 төгрөг өгсөн гэдэг дээр хэн аль нь маргаагүй болно. Шүүхийн шатанд үлдэгдэл 63.600.000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Зээлийн хүүний алдангид 44.750.000 төгрөг нэхэмжилсэн байх ба энэ үндсэн төлбөрт хамааралгүй байх тул хэрэгсэхгүй болгож, хохирогч энэ хэрэгтэй холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

              Шүүгдэгч Ш.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, 22.4.1 дэх заалт, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ш.Тыг “бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т  зааснаар шүүгдэгч Ш.Тыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Тт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Ш.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагад нэмэжилсэн 44.750.000 төгрөгийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч . урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Ж.ДЭЛГЭРМӨРӨН