Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/170

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам,

-улсын яллагчаар М.Одгэрэл,

-хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Т,

-шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Д.Энхтуяа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Бхолбогдох эрүүгийн 2234006330542 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин_ ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ч.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Шинэ хорооллын задгай” гэх газарт “Тоёота карина” маркийн “11-43 УБТ” улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, мөн дүрмийн 3.7а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гарган иргэн М.Тыг дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 -т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ч.Б нь мэдүүлэхдээ: “Өмнө мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч, Иргэний нэхэмжлэгч М.Т нь мэдүүлэхдээ: “Миний бие тухайн өдөр нутгийнхаа 2 ахтай архи уугаад байж байтал эхнэр ирж авсан. Гэртээ иртэл тугалтай үхэр, мөн хонь, ямаа хашаандаа ирээгүй байсан тул үхрийнхээ араас гарч яваад машиныхаа ойролцоо унасан юм шиг байна лээ. Гэтэл эхнэр маань хониндоо явахаар гарахдаа анзааралгүй намайг дайрсан. Ийм л зүйл болсон” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234006330542 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судлахад

 

Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Шинэ хорооллын задгай” гэх газарт “Тоёота карина” маркийн “11-43 УБТ” улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, мөн дүрмийн 3.7а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гарган иргэн М.Тыг дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь дараах:

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

-Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг / хх-ийн 12-15 тал/,

-Хохирогч М.Тын “...Би эхнэр 4 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэртээ байж байгаад н.Цогоо гэх саахалтын айлд очоод 0.5 граммын 4 шил архи уугаад 21 цагийн орчимд гэртээ харьсан, манай эхнэр Ч.Б, 2 настай н.Отгонжаргал, 6 настай н.Амарбаясгалан нар байсан. Тэгээд шөнө болоод мал үргээд байсан үэхэр байхгүй байсан учраас үхэрээ тууж ирмээр байна гэж эхнэр бид хоёр ярьж байсан санагдаж байна. Тэгээд би малаа харах гээд гэрээс гарсан. Нэг мэдсэн чинь эхнэр намайг сэрээрэй яагаад машины ард хэвтэж байгаа юм гээд орилоод байсан энэ үед миний цээж хэсэг хөндүүрлэж их өвдөж байсан. Тэгээд эхнэр намайг машинд суулгаад эмнэлэг явсан. Энэ үед би эхнэрээсээ юу болсон талаар асуухад чи гэрээс мал харна гээд гарсан орж ирэхгүй байхаар чинь хоёр хүүхдээ унтуулчихаад чамайг харах санаатай гарахад харанхуй байсан. Тэгээд чамайг хэд хэд дуудхад чи хариу өгөхгүй болохоор чинь үхэрээ тууж ирэх гээд явсан юм байх гэж бодоод машиндаа суугаад гэрлээ асаахад хонь нэлээн хол байсан учраас хураах санаатай хөдлөх гэхэд урд нохойны идүүр байхаар нь ухартал нэг зүйл дайрсан. Тэгээд би буугаад харахад дайруулсан байсан гэж хэлэхээр нь би эхнэртээ чи эмнэлэг ороод яах юм цагдаа сэргийлэх гээд бөөн юм болно гэж хэлсэн. Тэгээд би аавынд намайг хүргээд өг гэж хэлээд аавын гадаа ирээд бууж гэр рүү нь орсон. Манай эхнэр 2 хүүхэд рүүгээ явсан. Би эмнэлэг хүргүүлээд эмчилгээ хийлгэж байгаад Улаанбаатар хот явсан. Ингээд ГССҮТ-д эмчлүүлж байгаад 8-9 хоногийн өмнө гараад одоогоор Улаанбаатар хотод өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэж байна. Тухайн үед би архи уусан байсан болохоор салхинд цохиулаад тасраад машины ард унтаж байсан юм шиг байгаа юм, архинаас болж эхнэрээ баллах шахлаа хуулийн хүрээнд шийдэж өгнө үү..., надад гомдол саналгүй байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,

-Шүүгдэгч Ч.Бийн сэжигтнээр өгсөн “...Би Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт мал маллаж амьдардаг бөгөөд манай том охин 10 дугаар анги Улаанбаатар хотод байдаг, нөхөр бид хоёртой 11 настай хүү, 6 настай охин, 2 настай охин гурвын хамт мал маллаж амьдардаг бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр саахалтын ах н.Цогоогийнд манай нөхөр 4 шил архи уусан. Тэгээд 23 цагийн орчимд гэртээ ирээд амрах гэж байхад мал үргээд байсан, тэгээд манай нөхөр М.Т мал хараад ирье гээд гарсан. Тэгээд орж ирэхгүй удаад байхаар нь би 2 хүүхдээ унтуулчихаад араас нь гарахад гадаа харанхуй байсан 2-3 удаа дуудахад хариу өгөхгүй байсан болохоор үхрээ ойртуулах гэж явсан байх гэж бодоод би хонио харах санаатай машиндаа суугаад гэрэл тусгахад хонь, ямаа хол явсан байсан болохоор ойртуулж хотлуулах санаатай явах гэхэд машины урагшаа хөдөлгөх гэхэд нохойны идүүр байсан учраас хойшоо ухарсан. Тэгтэл зүүн гар талын хойд дугуйнд нэг зүйл дайрагдаад орилох шиг болсон. Тэгээд буугаад харахад манай нөхөр дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд чи яагаад энд байж байгаан гэж орилоод асуухад миний цээж өвдөөд байна гэсэн. Тэгээд би шууд машинд суулгаад эмнэлэг авч явсан замдаа нөхөр юу болсон талаар асуухад нь би болсон асуудлын талаар ярьж өгсөн. Чи намайг аавынд хүргээд өг эмнэлэг орвол цагдаа сэргийлэх гээд бөөн юм болно гэсэн. Тэгээд би аавын гадаа буулгаад хүүхдүүдрүүгээ явсан. Очиход хүүхдүүдээ аваад буцаж Хайлааст багийн төв орж ирээд эмнэлэг дээр очиход нөхөрт маань эмч нар эмчилгээ хийгээд Улаанбаатар хот явах шаардлагатай гээд манай нөхрийн дүү машин бариад эмчтэй хамт Улаанбаатар хот орж ирээд ГССҮТ-д ирж үзүүлээд шууд хэвтсэн. Би сахиураар орсон. Тухайн үед ковидтой гээд тусгаарлах өрөөнд орсон. Ингээд эмчлүүлж байгаад өнөөдрөөс 8 хоногийн өмнө эмнэлгээс гараад өнөөдрийг хүртэл гадуур эмчлүүлж байна...” /хх-ийн 20 тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 519 дугаартай “...М.Тын биед баруун, зүүн уушигны эдийн няцрал, баруун плеврийн хөндий дэх шингэн хурагдалт, баруун уушигны уналт, баруун 1, 2 дугаар хавиргануудын багана нурууны хажуугийн шугамаар 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр хавиргануудын далны шугамаар зөрөөтэй хугарал зүүн шугамаар 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хавирганууд зөрөөтэй хугарал, бүсэлхийн 2, 3 дугаар нугалмуудын баруун хажуугийн сэртэнгийн хугарал, баруун шууны ил шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийг үүсгэсэн арга, зэвсэг, гэмтэл үүссэн дарааллыг тогтоох боломжгүй. Энэ асуултад хариулах боломжгүй. ГССҮТ-ийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 12262 дугаартай өвчний түүхээс үзэхэд М.Т эмнэлэгт хэвтсэн тухайн цаг хугацаанд энэ гэмтлүүд оношлогдсон байна. Энэ асуултад хариулах боломжгүй. Дээрх гэмтлүүд олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Баруун 1, 2 дугаар хавиргануудын багана нурууны хажуугийн шугамаар 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр хавиргануудын далны шугамаар зөрөөтэй хугарал, зүүн шугамаар 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хувирганууд зөрөөтэй хугарал гэмтлүүд нь хүний хүчнээс давсан үйлчлэлээр үүсэх боломжтой. Баруун, зүүн уушигны эдийн няцрал, баруун плеврийн хөндий дэх шингэн хуралдалт, баруун уушгины уналт, баруун 1, 2 хавиргануудын багана нурууны хажуугийн шугамаар 3, 4, 5, 6, 7, 8 ,9 хавиргануудын далны шугамаар зөрөөтэй хугарал, зүүн шугамаар 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хувирганууд зөрөөтэй хугарал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3,1,12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, бүсэлхийн 2, 3 дугаар нугалмуудын баруун хажуугийн сэртэнгийн хугарал, баруун шууны ил шарх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт тус тус хамаарна. ГССҮТ-ийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 12262 дугаартай өвчний түүхээс үзэхэд дээрх гэмтлүүд нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр оношлогдсон байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33 тал/,

-“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 22/215 дугаартай “...“Toyota carina” маркийн “11-43 УБТ” улсын дугаартай автомашины жолооч Ч.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: г/тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж...” мөн дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Уг зам тээврийн осолд замын болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна. 3.Toyota carina” маркийн “11-43 УБТ” улсын дугаартай автомашины жолооч Ч.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчсөний улмаас /энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултад тусгагдсан/ уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. 4.Нэмж тусгах саналгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-42 тал/,

-Иргэний нэхэмжлэгч М.Тын “...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 79 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Д.Нэргүйгийн “...Ч.Б нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 11-43 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр М.Тыг дайрч эрүүл мэндэд нь хохирол учруулж хохирогч М.Т нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс хойш ГССҮТ-д гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.763.700 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Ч.Бээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 84 тал/ зэрэг болон шүүгдэгч Ч.Бийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой,

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Шинэ хорооллын задгай” гэх газарт “Тоёота карина” маркийн “11-43 УБТ” улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, мөн дүрмийн 3.7а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гарган иргэн М.Тыг дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан баримт тогтоогдсон.

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Ч.Б нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас М.Тын биед хүнд хохирол учруулсан байна.

Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан  байна.

 

Шүүгдэгч Ч.Бийн Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний амь нас хохирсон хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ч.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагчаас: “Шүүгдэгч Ч.Бийн үйлдсэн гэмт хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ч.Б нь Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдлоо. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин шүүгдэгч Ч:Буянэмэх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон болно. Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хувийн байдал харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар зөрчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх дүгнэлтийг гаргаж байна” гэх ялын дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энтуяагаас: “...Ч.Бэд ял оноохдоо хэдэн хэдэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзах нь зүйтэй байх. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас авхуулаад өнөөдрийг хүртэл гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасан, хохирогч гомдол, саналгүй байгаа. Гэмт хэрэг үйлдсэн хүний нөхцөл байдлыг анхаарч харвал нөхөр архи уусан, мал нь хаана яваа нь тодорхойгүй, үүнээс болоод нөхрөө хайхаар гарч тээврийн хэрэгслээ арагш нь хөдөлгөсөн. Ингэхдээ машины ард хэвтэж байсан нөхрөө дайрсан байдаг. Тэгэхээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, ар гэрийн байдал зэрэг олон шалтгааныг шүүх харгалзаж үзэх байх. Мөн шүүгдэгч нь насанд хүрээгүй 4 хүүхэдтэй, хажуугаар нь малаа маллана, гэр орныхоо хамаг л ажлыг хийгээд явж байдаг эх хүн байгаа. Тэгэхээр өмгөөлөгчийн зүгээс зорчих эрх хязгаарлахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Ч.Бийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.

 

Шүүгдэгч Ч.Бэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагавар болох эмчилгээний зардлыг төлсөн байдал зэрэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Ч.Б нь дээрхи хуулийн шаардлагыг хангасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ч.Б нь болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу Ч.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолохыг дурдах нь зүйтэй.

 

Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Шүүх хуралдааны товыг иргэний нэхэмжлэгч Д.Нэргүйд мэдэгдэхэд “Эрүүл мэндийн даатгалын санд 2.763.700 төгрөгийг гаргуулна” шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Төвшинтөрийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хагалгаанд орж Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогддог бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б нь “Миний хувьд энэ талаар сайн мэдэхгүй байна. Төлөх л ёстой юм шиг байна лээ” гэж мэдүүлж байх тул Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчид тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөр болох 2.763.700 төгрөгийг шүүгдэгч Ч.Бээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож,

Эрүүгийн 2234006330542 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй “1 ширхэг Сиди”-г хэргийн хадгалах хугацааг дуусах хүртэлх хугацаагаар хэргийн хамт хадгалж, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Нийгмийн даатгалын сан шүүгдэгч Ч.Бээс 2.763.700 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс 450.000 төгрөгийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд төлсөн. Энэ талаар банкны харилцах дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Тийм учраас 2.763.700 төгрөгөөс 450.000 төгрөгийг хасаж тооцож өгнө үү...” хүсэлт гарсанг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь шүүхийн шатанд шүүгдэгчээс гаргаж өгсөн “390.000” төгрөг төлсөн баримтыг шинжлэн судлахад 09 дүгээр сарын 30-ны өдрийн төлбөр байх бөгөөд юуны төлбөр болох нь тодорхойгүй шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн “450.000 төгрөг бол хохирогчийн эрүүл мэндийн даатгалын төлбөр мөн аппарат зүүсэн зардлын мөнгө байсан. Ийм учраас Нийгмийн даатгалын санд учруулсан зардал 2.763.700 төгрөгийг шүүгдэгч төлөх нь зүй ёсны хэрэг юм” гэх тайлбарыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1. Шүүгдэгч Ч.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        1. Шүүгдэгч Ч.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 -т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.

 

        1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.Боршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

 

        1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх      тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

        1. Эрүүгийн 2234006330542 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “CD”-г хэргийн хадгалах хугацааг дуусах хүртэлх хугацаагаар хэргийн хамт хадгалж, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

        1. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар хохирогч М.Тын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын 2.763.700 төгрөгийг шүүгдэгч Ч.Бээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
        2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Бийн тээврийн хэрэгсэл  жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
        3. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
        4. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
        5. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
        6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ю.ЭНХМАА