| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2024/0901/З |
| Дугаар | 221/МА2025/0438 |
| Огноо | 2025-06-25 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2025/0438
“Ди” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Б, Г.О нарын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн НА-25240000112 дугаартай Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 242 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Б.А, хариуцагч Ц.Б, Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Г.Н нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Е
Хэргийн индекс: 128/2024/0901/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “Ди” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нарт холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Б, Г.О нарын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн НА-25240000112 дугаартай Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 242 дугаар шийдвэрээр: “Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Ди” ХХК-аас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нарын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн НА-25240000112 дугаартай Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1 “Ди” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 135 дугаар тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкны 100 хувийн эзэмшлийн Төрийн өмчит компаниар анх үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр соёрхон баталсан “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээр /МОН-8348/-ийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монгол Улсын Хөгжлийн банк түүний Хөрөнгийн удирдлагын компани буюу “Ди” ХХК нар төсөл хэрэгжүүлэх тухай тус гэрээний ерөнхий нөхцөлийн (С) хэсэгт заасан. Мөн тус гэрээгээр дараах баримт бичгүүдийг тус гэрээний салшгүй хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд зээлийн ерөнхий нөхцөлийн (С) хэсэгт 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан Азийн Хөгжийн банкны өөрийн хөрөнгөөс зээлэх 20,000,000 /хорин сая/ ам.долларын зээлийн хэлэлцээр (D) хэсэгт мөн тус өдөр байгуулагдсан төслийг санхүүжүүлэх зорилго бүхий 60,000,000 /жаран сая/ ам.долларын зээлийн хэлэлцээр /МОН-3694/, (Е) хэсэгт Уур амьсгалын ногоон сангаас үзүүлэх 50,000,000 /тавин сая/ ам.долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээр /МОН-0594/, (Р) хэсэгт Өндөр технологийн сангаас үзүүлэх 3,000,000 /гурван сая/ ам.долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээр /МОН-0595/, мөн өмнө нь дурдсан (С) хэсэгт нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн Хөгжлийн банк нарын хооронд байгуулсан “Төслийн гэрээ”, Монгол Улсын Хөгжлийн банк түүний Хөрөнгийн удирдлагын компани болон Азийн Хөгжлийн банк нарын “Төслийн гэрээ”-г үндэслэн холбогдох зээлийн хэлэлцээрийг байгуулсан.
3.2. Мөн Зээлийн хэлэлцээр гэдгийг тодорхойлохдоо Ерөнхий нөхцөлийн хамгийн эхэнд “Монгол Улс (“Зээлдэгч” гэх) болон Азийн Хөгжлийн банк тус банкны бие даасан бүрэн эрхийн хүрээнд бус Уур амьсгалын ногоон сангийн магадлан итгэмжлэгдсэн хэрэгжүүлэгч байгууллагын хүрээнд 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан Зээлийн хэлэлцээр, Үүнд” гээд өмнө нь дурдсан бусад зээлийн хэлэлцээр, буцалтгүй тусламжууд, төслийн гэрээнүүдийг заажээ.
3.3. Зээлийн стандарт нөхцөлийн 5.09-д “Гэрээт гүйцэтгэгч болон зөвлөх, зээлдэгч нь Төслийг хэрэгжүүлэхдээ зээлдэгч болон Азийн Хөгжлийн банкны шаардлагад нийцсэн ур чадвартай, мэргэжлийн зөвлөх, гэрээт гүйцэтгэгчдийг хоёр талын тавьж буй нөхцөл, хэр хэмжээнд нийцүүлэн авч ажиллуулна” гэж заасан.
3.4. Зээлийн стандарт нөхцөлийн Зургаадугаар зүйл, “Татвараас чөлөөлөх гээд “Заалт 6.01 Татвараас чөлөөлөх, зээлдэгч дараах нөхцөлийг хангана: (а) зээлийн үндсэн төлбөр, үйлчилгээний шимтгэл болон бусад төлбөр /үүнд Үүрэг хүлээсний төлбөр багтана/-ийг өөрийн улсаас ногдуулсан эсвэл газар нутагт мөрдөгдөж буй аливаа татвараас чөлөөлж, ямар нэгэн суутгалгүй төлнө. мөн (b) Энэхүү зээлийн хэлэлцээр болон төслийн гэрээг үйлдэх, хүргэх болон бүрдүүлэхэд хамааралтай өөрийн улсаас ногдуулсан эсвэл газар нутагт мөрдөгдөж буй аливаа татвараас чөлөөлнө.” гэж тус тус зээлийн хэлэлцээрт заасан бол нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн Хөгжлийн банк нарын хооронд байгуулагдсан Төслийн гэрээний хуваарийн 1-д “нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь Монгол Улсын Хөгжлийн банк болон түүний Хөрөнгийн удирдлагын компани нь төслийг Төслийн удирдлагын гарын авлагын дагуу хэрэгжүүлнэ. Төслийн удирдлагын гарын авлагад өөрчлөлт оруулах бол зээлдэгч, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монгол Улсын Хөгжлийн банк болон Азийн Хөгжлийн банк нар харилцан тохиролцоно. Хэрэв төслийн гэрээ болон төслийн удирдлагын гарын авлага хооронд зөрчил гарсан тохиолдолд төслийн гэрээг баримтална.” гэж заасан.
3.5. Төслийн удирдлагын гарын авлагын 4 дүгээр бүлгийн Е хүснэгтэд ТНСД олон улсын зөвлөх үйлчилгээний төлбөрийг буцалтгүй тусламжийн МОН-0594 эх үүсвэр болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар санхүүжүүлэхээр, 5 дугаар бүлгийн 64-д “...Зарцуулалтыг дараахь байдлаар гүйцэтгэнэ: (i) гэрээнд заасан гүйцэтгэлийн дагуу ТХН нь нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүсэлт гаргаж, (ii) баталгаажуулсны дагуу холбогдох хөрөнгийг зохих журмын дагуу. Төслийн хүрээнд Засгийн газраас орон нутгийн татвар, хураамжийг чөлөөлнө, эсхүл нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тухайн орон нутгийн татвар, хураамжийг төлөх хөрөнгийг холбогдох хууль тогтоомж болон дүрэм журамд заасны дагуу хариуцна” гэж заасан байдаг.
3.6. Түүнчлэн Монгол Улсын Сангийн яам, Азийн Хөгжлийн банк, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Ди” ХХК нарын 2022 оны 02 дугаар сард байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн 38-д “...ТНСД олон улсын зөвлөх үйлчилгээний төлбөрт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцах”-аар мөн тодорхой заасан.
3.7. Мөн зөвхөн олон улсын гэрээний заалтуудаас гадна Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-д “Монгол Улсын олон улсын гэрээнд татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ”, 4 дүгээр зүйлийн 4.1.4-д ““үйлчилгээ” гэж бараа борлуулах ажил гүйцэтгэхээс бусад аливаа үйл ажиллагааг;”, 13 дугаар зүйл “Албан татвараас чөлөөлөх” гээд 13.14-д “Монгол Улсын Засгийн газраас гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагатай байгуулж соёрхон баталсан олон улсын гэрээний дагуу санхүүжигдэх бараа, ажил, үйлчилгээ” гэж тодорхой заасан.
3.8. Гэтэл Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн НА-25240000112 дугаартай нөхөн ногдуулалтын актад “Шинэ Зеланд улсын Касталиа лимитед компанийн танай компанид үзүүлсэн зөвлөх үйлчилгээний орлого тул Нэмэгдсэн өртгийн албан татварын 7 дугаар зүйлийн 7.2.5 болон 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь заалтад заасны дагуу оршин суугч бус этгээдэд шилжүүлсэн зөвлөх үйлчилгээний 954,446,400.00 төгрөгийн орлогоос Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан суутгаж, төлөх үүргийг биелүүлээгүй байна” гээд “Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, 84 дүгээр зүйлийн 84.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн 95,444,640 төгрөгийн нөхөн татвар, 38,177,856 төгрөгийн торгууль, 18,863,678.65 төгрөгийн алданги, нийт 152,486,174.65 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоов.” гэжээ.
3.9. Холбогдох акт нь дээр дурдсанчлан Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заасан тохиолдолд олон улсын гэрээний заалтыг баримтална гэдгийг Татварын ерөнхий хуульд тодорхой заасан байхад холбогдох заалтуудыг баримтлаагүй. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд холбогдох татвараас чөлөөлнө гэдгийг тодорхой заасан байхад мөн тус заалтыг баримтлаагүй байна.
3.10. Компанийн зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус актыг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхээс 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 242 дугаар шийдвэрээр маргаан бүхий актыг хэвээр үлдээсэн.
3.11. Ингэхдээ мөн дээрх заалтууд болон татварын хэлтсийн тайлбарыг үндэс болгосон. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 9 дүгээр зүйлд олон улсын гэрээг, 10 дугаар зүйлд Татварын ерөнхий хуулийн 7, 11, 16 дугаар зүйлийн тодорхой заалтуудыг тус тус дурдсан байна. Гэтэл Үндэслэх хэсгийн 9.1-д нийслэлийн Засаг даргын Тамгын газар татвартай холбоотой асуудлыг хуулийн хүрээнд хариуцна гэдгийг, 9.2-д Монгол Улсын Засгийн газар татвараас чөлөөлөх ёстойг тодорхой заасан буюу олон улсын гэрээнд татварыг гуравдагч этгээд хариуцна гэдгийг тодорхой заасан байхад “Ди” ХХК буюу нэхэмжлэгчид даалгаж байгаа нь тодорхой бус байна. Ингэхдээ анхан шатны шүүхээс өөрийн үндэслэл хэсэгтээ нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үүргийг тодорхой дурдсан боловч гуравдагч этгээдийн хуулиар хүлээх үүргийг бусдад даалгаж шийдвэрлэсэн байна.
3.12. Манай компани нь олон улсын зээлийн гэрээнд заасан үүрэг буюу төслийн зөвлөх байгууллагыг сонгон шалгаруулж, түүнтэй гэрээ байгуулж, зөвлөхийн үйл ажиллагаагаар дамжуулан Монгол Улсад ногоон санхүүгийн системийг бий болгоход дэмжлэг болох бол нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засгийн газар нар тухайн зөвлөх үйлчилгээний татвар, хураамжтай холбоотой асуудлыг хариуцах үүргээ биелүүлээгүй байхад гарах үр дагаврыг бидэнд хариуцуулж буй нь олон улсын гэрээнд зааснаас өөрөөр шийдвэрлэсэн.
3.13. Захиргааны байгууллага нь өөрийн үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх”, 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг хэрхэн биелүүлж тус актыг гаргасан гэдгийг шалгаагүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлага хангасан байна.
2. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нар “Ди” ХХК-ийн 2021-2022 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалт хийж, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн НА-25240000112 дугаар нөхөн ногдуулалтын актаар “2022 онд 954,446,400.00 төгрөгийн орлогоос оршин суугч бус этгээдээс татвар ногдуулж суутгаагүй зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5-д заасныг зөрчсөн гэсэн зөрчлийг илрүүлээд 969,722,629.83 төгрөгийн зөрчилд 95,444,640 төгрөгийн нөхөн татвар, 38,177,856 төгрөгийн торгууль, 18,863,678.65 төгрөгийн алданги, нийт 152,486,174.65 төгрөгийн төлбөр ногдуулжээ.
3. Анхан шатны шүүх “...“Ди Би Эм ассет менежмент ҮЦХ” ХХК нь Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасны дагуу татвар суутгагчид тооцогдох тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл “Албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ”, 7.2.5-д “оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ”, 11 дүгээр зүйл “Албан татвар ногдуулах хувь”, 11.1-д “Энэ хуулийн 7.1.1. 7.1.2-т заасан бараа ажил үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана”, 16.1.2-т “оршин суугч бус этгээдээс энэ хуулийн 7.2.5-д заасан гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа үнийн дүнгээс албан татварыг суутган авч төсөвт төлнө” гэсэн зохицуулалтыг үндэслэн холбогдох татварыг суутган авч төлөх үүрэгтэй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.
4. Нэхэмжлэгч “Ди” ХХК нь Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын орлогод нийцсэн орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн зөвлөхөөр Ка компанийг сонгон зөвлөх үйлчилгээ авч улмаар зөвлөх үйлчилгээний төлбөрт 954,446,400.00 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд уг төлбөрийг шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татварыг суутгалгүй чөлөөлсөн үйл баримт хэрэг авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй.
5. Харин Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ.”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна:”, 7.2-т “Доор дурдсан үйл ажиллагааг 7.1-д нэгэн адил хамааруулна:”, 7.2.5-д “оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ;”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна.”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана:”, 16.1.2-т “оршин суугч бус этгээдээс энэ хуулийн 7.2.5-д заасан гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа үнийн дүнгээс албан татварыг суутган авч төсөвт төлнө;” гэж тус тус заасан.
6. Дээрх хуульд зааснаар “Ди” ХХК нь оршин суугч бус этгээдээс “Улаанбаатар хотын орлогод нийцсэн орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-д зөвлөх үйлчилгээ авсан төлбөрийг Ка компанид шилжүүлэхдээ үнийн дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган авч, төсөвт төлөх үүрэгтэй байжээ.
7. Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хуулийн этгээд нь төсөл хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээ авахдаа гадаад улсад байрлах хуулийн этгээдэд төлбөр төлж, уг үйлчилгээг авах эрх үүссэн, иймээс гадаад улсын хуулийн этгээд нь Монгол Улсад нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч хуулийн этгээд нь гадаад улсын хуулийн этгээдэд төлбөр шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар суутган авч, төсөвт төлөх үүрэгтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
8. Нэхэмжлэгчийн “зээлийн хэлэлцээрийн дагуу үйлдэгдсэн харилцан ойлголцлын санамж бичигт зааснаар нэмэгдсэн өртгийн албан татварыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцахаас гадна зээлийн хэлэлцээрийн стандарт нөхцөлийн 6.01-д зааснаар “Ди” ХХК нь Шинэ Зеланд улсын Ка компанид төлбөр төлөхдөө татвараас чөлөөлөгдөнө” гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.
9. Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар бараа, ажил үйлчилгээ борлуулагдах тохиолдол бүрт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бөгөөд зээлийн хэлэлцээрийн стандарт нөхцөлийн 6.01-д “Татвараас чөлөөлөх, Зээлдэгч нь дараах нөхцөлийг хангана: (а) зээлийн үндсэн төлбөр, үйлчилгээний шимтгэл болон бусад төлбөр /үүнд Үүрэг хүлээсний төлбөр багтана/-ийг өөрийн улсаас ногдуулсан эсвэл газар нутагт мөрдөгдөж буй аливаа татвараас чөлөөлж, ямар нэгэн суутгалгүй төлнө” мөн (b) “Энэхүү зээлийн хэлэлцээр болон төслийн гэрээг үйлдэх, хүргэх болон бүрдүүлэхэд хамааралтай өөрийн улсаас ногдуулсан эсвэл газар нутагт мөрдөгдөж буй аливаа татвараас чөлөөлнө” гэж зааснаас үзэхэд зээлийн хэлэлцээрт зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, үйлчилгээний шимтгэлийг төлөхдөө тухайн зээлийн төлбөрийг аливаа татвараас чөлөөлж төлөхөөс гадна төслийн гэрээг үйлдэх, хүргэх, бүрдүүлэхэд татвараас чөлөөлөхөөр тусгай стандарт нөхцөлийг тусгасан байна.
10. Өөрөөр хэлбэл, зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж буй төслийн дагуу “Ди” ХХК-ийн оршин суугч бус этгээд болох Ка компаниас зөвлөх үйлчилгээ авч түүндээ төлбөр төлж байгааг зээлийн хэлэлцээрийн стандарт нөхцөлд заасан зээлийн үндсэн төлбөр болон үйлчилгээний шимтгэлийг төлөх эсхүл төслийн гэрээг үйлдэх, хүргэх, бүртгүүлэх үйл ажиллагаатай адилтгах боломжгүй, эдгээр хоёр тусдаа ойлголтууд буюу нэхэмжлэгч нь төслийн хүрээнд оршин суугч бус этгээдээс авсан зөвлөх үйлчилгээндээ төлбөр шилжүүлсэн нь нэхэмжлэгч хуулийн этгээдийг суутгагчийн үүргээс чөлөөлөх үндэслэл биш, тусдаа эрх зүйн харилцаа юм.
11. Түүнчлэн нэхэмжлэгчээс уг нэмэгдсэн өртгийн албан татварыг зээлийн хэлэлцээрийн дагуу байгуулсан санамж бичгийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцахаар ёстой гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
12. Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх асуудлыг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан зохицуулах бөгөөд хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”, Сангийн сайдын 2016 оны 46 дугаар тушаалаар баталсан “Олон улсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар Монгол Улсад олгож буй хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үйл ажиллагааг зохицуулах журам”-ын 1.1-д “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалт, 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалт, гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, дотоодын зах зээлээс худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвар /цаашид “албан татвар” гэх/-аас чөлөөлөхөд энэхүү журмыг мөрдөнө”гэж заажээ
13. Давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах бусад гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгахад зориулсан, түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагатай байгуулсан гэрээний дагуу хариу төлбөргүйгээр хүлээн авсан бараа, буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас мөнгөөр өгсөн санхүүжилтээр дотоодын зах зээлээс худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээ нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр байх бөгөөд гадаад улсаас худалдан авч байгаа үйлчилгээнд уг журам үйлчлэхээргүй, нөгөө талаар зээлийн хэлэлцээрийн санамж бичиг нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх хүчин төгөлдөр баримт бичиг болохооргүй байна.
14. Өөрөөр хэлбэл, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх асуудлыг зөвхөн тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан зохицуулах хуулийн зохицуулалттай бөгөөд нэхэмжлэгч “Ди” ХХК нь энэ хүрээнд 5,652,147,537.08 төгрөгийн дотоодын зах зээлээс худалдан авсан үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зээлийн хэлэлцээр, түүний стандарт нөхцөл мөн санамж бичгийг шүүх үнэлээгүй тухай гомдол нь маргааны үйл баримтад шууд хамааралгүй, татвар хөнгөлөх, чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн хууль болоод журмаар зохицуулах тул татварын улсын байцаагч нарыг буруутгах боломжгүй, зээлийн хэлэлцээрийн дагуу үйлдэгдсэн зээлийн гэрээний талуудын харилцан ойлголцлын санамж бичгээр татвараас чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлгүй.
15. Мөн Сангийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/30 дугаар тушаалаар батлагдсан “Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс авсан бараа, ажил үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үйл ажиллагааг зохицуулах журам”-ын 3.1.4-т “барааны санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлж, нэр, төрөл, тоо хэмжээ, үнийн дүнг хянан баталгаажуулж, албан татвараас чөлөөлүүлэх хүсэлтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;” гэж журамласан бөгөөд энэ журмын дагуу “Ди” ХХК нь Сангийн сайдын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 72 дугаар тушаалын хавсралтын “Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс авсан бараа, ажил үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх төсөл хэрэгжүүлэгчийн жагсаалт”-д “Ди” ХХК багтсан бөгөөд түүний дотоодын зах зээлээс худалдан авсан 5,652,147,537.08 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг чөлөөлөхөөр баталсан байна.
16. Харин нэхэмжлэгч нь дээрх журамд заасны дагуу Шинэ Зеланд улсын Ка компаниас авсан зөвлөх үйлчилгээний төлбөрийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэх тухай хүсэлтээ гаргаагүй болох нь гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэх тухай хүсэлтээ татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлээгүй атлаа нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх учиртай гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.
17. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 242 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ