Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 106

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Ч.Алт-, нэхэмжлэгч Г.Алт-, хариуцагч Г.На- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, Г.Алт-ын нэхэмжлэлтэй Г.На-т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамждаа авах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Алт- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Г.На-тай 2012 онд танилцаж 2013 онд жирэмсэн болж, хүүхдээ тээн төрүүлэхдээ хүүхдээ овоглохын тулд гэрлэлтийн баталгаа хийлгэсэн юм. Харин На- нь одоо тусдаа амьдралтай, миний бие ч тусдаа амьдрал зохиосон учир гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Одоо охин маань 5 настай миний асрамжид амьдардаг. Иймээс гэрлэлтийн баталгааг цуцлуулж охиноо өөрөө авахыг хүсч байна. Эд хөрөнгө хамтын эзэмшлийн ямар нэгэн маргаан байхгүй. Тэтгэмж тогтоолгох шаардлагагүй. Охиноо өөрөө өсгөж хүмүүжүүлэх болно. гэжээ.

Хариуцагч Г.На- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Г.На- нь энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн шалтаг шалтгаангүй зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Г.Алт-тай 2013 онд охинтой болж хамтран амьдарч байсан ч 2015-2016 оноос хойш өөр өөрийн тусдаа амьдралтай болсон. Иймээс ямар нэгэн маргаангүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү

Нэхэмжлэгч Г.Алт- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.На-аас гэрлэлтээ цуцлуулах, насанд хүрээгүй хүүхдээ өөрийн асрамждаа авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид 2015-2016 онд тус тусдаа амьдралтай болсон учраас одоо гэрлэлтээ цуцлуулах, насанд хүрээгүй хүүхдээ өөрийн асрамждаа авах хүсэлтэй байна гэв.

Нэхэмжлэгч Г.На- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Г.Алт- бид хоёр 2015-2016 онд тус тусдаа амьдралтай болсон гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Г.Алт-, Г.На- нар нь 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлж, гэр бүл болсон болох нь хэрэгт авагдсан ******* дугаарын гэрлэлтийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Гэрлэгчид нь 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр охин Н.*******г болох нь хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна.

Г.Алт- нь Г.На-тай хамт амьдарч байх хугацаандаа таарамжгүй харилцаатай байсан. Мөн Г.Алт-, Г.На- нар нь өөр хүнтэй гэр бүл болж хүүхэдтэй болсон гэсэн шалтгаанаар гэрлэлтээ цуцлуулах шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Г.Алт-, хариуцагч Г.На- нар өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болж хүүхэдтэй болсон нь нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан гэрлэгчдэд эвлэрүүлэх хугацаа өгөлгүйгээр гэрлэлтийг шууд цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцоогүй бөгөөд охин Н.******* нь гэрлэгчдийг тусдаа амьдарч байх хугацаанд эхийн асрамжид байсныг харгалзан түүнийг эх Г.Алт-ын асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй, харилцан бие биенээсээ хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118, 132 ДУГААР ЗҮЙЛИЙН 132.4-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ийн Алт-, ******* овогт ******* На- нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Н.Ан-г эх Г.Алт-ын асрамжид үлдээсүгэй.

3. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хэвээр үлдэхийг дурдаж, мөн зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар тэдний хэн нэг нь нөгөөдөө үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.

4. Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ байнгын харилцаатай байх эрхтэй болохыг дурдсугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.На-аас тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Алт-д олгосугай.

6. Шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

7. Нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ