Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/147

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ________________,

Улсын яллагч А.Ариунтуяа,

Шүүгдэгч Ж.П, түүний өмгөөлөгч С.Сувдмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Пхолбогдох эрүүгийн Ж.П дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.П нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Баянголын  дэнж Б хэсэг” гэх газарт MV-009495 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайгаасаа хэтрүүлэн 1408м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын хууль бусаар олборлон газрын хэвлийд халдаж байгаль орчинд 8.570.520 төгрөгийн хохирол, техникийн болон нөхөн сэргээлтийн 3.858.763 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ж.П нь: “......................................” гэв.

 

 

Үйл баримтын талаар:

 

Эрүүгийн Ж.П дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Үүнд: Шүүгдэгч Ж.П нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Баянголын  дэнж Б хэсэг” гэх газарт MV-009495 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайгаасаа хэтрүүлэн 1408м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын хууль бусаар олборлон газрын хэвлийд халдаж байгаль орчинд 8.570.520 төгрөгийн хохирол, техникийн болон нөхөн сэргээлтийн 3.858.763 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-14 тал/,

-2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-21 тал/,

Иргэний нэхэмжлэгч Г.Ган-Очирын ... Би 2017 оны 11 дүгээр сараас хойш одоог хүртэл Төв аймгийн Заамар сумын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Миний ажил үүргийн хуваарь байгаль орчны асуудал болон уул, уурхайтай холбоотой мэдээлэл судалгаа, тайлан гарган ажилладаг юм. Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт ашиг малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч "Баянгол тариалан" ХХК-тай бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гурвалсан гэрээ байгуулсан "Даваа буян" нөхөрлөл нь гэрээ байгуулсан цэг солбицлоосоо өөр газарт буюу орон нутгийн тусгай хэрэгцээний газар гарчихсан үйл ажиллагаа явуулсан хэрэгт иргэний нэхэмжлэгчээр томилогдон оролцож байна. 2022 оны 09 дүгээр сараас эхлэн Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн "Баянголын ам" гэх газарт 120 га талбай газарт техникийн нөхөн сэргээлтийн ажил хийхээр болсон. Тухайн үед нөхөн сэргээлтийн ажлын үйл явцтай танилцаж хяналт тавин явах үед энэ талаар мэдсэн. Тухайн "Даваа буян" нөхөрлөл нь Баянголын ам гэх газарт гурвалсан гэрээгээр "Баянгол тариалан"-ийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулах ёстой байсан боловч гэрээ байгуулсан цэг солциболоосоо гарсан байсан. "Даваа буян" нөхөрлөлийн ахлагч Полоож гуайд яг өөрт нь тухайн нөхөрлөлийн үйл ажиллагааг явуулж эхлэхээс нь өмнө нь өөрийнх нь ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулах гэрээнд заасан цэг солбицолыг нь ойлгомжтойгоор зааж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч Ж.Пийн ... Манай Даваа буян нэртэй нөхөрлөл 2017 оноос шиг санагдаж байна одоог хүртэл ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компанитай гурвалсан гэрээгээр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт ашиг малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байна. Би тухайн нөхөрлөлийн ахлагч нь болохоор үйл ажиллагаа явуулж байгаа газраа өөрөө хариуцан ажиллуулдаг. Манайх энэ жил Баянгол тариалантай гэрээ байгуулж цэг солбилцолоо заалгаж авч тухайн газраа ашигт малтмал олборлож байсан. Тэгээд гэрээнд заасан солбилцол цэгээс гарч өөр солбилцол үйл ажиллагаа явуулсан маань манай нөхөрлөлийн буруу. Гэхдээ тухайн үедээ Баянгол тариалан ХХК-ныхаа тусгай зөвшөөрөлтэй талбайд ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байсан болхоор хэрэг, зөрчил болно гэж мэдсэнгүй ээ. Гэхдээ манай ухсан газар бол урд нь ашигт малтмал олборлосон байсан отфол шороо байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Гэрч Я.Дэлэгийн ...Би Хово буюу Шак мөн маркийн 41-20 ТӨВ улсын дугаарын машиныг жолоодож явдаг. Хэний эзэмшлийн машин болохыг нь мэдэхгүй байна. Намайг энэ машиныг жолоод гэхээр нь би жолоодсон байсан. Эдний нөхөрлөл ямар ч байсан гурвалсан гэрээ байгуулсан нөхөрлөл гэж ярьж байсан. Гэхдээ гурвалсан гэрээнийх нь газар нь яг хаана байдаг талаар би мэдэхгүй байна. Намайг шороо ач гэсэн газар нь л би очиж зогсдог. Тэгээд экскаватороор миний унаж яваа машинд шороо ачихаар нь би усан буун дээр аваачиж шороогоо асгадаг... гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Гэрч Б.Шагдарын ...Даваа буян нөхөрлөл нь ашигт малтмал ашиглах MV-009495 дугаартай тусгай зөвшөөрөлтэй "Баян тариалан" ХХК-тай 2022 оны 05 дугаар сард бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гурвалсан гэрээ байгуулсан. Манай нөхөрлөлийн бичиг баримтууд бүгд бүрэн байгаа. Нөхөрлөлийн ахлагчаар Полоож гэдэг хүн байдаг. Би 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт Прадо-120 маркийн машинтай явж байгаад онхолдож тухайн үедээ Цагдаагийн байгууллагаар шалгуулаад хаагдаж байсан. Тэгээд тэр ослын улмаас болж эмнэлгээр явж бие эмчлүүлж байгаад 2022 оны 08 дугаар сарын 20-ны үеэр Даваа буян нөхөрлөл дээр ирсэн. Намайг ирэхэд Даваа буян нөхөрлөл гэрээ байгуулсан солбицол цэгтээ ажиллаж байсан. Тэгтэл манай урд талын Доржтайван гэдэг хүний нөхөрлөлийн шалаам задарч манай солбицол бүхий газар луу орж ирээд манай нөхөрлөлийг үйл ажиллагаа явуулах нөхцөлгүй болгосон. Тэгээд тухайн үед гэрээ байгуулсан солбицол цэгээс гарч урд өмнө нь ашиглагдаж ухагдсан байсан отвол шороо карьер ухаж нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

Гэрч Д.Доржтайваны ...Эдгээр хүмүүсийг танина. Бид хэдийн хувьд Баянгол тариалан ХХК-ны эзэмшлийн талбай дээр өөр өөрсдийнхөө гэрээ байгуулсан цэг дээрээ ажилладаг байдаг байсан. Полоожийн "Даваа буян" нөхөрлөл нь манай нөхөрлөлийн хойд тал үйл ажиллагаа явуулдаг байсан. Эдгээр хүмүүстэй өөр ямар нэгэн харилцаа холбо байхгүй. Даваа буян нөхөрлөл нь манайхаас ертөнцийн зүгээр хойд зүгт 700-800 орчим метр зайд байдаг байсан. 2022 оны 08 дугаар сарын 20-дын үеэр шиг санагдаж байна манай шалааны нуурын далан задраад манай нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулж байсан цэг солбицлоос хойд зүгт байсан "Даваа буян" нөхөрлөлийн кемпийн урд талд байсан нүх рүү задарч орсон. Манай шалаам задраад Даваа буян нэртэй нөхөрлөлийн кемпийн урд талд байдаг нүх рүү орсон тухайн нүх нь манай нөхөрлөлийн талбайд бол хамаарахгүй. Үгүй ээ тийм асуудал байхгүй ээ. Тухайн шалаам орсон нүхэнд жилийн хувьд ажиллаж ашигт малтмалын үйл ажиллагаа явуулсан нөхөрлөл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,

Гэрч Т.Мөнхтулгын ...Миний хувьд гэвэл Даваа буян нөхөрлөлийн гишүүн Дамдиндоржийг бүгд мэднэ. Гэрээ байгуулах гэсэн юм гээд надтай уулзаж байсан. Ямар учраас гэрээ байгуулсан бэ гэвэл Даваа буян нэртэй нөхөрлөл нь Заамар сумын Захиргаа, нутгийн удирдлагад хүсэлт гаргаж ажил хөдөлмөрөөр дэмжих үйлдвэрлэл явуулах зоогийн газарт, үйлдвэрлэлийн ач холбогдолгүй, эвдрэлд орсон газар дээр нөхөн сэргээлт хийлгэх хүсэлт тавьсаны дагуу би өөрийнхөө Баянгол тариалан ХХК-ны ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй А лицензтэй талбайд 1 га талбайг нөхөн сэргээлгэхээр гэрээ байгуулсан. Энэ Даваа буян нэртэй нөхөрлөл маань гэрээнд заасан цэг талбай дотроо л үйл ажиллагаа явуулах ёстой. Би өөрийнхөө талбай доторх харьяалагдах газарт нь гурвалсан гэрээ байгуулсан. Харин Полоож гэх хүнд гэрээнд заасан газрыг зааж өгөөгүй. Гэрээнд заасан цэг талбайг сумын Байгаль орчны асуудал эрхэлсэн байцаагч Ган-Очирт би зааж өгсөн харин Ган-Очир нь нөхөрлөлийн ахлагч Полоожид үйл ажиллагаа явуулах талбай, газрыг нь зааж өгсөн талаар надад хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ж.Дамдиндоржийн ...Тухайн экскаватор нь миний өөрийн эзэмшлийн техник байгаа юм. Даваа буян нэртэй нөхөрлөлийн ахлагч нь Полоож нь миний төрсөн дүү байгаа юм. Полоож нь миний экскаваторыг түрээсэлж ажиллуулахаар надтай тохиролцож ашиглаж байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Шагдарын ...Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт мал маллан амьдарч байна. Мөн өөрийнхөө эзэмшлийн Хово 41-20 том оврын ачааны машиныг бусдад түрээслүүлж хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Би хамаатныхаа ах Полоожид Ховоогоо түрээслүүлж ажиллуулдаг байсан. Миний өөрийн өмчлөлийнх. Би Ховогоо Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт бичил уурхайд өөрийнхөө хамаатны Полоож ахад түрээслүүлдэг. Миний машин  2014 онд орж ирсэн. Би 2018 онд би өөрийнхөө найз Ганбаяраас 8 сая төгрөгийн өрөндөө тухайн машиныг мотор кроп нь эвдэрчихсэн мөн дугуйнуудгүй машиныг өрөндөө бодож авч байсан. Тэгээд өөрөө янзалж 2021 оноос эхэлж түрээслүүлж байгаа. Одоо эд ангиуд нь ихэнх нь муудаж мотор нь эвдэрч машины бөгс нь бас эвдэрчихсэн. Одоогийн ханшаар 4 сая төгрөгөөр үнэлнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,

Шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 07/310 дугаартай ...Зах зээлийн хандлагаарх нийтэд арилжаалагддаг жишиг зүйлсийн аргаар тооцсон зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдрөөр 10.608.000 төгрөг гарч үйлчлүүлэгчид хүргүүлж байна... талаарх дүгнэлт /хх-ийн 120-136 дугаар хуудас/,

Шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 07/311 дугаартай ...Зах зээлийн хандлагаарх нийтэд арилжаалагддаг жишиг зүйлсийн аргаар тооцсон зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдрөөр 14.125.500 төгрөг гарч үйлчлүүлэгчид  хүргүүлж байна... талаарх дүгнэлт /хх-ийн 139-154 дүгээр хуудас/,

Шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 224 дугаартай ... "Даваа буян" нөхөрлөлийн ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааны улмаас эвдрэлд өртсөн талбай нь хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай, Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан ойн сан бүхий газрын хилийн зааг, Гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалгүй, бичил уурхайн дүгнэлт гараагүй байна. /Ашигт малтмал газрын тосны газрын лавлагаа хавсаргав/. "Даваа буян" нөхөрлөл нь Баянгол тариалан ХХК-тай 2022-05-19-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Баянголын ам нэртэй газар MV-009495 дугаартай, 87,69 га ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас 1,0 га талбайд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гурвалсан гэрээ байгуулсан байна. Мөрдөгчийн тогтоолд тусгагдсан "Даваа буян" нөхөрлөлийн 2022-08-25-ны өдөр үйл ажиллагаа явуулж эвдрэлд оруулсан солбицол бүхий газар нь уг гурвалсан гэрээнд тусгагдсан солбицол бүхий 1,0 га газартай давхцалгүй буюу "Баянгол тариалан" ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайн гадна талд байрлаж байна. /Тайлангийн 5-6-р хуудасны зурагт харуулав/. "Даваа буян" нөхөрлөлийн ашигт малтмал хайх, олборлох зорилгоор нь нийт 1408,32 м² буюу 0,1408 га талбайд техникийн нөлөөгөөр эвдрэлд оруулж 3-8 метрийн гүнтэй 1ш нухаш нүх бүхий 4085,14 м³ эзлэхүүнтэй хоосон орон зай үүсгэн, 542,05м³, овоолго үүсгэж, 4080,89 м3 шороо ашигласан байна. /Тайлангийн 5-11-р хуудасны зурагт харуулав/. "Даваа буян" нөхөрлөлийн ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааны 288 улмаас эвдэгдсэн нийт 1408м2 буюу 0,1408 га талбайд 4085, 14м3 эзлэхүүнтэй хоосон орон зай үүсгэн, 4080,89м3 хөрс шороог ашиглан техникийн нөлөөгөөр эвдрэлд оруулсан уг талбайд Байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын нийт үнэлгээ нь 8,570,520/ найман сая таван зуун далан мянга таван зуун хорин/ төгрөг болж байна. /Дэлгэрэнгүйг тайлангийн 14-20-р хуудаст харуулав/. Даваа буян" нөхөрлөлийн ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардлын нийт хэмжээ нь 3,858,763 /Гурван сая найман зуун тавин найман мянга долоон зуун жаран гурван/ төгрөг болж байна. /Дэлгэрэнгүйг тайлангийн 33-38-р хуудаст харуулав/. Даваа буян" нөхөрлөлийн ашигт малтмал хайх, олборлох зорилгоор үйл ажиллагаа явуулсан талбайд эдэлбэр газарт учруулсан хохирол, газрын хэвлийд учруулсан хохирол, усан орчинд учруулсан хохирлыг тооцож үнэлгээг гаргасан. Уг үйл ажиллагаа явуулсан талбайн орчим нь бүхэлдээ урьд өмнө нь уурхайлалтын үйл ажиллагаагаар эвдрэлд өртөж хөрс ургамлын бүрхэвч бүрэн устаж үгүй болсон тул хөрсөн бүрхэвчид учруулсан хохирол, ургамлан бүрхэвчинд учруулсан хохирол, амьтны аймагт болон агаар мандалд учруулсан хохирлыг тооцох боломжгүй гэж үзлээ. Энэхүү талбайн хэмжээ, эзлэхүүнийг газар дээрх хэмжилт судалгаанд үндэслэн GPS Garmin78, DJI Phantom4pro дрон,/GPS-ийн байршлын дагуу төлөвлөлт хийх, боломжтой програмчлагдсан систем агуулсан нисэх төхөөрөмж/ зэрэг багаж тоног төхөөрөмжийн тусламжтайгаар агаар сансрын зураглал, хэмжээ тооцооллын мэргэжлийн программууд ашиглан зураглан тооцож гаргасан болно. Эдэлбэр газарт учруулсан хохирлын үнэлгээ, газрын хэвлийд учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 5 сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан "Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал"-аар, Усан орчинд учруулсан хохирлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 сарын 06-ны өдрийн А/59 дугаар тушаалаар батлагдсан "Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал"- аар, нөхөн сэргээлтийн ажлын зардлын тооцоог Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд, Эрдэс баялаг, Эрчим Хүчний сайдын 2010 оны 5-р сарын 17-ны өдрийн А- 132/112 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан "Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ тооцох аргачлал"- аар тус тус тооцсон болно... талаарх дүгнэлт /хх-ийн 160-162 дугаар хуудас/,

Яллагдагч Ж.Пийн ... Манай бичил уурхайн гурвалсан гэрээ байгуулаад ажиллаж байсан газар руу хажуу талын уурхайн далан задраад, ус ороод манай газрыг 2022 оны 08 дугаар сарын 19-ний орчим ажиллах нөхцөлгүй болоод манай усан буу зогсоод маргааш нь Заамар сумын байгаль орчны байцаагч Ган-Очир, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэг хүний хамт ирээд Полоож ах энэ урдуур байгаа ухсан газруудыг булаад нөхөн сэргээлт хийгээрэй гэж хэлэхээр нь би 2022 оны 08 дугаар сарын 23-аас 25-ны хооронд өмнө ашигласан байсан овоолсон шорооноос өөрийн бичил уурхайд ашиглаж байсан экскаватороор, ховонд ачиж баруун урд зүг рүү 20 метр зайд байсан нүх рүү зөөж хийж газрыг тэгшлэхээр ажиллаж байсан. Усан буруу шороо зөөсөн зүйл байхгүй, Тэгээд цагдаа нар ирээд шалгаад бид нарын үйл ажиллагаа зогссон... гэх мэдүүлэг /хх-ийн 226 дугаар хуудас/, шүүгдэгч Ж.Пийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй,  энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Ж.П нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Баянголын  дэнж Б хэсэг” гэх газарт MV-009495 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайгаасаа хэтрүүлэн 1408м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын хууль бусаар олборлон газрын хэвлийд халдаж байгаль орчинд 8.570.520 төгрөгийн хохирол, техникийн болон нөхөн сэргээлтийн 3.858.763 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно...” гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тус тус тооцохоор байна.

 

Шүүгдэгч Ж.П нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд байгаль экологид учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Ж.Пийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүрээлэн буй орны эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд “Хүрээлэн буй орны эсрэг гэмт хэрэг”-үүд нь байгаль орчныг бохирдуулах, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, хууль бусаар ан агнах, хууль бусаар мод бэлтгэх болон бусад гэмт хэргүүд болж ялгагддаг. Шүүгдэгч Ж.П 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Баянголын  дэнж Б хэсэг” гэх газарт MV-009495 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайгаасаа хэтрүүлэн 1408м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын хууль бусаар олборлолт явуулсан үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэх гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг гэж үзсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авч, цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болох мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, шинжээ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч Ж.П тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч А.Ариунтуяа: “.......................” ялын дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ж.Пийн өмгөөлөгч С.Сувдмаа: “ .................” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ж.П: “ .........................” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Ж.Пийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял ” оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1- д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч Ж.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5800 /таван мянга найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.800.000 /таван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж,

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчилэн төлүүлэхээр талаар хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Пид оногдуулсан 5800 /таван мянга найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.800.000 /таван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ж.П эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад ял шалгах хуудсаар анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Ж.П 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Баянголын  дэнж Б хэсэг” гэх газарт MV-009495 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайгаасаа хэтрүүлэн 1408м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын хууль бусаар олборлолт явуулсан гэмт хэрэгт холбогдсон.

Байгаль орчинд учруулсан хохирол болох 1.668.920 /нэг сая зургаан зуун жаран найман мянга есөн зуун хорин мянга/ төгрөгийг шүүгдэгч Ж.Поос гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч Ж.Пийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хьюндай Робекс” маркийн 50-06 УН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Шанси С Икс 3255” маркийн 41-20 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг тус тус улсын орлогод оруулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн Ж.П дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт ирээгүйг, шүүгдэгч Ж.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ж.Пийн гэмт хэрэг үйлдэхдээ  ашигласан “Хьюндай Робекс” маркийн 50-06 УН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Шанси С Икс 3255” маркийн 41-20 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг үнэлгээ болох 14.125.500 төгрөгийг, шүүгдэгч Ж.Поос гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ж.Пийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ж.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5800 /таван мянга найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.800.000 /таван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Пид оногдуулсан 5800 /таван мянга найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.800.000 /таван сая найман зуун мянга/ торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Поос “Хьюндай Робекс” маркийн 50-06 УН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Шанси С Икс 3255” маркийн 41-20 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн үнэлгээ болох 14.125.500 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

6. Эрүүгийн Ж.П дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт ирээгүйг, шүүгдэгч Ж.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Пид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Пид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.ДЭЛГЭРМӨРӨН